Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 357

 

БӨА-ийн ӨС-ын ерөнхий

боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн нэхэмжлэлтэй,

БӨА-ийн ЗД-д холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                  Г.Банзрагч

                                                  П.Соёл-Эрдэнэ

                                                  Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                         Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:            Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “...Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Төсөл сонгон шалгаруулж, газар эзэмшүүлэх тухай” А/318 дугаар, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Дахин дуудлага худалдаа явуулах тухай” А/535 дугаар, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/544 дүгээр, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/334 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах”

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 110/ШШ2018/0039 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0372 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Н.Отгонтуяа, гуравдагч этгээд “Авъяас эрдэм” ТББ-ын өмгөөлөгч А.Базар нар,

Гуравдагч этгээд “Авъяас эрдэм” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Аявхан болон иргэн Т.Галбаатар нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 110/ШШ2018/0039 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Өлгий сумын 2 дугаар бүрэн дунд сургуулиас БӨА-ийн ЗДд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны А/334, 2017 оны А/318, А/535, А/544 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0372 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 110/ШШ2018/0039 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Болат, гуравдагч этгээд Т.Галбаатар, “Авъяас эрдэм” ТББ-ын тэргүүн А.Айнагүл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Аявхан нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Гуравдагч этгээд Т.Галбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 39 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 372 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Маргаан бүхий газар нь түүний эзэмшил газар нь мөн эсэх, гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн нь үндэслэлтэй эсэх юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрээ гаргахдаа Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруугаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн.

4. Тодруулбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 372 дугаар магадлалын 5, 6 дахь талд “...нэхэмжлэгчээс одоо хашаалсан байгаа хэмжээгээр кадастрын зураг үйлдэж, тухайн газрыг эзэмших хүсэлтэй байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдох ба газрын кадастр хариуцсан албан тушаалтан Т.Зангар талбайн хэмжээг 2008 онд тооцож 14.950 м.кв гэж бичсэнийг нэхэмжлэгч тухайн газрыг эзэмших эрхгүй гэж үзэх боломжгүй, ...2008 оны кадастрын зургаар нэхэмжлэгч газар эзэмших эрхтэй гэж үзэхээр байх тул Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 31.3-д заасныг тус тус зөрчсөн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.

5. Хэрэгт авагдсан газар зохион байгуулагч Т.Зангарын өгсөн гэрчийн мэдүүлгээс үзэхэд шүүхүүдийн гол үндэслэл болгоод байгаа 2008 оны кадастрын зураг нь газар эзэмшүүлсэн шийдвэрийн дагуу хийгдсэн зураг биш гэдгийг нотолсон байхад уг гэрчийн мэдүүлгийг үнэлэлгүйгээр дүгнэлт хийж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасантай нийцээгүй.

6. Мөн 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 240 дүгээр захирамжийн дагуу хийгдсэн 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн кадастрын зургаас үзэхэд гуравдагч этгээд Т.Галбаатарт эзэмшүүлсэн газар ороогүй байгаа, тухайн үед нэхэмжлэгч үүнийг хүлээн зөвшөөрч байсныг шүүх анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийг нотлох гол баримт бол газар эзэмших эрхийн гэрчилгээ, түүнд үндэслэж гарсан кадастрын зураглал, харин ашиглах эрхийн тухайд хариуцагчтай байгуулсан гэрээ, түүнийг үндэслэж хийгдсэн кадастрын зураглал байх бөгөөд улсын хянан баталгааны дүгнэлтээр эзэмших эсхүл ашиглах эрхтэй гэж үзэх нь хэтэрхий өрөөсгөл ойлголт юм. Зөвхөн хашаалсан гэдгээр эзэмших, ашиглах эрхтэй гэж үзэх боломжгүй бөгөөд Газрын тухай хуульд зааснаар энэ нь хориглосон үйлдэл болно.

7. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх дээрх үйл баримтуудыг анхаарч үзээгүй, хэт нэг талыг барьсан буюу төрийн өмчийн сургуулийн ашиглаж ирсэн хашаалсан газар гэх байдлаар хандаж шийдвэрлэсэн нь хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэх шалтгаан болсон гэж үзэж байна. Тодруулбал, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг хариуцагч зөрчсөн байна гэж үзсэн нь нэхэмжлэгч газрыг эзэмшиж, ашиглах эрх хууль ёсны дагуу үүсээгүй байхад түүнийг хамгаалсан шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

8. Шүүхээс хууль ёсны эрхийг хамгаалахаас бус хууль бусаар үүссэн эрхийг хамгаалах, эрх олгогдоогүй, хамгийн шударгаар, бодит байдалд нийцсэн, нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэх ёстой үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

9. Гуравдагч этгээдийн тухайд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар анх газрыг эзэмшсэн ба энэхүү зориулалт нь хотын төв, сургуулийн ойролцоо зохимжгүй зайлшгүй хэрэгцээ шаардлага байсан нь тогтоогдохгүй байсан гэх шалтгаан нь хууль дээдлэх зарчмыг зөрсөн, хариуцагч байгууллагын шийдвэрлэх асуудлыг шүүх тодорхойлж эрхэд нь халдсан гэж ойлгогдохоор байна. Хуульд зааснаар Аймгийн Засаг дарга газрыг эзэмшүүлэх болохоос бус шүүх нөхцөл шаардлагыг тодорхойлж эзэмшүүлэх эсэхийг шийдвэрлэх эрх олгогдоогүй, хамгийн гол нь сургуулийн эзэмшлийн бус газрыг эрхийнхээ дагуу бусдад эзэмшүүлсэн шийдвэр гаргасан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байхад тэдгээр баримтуудыг үнэлээгүй, нөхцөл байдалд хуулийг буруугаар хэрэглэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

10. Гуравдагч этгээд “Авъяас эрдэм” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Аявхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Өлгий сумын 2 дугаар бүрэн дунд сургуулийн нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд “Авъяас Эрдэм” ТББ-ын зүгээс тус хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг доорх үндэслэлүүдээр эс зөвшөөрч, энэхүү гомдлыг гаргаж байна.

11. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд: Анхан болон давж заалдах шатны шүүхийн зүгээс хэрэглэвэл зохих хууль болох Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3 дахь заалтуудыг хэрэглэсэнгүй. Газрын тухай хуулийн 27.1 дэх хэсэгт “Газрыг ...зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэж тус тус заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж буй газар зөвхөн газрын эрхийн гэрчилгээ, түүний кадастрын зураглалаар тодорхойлогдох учиртай. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхийн зүгээс нэхэмжлэгч байгууллагын эзэмших газрыг түүний газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тодорхойлолгүй, бодитойгоор хашаалсан байдлаар тодорхойлон авч үзээд байна. Хавтас хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлийн 2 дахь хэсэгт “харин 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн үйлдэгдсэн кадастрын зургийн дагуу хэмжилт хийж үзэхэд нийт талбайн хэмжээ 16.793 м.кв байх ба маргаан бүхий газар ороогүй байна” гэж тэмдэглэгдсэн. Хэрэгт авагдсан үзлэгийн схем зургаас ч нэхэмжлэгчийн эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газарт манай байгууллагад эзэмшүүлсэн газар хамаарахгүй байгаа нь нотлогдож байгаа.

12. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн зүгээс энэ талаар дүгнэлт хийхдээ “манай байгууллагад олгосон газар нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газарт хамаарахгүй болохыг дүгнэсэн байдаг. Тодруулбал, шүүхийн магадлалын “Хянавал” хэсэгт “Өөрөөр хэлбэл хэдий кадастрын зургаар давхцалгүй боловч олон жилийн турш ашигласаар ирсэн сургуулийн газрыг бусдад ...эзэмшүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага байсан болох нь тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь нэхэмжлэгч нь маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээгүй болохыг дүгнэсэн хэрэг юм.

13. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалтыг хэрэглэх үндэслэлтэй тухайд: Анхан шатны шүүхийн зүгээс нэхэмжлэгчийн эзэмшил бүхий газрын тодорхойлохдоо 2008 онд үйлдэгдсэн кадастрын зураглалыг үндэслэл болгосон байсан. Энэхүү кадастрын зураглал нь нэхэмжлэгч байгууллагын 1999 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 030100118 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу үйлдэгдсэн кадастрын зураглал. Нэхэмжлэгч байгууллагад аймгийн Засаг даргын зүгээс 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 240 дүгээр захирамжаар шинээр газар эзэмшүүлж, тус захирамжийн 2 дахь заалтаар 1999 оны газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон. Ингэснээр Газрын тухай хуулийн 39.1.4 дэх хэсэг “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон нөхцөлд газар эзэмших эрх дуусгавар болно” гэж заасны дагуу 1999 оны газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу үүссэн газар эзэмших эрх дуусгавар болсон. Үүнээс хойш нэхэмжлэгч байгууллагын эзэмшил бүхий газрыг 2012 оны газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу тодорхойлох үндэслэлтэй юм.

14. Түүнчлэн, хэрэгт авагдсан гэрч асуусан тэмдэглэлд гэрч Т.Зангар 2008 оны кадастрын зургийн тухай мэдүүлэхдээ “...2008 онд төсвийн байгууллагуудад төрийн өмчийн хорооноос өмчийн бүртгэл явуулахад эзэмшиж байгаа газрын кадастрын зураг шаардлагатай байсан бөгөөд Өлгий сумын Засаг даргаас надад даалгасны дагуу 2 дугаар сургуулийн газрыг хашаа татсан байдлаар нь зурж өгсөн. Яг энэ кадастрын зургийн дагуу эрх бүхий албан тушаалтнаас сургуульд газар эзэмшүүлэх тухай шийдвэр гараагүй тул энэ зургийг үндэслэн уг газрын сургуулийн хууль ёсны эзэмшил бүхий газар гэж үзэх үндэслэлгүй. Яаралтай шаардлагатай байна гэснээр тухайн үед зурсан болно” гэж мэдүүлсэн. Энэ нь тухайн кадастрын зургийг ямар ч үндэслэлгүйгээр, зөв үйлдээгүй болохыг нотлох баримт юм. Иймд, тус зургаар нэхэмжлэгч байгууллагын эзэмшил газрыг тодорхойлох, давж заалдах шатны шүүхийн дүгнэсэн шиг “нэхэмжлэгч байгууллага тухайн зургийн дагуу газар эзэмших, хариуцагчийн зүгээс тухайн зургийн дагуу газар эзэмшүүлэх сонирхолтой байсан” гэж үзэх үндэслэлгүй юм. Тухайн кадастрын зураглал ёсоор нэхэмжлэгч байгууллага газар эзэмших хүсэлт гаргаж байсан зүйл байхгүй.

