Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2017/0447/з |
Дугаар | 221/МА2017/0845 |
Огноо | 2017-11-30 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2017/0845
“Ц Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0682 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор “Ц Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторид холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0682 дугаар шийдвэрээр: ”Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, Гаалийн тухай хуулийн 256 дугаар зүйлийн 256.7 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч “Ц Ө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гаалийн төв лабораторийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 0022198 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож, Геологийн төв лабораторийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ХФ2017/0121 захиалгын дугаартай шинжилгээний дүнг үндэслэн холбогдох хууль тогтоомжийн дагуу дүгнэлт гаргахыг Гаалийн төв лабораторид даалгаж,
Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1, 98.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч “Ц Ө” ХХК-ийн гомдлыг хянан үзээд холбогдох захиргааны акт гаргаагүй Гаалийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Геологийн төв лабораторийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ХФ2017/0121 захиалгын дугаартай шинжилгээний дүнг үндэслэн холбогдох хууль тогтоомжийн дагуу дүгнэлт гаргахыг Гаалийн төв лабораториос шаардахыг Гаалийн ерөнхий газарт даалгаж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гаалийн ерөнхий газар, Гаалийн төв лабораториос хувь тэнцүүлэн 35.100 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Ц Ө” ХХК-д олгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо: “ ... Гаалийн төв лабораторийн 0022198 дугаартай дүгнэлт болон гаалийн мэдүүлэгт өөрчлөлт орсноор татварын байгууллагын төвлөрүүлдэг Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт өөрчлөлт орох, улсын татварын хэмжээ өөрчлөгдөх гэх мэт татварын байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндөж байгаа юм.
Гэтэл шүүгч хариуцагчийн гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан хууль буруу тайлбарлан, эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэн гомдолтой байна.
... Гаалийн төв лабораторийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбар хийх явцад шүүгч тайлбарыг үгүйсгэсэн байдлаар асуулт асууж нөхцөл байдлыг нэхэмжлэгч талд ашигтай байдлаар тайлбарлаж байсан нь хэрэгт урьдчилсан дүгнэлт хийсэн гэж үзэхээр байгаа юм. /Тус өдрийн хурлын тэмдэглэл болон бичлэгээс харж болно.
... “Ц Ө” ХХК нь эхлээд хугацаа сэргээлгэх хүсэлт гарган уг хүсэлтээ шийдвэрлүүлсний дараа гомдол гаргах байтал маргаан бүхий №0022198 дугаартай дүгнэлтийн талаар мэдсэнээс хойш даруй 49 хоногийн дараа гаалийн байгууллагад гомдол гаргасан байгаа.
Нэхэмжлэгчээс маргаан бүхий дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгох тохиолдолд хугацаа сэргээлгэх асуудал зайлшгүй гарах ёстой. Гэтэл шүүх болон гаалийн байгууллагаас хугацаа сэргээх асуудлаар ямар нэгэн шийдвэр гараагүй юм.
Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны А/287 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмал, уул уурхайн бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэлд хяналт тавих, технологи ажиллагааны заавар”-ийн 4.11-т Маргаантай асуудал гарсан тохиолдолд Гаалийн байгууллагыг байлцуулан хөндлөнгийн байгууллагаар дээж авахуулж, итгэмжлэгдсэн гуравдагч лабораториор шинжлүүлэн шийдвэрлэнэ гэж заасны дагуу гуравдагч лабораториор шинжлүүлэх ажиллагаа хийж асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэх боломжтой байсан.
Гэтэл Маргаан бүхий Гаалийн төв лабораторийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 0022198 дугаартай дүгнэлтийг үндэслэн мэдсээр байж 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг дуустал нүүрсийг гаалийн байгууллагад мэдүүлж, гаалийн бүрдүүлэлт хийж экспортлон гаргаж дуусгасан нь Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байсан нь харагдаж байгаа юм.
Гэрээний дагуу коксжих нүүрс нийлүүлэн борлуулж том ашиг олсон түүний дагуу “коксжих” чулуу нүүрсэнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх ёстой байтал Гаалийн төв лабораторийн 0022198 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгох замаар “сул коксжих” нүүрсний ангиллаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх ёстой гэж байгаа нь шударга ёсны зарчимд үл нийцэж байна гэж үзэж байна.
Бодит байдалтай тохирохгүй байгаа тайлбартай, зөвшөөрөл лицензтэй бол эрдэс баялаг, ашигт малтмалын бүтээгдэхүүн өөрийн компанийн өмч мэтээр бодож, түүнийг зарж борлуулан том ашиг олдог мөртлөө хуулиар хүлээсэн татвар төлбөрөөс зайлсхийх гэсэн гол зорилготой байгаа юм.
Иймд, Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж түүндээ дүгнэлт хийсэн гэж үзэхээр байгаа тул гомдлыг хүлээн авч төрийн байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг тогтоож анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “Ц Ө” ХХК анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “Гаалийн Ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 0022198 дугаар дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгох, Геологийн төв лабораторийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ХФ2017/0121 захиалгын дугаартай шинжилгээний дүнг үндэслэн дүгнэлт гаргахыг Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторид даалгах, Гаалийн ерөнхий газар нь Гаалийн төв лабораторийн маргаан бүхий дүгнэлтийг хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоосон боловч хууль бус актын холбогдох хэсгийг хүчингүй болгон өөрчлөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, улмаар дүгнэлтийн хууль бус хэсгийг өөрчлөхийг Гаалийн ерөнхий газарт даалгах” гэж тодорхойлжээ.
