Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
Хэргийн индекс | 184/2020/00721/и |
Дугаар | 991 |
Огноо | 2020-05-04 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 991
Г.М-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2020/01080 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.М-гийн хариуцагч С.Б-д холбогдуулан гаргасан 17 829 833 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.Б- болон Г.М- бид нар харилцан тохиролцож 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр №ЗГ020018019Э тоот зээл, барьцааны гэрээ байгуулан зээлийн барьцаанд С.Б- өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол /18080/, Москвагийн гудамж, 66 байр, 4 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2201026386 тоот дугаартай 25.8 м.кв 1 өрөө орон сууцыг барьцаалан 6 сарын хугацаатай нэг сарын 3.5 хувийн хүүтэй 12 500 000 төгрөгийг зээлсэн. 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр бидний байгуулсан №ЗГ02001801ЭЗ тоот зээл, барьцааны гэрээний хугацаа дууссан. 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар С.Б- нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Иймд С.Б-гаас зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээлд 11 500 000 төгрөг, зээл олгосон өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс зээлийн гэрээний дуусах хугацаа буюу 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг дуустал нийт 6 сарын хугацаанд хуримтлагдсан зээлийн хүүгийн үлдэгдэлд 579 833 төгрөг, зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш буюу 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс хойш зээлийн гэрээний 1.2 дах заалтын дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги 100 хоног буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал алдангийн төлбөрт 5 750 000 төгрөг, нийт 17 829 833 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 247 099.17 төгрөгийн хамт барьцаа хөрөнгөнөөс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
С.Б- нь 2017 онд хүүхдийнхээ машиныг барьцаанд тавьж “Н” ХХК-аас 6 000 000 төгрөгийг зээл авсан. Тухайн мөнгөө төлж чадахгүй хүүхдийнхээ машиныг алдах дээрээ тул байтал “Н” ХХК-ийн зааж өгсөн Г.М- гэдэг хүнтэй утсаар холбогдож 12 500 000 төгрөгийн зээл авсан. 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 489 000 төгрөг, тухайн өдөр 50 000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 50 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 2 452 667 төгрөг, нийт 3 041 667 төгрөгийг төлсөн. Мөн бэлнээр 1 000 000 төгрөг төлсөн. Үүнийгээ нь нэхэмжлэгч шүүх хуралдааны тайлбартаа хэлсэн гэж үзэж байна. Зээлийн эргэн төлөлтийн хуваарь гэх баримтлан дээр 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар хүүгийн төлбөр 1 639 166.67 төгрөг гэж заасан байна. Гэтэл С.Б- нь 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гэхэд хүүгийн төлбөрт 3 041 667 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байна. Үүнээс харахад хариуцагч нь хугацаандаа хүүгээ бүрэн төлж барагдуулснаас гадна илүү төлөлт хийсэн нь харагдаж байгаа. Нэхэмжлэгч үндсэн зээл 11 500 000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс хариуцагч нь 1 402 501 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 10 097 499 төгрөгийг болно. Зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийх ёстой. Иймээс хууль зөрчсөн хэлцэл гэж үзэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй тул өгсөн авснаа буцаах хүсэлтэй байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Б-гаас 13 809 162 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.М-д олгон, үүргийг биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2201026386 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Москвагийн гудамж, 66 дугаар байрны 4 тоот, 25.8 м.кв талбайтай орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулж, үлдэх 4 020 671 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 317 299 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 297 196 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Г.М- давж заалдах гомдолдоо:
... Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах шатны гомдол гаргаж байна.
