Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2016/0240

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн би О ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/112 дугаар захирамжаар байгуулагдсан Тендерийн үнэлгээний хороонд холбогдох Энхтайваны өргөн чөлөө Офицеруудын ордноос Таван шар хүртэлх замын хөдөлгөөн, хэв журмын нөхцөл байдлыг хянах камерын системийг нийлүүлж, суурилуулах ажлын гүйцэтгэгчээр Сектек сервис ХХК, Смарт сольюшнз ХХК-г ялагчаар шалгаруулсан Нийслэлийн Засаг даргын 2013 оны А112 тоот захирамжаар байгуулагдсан тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О ХХК-ийн захирал Д.Наранбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай байгууллага 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/112 дугаар захирамжаар байгуулагдсан Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан Энхтайваны өргөн чөлөө Офицеруудын ордноос Таван шар хүртэлх замын хөдөлгөөн, хэв журмын нөхцөл байдлыг хянах камерын системийг нийлүүлж, суурилуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

Манай байгууллага нь энэхүү нэхэмжлэхээс татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

О ХХК нь тус шүүхэд Энхтайваны өргөн чөлөө Офицеруудын ордноос Таван шар хүртэлх замын хөдөлгөөн, хэв журмын нөхцөл байдлыг хянах камерын системийг нийлүүлж, суурилуулах ажлын гүйцэтгэгчээр С ХХК, Сс ХХК-г ялагчаар шалгаруулсан Нийслэлийн Засаг даргын 2013 оны А112 тоот захирамжаар байгуулагдсан тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 41 дүгээр зүйлийн 41.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу нэхэмжлэгч О ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтээ шүүхэд бичгээр гаргажээ.

О ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Т нь тус шүүхэд 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдөр дээрх нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

Энэ хугацаанд нэхэмжлэгч О ХХК-ийн гүйцэтгэх удирдлага өөрчлөгдөж, Д.Н-ыг захирлаар бүртгэсэн болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул О ХХК-ийн захирал Д.Н-ын хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь хуульд харшлаагүй, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 43 дугаар зүйлийн 43.4-т заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох талаарх үр дагаврыг нэхэмжлэгч О ХХК-ийн захирал Д.Н-т тайлбарлан өгч, баримтад гарын үсэг зуруулсан болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О ХХК нь Энхтайваны өргөн чөлөө Офицеруудын ордноос Таван шар хүртэлх замын хөдөлгөөн, хэв журмын нөхцөл байдлыг хянах камерын системийг нийлүүлж, суурилуулах ажлын гүйцэтгэгчээр С ХХК, Сс ХХК-г ялагчаар шалгаруулсан Нийслэлийн Засаг даргын 2013 оны А112 тоот захирамжаар байгуулагдсан Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэ нь бусад этгээд уг асуудлаар бие даасан нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН