| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 2112000000229 |
| Дугаар | 2022/ДШМ/30 |
| Огноо | 2022-07-18 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | А.А |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 2022/ДШМ/30
Прокурор А.А
Хохирогчийн хууль ёсны
төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Б, М.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э, С.Н
Шүүгдэгч Г.Б
Нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нарыг оролцуулан
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/149 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч С.Э, С.Н нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.Бд холбогдох 2112000000229 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Архангай аймгийн ... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Г.Б
Шүүгдэгч Г.Б нь согтуугаар 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутаг, Их булаг хорооллын 19-03 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Дтой маргалдан зодолдож, улмаар түүний толгойн тус газар модоор цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Архангай аймгийн Прокурорын газраас Г.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/149 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож; Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бгийн цагдан хоригдсон 249 /хоёр зуун дөчин ес/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 70х7 см хэмжээтэй мод 1 ширхэг, 24х26 см хэмжээтэй мод 1 ширхэг зэргийг устгаж; Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Бгээс 1.830.330 /нэг сая найман зуун гучин мянга гурван зуун гуч/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багт оршин суух Г.Ба-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 21.550.000 /хорин нэгэн сая таван зуун тавин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохирлыг хэлэлцэхгүй орхиж; Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4.1, 505 дугаар зүйлийн 505.2, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Бгээр 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн Дийн Саранчимэгийг 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл 132.000 /нэг зуун гучин хоёр мянга/ төгрөгөөр сар бүр тэжээн тэтгүүлж; Хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Бгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж; Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж; Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Бгийн гаргасан давж заалдах гомдолд: “2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шийтгэх тогтоолоор надад Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Б.Д миний мотоциклийг зөвшөөрөлгүй авсан байсан. Архинд явахын тулд намайг дуудаад машины түлхүүрээ өг гэсэн. Тэгээд өгөхгүй гэсэн чинь надтай ноцолдон татаж унагаагаад, дээр суусан байсан. Энэ үед хажуу айлын охин гэр рүүгээ орох гэж явахад нь Б.Доо буулдаа, ямар дарамттай юм гэсэн. Намайг доромжлоод, зодоод алчих гээд байсан. Тэгээд би босоод машины түлхүүрээ өгье гээд аргалаад боссон. Тэгээд гэр рүү өгөхгүй гээд явсан. Гэтэл пад пад гээд дугарахаар нь хартал машин руу цохисон. Тэгээд араас гүйж ирээд цохисон. Тэр үед нь би гараараа тулаад толгой, хүзүүдээ цохиулсан. Тэр үед толгой халуун оргиод эргээд байсан. Тэгээд модыг нь авах гэхэд хөл рүү цохисон. Энэ үед маш их уур хүрсэн болохоор л цохисон. Би тэндээс гэртээ яаж, ямар замаар очсоноо мэдэхгүй байсан. Тухайн үед байцаагчид хамаг үнэн байдлыг хэлж байсан. Огт санахгүй байна гэж хэлтэл чи согтуу байсан байгаад л санахгүй байна, сана сана гээд байсан. Тэр үед гурван байцаагч 72 цаг бүтэн шөнө, оройжин байцаагаад чамаас өөр хүн байхгүй гээд байсан. Тэгэхээр нь би цохисон байх гэж хэлсэн. Бүтэн шөнөжин байцааж, маш олон бичиж, устгаж байсан. Чи эрт цохисон гэдгээ хүлээж, хэргээ хүлээвэл ял чинь хөнгөрнө гээд байсан. Тэгэхээр нь цохисон гээд хэлчихсэн. Тэгээд манай ар гэр өмгөөлөгч авсан байна гэж хэлсэн чинь чи өмгөөлөгчөө үзээд олон долоон юм яриад байв аа гээд хэлээд байсан. Би энэ хохирогчийн нас барсныг гайхаад зургийг нь үзье гэсэн чинь үзүүлнэ гээд огт үзүүлээгүй байж байгаад хэргийн материалтай танилцахад л харсан. Зургийг нь харахад нүүр нь цустай байсан. Гэтэл усанд унаж өнгөрсөн гэсэн. Тэгтэл нүүр нь цустай болохоор нь би гайхаж байна. Гэтэл чихний хажуу, нүүрний хавдар энэ тэр нь намайг нүүрийг нь угааж байхад байхгүй байсан болохоор нь гайхаж байна. Тухайн үед байцаагч чи усанд шидсэн юм биш үү гээд байсан. Үгүй гэдгээ хэлээд тэр хүн сахилдаг /дэрс/-нд сууж байсан гэдгээ хэлсэн. Намайг гэр рүү яваад ирэхэд байхгүй байсан гэдгээ хэлсэн. Миний орхисон газраас өөр газарт хохирогч олдсонд би гайхаж байна. Мөн шинжээч эмчийн дүгнэлтээр цохилт аваад үг, үйлдэл хийхгүй гэж гарсан байсан. Гэтэл хохирогч надтай яриад, намайг өшиглөөд ойртвол ална шүү гээд байсан. Тийм болохоор би хохирогчийг надтай муудсанаас нас барсан гэдэгт гайхаж байна. Миний ойлгож байгаагаар 2021 оны 08 дугаар сарын 30-ны 21-22 цагийн үед хохирогч бид хоёр салсан байдаг. Энэ цагаас хойш хохирогч хаагуур, хэнтэй байсныг шалгаж өгөөгүй байна. Үүнийг би шалгуулах хүсэлттэй байна. Мөн хохирогч бид хоёр өвөлжөө, хаваржаа, Хөндлөнгийн толгой гэж огт яриагүй. Дугуйны талаар бол ярьж байсан. Тэр хадлангийн талбай энэ тэр гэж худлаа ярьсныг шалгуулмаар байна. /О хохирогчийн дүүг/ Би хэргийн материалтай танилцаагүй байж байгаад шүүхэд шилжсэн хойно нь танилцаад энэ байдлуудыг олж мэдсэн юм. Байцаагч өмгөөлөгчтэй ирээд танай өмгөөлөгч танилцсан, би яараад байна, ажилтай гэхээр нь би гарын үсэг зурж байсан. /танилцсан гэж/ Иймд энэ байдлуудыг харгалзан үзэж дахин шалгаж өгнө үү. Шүүх хуралд өөрийн биеэр оролцоно.” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э-ын гаргасан давж заалдах гомдолд: “Өмгөөлөгч С.Э би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасны дагуу доорх гомдлыг гаргаж байна. Үүнд:
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/149 дугаартай шийтгэх тогтоолд заахдаа:
1. ...шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 10 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай гэж шийдвэрлэсэн бөгөөд өмгөөлөгчийн зүгээс дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Үүнд:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бат оршуулгын болон бусад оршуулгатай холбоотой зан үйлд зарцуулсан 1.830.330 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж байгаа нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан бөгөөд хэрэгт /хх-ийн 2-21-47/ оршуулгын зардал 3.714.890 төгрөгийг төлсөн. Мөн баримтаар тогтоогоогүй гэм хор, хор уршиг гэж 15.635.986 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчийн талаас 100 хонь, ямааг хууль ёсны төлөөлөгч Г.Бат өгсөн болох нь нотлох баримтаар тогтоогддог.
2. Шүүх дээрх зүйл, ангиар буруутгаж, ял оноохдоо хэрэгт цугларсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан ялыг хөнгөрүүлж ял оногдуулах боломжтой.
3. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйл. Аргагүй хамгаалалт: 1. Өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй. 3. Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ... гэх үндэслэлээр аргагүй хамгаалалт хийсэн болох нь хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 64-64/, шинжээчийн дүгнэлт 316 /хх-ийн 74-75/, бичгийн нотлох баримтууд, шүүгдэгчийн удаа дараагийн мэдүүлгүүдээс тодорхой харагддаг.
Иймд шүүгдэгч Г.Бд оногдуулсан Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/149 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-ийн гаргасан давж заалдах гомдолд: “Архангай аймгийн 2022 оны ШЦТ-149 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөн давж заалдах үндэслэл нь:
Шүүх Архангай аймгийн Хотонт сумын Эх булаг хорооллын 19-03 тоотод шүүгдэгч Г.Б амь хохирогч н.Дтой маргалдан зодолдож Г.Б нь н.Дийг модоор цохиж, түүнд гавал тархины хүнд гэмтэл учруулан амь насыг нь хохироосон, мөн гэрч н.О “Г.Б тухайн үед амь хохирогч н.Д руу танай хадлангийн талбай дээр чинь би өвөлжөө барьсан юм чинь 3 жил болоод манай өвөлжөө, хадлангийн талбай болно гээд өдөөд байсан” гэх мэдүүлэг, гэрч О.Хгийн “Э ахын хашаанд хоёр хүн хоорондоо хэрүүл маргаан хийгээд нэг эрэгтэй хүн хоорондоо ноцолдоод байсан. Нэг эрэгтэй нь Доо чи муу гэж орилсныг тод сонссон” гэх мэдүүлэг, Дийн төрсөн дүү О-ийн “нөхрийнхөө машинд масло авахаар ирээд Д ах М-ынд Бтэй архи ууж байна, Б нөгөө нэг хаврынхаа дугуйг яриад байхаар нь Бг дандаа яахаараа наад нэг дугуйгаа ярьж байдаг юм гээд аашлаад гараад ирлээ” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Б тухайн үед амь хохирогч Д руу хэрүүл маргаан үүсгэж, довтолж, санаатай өдөөн хатгалт хийж байсан гэх нөхцөл байдал тогтоогдлоо гэжээ.
Хохирогч Д нь шүүгдэгч Бгийн эзэмшлийн машиныг түүний зөвшөөрөлгүй авсан болох нь “О ах байхгүй байна гэхэд нь Д наашаа хүрээд ир гээд сууж байсан чинь машины түлхүүрээ өг гээд байсан. Өгөхгүй гэсэн чинь ноцолдоод намайг татаж унагаагаад, миний дээр гараад суучихсан. Тэр охиныг гэр рүүгээ орох гэж байхад нь би Доо чи буулдаа, ямар хэцүү дарамттай юм бэ гэсэн чинь чам шиг бацааныг би алж чадна гээд байсан. Тэгэхээр нь би босож байгаад түлхүүрээ өгье ах гэж Дид хэлэхэд больсон. Машин өгөхгүй гэхэд харамлаад байгаа юм уу, миний машин засварт өгчихсөн, чиний машинаас чанартай гээд байхаар нь тантай юм ярихгүй гээд алхсан чинь пад гээд дуугарсан, араас ирээд далайгаад зогсож байсан. Гараараа толгой, хүзүү рүү цохисон бөгөөд би өвдөглөөд суусан. Миний хагалгаатай хөл янгинаад хөл эвгүй болчихлоо, толгой хагалчихлаа гэсэн чинь хөл рүү модоор цохисон. Модыг нь булааж аваад дайрахаар нь нөгөө модоор нь цохиод авсан чинь явган суугаад үлдсэн” гэх мэдүүлэг болон Б нь гэмтлийн улмаас 2 дугаар зэргийн группт байдаг. Хохирогч Дийн давуу хүч, сэтгэл зүйн дарамт үйлдэл нь Бгийн сэтгэл санааны цочролд орсон нь түүний машинаа унаад гэртээ хаагуур, ямар замаар яаж очсоноо санахгүй байна гэснээс дүгнэлт хийхэд Б нь сэтгэл санааны гэнэтийн цочролд автсанаас сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хохирогчийн амь нас хохирсон гэж үзэх боломжтой боловч тухайн гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд байсан гэх гэрч С.Э, н.Т, н.Э, Б.О нарын хэн ч Бг цохиж байхыг гэрчилдэггүй. Гэтэл шүүх тухайн хэрэг болсон цаг хугацаанд байгаагүй Б.О, О.Х нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, Б нь Дийн амь насыг санаатай хохироосон гэж үзэж ял шийтгэл оноосон нь үндэслэлгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан гэрч Э-ын /хх-39-40-р хуудас/ “...Портер машины хажууд юм яриад сууж байгаа бололтой байсан. Намайг 14 цагийн үед ажилдаа явахаар гарч байхад манайд ирсэн хүмүүс хоорондоо хэрэлдэж маргалдсан байдал ажиглагдаагүй” гэсэн атал гэмт хэрэг гарсан цаг хугацаанд байгаагүй гэрч О нь Б, Д нарын хооронд хадлангийн талбай, өвөлжилтийн талаар ярилцаагүй. Харин Бгийн хулгай хийсэн хүнээ олсон, та хамаагүй юм байна лээ гэж хэлснийг ямар ашиг сонирхлоор өвөлжөө, хадлангийн талбай болгон худал мэдүүлж байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Гэрч тухайн болсон байдлыг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.