Нэг. “Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 0022198 дугаар дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгох, Геологийн төв лабораторийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ХФ2017/0121 захиалгын дугаартай шинжилгээний дүнг үндэслэн дүгнэлт гаргахыг даалгах” шаардлагын тухайд:
“Ц Ө” ХХК нь №2017-ТU-KINGHO-001 дугаартай гадаад худалдааны гэрээний дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу нүүрс экспортлохдоо нүүрсний сорьцын шинжилгээ хийлгүүлэх хүсэлтийг Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторид гаргаж, улмаар уг нүүрсний сорьцын шинжилгээгээр тус компанийн экспортлох нүүрс нь “коксжих” нүүрсний ангилалд хамаарч байгааг тогтоож, Гаалийн төв лаборатори 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 0022198 дугаар дүгнэлтийг үйлджээ.
Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ын 1.2-д “... эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах үндсэн шаардлага, түүнийг тооцох зарчмыг тодорхойлохдоо Гаалийн төв лабораторийн шинжилгээний дүнг үндэслэх”-ээр, 2.2-ын 9 дэх заалтад дэгдэмхий бодисын гарц Vdaf ≥28 бол “коксжих нүүрс”-ний, Vdaf >28 бол “сул коксжих нүүрс”-д хамаарахаар заажээ.
Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лаборатори 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 0022198 дугаар дүгнэлтийг гаргахдаа RS219840 дугаартай дээжийн дэгдэмхий бодисын гарц Vdaf 29,65; 29,98 буюу “сул коксжих нүүрс”-ний ангилалд хамаарах үзүүлэлттэйгээр гаргасан Геологийн төв лабораторийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ХФ2017/0121 захиалгын дугаартай шинжилгээний дүнг үндэслээгүй нь буруу байна.
Өөрөөр хэлбэл, тухайн шинжилгээний дүнгээс гадна “Ц Ө” ХХК-ийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Чин Хуа Мак Нарийн сухайт” компанитай байгуулсан гадаад худалдааны 2017-ТU-KINGHO-001 дугаартай гэрээний үнийн дүнг мөн үндэслэл болгосон нь Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 683 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам”-ын Тавын 5.9-д “Магадлан шинжилгээ нь бусад итгэмжлэгдсэн лабораториудад хийгдсэн тохиолдолд шинжилгээний дүнг үндэслэн Гаалийн төв лаборатори дүгнэлт гаргана” гэж заасныг зөрчсөн байна.
Нэхэмжлэгч “Ц Ө” ХХК нь “маргаан бүхий 0022198 дугаар дүгнэлтийн “коксжих нүүрс” гэсэн ангиллын кодыг хүлээн зөвшөөрөхгүй, дахин нягтлан шалгуулах” тухай гомдлоо Гаалийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хугацаанд буюу 2016 оны 02 дугаар сарын 16-нд гаргасан, нягтлан шалгах хугацаанд 02 дугаар сарын 11-ний өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэл нийт гаалийн 544 мэдүүлгээр 49889.7 тн коксжих нүүрсэнд гаалийн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлсэн нь хэрэгт авагдсан “Гаалийн төв лабораторийн 0022198 дугаар дүгнэлтээр экспортлосон коксжих нүүрсний мэдүүлгийн жагсаалт” болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогджээ.
Анхан шатны шүүх Гаалийн төв лаборатори нь Геологийн төв лабораторийн шинжилгээний дүнд үндэслэх ёстой талаар зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангасан нь үндэслэлтэй.
Иймд энэ талаар хариуцагч Гаалийн ерөнхий газрын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Хоёр. “Гаалийн ерөнхий газар нь Гаалийн төв лабораторийн маргаан бүхий дүгнэлтийг хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоосон боловч хууль бус актын холбогдох хэсгийг хүчингүй болгон өөрчлөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, улмаар дүгнэлтийн хууль бус хэсгийг өөрчлөхийг Гаалийн ерөнхий газарт даалгах” шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч “Ц Ө” ХХК Гаалийн төв лабораторийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 0022198 дугаар дүгнэлтийг эс зөвшөөрч Гаалийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 /гаалийн байгууллагын дарга, эрхлэгчийн шийдвэрт гаргах гомдлыг холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтанд/-т заасны дагуу гаргасан гомдолд Гаалийн ерөнхий газар 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 02-2/1573 дугаар албан бичгээр хариу өгсөн, улмаар нэхэмжлэгч шүүхэд ханджээ.
Шүүх Гаалийн төв лабораторийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 0022198 дугаар дүгнэлтийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч хүчингүй болгосон энэ тохиолдолд Гаалийн төв лабораторийн маргаан бүхий дүгнэлтийг хүчингүй болгохгүй, “Гаалийн төв лабораториос шинжилгээний дүнд үндэслэж, дүгнэлт гаргахыг шаардахыг Гаалийн ерөнхий газарт даалгах” боломжгүй.
Өөрөөр хэлбэл, Гаалийн ерөнхий газрын үйл ажиллагааг “Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмын хүрээнд хянасан” гэж үзэхээр байна.
Анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хүлээн авахаас татгалзах байжээ.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0682 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ц Ө” ХХК-ийн “Гаалийн ерөнхий газар нь Гаалийн төв лабораторийн маргаан бүхий дүгнэлтийг хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоосон боловч хууль бус актын холбогдох хэсгийг хүчингүй болгон өөрчлөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, улмаар дүгнэлтийн хууль бус хэсгийг өөрчлөхийг Гаалийн ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “Гаалийн ерөнхий газар, Гаалийн төв лабораториос хувь тэнцүүлэн 35.100 төгрөгийг тус тус” гэснийг “Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораториос 70.200 төгрөгийг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Гаалийн ерөнхий газрын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР