Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 101/2014/8776/и |
Дугаар | 001/ХТ2016/00957 |
Огноо | 2016-09-27 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2016/00957
З.Эрдэнэсүхийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2016/0402 дугаар шийдвэр,
Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 89 дүгээр магадлалтай,
З.Эрдэнэсүхийн нэхэмжлэлтэй
Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба,
Найдвар Од Аудит ХХК-д холбогдох,
үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч З.Эрдэнэсүхийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Эрдэнэсүх, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч З.Эрдэнэсүх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орхон аймгийн Оюут багийн 2-23-61 тоот байранд үйл ажиллагаа явуулж байсан Мөнгөн аяга пабын байрыг Найдвар-Од аудит ХХК-ийн үнэлгээнд одоогийн зах зээлд зарагдаж буй 3 өрөө байрны үнээр үнэлж буй нь зүйд нийцэхгүй байна. Миний үнэлүүлж буй байр нь
1. Үйл ажиллагаа явуулах чиглэлээр өргөтгөл сунгалт хийгдсэн
2. Тохижилт засвар хийж, гадагш шат хаалга хийсэн
3. Уг стандарт байр нь 4 өрөө байр
4. Үйл ажиллагаа нь тогтворжиж тогтмол орлого олдог зэрэг давуу талтай. Мөн Найдвар-Од аудит ХХК-ийн захирал Б.Алтанпүрэв нь зөвхөн үл хөдлөх хөрөнгө, машин тоног төхөөрөмж үнэлэх эрхтэй. Барилга, цэвэр бохир, дулааны шугамын газар шорооны ажлын төсөв, өртөг зардал болон гүйцэтгэлд үнэлгээ хийх эрхгүй байж иргэн З.Эрдэнэсүх миний 2009 онд 37 000 000 төгрөгний зардал гаргаж хийсэн 2640 м3 барилгын газар шорооны ажлыг өмгөөлөгч Оюунчимэгтэй үгсэн хуйвалдаж Хятадын иргэнээс авилга авч албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж хүний хийсэн хөдөлмөр зардлыг үйл ойшоон 10 сая төгрөг болтол унагаж Хятадын иргэний талд ажиллаж, жирийн иргэн намайг хохироож байна. Одоо би П.Алтанпүрэвийг Хамоно ББСБ-ын талд илтээр хандан ажиллаж үл хөдлөх хөрөнгийн маань үнийг илт унагааж намайг удаа дараа асар их хэмжээгээр хохироож байгаад би их гомдолтой байна. Гэвч байрны дуудлага худалдаа 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр явагдах болчхоод байна. Найдвар-Од аудит ХХК-ийн үнэлсэн үнийг анхны дуудлага худалдаа 30 хувь бууруулж, 2 дахь дуудлага худалдаа нь 50 хувь бууруулж худалддаг хуулийн заалт байдаг юм байна. Иймд тус дуудлага худалдааг зогсоож дахин өөр үнэлгээний компаниар үнэлгээ хийлгүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд гаргасан тайлбартаа: Монголын Олон улсын ба Үндэсний арбитрын Орхон аймаг дахь салбар Арбитрын 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 15/01 дугаартай шийдвэрээр З.Эрдэнэсүхээс 70 418 371 төгрөг гаргуулж Хамоно ББСБ-д олгохоор шийдвэрлэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаар үүсгэх тогтоол гарган, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төлбөр төлөгчийн өмчлөлийн Оюут багийн 23 дугаар байрны 61 тоотод байрлах 55,5 мкв бүхий Ү-2101008019 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээтэй 1 хүний өмчлөлийн орон сууцыг ШШГТХуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу битүүмжилж, хураан авсан. Төлбөр төлөгч З.Эрдэнэсүх нь тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйл, ШШГТХуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу албадан дуудлага худалдаанд оруулах зорилгоор талуудаас дээрх үл хөдлөх хөрөнгийн үнийн санал авахад санал зөрүүтэй, тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 58/04 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ гаргуулахаар Найдвар-Од аудит ХХК-ийг шинжээчээр томилсон. Оюут багийн 23 дугаар байрны 61 тоотод байрлах 55,5 мкв бүхий Ү-2101008019 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээтэй 1 хүний өмчлөлийн орон сууцыг шинжээч бие даан ШШГТХуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээний дүгнэлт гаргаж тус албанд ирүүлсэн. Шинжээчийн тайланг тус алба үнэлгээ гаргахтай холбогдсон зардлыг төлүүлэн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч төлбөр төлөгч З.Эрдэнэсүхэд 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ШШГТХуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлан танилцуулж тэмдэглэл хөтөлсөн болно. Төлбөр төлөгч З.Эрдэнэсүх нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээтэй холбоотой нэхэмжлэл гаргасан бөгөөд тус алба үнэлгээ хэрхэн тогтоосон талаар хариу тайлбарлах боломжгүй юм гэжээ.
