Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2024/0155

 

                                

                          

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: З.Э*******

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл

                   Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга

Хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Ч*******, О.Д*******,

Хариуцагчийн Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Б*******, Б.Б*******,

Маргааны төрөл: “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж болох 182,880,000 төгрөг олгохоос 106,400,000 төгрөг олгосон эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү 76,480,000 төгрөгийг гаргуулахыг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Э******* /цахим/, хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д*******, Дорнод аймгийн шүүхийн Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* /цахим/, С.Б******* /цахим/, шүүх хуралдааны нарийн нарийн бичгийн дарга Б.М******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан “Нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү 67,961,591 төгрөгийг гаргуулахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргасан ба 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр  “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж болох 182,880,000 төгрөг олгохоос 106,400,000 төгрөг олгосон эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү 76,480,000 төгрөгийг гаргуулахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

2. Хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч******* урьдчилсан хэлэлцүүлэгт Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргыг хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1037 дугаар захирамжаар Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргыг хамтран хариуцагчаар татсан байна.

3. Нэхэмжлэгч нь Монгол улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “*******” ******* дугаар зарлигаар Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж өндөр насны тэтгэвэрт гарсан байна.

4. Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/38 дугаар тушаалаар нэхэмжлэгч З.Э*******т 106,400,000 /нэг зуун зургаан сая дөрвөн зуун мянган/ төгрөг болох нэг удаагийн буцалтгүй тусламж олгожээ.

5. Нэхэмжлэгч З.Э******* нь нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг олгуулах талаар Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газарт болон Шүүхийн ерөнхий зөвлөлд хандан хүсэлт гаргасан байх ба Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газраас 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 5/221 дүгээр албан бичгээр, Шүүхийн ерөнхий зөвлөл 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01/1380 дугаар албан бичгээр тус тус хариуг өгчээ.

6. Нэхэмжлэгч З.Э******* 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн байна.

7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “3.Э******* миний бие Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгч, ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж гавьяаныхаа амралтанд гарсан.

Тэтгэвэрт гарсны дараа Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Санхүү хөрөнгө оруулалтын газраас Дорнод аймгийн Шүүхийн Тамгын газрын дансанд тэтгэмжийн санхүүжилт болох 106,400,000 төгрөг шилжиж ирснийг тус Шүүхийн тамгын газраас 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр З.Э******* миний ХААН банкны дансанд шилжүүлсэн байсан.

Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно.” гэж заасан ба дээрх хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн.

Мөн Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.1 дэх заалтууд, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тогтоолоор батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1.3-д “Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно.” гэж тус тус заасан.Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дундажаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дундажаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.” гэж заажээ.

Дээрх хуулийн шаардлагад нийцүүлэн Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.4-т “Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй.” гэж нарийвчлан зохицуулсан байна.

Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс 3.Э******* надад нэг удаагийн тэтгэмж олгохдоо зөвхөн шүүгчийн албан тушаалын буюу үндсэн цалингаас тооцож олгосныг дээр дурдсан хуулийн заалтуудыг зөрчиж, дутуу олгосон гэж үзэж байна.

Нэг удаагийн тэтгэмжийг 2023 оноос өмнө Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар олгодог байсан ба мөн оноос ШЕЗ-өөс ирүүлсэн мөнгийг тухайн шүүхийн Тамгын газрын дарга тушаал гарган олгодог болж өөрчилсөн байна

Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулийн 12 дугаар зүйлд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47.9 дэх хэсгийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан боловч энэ хуулийн заалтыг Шүүхийн Ерөнхий зөвлөл хэрэгжүүлэхгүй өнөөдрийг хүрч байна.

Нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг олгож өгөх талаар Дорнод аймгийн Шүүхийн Тамгын газарт хүсэлт гаргахад ШЕЗ-ийн санхүү хөрөнгө оруулалтын газраас орсон мөнгийг олгосон тухай 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 5/221 дугаар албан бичгээр хариу өгсөн.

Мөн Шүүхийн Ерөнхий зөвлөлд нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг олгож өгөх талаар 2023 оны 10 дугаар сарын 24-ны өдөр хүсэлт гаргахад ШЕЗ-ийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01/1380 дугаар албан бичгээр “...106 400 000 төгрөгийг... өөрийн тань Эзэмшлийн ХААН банкин дахь тоот данс руу шилжүүлсэн байх тул хүсэлтэд дурдсан асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна.” гэсэн хариу ирүүлсэн ба яагаад “... асуудлыг шийдвэрлэх боломжгүй байгаа” үндэслэлээ, татгалзлаа заагаагүй байна.

Иймд Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс 3. Э******* надад нэг удаагийн тэтгэмж 174,361,591 төгрөг олгохоос 106,400,000 төгрөг олгосон эс үйлдэхүй хууль бус олохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү 67,961,591 төгрөгийг гаргуулахыг даалгаж өгнө үү.” гэжээ.

