Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/32

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          Б.Б, Ж.А, В.Г, Э.Б

       нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                        Прокурор                                                         А.А

Шүүгдэгч                                                         Б.Б, Ж.А,

                                                                        В.Г

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Дсүрэн нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/152 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Батсүхийн бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Ж.Агийн гаргасан давж заалдах гомдол зэргийг үндэслэн Б.Б, Ж.А, В.Г, Э.Б нарт холбогдох 2012003920245 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, ... оршин суух, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Б.Б

 

Монгол Улсын иргэн, 1964 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүүхдийн их эмч мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт, ... оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ж.А

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ... оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, В.Г

 

Монгол улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эмэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ... оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Э.Б

 

Шүүгдэгч Ж.А, Б.Б, В.Г нар нь бүлэглэн гэрч нарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр 2020 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гэрч Л.Д, Н.Джав, Ч.Н нарыг ятгасан, гэрч Д.Ад 200.000 төгрөг өгч, нөхрийг нь ажилд оруулж өгнө гэж амласан,

шүүгдэгч Э.Б нь эрүүгийн 201200392 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...орон нутгийн сонгуульд нэр дэвшигч Д.Хийг иргэн Ду, Н нарт 20.000 төгрөг өгөхийг харсан..., тэд өөрсдөө надад 20.000 төгрөг өгсөн гэж хэлсэн..., ...найз Гантүлхүүрийнд очиход түүний аав Ням нь надад Х 20.000 төгрөг өгсөн гэж өөрөө ярьсан...” гэж, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...Надад мөнгө өгөх гэхээр нь би аваагүй юм..., өөр хүмүүст яасныг нь мэдэхгүй..., ...намайг харахад тэр хоёрт мөнгө өгөх шиг болсон...” гэж, 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...Х гэх энэ хүний сонгуулийн сурталчилгаанд явж байсан Отгонбат гэх хүн гудамжинд таарч надад Хийг дэмжээрэй гэж хэлээд 20.000 төгрөг өгөх гэхээр нь би аваагүй...” гэж Д.Хийг гэмт хэрэг үйлдсэн хэмээн зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас Б.Б, Ж.А нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, В.Год холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Э.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/152 дугаартай шийтгэх тогтоолоор: Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч В.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Б, В.Г нарыг цагаатгаж, шүүгдэгч Ж.А-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ирүүлснийг хасаж,  шүүгдэгч Э.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж; Шүүгдэгч Ж.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрчид хууль бусаар нөлөөлсөн гэмт хэрэгт, шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдүүлэх гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож; Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аг 800/найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийн 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ад шүүхээс оногдуулсан 800/найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.Бт шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А, Э.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 150.000/нэг зуун тавин мянга/ төгрөг/AZ13341168, NZ2327255, AH8930856, AJ4602841, AH9550208, AH6343775, AH5303544, AH0105417, AH2132467, AJ4956246, AH3784608, AJ4220912, AG7220255, AZ0611801, AK7855259 сери дугаартай 15 ширхэг, 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт/-ийг улсын орлого болгож, хэрэгт хураагдсан сиди 1/нэг/ ширхгийг хэргийн хугацаа  дуусах хүртэл хэрэгт хадгалахаар шийдвэрлэж, шүүгдэгч Ж.А, Э.Б, Б.Б, В.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ж.А, Э.Б нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж; Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж; Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.А, Э.Б, В.Г, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ж.Агийн гаргасан давж заалдах гомдолд: “Миний бие Чогсом овогт Жадамбаагийн А нь Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/152 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Даийн Х нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль, Эрүүгийн хууль тогтоомжуудыг зөрчсөн гэмт үйлдлийг шалгуулах гомдлыг миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Архангай аймаг дахь Тагнуулын хэлтэст 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гаргасан. Гэтэл миний гаргасан энэ гомдлыг мөрдөн шалгах ажиллагаанд тагнуулын байгууллагын болон цагдаагийн байгууллагын мөрдөгчийн, мөн энэ хэрэг дээр анхнаас нь хяналт тавьсан Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бугийн хувийн хүсэл зориг, дур зорго үйлчилж уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа эхнээсээ хууль ёсыг гажуудуулагч, зөрчигчдийн талд ашигтайгаар шийдвэрлэгдэх нөхцөл байдал үүсэж, уг хэргийн бодит байдал, үнэн мөнийг тогтоолгоё, шударга ёс, хуульт ёсыг сэргээлгэе гэж гомдол гаргасан миний бие болон энэ зорилтод нэгдсэн хэсэг бүлэг хүмүүс дээр буюу өөрсдөд дээр нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шүүх хуралдаан болж дээр дурдсан Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/152 тоот шийтгэх тогтоол гарсан билээ. Уг шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйл /шударга ёсны зарчим/-ийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 1.4 дүгээр зүйл /гэм буруугийн зарчим/-ийн 2-т “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж, 2.1 дүгээр зүйл /гэмт хэргийн ойлголт, шинж/-ийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн зүйлийн 4-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж тус тус хуульчлан тогтоосон. Мөн Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйл /гэм буруу/-ийн 1-т “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж, мөн зүйлийн 2-т “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйл /гэмт хэргийн хохирол, хор уршиг/-ийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусдын эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилжээ. Эрүүгийн хуулийн дээр дурдагдсан зүйл, заалт, зохицуулалтаас харвал хэн нэгэнд оноох эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн ...гэм буруугийн хэлбэрт тохирсон байна, гэм буруу нь санаатай болон болгоомжгүй гэсэн 2 хэлбэртэй байна, гэм буруугийн энэ 2 хэлбэр нь хоёулаа хохирол, хор уршигт хүргэсэн, учруулсан байхыг шаардана гэж хуульчилсан байна.

Эндээс үзвэл Эрүүгийн хуулийн гэм бурууг тодорхойлсон уг хуулийн 2.3 дугаар зүйлийн зохицуулалтыг барьж, мөн уг хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдийг барьж хууль хэрэглээг тайлбарлавал энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байгаа Ж.А миний үйлдэлд Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдалд гэмт халдлага учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд хохирол, хор уршиг учруулсан өчүүхэн ч шинж тэмдэг, үр дагавар байхгүй билээ.

Надад гүтгэгдсэн гээд байгаа Д.Х нь 2020 оны орон нутгийн сонгуулийн дүн гарсны дараа тангаргаа өргөж, одоог хүртэл Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчийн хувиар ажил үүргээ гүйцэтгэсээр байгаа бөгөөд миний бие нэгэнт сонгуульт хугацааны тал илүү хувь нь уг хэрэг хянан шийдвэрлэх явцад өнгөрсөн тул уг сонгуулийн маргааны талаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, нэхэмжлэлээ татан авсан болно. Энэ талаар гаргасан Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 109/ШШ2022/0009 дугаартай шүүгчийн захирамж хэрэгт авагдсан байгаа. Ж.А миний бие нь анхнаасаа бусдын хууль зөрчсөн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэсэн үйлдлийг шалгуулъя гэж гомдол гаргаснаас биш, хэн нэгнийг эрүүгийн хэрэгт гүтгээдэхье, үүндээ хууль, шүүхийн байгууллагыг ашиглаадахъя, хэн нэгнээр хэн нэгнийг гүтгүүлээдэхье, ийм үйл ажиллагааг өөрөө юм уу, эсхүл хэн нэгэнтэй үгсэн хуйвалдаж зохион байгуулаадахъя гэсэн өчүүхэн ч санаа зорилго, сэдэл байхгүй байсан гэдгийг энд дахин давтан хэлье.

Анхан шатны шүүхээс уг хэргийн гэм буруугийн байдалд дүгнэлт гаргахдаа Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийн хуульчилсан зохицуулалтуудыг бүхэлд нь, хуульд шууд бичсэн утга агуулгаар нь, уялдаа холбоотойгоор нь тайлбарлаж хэрэглэлгүйгээр энэхүү давж заалдах гомдлыг гаргагч Ж.А намайг болон шүүгдэгч Э.Бийг гэм буруутай гэж үзэж, дээр дурдсан Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/152 тоот шийтгэх тогтоолыг гаргасанд гомдолтой байна.

Хууль тогтоомж нь түүнд бичигдсэн шууд агуулгаараа, хоёрдмол утга агуулгагүйгээр, өөр хоорондоо зөрчилгүйгээр, нэгдмэл утга санаатайгаар хэрэглэгдэх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг уг хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн зохицуулалтуудтай уялдуулан тайлбарлаж, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна. Үндсэн хуулиас бусад хуулийг албан ёсоор тайлбарлах эрх зөвхөн Монгол Улсын Дээд шүүхэд хадгалагддаг бөгөөд үүнээс өөрөөр хэн нэгэн, тухайлбал шүүгч  шүүхийн шийдвэр гаргахдаа өөрийн үзэмжээр тайлбарлан хэрэглэх эрх зүйн зохицуулалт, эх сурвалж байхгүй билээ. Монгол Улсад одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалт, тэдгээр хуулийн агуулга, зүйл, заалт бүрээр нь авч үзвэл гэмт хэргийг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, эсхүл материаллаг бүрэлдэхүүнтэй байна гэсэн агуулга, зохицуулалт байхгүй. Энэ гэмт хэрэг нь заавал материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй байна гэсэн зохицуулалт, энэ талаар эдгээр хуульд бичигдсэн, хуульчилсан үг, өгүүлбэр байхгүй билээ.

Анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйл /гэм буруутайд тооцох/-ийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг баримтлан шийдвэр гаргах ёстой байсан гэж үзэж байна.

2. Дээр дурдсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гаргахдаа гэрч нар нь хууль тайлбарлаж, тайлбар, мэдүүлэг авсаар байтал анх хэд хэдэн удаагийн үнэн зөвөөр өгч байсан мэдүүлгүүдээсээ буцаж, дараа дараагийн мэдүүлгүүддээ дахин дахин зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдлыг анхаарч үзэлгүй, мэдүүлгүүддээ хэн нэгнийг хийгээгүй үйлдлийг нь хийсэн болгож гүтгэсэн байдалтай, ингэхдээ уг хүнийх нь нэр усыг сольж, тухайн үйлдлийг нь өөр этгээд хийж, үйлдсэн мэтээр буруу, зөрүүтэй өгсөн мэдүүлгүүдэд үндэслэсэн.

Мөн анх миний гаргасан гомдлоор өөрийнх нь хууль бус, гэмт үйлдлийг шалгуулъя гэсэн хүний буюу Д.Х болон түүний нэр дэвшсэн тойрогт МАН-аас Эрдэнэбулган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдийн зааж өгсөн гэрч нараас авсан мэдүүлэгт үндэслэж, уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан тагнуулын байгууллагын болон цагдаагийн байгууллагын мөрдөгч нарын дахин дахин хөтөлж асуусан байцаалт, мэдүүлэгт үндэслэж, мөн хэргийн хавтас 1, хуудас 148 дугаар талд байгаа хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай мөрдөгчийн саналд “Д.Х, Л.М, Л.Б нарын зүгээс мөнгө, төгрөг өгсөн нөхцөл байдал тогтоогдож байгаа болов...” гэсэн баримттай хэрэгт,

мөн уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн саналыг 3, 4 удаа гаргаж, тухай бүр холбогдох этгээдүүдийг буруутай гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна, нотлох баримт дутуу байна гэсэн агуулгаар хяналт тавьж байгаа прокурорын зүгээс нэмэлт хэрэг бүртгэлийн ажиллагаа хийлгэхээр буцааж байсан хэрэгт, тухайлбал хамгийн сүүлд яг ийм агуулгаар гарсан прокурорын тогтоол /хэргийн хавтас 2-ын 57 дахь тал/ биелэгдээгүй, энэ дагуу ямар ч ажиллагаа хийгдээгүй байхад зөвхөн хөөн хэлэлцэх хугацааны шахалтад орж мөрдөгчийн зүгээс дахин энэ саналаа прокурорт хүргүүлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гаргуулсан хэрэгт,

мөн зүй нь уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа  анхнаасаа хуульд нийцсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бодитойгоор, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд ач холбогдолтой талаас нь шударгаар явагдсан бол анх мэдүүлэг өгсөн гэрч болох 9 хүний зарим хүмүүс /4 хүн/ нь анхны өгч байсан мэдүүлгүүдээсээ буцсан, зарим хүмүүс /4 хүн/ нь анхны өгсөн мэдүүлэг, тайлбар дээрээ баттай зогсдог, эдгээр хүмүүс дээр аль аль дээр нь Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл /худал мэдүүлэх/-ээр хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд оруулж ирэх ёстой байсан хэрэг дээр эдгээр 8 хүнийг дундаас нь сугалж, эрүүгийн хэрэгт хамааралгүй болгож, анхны мэдүүлэг, тайлбар дээрээ баттай зогсдог Э.Б гэх охин дээр, мөн адилхан үйлдэл, холбогдолтой 2 хүний нэг дээр нь, мөн миний өмгөөлөгч дээр, мөн шударга үнэнийг тогтоолгоё гэж анхнаасаа өргөдөл, гомдол гаргуулан шалгуулсан Ж.А над дээр хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн оруулж ирсэн хэрэг дээр энэ байдалд анхан шатны шүүхээс бүрэн дүүрэн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй.

Мөн уг хэрэгт хяналт тавьсан хяналтын прокурорын эхнэр нь МАН-ын засаг барьж байх үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хууль зүйн хэлтэст хуульчаар ажилласан байсан. Ж.А миний бие 2020 оны орон нутгийн сонгуульд АН-аас нэр дэвшсэн. Миний гомдол гаргаж шалгуулъя гэсэн хүмүүс уг сонгуульд МАН-аас нэр дэвшиж өрсөлдөж байсан. Энэ байдал нь ч уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлсөн байх магадлалтайг харгалзан үзээгүй. Мөрдөгч нар нь дээр дурдсан гэрч нараас мэдүүлэг авахдаа хөтөлсөн, тулгасан асуултыг дахин дахин асууж тайлбар, мэдүүлгийг авч байсан тухай, тэр байтугай гэрчүүдийг гэрчийн мэдүүлгүүдээсээ буцчихаа, энэ байдлаараа бол чи өөрөө буруутан болно шүү гэж удаа дараа дарамталж байсныг хэлсэн. Мөн мөрдөгч нь Ж.А надад та одоо гэрчгүй болсон шүү гэж даапаалан инээж байсныг хэлсэн, шүүгдэгч нарын мэдүүлгийг анхаарч үзээгүй зэрэг байдал нь уг хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд нөлөөлсөн гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг бүрэн дүүрэн нягтлан үзэлгүй, зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн зохицуулалтын хүрээнд шүүх хуралдааныг хийж, шийдвэр гаргасан нь уг хуулийн зорилго, агуулга, зохицуулалтыг буруу, өрөөсгөл өнцгөөр тайлбарлаж, бусад зохицуулалтыг анхаарч үзэлгүй шийдсэн байх магадлалтай гэж үзэж байна. Давж заалдах гомдлын энэхүү 2 дахь хэсэгт дурдсан үйл баримтуудыг хэрэгт авагдсан нотлох баримтуудын нэр, огноо, хуудасны дугаараар  нэрлэж давж заалдах шатны шүүх хуралдаанд нотлох болно.

Иймд энэхүү давж заалдах гомдлын нэг, хоёр дугаар хэсэгт тус тус дурдсан үндэслэлээр хуулийн хэрэглээг дур мэдэн тайлбарлаж, хэрэглэж байгаа энэ буруу практикийг зогсоож, шүүгдэгч Ж.А миний үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийн хуульчилсан зохицуулалтуудыг бүхэлд нь, хуульд шууд бичигдсэн утга агуулгаар нь, уялдаа холбоотойгоор нь тайлбарлаж хэрэглэвэл гэмт хэргийн шинжгүй бөгөөд гэм буруугийн асуудал яригдахгүй.

Ж.А миний бие нь анхнаасаа бусдын хууль зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэсэн үйлдлийг шалгуулъя гэж гомдол гаргаснаас биш, хэн нэгнийг эрүүгийн хэрэгт гүтгээдэхье, үүндээ хууль шүүхийн байгууллагыг ашиглаадахъя, хэн нэгнээр хэн нэгнийг гүтгүүлээдэхье, ийм үйл ажиллагааг өөрөө юм уу, эсхүл хэн нэгэнтэй үгсэн хуйвалдаж зохион байгуулаадахъя гэсэн өчүүхэн ч санаа зорилго, сэдэл байхгүй, ийм гэмт хэргийг огтхон ч үйлдээгүй тул дээр дурдсан Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/152 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3, 4, 5-т заасан Ж.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Гомдол гаргагч нь энэхүү гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2-т “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн зохицуулалтын хүрээнд, мөн уг хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4 дэх хэсгүүд, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгүүдийг баримтлан гаргаж байгаа болно. Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг үүгээр гаргаж байна.” гэжээ.   

 

Прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцэлд: “Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б би, эрүүгийн 2012003920245 дугаартай Ж.А, В.Г, Б.Б, Э.Б нарт холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/152 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч В.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Б, В.Г нарыг цагаатгаж, шүүгдэгч Ж.А-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ирүүлснийг хасаж,  шүүгдэгч Э.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж; Шүүгдэгч Ж.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрчид хууль бусаар нөлөөлсөн гэмт хэрэгт, шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдүүлэх гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож; Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000  төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж  шийдвэрлэжээ.

Шүүхийн шийтгэх тогтоолыг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шүүх шүүгдэгч Э.Бт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө “...гэрч Л.Дын гэрч Э.Бтэй нүүрэлдүүлэн мэдүүлэг авахад өгсөн, мөн Д.Х, Э.Б нарын нүүрэлдүүлэн мэдүүлэг авахад өгсөн, гэрч Г.Н, Н.Г нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Э.Б нь эрүүгийн 2012003920245 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр худал мэдүүлэг өгсөн нь нотлогдон тогтоогдож байх ба харин шүүгдэгч Э.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна...” гэж дүгнэлт хийжээ. Шүүгдэгч Э.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан “худал мэдүүлэх” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу сонгуульд нэр дэвшигч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх гэмт хэргийн үндсэн шинж нь иргэд сонгох, сонгогдох, ард нийтийн санал асуулгад оролцох эрхээ хэрэгжүүлэхэд сонгогчийг эд хөрөнгө, мөнгөөр татаж санал худалдан авч үйлдсэн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байх бөгөөд Э.Б нь гэрчээр мэдүүлэхдээ Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигч Д.Хийг иргэн н.Ду, н.Н нарт 20.000 төгрөг өгч, сонгуулийн үр дүнд нөлөөлөх санал авах зорилгоор мөнгө тарааж санал авсан гэмт хэргийг үйлдсэн, энэ нөхцөл байдлыг харсан гэж мэдүүлэг өгсөн ба хэрэгт авагдсан нотлох баримтаар “Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх” гэмт хэрэг үйлдээгүй болох нь тогтоогдсоноос гадна гэмт хэрэг бодитойгоор үйлдэгдсэн байхыг шаардахгүй гэж үзэж байна.

2. Хэрэгт авагдсан гэрч Д.Агийн “...Би А эмчид мөнгө авсан зүйл байхгүй гэдгээ хэлэхэд А эмчтэй хамт машинтай нь манайд очсон нүдний шилтэй Б гэдэг эмэгтэй нь надад угаасаа А эмчийн утсан дээрх бүх зураг, бичлэг нь байгаа, мөнгө төгрөг тараасан нь тодорхой, танай нөхрийг би Ундарга усны компанид точка гэдэг ажилд оруулж өгнө гэсэн..., ...би мөнгө авахгүй гэдгээ хэлэхэд Б гэдэг эмэгтэй нь өөрөө надад хэлээд надаар нэг өргөдөл бичүүлсэн. Би А эмчид дараа нь янз бүрийн асуудал болох юм биш биз дээ гэхэд А эмч тийм асуудал болохгүй ээ, Улаанбаатар хотоос өмгөөлөгч авна, чамайг тэр болгон дуудаад юм асуугаад байхгүй, чиний бичсэн өргөдлөөр чинь шийдчихнэ, олон дахин дуудаж ар гэрт чинь асуудал гаргахгүй гэсэн..., нөгөө өмгөөлөгч нь би А эмч та хоёрыг өмгөөлнө, янз бүрийн асуудал гарахгүй, чамайг ийш тийшээ дуудвал би чамтай хамт байнга байна гэсэн юм ярьчхаад манайхаас гарсан. Тэр ахыг гарсны дараа нөгөө Б нь нэг цаасан дээр юм бичээд орж ирээд миний дүү энэ бичсэнийг өөрөө энэ цаасан дээр хуулаад бичээд өг гэсэн. Тэр үед манай хүүхэд уйлахад А эмч манай хүүхдийг тэврээд надад чи наадахаа гялс бичээд өгчих гээд надаар дахиж нэг өргөдөл бичүүлж авсан. Тэр хоёр өргөдөл яг юу бичсэнийг би одоо сайн санахгүй байна. Бичсэн зүйлийг хуулж бичсэн болохоор доторхыг нь сайн санахгүй байна. Намайг тэр өргөдлийг бичсэний дараа гэрч гээд Б, мөн өрхийн эмнэлэг дээр бариач хийдэг залуу хоёроор гарын үсэг зуруулчхаад тэр хүмүүс явцгаасан..., ...Мөн өмгөөлөгч Г нь бас намайг чи ингэж хэл гэж үг зааж өгч байсан. Хамгийн сүүлд бичсэн өргөдлийг өмгөөлөгч нь өөрөө цаасан дээр бичээд надаар хуулж бичүүлсэн. А эмчийг намайг дарамталж байхад Б гэдэг хүн байнга хамт явдаг байсан. Манай ээжийг авч явахдаа А эмч тэр Бтэй хамт явсан гэсэн...” гэх мэдүүлэг,

гэрч Н.Джавын “...чи Х, М хоёроос мөнгө авсан байна, түүнийгээ хэл, надад баримт, бичлэг нь ч байгаа гэсэн. Би А эмчид би тэр хүмүүсээс мөнгө аваагүй ээ гэхэд чи авсан ш дээ, чи М, Х хоёроос 40.000 төгрөг авсан. Мөнгө авсан талаараа мэдүүлэг өг, манай өмгөөлөгч мундаг залуу чамд 40.000 төгрөгийг чинь 400.000 төгрөг болгоод өгнө гэсэн. Тэр үед А эмчийн өрөөнд өмгөөлөгч Г байсан. Тэр өмгөөлөгч нь надад та тагнуулын газарт мэдүүлэг өгнө, та тэнд 40.000 төгрөг авсан гэдгээ хэлээрэй, би түүнийг чинь 400.000 төгрөг болгож танд өгүүлнэ, айх юм байхгүй, би мэдүүлэг авахад тантай хамт байна гэж байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Э.Б-ын “...манай эхнэр 2-3 удаа мөнгө авсан гээд намайг очоод мэдүүлэг өгөөдөх гээд байна гэж Ж.А эмч хэлээд байна гэж надаас асууж байсан. Тэгэхээр нь би чи юу болоод байгаа юм, юунд орооцолдоод байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн чинь А эмч Ундарга ХХК-д ажилд оруулж өгнө, очоод хүнтэй уулзаадах гээд байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч В.Г, Б.Б нар нь “Гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх” гэмт хэргийг үйлдэхэд үйлдлээрээ санаатай нэгдсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд уг үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцохоор хуульчилсан байна.

Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг тусгаж, үнэлэлт дүгнэлт хийгээгүй зэрэгцээ эдгээр гэрчийн мэдүүлгийг үгүйсгэсэн үндэслэлээ заалгүйгээр шүүгдэгч В.Г, Б.Б  нарыг гэмт хэрэг үйлдээгүй гэж дүгнэж, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/152 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Ж.Агийн гаргасан давж заалдах гомдол зэрэгт дурдсан үндэслэлээр  хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй болсон байна.

 

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд биш хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулах хуульд заасан журмыг зөрчсөн, дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулжээ.