Хариуцагч Найдвар Од Аудит ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ШШГА-ны хүсэлтээр З.Эрдэнэсүхийн байрыг үнэлсэн. Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, үйл ажиллагаа явуулаагүй байхад үнэ өсөх боломж байхгүй. Манайх 90 саяын үнэтэй байрыг төхөөрөмжлөгдсөн гэдэг утгаар нь 120 саяар үнэлсэн учир тогтоосон үнэлгээн дээрээ баттай зогсож чадна гэсэн тайлбар гаргасан гэжээ.
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2016/0402 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Найдвар Од Аудит ХХК-нд холбогдох З.Эрдэнэсүхийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч З.Эрдэнэсүх нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ
Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 89 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 402 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1...” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3...” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч З.Эрдэнэсүх нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч З.Эрдэнэсүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний өмчлөлийн байр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2-23-61 тоот РИВ-ийн зориулалтаар засварлаж тохижуулсан 2007 онд ашиглалтад орсон тусгай зөвшөөрөлтэй 100 м.кв талбайтай бүрэн тохижилттой барилгыг “Найдварт Од” ХХК-ны үнэлгээчин Б.Оюунчимэг нь 120.000.000 төгрөгөөр үнэлсэн нь тухайн үед ердийн орон сууцны 3 өрөө байр 135.000.000 төгрөгний ханштай байсан. Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамжаар “Нью дийл” ХХК-аар дахин үнэлгээ хийлгэхээр захирамж гарсан. “Нью дийл” ХХК маань “Лэндс” ХХК-иар үнэлгээ гаргаж 140.000.000 төгрөгөөр үнэлсэн.
Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа нь “Лэндс” ХХК-ийн гаргасан үнэлгээг сөхөж ч харалгүйгээр анхны үнэлгээ болон “Найдварт Од” ХХК-ийн 120.000.000 төгрөгний үнэлгээг хэвээр нь үлдээж иргэн намайг давхар 150.000 төгрөгөөр хохироож байгаа. Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан боловч шүүгч Б.Оюунцэцэг даргалж шүүгч Т.Ганбат, шүүгч Н.Баярхүү нар хуралдаж Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж байгаад гомдолтой байна. Хэсэг бүлэг хүмүүс хуйвалдаж гэр бүлийн хөрөнгө болох тус пабыг маань хууль, дүрмийг гуйвуулж өөрсдөө ашигтайгаа эргүүлж тус пабыг маань үнэгүйдүүлэн авах сонирхол нь давамгайлж байна гэж надад бодогдож байна. Анхны үнэлгээний компапи “Найдварт Од” ХХК-ийн үнэлсэн үнэлгээг тухайн цаг хугацаа болох 2015.08.17-аас 2015.08.23-ны үеийн ханшаар нь бодит үнэнээр нь гаргуулахыг хүссэн билээ. Энэ тухай бүх шат болгоны шүүх хурал дээр хэлж танилцуулж байсан боловч ямар ч амжилтанд хүрэхгүй байгаа учир арга буюу Улсын дээд шүүхэд хандаж байна. Иймд шударга үнэнээр тухайн цаг хугацааны дагуу дахин үнэлүүлж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч З.Эрдэнэсүх нь хариуцагч Орхон аймаг дах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон “Найдвар од аудит” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ “...үнэлгээг буруу гаргасан, өөр үнэлгээний компаниар үнэлгээ хийлгүүлж өгнө үү” гэжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дахин үнэлгээ хийлгэх тухай хүсэлтийг хангаж, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 5347 дугаар шүүгчийн захирамжаар “Нью дийл” ХХК-г шинжээчээр томилсон байх боловч /хэргийн 45-46 дугаар тал/ тус байгууллага дүгнэлт гаргасан эсэх нь тодорхой бус, харин хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан хэрэгт авагджээ /хавтаст хэргийн 50-76 дугаар тал/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1-т “хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно” гэж заасан бөгөөд шинжээчээр томилогдоогүй “Лэндс” ХХК-ийн дүгнэлт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.
Анхан шатны шүүх шинжээч томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3 дах заалтыг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх залруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т нийцээгүй байна.
Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2016/0402 дугаар шийдвэр, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 89 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Нэхэмжлэгч хяналтын гомдол гаргахдаа Орхон аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 03783 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