15. Монгол Улсад, ялангуяа аймаг, сумдад иргэн, хуулийн этгээдүүд газар эзэмших эрхийн гэрчилгээгүй газар эзэмших, хашаа татах, эзэмшил бүхий газраас том байдлаар хашаалах явдал маш их байдаг. Ийм нөхцөлд шүүхийн зүгээс “олон жилийн турш хашаалж ашиглаж ирсэн” гэх үндэслэлээр тухайн иргэн, хуулийн этгээдийг газар эзэмших эрхтэй гэж үзэх нь газрын нэгдсэн зохион байгуулалт, төлөвлөлтийг алдагдуулахаас гадна газар эзэмших эрхийн гэрчилгээ авалгүйгээр газар ашиглах, хашаа татах хууль бус явдлыг өөгшүүлэхэд хүргэнэ. Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож буй компанийг “тухайн газарт олон жил ашигт малтмал олборлосон байна” гэх үндэслэлээр хамгаалах нь үндэслэлгүй хэрэг. Газар эзэмших эрхийн гэрчилгээгүй иргэн, хуулийн этгээдийг олон жилийн турш ашигласан гэх үндэслэлээр хамгаалах нь үүнтэй ижил ойлголт юм. Баян-Өлгий аймаг, Өлгий суманд иргэд захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашиглах, үерийн аманд, үерийн усны даланг хааж хашаа татах, газар ашиглах явдал түгээмэл байдаг. Иймд шүүхийн зүгээс олон жилийн турш газар ашигласан гэх үндэслэлээр тухайн иргэдийг хамгаалах нь маш том сөрөг үр дагавар авчирна. Энэ нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, “газар эзэмшихэд шударга, эрх тэгш байдлыг хангах” зарчмуудыг болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан “төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх" зарчмуудыг алдагдуулах болно. Өөрөөр хэлбэл, газар эзэмших хүсэлт гаргахгүйгээр түрүүлж хашаа татаж авч, удаан жил ашигласнаар газар эзэмших эрхтэй болох дур зоргийн байдалд хүргэх болно. Тухайлбал, энэхүү шүүхийн шийдвэрийг уншсан хүн “газар эзэмших хүсэлт гаргах шаардлагагүйгээр газар хашаалж аваад олно жил ашиглавал газар эзэмших эрхтэй болох юм байна” гэж ойлгож, хүссэн газраа хашаалж авах үр дагаварт хүргэх эрсдэлтэй байна.

16. Нэхэмжлэгч байгууллагад хууль ёсны итгэл үүсээгүй тухайд: Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтад “хууль ёсны итгэлийг хамгаалах” нь захиргааны байгууллагын үйл ажиллагааны зарчим байхаар заасан байна. Иймд захиргааны байгууллагын зүгээс маргаан бүхий газрын хувьд “энэ газрыг танай байгууллага ашиглах эрхтэй” гэх хууль ёсны итгэл бий болгосон, үүний үндсэн дээр нэхэмжлэгч байгууллага үйл ажиллагаа явуулж ирсэн бол нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны итгэлийг хамгаалах шаардлагатай байж болох юм. Гэтэл нэхэмжлэгч байгууллага нь хашаалсан байдлаар газар эзэмших эрхгүй болохоо ойлгож мэдэж байсан байна. Тодруулбал, хэрэгт захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгээс нэхэмжлэгч байгууллагын захирлын шүүхэд гаргасан хүсэлттэй танилцвал “Ш.Маржангүлд 552 м.кв өмчлүүлсэн захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн хэргийг хянан шалгах явцад тус сургуулийн 2012 оны 240 дүгээр захирамжаар эзэмшиж байгаа 1.6 га газартай Ш.Маржангүлийн өмчлөлийн газар давхцаагүй болох нь тогтоогдсон байна. Иймд тус сургуульд маргах үндэслэл байхгүй тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэж тайлбарлаж байсан. Ш.Маржангүлд өмчлүүлсэн газар нь нэхэмжлэгч байгууллагын хашаалсан газарт багтаж байсан. Гэтэл нэхэмжлэгч байгууллага нь хашаалсан байдлаар газар эзэмших эрхгүй болохоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ойлгож, нэхэмжлэлээсээ татгалзжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч байгууллагад “манай байгууллага хэдийгээр газар эзэмших эрхийн гэрчилгээнд тусгаснаас хэтрүүлсэн хашаалсан байгаа ч хашаалсан байдлаар газар эзэмшиж байгаа” гэх итгэл байгаагүй байсан.

17. Түүнчлэн, Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтын тайлбарт тус зарчим нь мөнгөөр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүсгэх тохиолдолд үйлчлэх тухай заасан байна. Гэвч нэхэмжлэгч байгууллагын хувьд маргаан бүхий газарт мөнгө, хөрөнгө зарцуулж хийсэн зүйл байхгүй. Бид тухайн газарт мод тарьсан гэх боловч газрын зургаас харвал сургуулийн хойд талд мод байх боловч маргаан бүхий газрын хувьд моджуулсан зүйл байхгүй болох нь харагдана. Наад зах нь нэхэмжлэгч байгууллага нь хашаалсан байдлаар хуульд заасан газрын төлбөрийг төлж байсан бол “хашаалсан байдлаар эзэмшил бүхий газраа ойлгож ирсэн” гэж үзэх буюу хууль ёсны итгэл үүссэн гэж тайлбарлах боломжтой болох байх. Гэтэл нэхэмжлэгч байгууллага нь аймгийн Засаг даргаас олгосон хэмжээгээр хуульд заасан газрын төлбөрийг төлж байгаа. Иймд тус байгууллагад хууль ёсны итгэл үүсэхгүй юм.

18. Нэхэмжлэгч байгууллага, түүний төлөөлөгч нар нь өөрсдөө ч “манай байгууллага 16,000 м.кв газар эзэмшиж байгаа” гэж тайлбарладаг. Үүнээс илүү хэмжээгээр бид газар эзэмших эрхтэй гэж маргаагүй. Гагцхүү “байгууллага нь 16 га газар эзэмших эрхтэй бөгөөд түүнд давхцуулан газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан” гэж маргаж байгаа. Энэ нь үүнээс илүү хэмжээгээр сургууль газар эзэмшиж байгаа гэх хууль ёсны итгэл тухайн байгууллагад төрөөгүй болохыг илтгэх юм.

19. Харин манай байгууллагын хувьд хууль ёсны итгэл үүссэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Учир нь, бидний зүгээс газрын албанаас мэдээлэл авахад бидний эзэмшсэн газар нь бусдад эзэмшүүлсэн газарт хамаарахгүй байсан учир дуудлага худалдаанд оролцож, газар эзэмшсэн. Манай байгууллагын зүгээс энэхүү газрыг эзэмшихийн тулд багагүй хөрөнгө, мөнгө (10 орчим сая төгрөг) зарцуулсан тул манай байгууллагын хууль ёсны итгэлийг хамгаалах, шүүхийн зүгээс Захиргааны Ерөнхий хуулийн 4.2.8 дахь заалтыг хэрэглэх үндэслэлтэй гэж үзэж байна.

20. Шүүх нэхэмжлэгчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Шүүх ...хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу шүүхийн зүгээс зөвхөн хэргийн оролцогчдын маргасан асуудлаар дүгнэлт хийх, тус дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргах учиртай. Гэтэл шүүхийн зүгээс хуулийн энэхүү шаардлагыг зөрчсөн. Нэхэмжлэгч байгууллага нь “манай байгууллагын газартай давхцуулан гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн” гэж маргасан тул шүүхийн зүгээс нэхэмжлэгчийн газартай давхцуулан газар олгосон эсэх талаар дүгнэлт хийж, шийдвэр гаргах учиртай. Гэтэл “газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газарт маргаан бүхий газар хамаарахгүй байгаа ч урт, удаан хугацаанд тухайн газрыг ашигласан” гэх дүгнэлтийг хийж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.

21. Нэхэмжлэгч байгууллага нь “бид гуравдагч этгээдэд олгосон газрын хувьд газар эзэмших эрхийн гэрчилгээгүй ч урт удаан хугацаанд ашиглаж ирсэн тул гуравдагч этгээдэд газар олгосон нь хууль бус” гэж маргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлоогүй. Тийнхүү тодорхойлоогүй учир бидний зүгээс тус нөхцөл байдлыг няцаах баримт гаргаж өгч, мэтгэлцээгүй байдаг. Гэтэл, давж заалдах шатны шүүхийн зүгээс тийнхүү дүгнэлт хийсэн нь бидэнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх тэгш оролцох, баримт гаргаж өгөх боломж олгосонгүй.

22. Давж заалдах шатны шүүхийн зүгээс “хэдий кадастрын зургаар давхцалгүй боловч олон жилийн турш ашигласаар ирсэн сургуулийн газрыг бусдад ...эзэмшүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага байсан болох нь тогтоогдохгүй байна” гэх дүгнэлтийг хийсэн нь мөн адил хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн хэрэг юм. Нэхэмжлэгчийн зүгээс “тухайн газрын бусдад эзэмшүүлэх шаардлага байхгүй” гэж маргаагүй. Иймд хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс энэ талаар мэтгэлцэж, үүнтэй холбоотой баримтуудыг гаргаж өгөөгүй байна.

23. Давж заалдах шатны шүүхийн зүгээс анхан шатны шүүхэд хэргийн оролцогчдын мэтгэлцээгүй, нотлох баримт цуглараагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоогүй асуудлаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэж байгаа нь гуравдагч этгээд болон хариуцагч нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх тэгш оролцох, мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчсөн хэрэг юм. Учир нь, нэхэмжлэгч тийнхүү маргаагүй тул хариуцагч, гуравдагч этгээд баримт гаргаж өгөөгүй байдаг. Гэтэл нотлох баримт гаргаж өгөх боломжгүй үед шүүхийн зүгээс “хариуцагч тийм нөхцөл байдлыг нотлоогүй” гэж түүнийг буруутгах нь хариуцагчийн нотлох баримт гаргаж өгөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх тэгш оролцох, мэтгэлцэх эрхийг зөрчсөн хэрэг юм.

24. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалтыг зөрчсөн тухайд: Хуулийн тус хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна” гэж заасан. Иймд нэхэмжлэгчийн тайлбар нь баримтад үндэслэгдэж байж үнэн зөв гэж үзэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох учиртай. Гэтэл шүүхийн зүгээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон төлөөлөгчийн нотлох баримтад үндэслэгдээгүй тайлбаруудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байна. Тухайлбал, маргаан бүхий газрыг нэхэмжлэгч байгууллага урт, удаан хугацаанд хашаалж, эзэмшиж ирсэн, тухайн газарт нэхэмжлэгч байгууллага мод тарьсан, маргаан бүхий захиргааны актуудыг мэдсэнээс хойш хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэх асуудлуудаар зөвхөн нэхэмжлэгч байгууллагын тайлбаруудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байна.

25. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 27.6 дахь хэсгүүдийн тухайд: Газрын тухай хуулийн 27.5 дахь хэсэгт газрыг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээсэн газрыг тухайн иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж болох тухай заасан. Иймд нэхэмжлэгч байгууллага нь маргаан бүхий газрын элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон үед нь өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн бол тухайн газрыг нэхэмжлэгч байгууллага эзэмших эрхтэй гэх дүгнэлтийг хийж болох юм. Гэвч маргаан бүхий газар элэгдэл, эвдрэлд орж ашиглалтгүй орхигдсон газар байгаагүй бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн зүйл байхгүй.

26. Давж заалдах шатны шүүхийн зүгээс хийсэн дүгнэлт болох “газрыг урт, удаан хугацаанд ашиглаж ирсэн бол тус байгууллагын газар эзэмших эрхийг хамгаалах шаардлагатай” гэх дүгнэлт нь үндэслэлгүй дүгнэлт юм. Учир нь, Газрын тухай хуулийн 27.5 дахь хэсэгт гагцхүү ашиглалтгүй болж орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлж болох тухай заасан байна. Харин ашиглах боломжтой газрыг урт удаан хугацаанд, түрүүлж хашаалж авснаараа газар эзэмших эрхтэй болох тухай заагаагүй байна. Газрын тухай хуулийн 27.6 дахь хэсэгт мөн адил иргэн, хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр байгуулсан хиймэл нуур, цөөрөм, усан сан, өсгөж үржүүлсэн ан амьтан, тарьж ургуулсан ойн төгөл, Аж ахуйн ашигт ургамлын доорх газрыг багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн давуу эрхээр эзэмшүүлж болох тухай заасан байх бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь маргаан бүхий газарт усан сан, нуур, цөөрөм байгуулсан, эсвэл ан, амьтан үржүүлсэн зүйл байхгүй. Иймд нэхэмжлэгч байгууллага тухайн газрын давуу эрхээр эзэмших хуульд заасан үндэслэл бүрдээгүй байна.

27. Иймд, нэхэмжлэлийн шаардлагаас манай байгууллагад холбоотой хэсэг болох аймгийн Засаг даргын 2017 оны А/318, А/535, А/544 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох агуулгаар шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ

ХЯНАВАЛ:

28. Маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан анхан болон давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр гуравдагч этгээд “Авъяас эрдэм” ТББ-ын болон иргэн Т.Галбаатар нарын гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

29. “Эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт оруулах тухай” Баян-өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 240 дүгээр захирамжаар тус аймгийн ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуульд кадастрын зурагт буусан хэмжээгээр нь эзэмших газрын хэмжээг 16.000 м.кв байхаар өөрчилж, үүнтэй уялдуулан өмнө нь 14.950 м.кв газар эзэмшиж байсан эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

30. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/318 дугаар захирамжаар Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай 2 дугаар бүрэн дунд сургуулийн хойд талаас 216 м.кв газрыг сургалтын төв барих зориулалтаар төсөл сонгон шалгаруулалт явуулах зарчмаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/544 дүгээр захирамжаар төсөл сонгон шалгаруулалтын дүнд ялагчаар шалгарсан “Авьяас эрдэм” ТББ-д уг газрыг 20 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

31. Мөн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/535 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшлийн гэх газраас 144 м.кв газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/334 дүгээр захирамжаар иргэн Т.Галбаатарын өмнө нь тухайн байршилд 144 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон 2014 оны А/545 дугаар захирамжийг хүчингүй болгосноор Т.Галбаатарын газар эзэмших эрх сэргээгдсэн гэж үзэхээр юм.

32. Нэхэмжлэгч Баян-өлгий аймгийн ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургууль нь өөрийн эзэмших эрхтэй 16.000 м.кв газраас дээрх байдлаар хэсэгчлэн бусдад давхцуулан эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн маргаан бүхий аймгийн Засаг даргын холбогдох захирамжууд нь хууль бус хэмээн хүчингүй болгуулахыг хүсчээ.

33. Хэрэгт цугларсан кадастрын зураг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүхээс газар дээр нь үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зураг болон бусад нотлох баримтуудаас үзвэл, маргаж буй газар нь бодит байдалд сургуулийн хашааны дотор нэхэмжлэгчийн эзэмшиж буй газартай давхцалтай, нэхэмжлэгчийн эзэмшил газрын байрлал, хашаалсан хэмжээ нэмэгдэж хасагдах байдлаар өөрчлөгдөөгүй байгааг шүүхийн шийдвэр, магадлалд тодорхой дэлгэрэнгүй заасан, эдгээрийг үгүйсгэж өөрөөр дүгнэх боломжгүй.

34. Маргаж буй байршилд нэхэмжлэгч сургуулийн газар эзэмших эрх нэгэнт түрүүлж үүссэн байхад түүний эзэмшлийн газраас зарим хэсгийг нь “...нийтийн эзэмшлийн газар...” гэж бусдад эзэмшүүлсэн маргаан бүхий захирамжууд нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан шаардлагыг хангаагүй, хууль бус болно.

35. Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, маргаанд хамаарах Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 110/ШШ2018/0039 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0372 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Авъяас эрдэм” ТББ-ын өмгөөлөгч болон иргэн Т.Галбаатар нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээд нараас тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70200 нийт 140400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

   ШҮҮГЧ                                                       Л.АТАРЦЭЦЭГ