Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 992

 

 

 

 

 

 

 

 

 

П.ГБ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/00904 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч П.ГБ-ын хариуцагч П.Гб-, УБЕГт тус тус холбогдуулан гаргасан 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл”-ийн нэхэмжлэгч П.ГБ-од холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байрны 31 тоотод байрлах, Ү-2201008368 дугаартай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох, П.ГБ-ыг өмчлөгчөөр нэмж бүртгэхийг УБЕГт даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1999 оноос хойш П.ГБ- нь маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байрны 31 тоот хаягт байршилтай Ү-2201008368 дугаартай, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр эцэг С.П-, эх Х.Ц-, эгч Ц.С-, дүү П.Б-, П.Г нартай хамтран өмчилдөг байсан. 2009 онд эцэг С.П- нас барж, С.П-ид ногдох өмчлөлийн хувь хэмжээ тус бүрээр гэр бүлийн гишүүдэд хувь тэнцүүлэн өвийн журмаар хувь ногдсон. П.ГБ- нь өөрт нь С.П-оос ногдох өвөөсөө татгалзаад өөрт ногдох өвийн хэсгээ дүү П.Г-д шилжүүлэхээр тохиролцсон өв хүлээн авахаас татгалзах хэлцэл хийж нотариатаар гэрчлүүлсэн. Харин өөрт ногдох орон сууцны өмчлөх хэсгээсээ татгалзаагүй, хэвээр хадгалах хүсэлтэй байсан. Зөвхөн өвлөгдсөн ногдох хэсгээсээ татгалзсан. Хариуцагч П.Г нь П.ГБ-од ногдох дундаа хамтран өмчлөх хэсгийг П.ГБ-ын өмчлөх эрхийг зөрчиж, хууль бус аргаар өөртөө шилжүүлэн авсан. Д.Г фотошоп софтвэйр программ ашиглан “Орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулах тухай” холбогдох хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах үйлдэл хийх эрхийг олгох итгэмжлэл нэртэй хуурамч бичиг баримт үйлдэж, улмаар орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулах, холбогдох хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах үйлдэл хийх эрхийг олгосон итгэмжлэлийг ашигласан. 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн итгэмжлэлийг хуурамчаар үйлдэж, уг итгэмжлэлийг ашиглаж орон сууцнаас хамтран өмчлөгч хасуулах хэлцэл хийж уг материалаа Улсын бүртгэлд бүртгүүлэх замаар П.Гб- нь орон сууцны цорын ганц өмчлөгч болсон. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэлд холбогдох баримт бичигт өвлөх эрхийг шилжүүлэх болон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрвээ аль нэг тал нь төлөөлөгчөөр дамжуулан харилцаанд орж байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэсэн байхад хавсаргаж өгсөн итгэмжлэл нь хууль бус байсан. Хууль бус итгэмжлэлийн үндсэн дээр хэлцлийг нотариатаар гэрчлүүлж, өмчлөх эрхийг нь зөрчсөн. 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн орон сууцны дундын өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл нь өөрөө Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн бөгөөд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэсэнд хамаарч байна. Хамтран өмчлөгч П.ГБ-ын зөвшөөрлийг авалгүй өмчлөгчөөс хасуулах хэлцэл хийсэн учраас 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн итгэмжлэл нь өөрөө хуурамч байдаг. Энэ итгэмжлэлийн үндсэн дээр хийсэн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хийсэн орон сууцны дундын өмчлөлөөс хасуулах хэлцэл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч П.ГБ-ыг уг үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоох, хамтран өмчлөгчөөр нэмж бүртгэхийг УБЕГт даалгах гэсэн шаардлага гаргаж байна. Хууль бус хуурамч итгэмжлэлийн үндсэн дээр бүртгэлийг хийсэн учраас үр дагавар нь нэхэмжлэгч буюу хамтран өмчлөгчийн эрхийг сэргээж, хассан хэлцлээ хүчингүй болгоод түүний үндсэн дээр Улсын бүртгэлийн газраас сэргээн бүртгэл хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт тодорхой заасан. Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт өөрчлөлт хийхийн өмнө хууль ёсны эрх ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авсан байх бөгөөд иргэд хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна гэсэн. Тэгэхээр Улсын бүртгэлийн байгууллагад материалууд өгсөн боловч зөвшөөрөл нь хуурамч байсан. Хэлцэл байгуулах замаар өмчлөлөө хамтран өмчлөгчөөс хасуулах гэрээ хэлцлийг нотариатаар гэрчлүүлсэн байх боловч энэ хэлцлийг хийх үндэслэл болсон итгэмжлэл нь өөрөө хуурамч юм. Үр дагавар нь бүртгэл хүчин төгөлдөр бус болох үр дагавар үүсч байна. Энэ хэлцлийг буюу итгэмжлэлийг хуурамч эсэхийг мэдсэнээс үл хамааран хэлцэл хүчин төгөлдөр бус болно гэж үзэж байна. Иймд 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл”-ийн нэхэмжлэгч П.Гб-ад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байрны 31 тоотод байрлах, Ү-2201008368 дугаартай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох, П.ГБ-ыг өмчлөгчөөр нэмж бүртгэхийг УБЕГт даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.Гб-ын зүгээс П.ГБ-ын нэрийн өмнөөс түүнийг уг орон сууцны дундын өмчлөгчөөс татгалзсан тухай хэлцлүүд хуурамчаар хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, эл асуудлыг шүүхээр зохих журмын дагуу шалган шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. П.ГБ-ын өмчлөх эрхийг зөрчиж, П.Гб- нь орон сууцыг дангаар өмчлөх эрх олж аван, Мөнгөнбүрэн банк бус санхүүгийн байгууллагатай 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13/151 тоот 30 000 000 төгрөгийн Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулж, уг орон сууцыг барьцааны зүйл болгосон нь үнэн болно. П.Гб- нь бизнесээ амжилттай явуулаад олохоор тооцоолж байсан орлогоороо уг зээлийг даруй төлж барагдуулна гэж бодож байсан боловч эрсдэл учирч зээлийг төлөх боломжгүй болсон. “Мөнгөнбүрэн” банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хангасан Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 522 тоот шийдвэр гарч, улмаар 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх 15/1 тоот тогтоолоор уг орон сууцнаас төлбөрийг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. П.Гт нь АНУ-д түр ажлаар явсан байгаа ба ах нартайгаа энэ асуудлаас болж муудалцан, харилцаа муу байгаа. П.Гт нь АНУ-ын Лос-Анжелос хотод амьдарч байгаа. Нэхэмжлэгч П.ГБ-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг П.Г-ын зүгээс хүлээн зөвшөөрч байгаа болно. П.ГБ нь хэлэхдээ Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 522 тоот шийдвэрийн дагуу “Мөнгөнбүрэн” банк бус санхүүгийн байгууллагад төлж барагдуулах өр төлбөрийг бүрэн барагдуулах үүргээс чөлөөлөгдөхгүй гэдгээ бүрэн ухамсарлаж байгаа. Тус маргаан бүхий байранд П.ГБ-, П.Гб-, Ц.С-, П.Б-, Х.Ц- нар нь байрны өмчлөгчөөр бүртгэгдсэн байсан. Би П.Гб-ад өөрийн өмчлөлийн хэсгээ бүгдийг шилжүүлж байсан. П.ГБ- зөвхөн аавын хувь тэнцүүлсэн өмчлөлөөс татгалзсан. П.Б- Америк улсад байдаг тул ямар ч нотариат дээр очоогүй, энэ хэлцэлд оролцоогүй. П.Гб- миний нотариат дээр очиж гэрчлүүлсэн баримтыг фотошоп ашиглан П.ГБ-, П.Б- хоёрын өмнөөс хэлцлийг хуурамчаар хийсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. “Мөнгөнбүрэн” банк бус санхүүгийн байгууллагад хохирлыг нь барагдуулж өгнө гэж байсан гэжээ.

 

Хариуцагч УБЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201008368 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 25 дугаар байрны 31 тоот орон сууцны анхны өмчлөгчөөр иргэн С.П-, Х.Ц-, Ц.С-, П.ГБ-, П.Гб- нар 1999 оны 7 дугаар сарын 29-ний өдөр бүртгэгдсэн байна. 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 244 дугаартай нотариатын гэрчилсэн хамтран өмчлөгч хасуулах хэлцэл, өв залгамжлах эрхийн гэрчилгээг үндэслэн иргэн С.П-, Х.Ц-, Ц.С-, П.ГБ-, П.Б- нар уг орон сууцны хамтран өмчлөгчөөс хасагдан иргэн П.Гб- гэх ганц хүний өмчлөлд шилжин бүртгэгдсэн байна. 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хийсэн Албадан дуудлага худалдааны худалдах, худалдан авах гэрээг үндэслэн “М” ХХК-ийн өмчлөлд уг орон сууцны өмчлөх эрх шилжин бүртгэгдсэн байна. Иргэн П.ГБ-ын нэхэмжлэлд дурдагдсан 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 153 дугаартай нотариатчийн гэрчилсэн итгэмжлэл нь хууль бус, хуурамч гэж мэдэх ямар ч боломжгүй байсан бөгөөд уг итгэмжлэлд байх ёстой тамга, тэмдэг бүгд дарагдсан оролцогч этгээдүүдийн нэр, гарын үсэг бүгд зурагдсан байна. Дээрх бүртгэлүүд нь холбогдох хууль тогтоомж, журмыг баримтлан, хуульд заасан нотлох баримтуудын үндсэн дээр хийгдсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Иргэн П.Гб- 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргасан. Өв залгамжлах эрхээр өмчлөх эрхийг өөр лүүгээ шилжүүлэх, мөн хамтран өмчлөгч хасуулахаар доорх нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд 244 дугаартай Н.Б нотариатчийн гэрчилсэн өвлөх эрхийн гэрчилгээ, иргэн Х.Ц-, Ц.Н, Ц.С-, П.ГБ-, П.Б- нарын өв хүлээн авахаас татгалзсан тухай нотариатаар баталгаажуулсан хүсэлт, нотариатаар гэрчлүүлсэн хамтран өмчлөлөөс хасуулах хэлцэл, мөн орон сууцны хамтран өмчлөлөөс хасуулах, холбогдох хэлцэлд төлөөлөн гарын үсэг зурах эрхийг иргэн Х.Ц-эд тус бүр олгосон Ц.Н, П.ГБ-, П.Б- нарын итгэмжлэл, үүнийг 153 дугаартай нотариатчийн гэрчилсэн зэрэг нотлох баримтуудыг бүртгэлийн газарт өгснөөр өмчлөх эрхийн 000292187 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон. Уг бүртгэлтэй холбоотой хууль тогтоомж, ямар нэгэн хууль журмыг баримтлан хуульд заасны дагуу хамтран өмчлөгчийн зөвшөөрлийг бичгээр гаргаж, нотариатчаар гэрчлүүлсэн зөвшөөрөл, хэлцэл, итгэмжлэл, мөн хүсэлт зэрэг нь нотлох баримтын үндсэн дээр хийгдсэн. Өөрөөр хэлбэл манай Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу бүртгэхэд мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй учраас тухайн бүртгэлийн хийсэн. Мөн иргэн Ц.С-, П.Б-, П.ГБ- нар нь хамтран өмчлөгчөөс хасагдахдаа төлөөлөх эрхийг Х.Ц-эд олгосон нь иргэн Х.Ц- нь төлөөлж хүү П.Гб-тай гэрээ байгуулах эрх бүхий үүрэг үйлдэл сайтар ойлгогдсоны үндсэн дээр тухайн гэрээ хэлцэлд гарын үсэг зурсан гэж тухайн бүртгэлийг хийсэн байдаг. Тухайн бүртгэлийг хийхэд мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 1.2-т заасны дагуу бүртгэлийг хийсэн. Манай байгууллага тухайн тамга тэмдгийг хуурамч эсэхийг шинжлэн судлах байгууллага биш, манайх зөвхөн бүртгэлийн байгууллага, хавсаргасан нотлох баримтын хүрээнд үнэлэлт дүгнэлт өгөөд бүртгэл хийдэг. Нотлох баримтад хавсаргасан итгэмжлэл нь Иргэний хуулийн дагуу хийгдсэн учраас хуурамч гэж үзэхгүй. Мөн бидний зүгээс тухайн баримтыг хуурамч эсэхийг шинжлэн судалдаггүй, манайх бүртгэлийн байгууллага, итгэмжлэлийн тамга тэмдэг байх ёстой бүх шаардлагууд байсан. Тэрийг хууль бус мөн эсэхийг шинжлэн судлах үүрэггүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон нэмэлт тайлбартаа:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан харьяалал зөрчсөн тохиолдолд шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан. Нэхэмжлэгч П.ГБ- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч П.Гб- фотошоп софтвэйр программ ашиглаж Орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулах холбогдох хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах үйлдэл хийх эрхийг олгох итгэмжлэл нэртэй нэгэн баримт хуурамчаар үйлдсэн бөгөөд уг баримтдаа П.