Шүүх зохигчдын хооронд үүссэн зээлийн харилцаанд төлбөр төлөх дарааллыг анх тохироогүй мэтээр зээлийн маргааныг шийдсэн. Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.2-т төлбөр төлөх дарааллаа гэрээ анх байгуулахдаа тохирч байгуулсан. Шүүхийн шийдвэрээр зохигчдын байгуулсан гэрээний төлбөр төлөх дараалал зөрчигдсөнөөр гэрээний дагуу тооцогдож байсан үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөр, алдангийн төлбөр буурч зээлдүүлэгчийн эрх зөрчигдсөн. Шүүх зээлийн алдангийн төлбөрийн дүнг 50 хувиар бууруулсан үндэслэлээ хариуцагч зээлийг төлөөгүй гэрээний хугацаа дууссанаас хойш 8 сарын хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасныг харгалзан бууруулсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй тул нэхэмжлэгч дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нотлох баримтад нийцүүлэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.М- нь хариуцагч С.Б-гаас зээлийн гэрээний үндсэн төлбөрт 11 500 000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 579 833 төгрөг, алданги 5 750 000 төгрөг, нийт 17 829 833 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасны 10 097 499 төгрөгийг төлөхийг хариуцагч зөвшөөрч, үлдэх хэсгийг үндэслэлгүй гэж маргажээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Г.М- нь 12 500 000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч С.Б- нь уг мөнгийг сарын 3.5 хувийн хүүгийн хамт зээлийн гэрээний хавсралтаар тохиролцсон хуваарийн дагуу буцаан төлөх үүрэг тус тус хүлээсэн, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн байна.
Зээлдэгч С.Б- нь зээлдүүлэгчээс гэрээний дагуу шилжүүлсэн 12 500 000 төгрөгийг хүлээн авсан, 3 041 667 төгрөгийг төлснөөс өөр төлбөр хийгээгүй, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь тогтоогдсон тул зээлдүүлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн үлдэгдэл төлбөрийг гэрээгээр тохиролцсон хүүгийн хамт буцаан шаардах эрхтэй.
Мөн талууд гэрээнд үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд алданги тооцож төлүүлэх талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэх тул алданги шаардах эрх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүссэн байна.
Зээлийн гэрээний 2.2-т заасан зээлийг эргэн төлөх хуваарьт зээлдэгчийн төлбөл зохих зээлийн хүүгийн хэмжээг харилцан тохиролцож тогтоосон байх бөгөөд зээлдэгч С.Б-д гэрээний дагуу үндсэн зээл 12 500 000 төгрөгийг 6 сарын хүү 1 639 166 төгрөгийн хамт нийт 14 139 166.67 төгрөгийг төлөх үүрэг үүссэн байна.
Гэрээгээр тодорхойлогдсон дээрх үүргээс 3 041 667 төгрөг төлөгдсөнийг хасвал 11 097 498 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, тус гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс гэрээнд зааснаар алданги тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 50 хувиар хязгаарлавал 5 548 749 төгрөгийн алданги тооцон шаардах эрх нэхэмжлэгчид үүсчээ.
Харин шүүх хариуцагч талын санхүүгийн хүндрэлтэй тул төлбөрийг төлөх боломжгүй гэх тайлбарыг үнэлэн алдангийг 50 хувиар багасган тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгээр олгосон эрхийнх нь хүрээнд, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул алдангид 2 774 374 төгрөг гаргуулна.
Дээрх үндэслэлээр 11 097 498 төгрөгийн үндсэн төлбөр, 2 774 374 төгрөгийн алдангийн хамт нийт 13 871 872 төгрөгөөр нэхэмжлэлийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Анхан шатны шүүх зээлдэгчийн үндсэн үүргийн үлдэгдлийг тооцохдоо зээлийг эргүүлэн төлөх хуваариар талууд үүргийн хэмжээг харилцан тохиролцож тогтоон, нийт үүргийг 14 139 166 төгрөгөөр тодорхойлсныг анхаараагүй, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн зохицуулалтыг оновчтой зөв хэрэглээгүй байх тул дээрх байдлаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2020/01080 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “13 809 162 төгрөгийг” гэснийг ”13 871 872 төгрөгийг” гэж, 4 020 671 төгрөгийн” гэснийг “3 957 961 төгрөгийн” гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “297 196 төгрөг” гэснийг “227 309 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 79 280.74 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
А.ОТГОНЦЭЦЭГ