| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2017/0174/Э |
| Дугаар | 172 |
| Огноо | 2017-12-05 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Отгонтуяа |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 172
2017 оны 12 сарын 05 өдөр 2017/ШЦТ/172 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2017/0174/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Л.Уянга, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Уламбаяр,
Улсын яллагч Д.Отгонтуяа,
Иргэдийн төлөөлөгч Г.Ганзул,
Хохирогч Ж.О,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гангантөгс,
Шүүгдэгч С.Н нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Содномын Нд холбогдох 1739000960054 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1981 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй Боржигон овогт Содномын Н /РД: СР81110611/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Н нь 2017 оны 08 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Булган хороололд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Ж.Огийн хэвлийн тус газар гараараа нэг удаа цохиж, мөн хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Н нь 2017 оны 08 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Булган хороололд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Ж.Огийн хэвлийн тус газар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Ж.Огийн мөрдөн байцаалтан өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 28-ны шөнө 02 цагийн үед манай нөхөр Н модонд Наранбаатар гэдэг залуутай яваад гэртээ ирсэн юм. Тэгтэл гаднаас орж ирээд намайг элгэдээд авсан юм тэгээд хоорондоо маргалдаад байсан би нөхрийгөө элэгдээд унагахад би газар унасан юм тэгээд л би хэвтээд өгсөн. Би урьд өдөр нь архи уусан түүнээс болоод хэрүүл болсон. Намайг нэг удаа элэгэнд цохиод, унахад мөн 1 удаа элэгэнд өшиглөсөн.Намайг цохиулаад би яг үхлээ шүү дээ гээд хөхрөөд оочингуут манай бэр эгч Алтанзаяа гаднаас орж ирсэн. Гэдэс л базлаад өвдөөд байна....” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн хуудас/
Гэрч Ж.Хандсүрэнгийн мөрдөн байцаалтан өгсөн: ... “манай охин , Н ах эгчийг зодсон гэж хэлсэн. Манай дүү О нь дуу нь дуулдахгүй цаашаа орсон их ядарсан байсан тэгээд би О эмчид худлаа модонд яваад модонд цохисон гэж хэлсэн байсан тэгэхээр нь би эмчид худлаа наад хүнийг чинь нөхөр Н нь зодсон гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 33 хуудас/
Гэрч Ц.Ариунтунгалагийн мөрдөн байцаалтан өгсөн: ... “О гэх хүнийг үзсэн. Намайг очиход толгой хэвлийгээр базлаж өвдөнө гэсэн зовиуртай байсан. Үзлэгийг хийхэд хэвлий нилэнхүйдээ эмзэглэлтэй байсан. Биеийн байдал хүнд, битүү гэмтлийн шинж тогтоогдсон....” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн хуудас/
Гэрч Ц.Алтанзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн нь: “...Гэрийнхээ баруун урд хүн орилоод дуу болоод байхаар нь би юу болов гээд очсон чинь Н эхнэртэйгээ зууралдаад дийлэхгүй байж байсан...эхнэр нь би өвдөөд байна гэдсэн дотуур өвдөөд байна гээд байсан юм. Н бага зэрэг уусан байсан...тэгээд манайд орж ирж утсаар ярихдаа уурлаж байсан...тэгээд утсаа тасдаад гарахдаа энэ муу өлөгчин хаашаа яваад байгаа юм бол алнаа гээд гэрээс гарсан тэгэхээр нь би одоо энэ хоёр нэг юм болох нь дээ гэж бодоод хэвтэж байгаад зүүрмэглэж байсан... хүн ёо ёо гээд байсан тэгэхээр нь гараад очсон чинь Н босоо, энхэр О нь хагас суусан ёо ёо гээд байсан тэгэхээр нь би Нтай хамт өргөж гэрт нь оруулсан... эхнэр нь надад хааяа надтай юм ярьж байхдаа Н намайг зоддог гэж хэлж байсан...гэрт нь оруулсанаас хойш ёо ёо гэх дуу тасраагүй ёолоод байсан... Н архийг бол байнга ууж байдаг ..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн хуудас/
Насанд хүрээгүй гэрч Б.Анужингийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...аав Н уурлаад ээж Ог гэдэс руу нь гараараа нэг цохисон дахиад цохих гэхэд нь би аав та боль гэсэн чинь аав Н нь болисон тэгээд ээжтэй хэрэлдэж маргаад байсан...Аав Н нь хааяа зоддог байсан аав ээж согтуу байгаа үедээ тэрнээс хэрэлдэж маргаад байдаг юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн хуудас/
Гэрч Э.Баярбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...хааяа архи уудаг харин 8 дугаар сард эхнэрээ зодсон сураг байсан тэр үед нь ээлжийн амралттай байсан намайг ирэхэд сумын улсууд тэгж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн хуудас/
Сэжигтэн С.Нгын мөрдөн байцаалтан өгсөн: “..Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт эхнэр 3 хүүхдийн хамтаар оршин суудаг юм. Манай том хүү Баярмагнай Өмнөдэлгэр сумын сургуульд 8 дугаар ангид сурдаг, дунд охин Анужин 4 дүгээр ангид сурдаг, бага хүү Тэмүүжин одоо 2 дугаар ангид сурдаг юм. Би жолооч мэрэгжилтэй эрхэлсэн тодорхой ажилгүй. Би хүн амьтан ажил хийж өгч мөнгө цаас олж гэр бүлээ ганцаараа тэжээдэг юм. 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хуурай дүү Наранбаатарын хамтаар сумын төвөөс хойшоо өвөлжөөнөөс бэлэн мод авчирхаа яваад орой гэртээ ирсэн. Тэгээд эхнэр бид 2 гэр бүлийн асуудлаас болж тэр үедээ хэрэлдсэн. Тэгээд миний уур хүрээд баруун гараараа эхнэр Огын цээж хэсэгрүү нь нэг удаа гараараа цохисон юм. Тэгээд би эхнэр хүүхэдтэйгээ гэртээ унтсан. Тэгээд маргааш өглөө нь манай эхнэрийн бие нь өвдөөд байна гэж хэлэхээр нь сумын эмнэлэг орж үзүүлсэн чинь эмч өвчин нь тодорхойгүй байна гэж хэлээд аймгаас эмч дуудсан. Тэгээд аймгаас эмч нар ирээд манай эхнэрийн биеийг үзээд гэдсийг нь эхо-гоор хараад нарийн гэдэсний шархлаа байна гээд Өмнөдэлгэр суманд маргааш нь хагалгаанд орсон юм. Тэгээд манай эхнэр аймгийн төвд очиж нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн. Тухайн үед би эхнэрээ эмнэлэгт сахиж байсан. Тэгээд би Нэгдсэн эмнэлэгт эхнэрээ сахиж хэвтэж байхад манай эхнэрийн төрсөн эгч Хандсүрэн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан. Тухайн үед эхнэр бид 2 хадам эгчийг цагдаад гомдол гаргасан талаар бол мэдээгүй. Урьд нь манай эхнэр бие муу байна доошоо цус гараад байна давсаг дээплж өвдөөд байна гэж их л яридаг байсан. Тэр үед бид 2 мөнгө төгрөгний боломжгүйгээс тухай бүр эмнэлэгт үзүүлж чаддаггүй байсан юм. Тэгээд л манай эхнэрийн бие нь өвдөдөг байсан. Тэр өдөр намайг эхнэрээ уурандаа нэг цохиход өвчин нь сэдэрсэн байж магадгүй. Ми-в хувьд би өөрийн эхнэрээ 1 л удаа цохисон ..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 55-56 хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн №2017.263 дугаартай дүгнэлт. /ХХ-ийн 32 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Нгийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг шууд санаатай үйлджээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Огийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлуудыг харгалзан түүнд хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулан, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Содномын Нг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцусай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.Нг 3 жил 5 сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
6. Энэ шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Нд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Л.УЯНГА
ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