ГБ- орон сууцны дундын хамтран өмчлөгчөөс хасуулах өөрийгөө төлөөлөн гарын үсэг зурах бүрэн эрхээ эх Х.Ц-эд олгож байгаа байдлаар тусгасан. Дээрхээс үзэхэд П.ГБ- ба П.Гб- нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байх ба хариуцагч П.Гб- нотариатын хуурамч тамга тэмдэг үйлдэж хийсэн итгэмжлэл, үүнийг нь мэдсээр байж нэхэмжлэгч, хариуцагч нарын эх Х.Ц- итгэмжлэлд гарын үсэг зурж, улмаар П.ГБ-ыг төлөөлөн хэлцэл хийж улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч П.ГБ-ыг орон сууцны өмчлөгчөөс хасуулсан байгаа тул П.ГБ-, П.Гб- нарын хооронд ямар ч иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ нь П.Гб-, Х.Ц- нарын гэмт хэргийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулахад оршино”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэлд шүүх иргэний хэрэг үүсгэж болно гэж тус тус заасан. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч этгээдийн өөрсдийнх нь хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан гэрээ, хэлцэл байгаа тохиолдолд уг хэлцэл нь хүчин төгөлдөр эсэхийг шүүх дүгнэх боломжтой. Гэтэл П.Гб- П.ГБ- нарын хооронд орон сууцны өмчлөлөөс хасуулах талаар иргэний эрх зүйн харилцаа огт үүсээгүй буюу П.ГБ-ыг орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцэл хийхэд түүний ямар ч хүсэл зориг илэрхийлэгдээгүй. Нэгэнт П.Гб- П.ГБ- нарын хооронд орон сууцны өмчлөлийг шилжүүлэх талаар гэрээ, хэлцэл байгуулагдаж иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй тул шүүх 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл”-ийн нэхэмжлэгч П.ГБ-од холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй гэж үзэж байна. Харин П.ГБ-ын хувьд П.Гб-, Х.Ц- нарын үйлдлийг эрүүгийн журмаар шалгуулж, хэрэв эдгээр хүмүүс гэмт хэрэг /хуурамч баримт үйлдсэн, тамга тэмдэг ашигласан/ үйлдсэн нь тогтоогдвол өөрт учирсан хохирлоо шаардах ёстой гэж үзэж байна. “Мөнгөнбүрэн ББСБ” XXК нь иргэн П.Гб-тай 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 30 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлүүлсэн ба П.Гб- нь зээлийн гэрээний барьцаанд дээрх маргаан бүхий орон сууцыг барьцаалсан. Тухайн үед П.Гб- уг орон сууцны цорын ганц өмчлөгч байсан. Улмаар П.Гб- нь зээлээ төлөөгүй тул тус компани шүүхэд нэхэмжлэл гаргаж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 522 дугаар шийдвэрээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааг явуулж байхад П.Гб-ын өөр нэг ах П.Б- П.Гб-ыг хариуцагчаар шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор шүүхээс захирамж гаргаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. П.Б- ба П.Гб- нарын хооронд маргаан шийдвэрлэгдэж дууссаны дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дахин шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан ба “М” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оролцож, 41 000 000 төгрөгөөр орон сууцыг худалдан авч, орон сууцны өмчлөгч болсон. Гэтэл хамтран өмчлөгч П.Б- шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэдгийг тогтоосон. Хэрэв орон сууц П.Гб-ын өмчлөлийнх хэвээр байсан тохиолдолд П.ГБ- хамтран өмчлөгчөөр тогтоолгох боломжтой боловч одоо уг орон сууц нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар “М” ХХК-ийн өмчлөлд шилжсэн тул шүүхээс түүнийг уг орон сууцны өмчлөгчөөр тогтоох шийдвэрийг гаргах хууль зүйн үндэслэл байхгүй, харин нэхэмжлэгч П.ГБ-ын хувьд өөрт ногдох хэсгийн үнийг П.Гб-аас нэхэмжлэх боломжтой гэж байна. Иймд П.ГБ-ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, эсхүл бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-ийн нэхэмжлэгч П.ГБ-од холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байрны 31 тоотод байрлах, Ү-2201008368 дугаартай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр П.ГБ-ыг тогтоон, П.ГБ-ыг тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд өмчлөгчөөр нэмж бүртгэхийг УБЕГт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.Ганбат, УБЕГ нараас 210 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.ГБ-од олгож шийдвэрлэсэн байна.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б давж заалдах гомдолдоо:

... Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааг явуулж, гуравдагч этгээд “М” ХХК үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд орж дуудлага худалдааны ялагч болж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон.

Хариуцагч П.Гб-ын төрсөн ах П.Б-, мөн нэхэмжлэгч П.ГБ- нарын зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан ч шүүхээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэж үзэж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба энэ талаар гарсан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолууд хэрэгт авагдсан болно. Гэтэл анхан шатны шүүх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, уг үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэдгийг тогтоосон шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг шууд үгүйсгэж, нэхэмжлэгч П.ГБ-ыг гуравдагч этгээдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчлөх өмчлөгчөөр нэмж бүртгэх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй, гуравдагч этгээдийн туйлын эрх болох өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Анхан шатны шүүх гуравдагч этгээдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт буруутай этгээдээс хохирлоо шаардах нь нээлттэй гэж заасан. Нэгэнт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж гуравдагч этгээд “М” ХХК барьцааны зүйлийн өмчлөгч болж хариуцагч П.Гб-ын төлбөрийн үүрэг дуусгавар болсон байхад анхан шатны шүүх одоо гуравдагч этгээд “М” ХХК юуг хохирол гэж үзэж П.Гб-аас шаардах боломжтой гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгч П.ГБ-ын өмчлөх эрх зөрчигдөж, түүний хамтран өмчилж байсан үл хөдлөх эд хөрөнгө нь гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн нь гагцхүү П.Гб-, эх Х.Ц- нарын хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан гэмт хэргийн шинжтэй, санаатай үйлдлийн улмаас болсон байх ба энэ тохиолдолд нэхэмжлэгч нь гэм хорын эрх зүй буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу өөрт учирсан хохирлоо П.Гб-аас шаардах үндэслэлтэй. Учир нь нэхэмжлэгч П.ГБ- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч П.Гб- фотошоп софтвэйр програм ашиглаж “Орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулах холбогдох хэлцэл”-д төлөөлж гарын үсэг зурах үйлдэл хийх эрхийг олгох итгэмжлэл нэртэй нэгэн баримт хуурамчаар үйлдсэн бөгөөд уг баримтдаа П.ГБ- орон сууцны дундын хамтран өмчлөгчөөс хасуулах ѳѳрийгѳѳ тѳлѳѳлѳн гарын үсэг зурах бүрэн эрхээ эх Х.Ц-эд олгож байгаа байдлаар тусгасан байна гэсэн ба хариуцагч үүнийг хүлээн зѳвшѳѳрснѳѳс үзэхэд талуудын хооронд анхнаасаа хүчин тѳгѳлдѳр бус байх, эсхүл хүчин тѳгѳлдѳр бусад тооцох ямар ч гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй байхад нэхэмжлэгч хэлцэл хүчин тѳгѳлдѳр бус болохыг тогтоолгох, хамтран ѳмчлѳгчѳѳр нэмж бүртгүүлэх нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх анхаарахгүйгээр огт байхгүй хэлцлийг хүчин тѳгѳлдѳр бусад тооцож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч П.ГБ- нь хариуцагч П.Гб-ад холбогдуулан 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл”-ийн нэхэмжлэгч П.ГБ-од холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байрны 31 тоотод байрлах, Ү-2201008368 дугаартай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох, УБЕГт холбогдуулан дээрх Ү-2201008368 өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр П.ГБ-ыг нэмж бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагч П.Гб-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан, харин хариуцагч УБЕГ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, П.ГБ-ыг хамтран өмчлөгчөөс хасч бүртгэсэн улсын бүртгэл өөрсдийнх нь хүлээн зөвшөөрч хийсэн гэрээ, бусад баримт, хүсэлтэд  үндэслэгдсэн,  хууль журмын дагуу хийгдсэн гэсэн тайлбар, татгалзлыг гарган маргасан байна.

 

            Маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгч Х.Ц-, Ц.С-, Ц.Наранцэцэг, П.ГБ- нар нь 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг П.Гб-тай хийж, уг хэлцлийг үндэслэн Улсын бүртгэлийн газар 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр бүртгэл хийснээр П.Гб- орон сууцны өмчлөгч болсон баримт хэрэгт авагджээ.

 

            Нэхэмжлэгч нь орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хийгдээгүй, ээж Х.Ц-эд хэлцэлд гарын үсэг зурах эрх олгосон 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн итгэмжлэлийг өөрийн биеэр олгоогүй байхад уг хэлцэлд төлөөлөн гарын үсэг зурсныг зөвшөөрөхгүй, өмчлөгчөөс хасуулах хэлцэл эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

 

            Хариуцагч П.Гб- нь итгэмжлэлийг фотошоп софтвэйр программ ашиглан хуурамчаар үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн, уг итгэмжлэлийн үнэн зөвийг гэрчилсэн нотариатч Д.Цолмон гэрчийн мэдүүлэгтээ “итгэмжлэлийг баталсан нотариатчийн гарын үсэг минийх биш” гэж мэдүүлсэн, мөн нотариатын үйлдэл хийсэн бүртгэлд бүртгэгдээгүй зэргийг шүүх харьцуулан үнэлж, итгэмжлэлээр эрх олгогдоогүй байхад хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцэлд П.ГБ-ыг төлөөлж Х.Ц- гарын үсэг зурсныг өмчлөгчийн хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэхгүй гэж дүгнэн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн” гэх үндэслэлээр 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийн П.ГБ-од холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь үндэслэл бүхий байна.

 

            Иймд шүүх нэхэмжлэлийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл”-ийн нэхэмжлэгч П.ГБ-од холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байрны 31 тоотод байрлах, Ү-2201008368 дугаартай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангасныг буруутгах үндэслэлгүй.

 

            Харин УБЕГт холбогдуулсан Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байрны 31 тоотод байрлах, Ү-2201008368 дугаартай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай, Ү-2201008368 өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр П.ГБ-ыг нэмж бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

            Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч П.Гб- нь “М” ХХК-тай байгуулсан зээлийн үүргийн барьцаанд барьцаалуулсан 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13/151 тоот барьцааны гэрээ нь орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэлд үндэслэгдээгүй, түүнчлэн барьцаалагч П.Гб- нь орон сууцны өмчлөх эрхийг олж авахдаа хууль бус үйлдэл хийсэн, түүнийг барьцааны хөрөнгийг барьцаалах эрхгүй этгээд гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй талаар шүүх дүгнэж барьцааны гэрээг  хүчин төгөлдөр гэж дүгнэсэн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын сарын 01-ний өдрийн 102/ШШ2015/05239 дүгээр шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1467 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 001/ХТ2016/00033 дугаар тогтоолоор хянаж уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон нь хэрэгт баримтаар авагджээ. /хх1-175-190/

 

            Улмаар нэхэмжлэгч П.Гб- нь “М” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор зээлдүүлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 522 дугаар шийдвэрээр шийдвэрлэж, П.Гб-аас 43 306 633 төгрөгийг гаргуулж, “М” ХХК-д олгуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байрны 31 тоотод байрлах, Ү-2201008368 дугаартай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай, Ү-2201008368 өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, шүүхийн уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр авагч “М” ХХК нь уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсон үйл баримт тогтоогдсон, холбогдох баримтууд хэрэгт авагдсан байна.

 

            Хэргийн дээрх нөхцөл байдал, бичгийн баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуульд заасан журмын дагуу явуулсан  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үр дүнд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө болох орон сууц нь гуравдагч этгээд “М” ХХК-ийн өмчлөх эрхэд шилжин бүртгэгдсэн, бүртгэлийг П.ГБ-ын шаардлагаар өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Дээрх үндэслэлээр П.ГБ-ыг орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмж бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/00904 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “даалгасугай” гэснийг “даалгах нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Д.Ганбат, УБЕГ нараас” гэснийг “П.Гб-аас” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид гуравдагч этгээдээс төлсөн 210 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.МӨНХЗУЛ

 

       ШҮҮГЧИД                                    С.ЭНХТӨР

 

А.ОТГОНЦЭЦЭГ