 

Энэ хэрэгт холбогдуулан Э.Б, З.С, Д.А, Л.Д, Н.Джав, Л.Э, Ч.Н нараас мэдүүлэг авахдаа сонгуульд саналаа өгсөн эсэх, хэн гэдэг хүнд санал өгсөн болохыг асууж, иргэний Үндсэн хуульд заасан сонгох эрхэд халдаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэрч хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

 

Хэрэв санаатайгаар худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх бөгөөд гэрчээс мэдүүлэг  авахын өмнө энэ талаар тайлбарлаж, хүлээлгэх хариуцлагыг сануулсны үндсэн дээр мэдүүлэг авдаг.

 

Гэтэл хэрэгт авагдсан  болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрч Д.А, Л.Д, Н.Джав, Ч.Н нараас хууль сануулан авсан мэдүүлгүүд нь эрс зөрүүтэй, нэг асуудлын талаар хоёр өөрөөр мэдүүлсэн байхад аль мэдүүлгийг нь үнэн зөв гэж үзэх, аль мэдүүлгийг нь худлаа гэж үзэхэд эргэлзээ төрж байхаас гадна хэрэв нэг мэдүүлгээ худлаа гэж, нөгөөг нь үнэн гэсэн тохиолдолд худлаа мэдүүлэг өгсөн үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой байтал үүнийг шалгалгүй орхижээ.

 

Мөн мөрдөгч 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай мөрдөгчийн санал гаргасан байна.

 

Уг саналдаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн иргэн Д.А, Ч.Н, Л.Э, Л.Д, Н.Джав нарт 2020 оны 10 дугаар сард хууль бусаар нөлөөлж зориуд худал мэдүүлэг өгүүлсэн гэх хэрэгт 2020 оны ээлжит аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшсэн Д.Х нь тус багийн иргэн Д.Б-т намайг дэмжээрэй гэж хэлээд 20 мянган төгрөг өгөхийг завдсан, сумын иргэдийн хуралд нэр дэвшсэн Д.М, Л.Б нар биднийг дэмжээрэй гэж тус багийн иргэн З.Сэлэнгэд бэлнээр 50 мөнгөн төгрөг өгсөн нөхцөл байдал тогтоогдож байгаа гэж дүгнэсэн атал Э.Б, З.С нар сонгуульд санал өгөхдөө МАН-аас нэр дэвшсэн нэр дэвшигчдэд санал өгөөгүй бөгөөд Ардчилсан намаас нэр дэвшсэн нэр дэвшигчдэд саналаа өгсөн нь өөрсдийнх нь өгсөн гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдож, Д.Х, Л.М, Л.Б нар иргэн Э.Б, З.С нарыг мөнгөөр татаж саналыг нь худалдаж авч чадаагүй болох нь тогтоогдож байна гэсэн үндэслэлээр хэргийг харьяаллын дагуу Архангай аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлэхээр санал гаргасан нь илтэд үндэслэлгүй байхад Архангай аймгийн Прокурорын газар саналыг хүлээн авч, 2020 оны 11 сарын 20-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Архангай аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт  шилжүүлсэн нь буруу байна.

Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх үндэслэлгүй,  давж заалдах шатны шүүхээс хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаах боломжгүй, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь ямар нэгэн эргэлзээ үүсгээгүй, зөрүүгүй, үйл баримтыг бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцэх бөгөөд дээрх нөхцөл байдал, үйл баримтаар шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эргэлзээ төрж байх тул шүүгдэгч нарт ашигтайгаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 Дээрх үндэслэлээр гаргасан шүүгдэгч Ж.Агийн давж заалдах гомдлыг хүлээн авч хангаж үндэслэлтэй байна.

Иймд шийтгэх тогтоолын шүүгдэгч Ж.А, Э.Б нартай холбоотой хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б, В.Г нарт холбогдох хэргийг нотлогдоогүй гэж дүгнэн, цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/152 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсгийг нь хүчингүй болгож, шүүгдэгч Ж.А, Э.Б нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Т.ДАВААСҮРЭН

 

            ШҮҮГЧИД                                           В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                                                                     Л.НЯМДОРЖ