Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 168

 

                                                            

    2017 оны 11 сарын 30 өдөр                     2017/ШЦТ/168                                            Хэрлэн сум

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Хэргийн индекс:180/2017/0168/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                         Н.Энхзул

Улсын яллагч                                                       Д.Отгонтуяа

Шүүгдэгч                                                               Д.Э, Г.Э нарыг оролцуулан

    

Тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э, Г.Э нарт холбогдох 1739000000061 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1985 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Хан хэнтий цогцолбор сургуульд багш ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Т172 дугаар байрны 8 тоотод оршин суух, урьд 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сум дундын 1 дүгээр шүүхийн 228 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 05 сар хорих ял шийтгүүлсэн Ш.Э

                                        

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Норовлин суманд 1991 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 6, эх, дүү нарын хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 10-7 тоотод оршин суух, урьд Сум дундын 1 дүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн, Г.Э

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Э нь 2017 оны 11 дүгээр сарын 01-нээс 2-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 9 дүгээр гудамжинд машин дотор Э-ийн нүүрэн тус газар нь 2 удаа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Э нь 2017 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 9 дүгээр гудамжинд машин дотор Д.Э-н нүүрэн тус газар нь 2 удаа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

         Хохирогч, шүүгдэгч Д.Э-ын мэдүүлсэн: Э гэдэг залуу миний хажууд суухдаа зүүн нүд рүү тохойлдчихсон. Тэгэхээр нь би түүнийг чи яаж байна аа гээд нүүр лүү нь зүүн гараараа цохьсон. Тэгтэл Э өөдөөс миний нүүр лүү цохьсон. Зөрүүлээд би түүний нүүр лүү цохьсон. Тэгээд машин дотор зууралдаж байгаад машинаас буусан. ... Сургууль дотор ороод нүүрээ толинд харсан чинь миний хамраас цус гарсан байсан. Зүүн нүдний зовхи хавдаж хөхөрсөн байсан. Энэ үед би Цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг.

 

         Хохирогч, шүүгдэгч Г.Э-н: ... Э-н санамсаргүй тохойгоороо цохьчихсон чинь Э чи яаж байгаа юм гээд миний нүүрэн тус газар 1 удаа цохьсон. Тэгэхээр нь би зөрүүлээд Энхбаатарын нүүрэн тус газар нь 1 цохиод Э зөрүүлээд намайг нүүрэн тус газар дахин нэг удаа цохьсон. ... Э 2 удаа цохиулсанаас болж миний баруун нүдний дээд, доод зовхи бага зэрэг хавдаж хөхөрсөн, баруун нүдэнд цус бага зэрэг хурсан гэх мэдүүлэг.

 

        Гэрч Г.Э-н: .. гэнэт арын суудал дээр Энхбаатар, Энхмөнх ах хоёр зодолдоод явчихаар нь машинаас буулгасан гэх мэдүүлэг.

 

        Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 338 дугаартай дүгнэлт:

        Д.Э-н биед зүүн нүдний дээд зовхи, хөмсөг, дух, хэвлийн ар доод хэсгийн зулгарсан шарх, зүүн нүдний алимын цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

        Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт. /хх-ийн 27хуу/

 

         Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 339 дугаартай дүгнэлт:

         Г.Э-н биед баруун нүдний дээд, доод зовхи, доод уруулын зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, хацрын зулгарал шарх, баруун нүдний алимын цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

          Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт. /хх-ийн 29хуу/ зэрэг болно.

        Шүүгдэгч Д.Э, Г.Э нар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас 2017 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 9 дүгээр гудамжинд машин дотор харилцан зодолдсоны улмаас бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч нарын хохирогч болон шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

         Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

       Шүүгдэгч нар нь харилцан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

       Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ гэмшсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлуудыг нь харгалзан үзлээ.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон   

                                                                                    

ТОГТООХ НЬ:

  
          1.Шүүгдэгч Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн,

 

Шүүгдэгч Г.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э, Г.Э нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй..

 

   3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Г.Э нар нь түүнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 01 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

  
          4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь оногдуулсан торгох ялыг 01 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

   5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба тэдний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

   6.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

   7.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

        

                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.МӨНХТУЛГА