Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2024/0137

 

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.А, Д.М, П.О, Ч.Р,

Хариуцагч: Үндэсний аудитын газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э, Ц.М*******,

Маргааны төрөл: Үндэсний аудитын газрын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Р, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М*******, шүүх хуралдааны нарийн нарийн бичгийн дарга Б.М******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Үндэсний аудитын газарт холбогдуулан шүүхэд “Үндэсний аудитын газрын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргажээ. 
  2. Үндэсний аудитын газраас “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төсөл”-ийн 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар “Албан томилолтын зардлыг дэмжих анхан шатны баримтыг завсарласан, машины түрээсийн гэрээ болон зочид буудлын баримтыг хуурамчаар үйлдсэн, орон нутгийн Засаг дарга нарын томилолтын хуудасны тэмдэглэлийг өөрчилсөн, шатахууны картыг зориулалт бусаар зарцуулсан” гэсэн үндэслэлээр 16,945,000 /Арван зургаан сая есөн зуун дөчин таван мянга/ төгрөгийг буруутай этгээдүүдээр төлүүлж, төсөвт төвлөрүүлэхээр 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 229/А0150054 дугаар “Төлбөр барагдуулах тухай” актыг тогтоожээ.
  3. Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төсөл нь дээрх актыг эс зөвшөөрч 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Үндэсний аудитын газарт гомдол гаргасан байх ба тус газрын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 02/******* дугаартай албан бичгээр хариу хүргүүлжээ. 
  4. Улмаар 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосны дагуу бүрдүүлбэр хангаж шүүхэд дахин нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ******* дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.
  5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төслийн 2022 оны санхүүгийн тайланд “К*******” ХХК аудит хийж, СНАГ-2023/126/НА-СТА-ТХН аудитын “К*******” ХХК-ийн хийсэн аудитын тайлангийн төслийг шалгагдагч этгээд болох Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төслийн төсөл хэрэгжүүлэх нэгжид урьдчилан танилцуулаагүй ба тайлангийн зтөсөлд санал өгөх 10 хоногийн хугацаа олгохгүйгээр баталгаажуулан Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь заалтыг тус тус зөрчсөн байна.

Аудитын тайлангаар илэрсэн зөрчлийг арилгахаар 1 төлбөрийн акт, 6 албан шаардлага гаргаж, биелэлтийг 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Үндэсний аудитын газарт ирүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Үүнээс 229/А0150054 дугаар “Төлбөр барагдуулах тухай” акт нь хууль зүйн үндэслэлгүй тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. 229/40150054 дугаар “Төлбөр барагдуулах тухай” актаар буруутай этгээдүүдээр 16,945,000 төгрөгийг буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн боловч хэний, ямар хууль тогтоомж зөрчсөн үйлдлийн улмаас гарсан төлбөрийг хэнээс, хэдэн төгрөгийг буцаан төлүүлэх тухай тодорхойлсон мэдээлэл байхгүй. Иймд төлбөрийн актыг биелүүлэх арга зам тодорхойгүй тул биелүүлэх боломжгүй байна.

2. Актад Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь заалт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.2.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Төсөл хэрэгжүүлэх нэгж нь Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-6.1.4-д заасан төрийн албаны ангилалд хамаарахгүй тул тус хуулийн 4 дүгээр зүйлд заасан хуулийн үйлчлэх хүрээнд багтахгүй юм. Иймд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь заалтад заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн гэж дүгнэсэн нь хуулийг буруу ойлгож, тайлбарлан хэрэглэсэн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

3. Актад Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.2.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй ба зөрчлийн үндэслэл болгосон дээрх заалтууд нь ерөнхий нягтлан бодогч/санхүүгийн ажилтны эрх, үүрэг байх тул төлбөрийг тухайн эрх, үүргийг хүлээж байсан этгээдүүдийн зөрчил гэж үзэн буруутай этгээдээр төлбөрийг төлүүлэх эсэх нь ойлгомжгүй байна.

Дээрхээс үзэхэд хууль зүйн үндэслэлгүй, биелүүлэх боломжгүй төлбөрийн акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” илт хууль бус захиргааны актын шинжтэй байгаа тухайн актыг биелүүлэхэд хүндрэлтэй, ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Тус актыг илт хууль болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар гомдлыг 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 03/115 дугаар “Гомдол гаргах тухай” албан бичгээр гаргасан боловч Үндэсний аудитын газраас 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 02/******* дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр гомдлыг үндэслэлгүй байна гэж шийдвэрлэснийг 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсан.

Иймд Үндэсний аудитын газрын 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 229/А0150054 дугаар “Төлбөр барагдуулах тухай” актыг Захиргааны ерөнхий Хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.3, 47.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжиж буй Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төслийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааг Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр тушаалаар баталсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам” (цаашид “журам” гэх) https://legalinfo.mn/mn/detail?lawld=16123489786211&showType=1-р зохицуулдаг.

Журмын гуравдугаар бүлгийн 7 дугаар зүйлийн 7.9 дэх хэсэгт “Төслийн зохицуулагч нь төсөл хэрэгжүүлэх нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих, төсөл, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, тайлагнах Төсвийн тухай хуулийн 16.4.16-д заасан этгээд байна”, Төсвийн тухай куулийн 16 дугаар зүйлийн 16.4.16-д заасны дагуу төслийн зохицуулагч нь төсвийн шууд захирагч байна гэж заасны дагуу төслийн зохицуулагч нь тус төслийн нэгжийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй этгээд юм.

Төслийн зохицуулагчийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга томилж, хөлсөөр ажиллах гэрээг байгуулан ажилладаг.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг хугацаа хоцроон гаргасны улмаас бүртгэлийн байгууллага хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, гэрчилгээнд бүртгэл хийгдээгүй болно.

Журмын 7.8-д зааснаар “Төслийн захирал нь төсөл хэрэгжүүлэгч байгууллагын өмнөөс тухайн төслийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагаанд ерөнхий хяналт тавих төсөл хэрэгжүүлэгч байгууллагын тухайн төслийн хэрэгжилтийг хариуцсан нэгжийн удирдах албан тушаалтан” байх ба Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга чиг үүргийн дагуу төслийн захирлын үүргийг гүйцэтгэдэг.

Иймд нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү.

Жич: Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төслийн төсөл хэрэгжүүлэх нэгж нь Төсвийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан төсвийн байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.” гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн үндэслэлийг нэхэмжлэл гаргахдаа дэлгэрэнгүй дурдаж бичсэн. Хэн, яг хэдэн төгрөг хууль бусаар зарцуулсан гэдэг нь тодорхой бус харагдаад байгаа юм. 16 сая 945 мянган төгрөг нь яг хэн гэдэг хүн, хэдэн төгрөгийг хууль бусаар зарцуулсан гэдэг нь тодорхой байх ёстой. 16 сая төгрөг төл гэсэн болохоос яг эзэн бие нь байхгүй. Актад Төрийн албаны тухай хуулийг баримталсан байсан. Гэтэл төсөл бол Төрийн албаны тухай хуульд харьяалагдахгүй. Төрийн албаны тухай хуулиар харьяалагдаж байгаа төрийн албан хаагч тангараг өргөдөг. Төслийн нэгжийн ажилтан бол тангараг өргөдөггүй, хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажилладаг. Тэгэхээр хөлсөөр ажиллах гэрээ нь дуусвал чиг үүрэг нь дуусдаг. Төрийн албан хаагч Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу гэрээ байгуулдагаараа ялгаатай. Өөр тайлбаргүй.” гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Үндэсний аудитын газарт холбогдуулан гаргасан Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төслийн “Үндэсний аудитын газрын 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 229/40150054 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Үндэсний аудитын газар нь Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төслийн 2022 оны санхүүгийн тайланд аудит хийж гүйцэтгэсэн.

Мөн Үндэсний аудитын газар нь Төрийн аудитын тухай хуульд зааснаар Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтоох хууль, эрх зүйн зохицуулалттай.

Түүнчлэн нийтэд дагаж мөрдөгдөж буй Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар батлагдсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмын хүрээнд төсвийг зориулалт бусаар зарцуулсан, хууль тогтоомж зөрчсөн аливаа зөрчлийг олж илрүүлэх, таслан зогсоох үүргийг хэрэгжүүлдэг.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ““К*******” ХХК нь аудитын тайлангийн төслийг шалгагдагч этгээд болох Хүнсний ногооны уйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төслийн төсөл хэрэгжүүлэх нэгжид урьдчилан танилцуулаагүй, тайлангийн төсөлд санал өгөх хугацаа олгохгүйгээр баталгаажуулсан…” гэж тайлбарлажээ.

Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрийн аудитын байгууллага аудитын тайлангийн дүнгийн улмаас аудитад хамрагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй тохиолдолд энэ талаар санал, хүсэлт, тайлбар, гомдол гаргах боломжийг олгоно” гэсэн хуулийн зохицуулалттай бөгөөд аудитаар илэрсэн алдаа зөрчилд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2021 оны А/70 дугаар тушаалаар баталсан “Санхүүгийн тайлангийн заавар, аргачлал”-ын ААБ 5:5-д заасны дагуу асуудлын бүртгэлийг төслийн зохицуулагч болон санхүүгийн мэргэжилтэн нарт танилцуулж, баталгаажуулсан байна.

Мөн “...дээрхээс үзэхэд хууль зүйн үндэслэлгүй, биелүүлэх боломжгүй төлбөрийн акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7-д зааснаар илт хууль бус захиргааны актын шинжтэй...” хэмээн тайлбарлажээ.

Үндэсний аудитын газрын 229/А0150054 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.6 “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.1.7 “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэх эдгээр шинжийг алийг нь ч агуулаагүй юм.

Учир нь Төрийн аудитын тухай хуульд зааснаар шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох хуулийн зохицуулалттай юм.

Мөн Бид хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төслийн 2022 оны санхүүгийн тайланд аудит хийж гүйцэтгэсэн бөгөөд зөрчлийг тогтоож арилгуулах арга хэмжээг авсан. Тиймээс хуульд заагаагүй, хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн зүйл огт биш юм.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Үндэсний аудитын газарт холбогдуулж гаргасан Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төслийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан 2020 оны төлбөрийн акт тогтоох, албан шаардлага өгөх журам байдаг. Энэ журмыг баримталж төлбөрийн акт, албан шаардлага өгдөг. “К*******” ХХК нь шалгагдагч этгээд болох Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төслийн тайлангийн төслийг урьдчилан танилцуулаагүй. Тайлангийн төсөлд санал өгөх хугацаа олголгүйгээр аудитын тайланг баталгаажуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дурдсан байдаг. Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрийн аудитын байгууллага аудитын тайлангийн дүнгийн улмаас аудитад хамрагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй тохиолдолд энэ талаар санал, хүсэлт, тайлбар, гомдол гаргах боломжийг олгоно” гэж заасны дагуу аудитаар илэрсэн зөрчлийн нэгтгэл маягтыг шалгагдагч байгууллагад танилцуулж байсан баримт бий. Шалгагдагч байгууллагын удирдлага, нягтлан бодогчид гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Төлбөрийн актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7-д тус тус зааснаар хууль зүйн үндэслэлгүй, биелүүлэх боломжгүй гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг. Төлбөрийн акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан энэ үндэслэлүүдийн аль ч шинжийг агуулаагүй.

Төрийн албаны тухай хуульд зааснаар шалгагдагч этгээд хууль, прокурорын, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргийг биелүүлээгүй бол Төрийн аудитын зүгээс энэ үйлдлийг таслан зогсоох гэсэн хуулийн зохицуулалт бий. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5.“дансны өглөг, авлага, төлбөрийн тооцоог ажил хянах, ажил гүйлгээг гарахаас нь өмнө хянан баталгаажуулах”, 20.1.4.“хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар эсвэл анхан шатны баримтаар баталгаажуулаагүй ажил үйлчилгэг бүртгэхгүй байх” гэсэн энэ хуулийн заалтуудыг үндэслэл болгож төлбөрийн актыг тогтоосон. Хэн хэдэн төгрөг төлөх вэ? гэдэг асуудал яригдаж байна. Төлбөрийн актын доод талд 16 сая 945 мянган төгрөгийг буруутай этгээдүүдээр буцаан төлүүлэх, актын биелэлтийг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор ирүүлэхийг Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төслийн удирдагч Б.О*******, санхүүгийн ажилтан н.Х******* нарт хариуцуулна гэдгийг нь даалгачихсан байгаа. Хэнээс, хаанаас хэдэн төгрөгийг гаргуулах вэ гэдэг асуудал нь тухайн байгууллагын дотоод асуудал. Төлбөрийн актыг хангаж биелүүлэх нь тухайн байгууллагын үүрэг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан Үндэсний аудитын газрын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар актаар “Албан томилолтын зардлыг дэмжих анхан шатны баримтыг завсарласан, машины түрээсийн гэрээ болон зочид буудлын баримтыг хуурамчаар үйлдсэн, орон нутгийн Засаг дарга нарын томилолтын хуудасны тэмдэглэлийг өөрчилсөн, шатахууны картыг зориулалт бусаар зарцуулсан” гэсэн үндэслэлээр 16,945,000 /Арван зургаан сая есөн зуун дөчин таван мянга/ төгрөгийг буруутай этгээдүүдээр төлүүлж, төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.”Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заажээ.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий актад заасан  үндэслэл болох албан томилолтын зардлыг дэмжих анхан шатны баримтыг завсарласан, машины түрээсийн гэрээ болон зочид буудлын баримтыг хуурамчаар үйлдсэн, орон нутгийн Засаг дарга нарын томилолтын хуудасны тэмдэглэлийг өөрчилсөн, шатахууны картыг зориулалт бусаар зарцуулсан гэснийг үгүйсгэж мэтгэлцээгүй ба хуульд зааснаар хэргийн оролцогч энэ талаар маргаагүй учир тус үндэслэлд холбогдох баримтыг цуглуулж, дүгнэлт өгөх боломжгүй.

  1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.”Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”, 47.1.1.“утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.6.“захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.1.7,“түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж заажээ.

2.1 Нэхэмжлэгч маргаан бүхий актыг эс зөвшөөрч илт хууль бусад тооцуулах шаардлагын үндэслэлээ ““К*******” ХХК-ийн хийсэн аудитын тайлангийн төслийг шалгагдагч этгээд болох Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төслийн төсөл хэрэгжүүлэх нэгжид урьдчилан танилцуулаагүй ба тайлангийн төсөлд санал өгөх 10 хоногийн хугацаа олгохгүйгээр баталгаажуулсан, актаар хэний, ямар хууль тогтоомж зөрчсөн үйлдлийн улмаас гарсан төлбөрийг хэнээс, хэдэн төгрөгийг буцаан төлүүлэх тухай тодорхойлсон мэдээлэл байхгүй, төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн гэж дүгнэсэн нь хуулийг буруу ойлгож, тайлбарлан хэрэглэсэн үндэслэлгүй, зөрчлийн үндэслэл болгосон дээрх заалтууд нь ерөнхий нягтлан бодогч/санхүүгийн ажилтны эрх, үүрэг байх тул төлбөрийг тухайн эрх, үүргийг хүлээж байсан этгээдүүдийн зөрчил гэж үзэн буруутай этгээдээр төлбөрийг төлүүлэх эсэх нь ойлгомжгүй…” гэж тодорхойлж маргаж байна.

2.2. Төсвийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.”Олон улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар Монгол Улсад олгож байгаа зээл, тусламжаар хэрэгжүүлэх төслийн нэгж нь төсвийн байгууллага байна.”, Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4.””шалгагдагч этгээд" гэж төсвийн байгууллага, …;” 21 дүгээр зүйлийн 21.2.”Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно.” гэж заажээ.

2.3. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл хууль тогтоомж зөрчсөн төсвийн байгууллагад акт тогтоох эрхийг Үндэсний аудитын газарт хуулиар олгосон байх бөгөөд нэхэмжлэгч, төслийн нэгж нь хуульд зааснаар төсвийн байгууллагад хамаарч байх тул захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэх үндэслэлгүй.

2.4 Нэхэмжлэгчийн “...төсөл хэрэгжүүлэх нэгж нь Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-6.1.4-д заасан төрийн албаны ангилалд хамаарахгүй тул тус хуулийн 4 дүгээр зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарахгүй…” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.

2.5 Учир нь төслийн нэгж нь төсвийн байгууллагад хамаарч байгаагийн хувьд хууль биелүүлэх үүрэгтэй ба хариуцагч илрүүлсэн зөрчилдөө холбогдох Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.2.5 дахь заалтуудыг хэрэглэсэн нь тус актыг илт хууль бусад тооцох үндэслэл болохгүй юм.

  1. Маргаан бүхий актад 16,945,000 /Арван зургаан сая есөн зуун дөчин таван мянга/ төгрөгийг буруутай этгээдүүдээр төлүүлж, төсөвт төвлөрүүлэхээр тодорхой заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь актад дурдсан зөрчилд холбогдох буруутай этгээдийг тодорхойлж төлбөрийг гаргуулахаар байх тул Үндэсний аудитын газрын актыг илт хууль болохыг тогтоох үндэслэлгүй байна. 
  2. Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.”Төрийн аудитын байгууллага аудитын тайлангийн төслийг шалгагдагч этгээдэд хүргүүлнэ.”, 18.2.”Шалгагдагч этгээд аудитын тайлангийн төсөлд өгөх саналаа 10 хоногийн дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ.” гэж заасан зохицуулалт нь гүйцэтгэлийн болон нийцлийн аудитын тайлангийн төсөлд санал авахад хамаарахаар байх тул “К*******” ХХК-ийн хийсэн аудитын тайлангийн төслийг шалгагдагч этгээд болох Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төслийн төсөл хэрэгжүүлэх нэгжид урьдчилан танилцуулаагүй ба тайлангийн төсөлд санал өгөх 10 хоногийн хугацаа олгохгүйгээр баталгаажуулсан гэж хариуцагчийг буруутгах боломжгүй. 

Иймд дээрх үндэслэлүүдээр Үндэсний аудитын газрын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар актыг утга агуулгын илэрхий алдаатай, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1. Төсвийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 21 дүгээр зүйлийн 21.2-т заасныг тус тус баримтлан Хээс Үндэсний аудитын газарт холбогдуулан гаргасан “Үндэсний аудитын газрын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай актыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.ДАМДИНСҮРЭН