8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Нэхэмжлэгч 3.Э******* намайг өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж олгохдоо хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөл Дорнод аймгийн Шүүхийн Тамгын газраар дамжуулан олгохдоо 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 106,400,000 төгрөг олгосон. Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно.” гэж заасан

Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д зааснаар нэг удаагийн тэтгэмж олгохдоо үндсэн цалингаар олгоно гэж тооцсон бол нэхэмжлэгч миний шүүгчээр ажиллаж байх үеийн нэг сарын үндсэн цалингаар тооцож 108 000 000 /3 000 000 x 36 cap = 108 000 000/ олгох байсан. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөл Дорнод аймгийн Тамгын газраар дамжуулан дутуу олгосон. Яагаад дутуу олгосон талаар тухайн үед шүүхийн нягтлан бодогчоос асуухад Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгох журмын дагуу олгосон гэж хариу хэлсэн. Тус журмын 2 дугаар зүйлийн 2.1-д “Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дундажаар тооцно.” гэж заасан.

Мөн тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.4-т “Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй.” гэж нарийвчлан зохицуулсан байхад тус журмын 2 дугаар зүйлийн 2.1-д заасныг баримтлан дутуу олгосон.

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тогтоолоор батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1.3-д “Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно.”, гэж тус тус заасан.

Тус журмын “жишээ 4”-д Ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо “тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тооцжээ. Энэ журмын заалтыг баримтлан олгох байсан. /Өмнөх жилүүдэд өндөр насны тэтгэвэрт гарсан шүүгч нарт чингэж олгож байсан. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Д.Б*******д 108 000 000 төгрөг олгож байсан/

Нэхэмжлэгч Э******* би нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа энэ талаар тайлбарлаж бичих гэснээ нэгэнт шүүхээр шийдвэрлэгдэж байгаа тул бичих шаардлагагүй гэж бодоод бичилгүй орхисон юм.

Гэтэл Дорнод аймгийн Шүүхийн Тамгын газраас гаргаж өгсөн “цалингийн судалгаа”-ны баримтанд “З.Э******* миний сүүлийн 36 сарын цалин”-гийн дунджаар тооцож 174,361,591 төгрөг гэж тооцсон дээрх журмын заалттай нийцэхгүй байх тул зөвшөөрөхгүй.

Иймд нэхэмжлэгч 3.Э******* миний ажиллаж байсан хугацааны сүүлийн 3 сарын цалин болох 2023 оны 05 сар 5082 000 төгрөг, 6 сар 5070 000 төгрөг, 7 сар 5088 000 төгрөг, нийт 15 240 000 төгрөг, үүнийг сүүлийн 3 сард хуваахад нэг сарын дундаж цалин 5080 000 төгрөг, үүнийг 36 сарын тооцоход 182 880 000 төгрөг /5080 000x36=182 880 000/, үүнээс авсан 106 400 000 төгрөгийг хасаж тооцоход 76 480 000 төгрөгийн зөрүү гарна.

Нэхэмжлэгч З.Э******* би нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн 76 480 000 төгрөгөөр тооцож гаргах байтал 67 961 591 төгрөг гэж тооцож тооцооны алдаа гаргасан тул зөрүү 8,518,409 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг нэмэгдүүлж байна. Хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Нэмэгдүүлсэн үнийн дүнгийн тайлбар үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тайлбартай адил болно.” гэжээ.

9. Хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д*******, Т.Ч******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэг. Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан иргэн З.Э*******ээс “тэтгэмжийн зөрүү 67,961,591 төгрөг”-ийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн тухайд:

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно...” гэж заасан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хуулийг уг заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчдэд тэтгэмжийг олгосон болно.

Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “...сарын дундаж цалин..” гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул “албан тушаалын цалин”, “нэмэгдэл”, “тэтгэмж” гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зөв гэж үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3 дахь хэсэгт зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог.

Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон байна

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “сарын дундаж цалин..” гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм.

Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно.

Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт “цалин хөлс” гэсэн ойлголтыг бүрдүүлнэ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж заасан байна.

Албан ажлын онцгой нөхцелийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор “Шүүгчид нэмэгдэл олгох журам”-р баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчд дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна.

Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шуугчид “нэг удаа” олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог.

Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн авч байсан сарын дундаж цалин..” нь УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм.

36 сарын тэтгэмжийг “албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс тооцох үндэслэлгүй,

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан... сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй.

Нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг олгохгүй байгаа хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийн тухайд: Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан “...сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож, МУШТХ-ийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын дансанд өндөр насны тэтгэвэрт гарах шүүгчийн нэг удаагийн тэтгэмж болох 106.400.000 төгрөгийн санхүүжилтийг суулгаж өгсөн.

Уг санхүүжилтийн дагуу Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газраас бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гарган нэхэмжлэгч 3.Э*******т нэг удаагийн тэтгэмжийг хуульд заасан хэмжээгээр олгосон нь хууль зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

10. Хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, 4.5-д “Төрийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбогдсон харилцааг энэ хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тус тус зохицуулна.”, 10 дугаар зүйлийн 10.1-д Төрийн албан тушаалыг улс төрийн, захиргааны, тусгай, үйлчилгээний гэсэн ангилалд хуваасан. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт төрийн тусгай албан тушаалд хамаарах субъектүүдийг нь тодорхойлж 13.1.1-д бүх шатны шүүхийн шүүгчийг хамааруулсан. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн одоо 47 дугаар зүйлийн 47.9-д “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад нь түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно,”, 46.1 дэх хэсэгт нь шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь болбол эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрах хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангана, 46.2-т нь болохоор шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацаа, докторын зэргийн нэмэгдэл бүрдэнэ гэж тус тус заасан байдаг. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасны дагуу тэтгэмжийг тооцохдоо 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан албан тушаалын сарын цалингийн дундаж хэмжээгээр тооцохоор зохицуулсан байх тул нэмэгдэл цалин буюу шүүгчийн цалин хөлсийг нийтэд нь хамааруулна гэж үзэхгүй байна. Иймд бид үндсэн цалингаар нь тооцож олгосон. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

11. Хариуцагч Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2023 онд өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад шүүгч З.Э*******т Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын 2.1-д заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хуваарилагдсан төсвийн хүрээнд 106,400,000 /нэг зуун зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн тэтгэмж олгосон болно.” гэжээ.

12. Хариуцагч Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******: “Яагаад энэ дүнгээр олгосон бэ? гэхээр 2022 онд 2023 оны төсвийн төсөл боловсруулж батлуулдаг. Тус журмын дагуу З.Э******* шүүгчийн тэтгэвэрт гарахаас өмнөх 36 сарын дундаж цалинг тооцож 36-д үржүүлээд энэ дүнг гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын заалтуудыг үндэслэж төсвийг нь боловсруулсан.” гэжээ.

13. Хариуцагч Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******: “Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон ерөнхий нягтлан бодогчийн тайлбартай санал нэг байна. 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн санхүү, хөрөнгө оруулалтын газраас тус шүүхийн дансанд тэтгэмжийн санхүүжилт болох 106,400,000 төгрөг орсныг шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/38 дугаар тушаалаар олгосон.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэлээ.

1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.”Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ.”, 47 дугаар зүйлийн 47.9.”Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно.”, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.”Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно”, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2.1.”нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцно .... “, 4.4.”Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй.” гэж тус тус заажээ.

Шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/38 дугаар тушаалаар нэхэмжлэгч З.Э*******т нэг удаагийн буцалтгүй тусламж шүүгчийн албан тушаалын цалингаас тооцож олгосон нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасантай нийцээгүй байна.

Хуульд зааснаар шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэх бөгөөд хуулийн 47.9 дэх хэсэгт хууль тогтоогч албан тушаалын цалингаас гэж тусгайлан зааж өгөөгүй тул тус заалтад заасан “... түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр…” гэдгийг шүүгчийн цалин хөлс гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тэтгэмжийн зөрүүг олгохыг даалгах нь зүйтэй гэж үзлээ.

2. Харин тэтгэмжийн зөрүүг нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгохын өмнө авч байсан албан ажлын онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл болох 1,950,000 төгрөгийг 36 сараар тооцож 70,200,000 (далан сая хоёр зуун мянга) төгрөг гаргуулж шийдвэрлэлээ.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.”Ерөнхий зөвлөл шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 74.1.1.”Улсын дээд шүүхээс бусад шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төсвийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, энэ хуулийн 46.8-д заасан журмын дагуу хүргүүлэх;”, 74.1.2.”шүүхийн төсвийг зориулалтын дагуу хуваарилан, төсвийн гүйцэтгэлийг үр ашигтай зохион байгуулах;”, 74.1.5.”Улсын дээд шүүхээс бусад шүүхийн санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн ажлыг зохион байгуулж, хянан шалгаж, удирдах;”, 87 дугаар зүйлийн 87.1.”Шүүхийн Тамгын газрын дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 87.1.3.”шүүхийн Тамгын газрын төсвийг захиран зарцуулах, тайлагнах;” гэж зааснаар хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн төсвийг зориулалтын дагуу хуваарилан, төсвийн гүйцэтгэлийг үр ашигтай зохион байгуулж, Улсын дээд шүүхээс бусад шүүхийн санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн ажлыг зохион байгуулж, хянан шалгаж, удирдах, хариуцагч Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга шүүхийн Тамгын газрын төсвийг захиран зарцуулах, тайлагнах бүрэн эрхтэй байх тул тэтгэмжийн зөрүүг олгохыг хариуцагч нарт даалгах нь зүйтэй гэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.9-д заасныг баримтлан З.Э*******ийн нэхэмжлэлийг хангаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэг удаагийн буцалтгүй тусламжийн зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч З.Э*******т тэтгэмжийн зөрүү 70,200,000 (далан сая хоёр зуун мянга) төгрөг олгохыг хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөл, Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга нарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нар тус бүрээс 35100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ:                                     Н.ДАМДИНСҮРЭН