Мөн шүүхийн дүгнэснээр гэрч н.Хгийн “... хоёр хүн хоорондоо хэрүүл маргаан хийгээд хэрэлдээд байх шиг байсан. Нэг эрэгтэй Доо чи муу гэх мэтээр орилоод байхаар нь харахад хоёр эрэгтэй хүн хоорондоо ноцолдоод газар хэвтээд байх шиг байсан. Тухайн хоёр хүн хэн гэдгийг нь сайн хараагүй” гэснээс дүгнэлт хийхэд Б мөн эсэхийг гэрчлээгүй байхад шүүх ийнхүү дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.
Мөн шүүх эмнэлгийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 316 тоот шинжээчийн дүгнэлт нь хэргийн нөхцөл байдалд тохироогүй. Б нь хохирогч Дид зодуулсны улмаас гэмтэл авснаас хойш байнгын толгой нь өвдөж, ухаан санаа нь хэвийн биш олон хоног зовуурьтай байгаа талаар мөрдөн байцаагчид хэлсэн байтал түүнд эмнэлгийн тусламж үзүүлээгүйгээс хүндэрч эрүүл мэндэд нь нөлөөлсөн.
Мөн шүүх эмнэлгийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 82 тоот шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Г.Ц-ын “...Д нь уг гэмтлийг авсан даруйдаа үйл хөдлөл болон үг яриа хэлэх боломжгүй, тухайн хүн нь шокийн байдалтай байна гэсэн үг...” гэсэн нь эргэлзээтэй байна. Шинжээч эмчийн мэдүүлснээр бол хохирогч Д ямар нэгэн үйл хөдлөл, үг яриа хэлэх боломжгүй байсан бол хэрэг болсон гэх Эх булаг хорооллын 19-03 тоотод нас барсан байх боломжтой. Гэтэл Б хөдөө гарах гээд утсаа хайж очоод Дид нүүрэнд чинь цус болчихсон байна гэхэд нь талийгч яасан нүүр чинь цус болчихсон байна, гол явж угаах уу гэсэн чинь тэгье гэсэн. Гол дээр очоод толгой дээр нь жин тавьж өгөхөд холд пиздаа минь өвдөөд байна, ойртох юм бол ална шүү гээд өшиглөөд байхаар нь жин тавья гэхэд мөлхөөд явчихсан. Машиныхаа гэрлийг асаагаад очиход дуугарахгүй хэвтээд байсан. Хувцсаа солиод, гэрээс хөнжил аваад эргээд талийгаачийн байсан газарт ирсэн чинь байхгүй байсан” гэх болон талийгаачийн цогцос олдсон гэх газар нь хохирогчийн байсан газраас 1 км гаруй газарт байсан нь эргэлзээтэй байна.
Иймд шинжээчийн дүгнэлт дахин бүрэлдэхүүнтэй томилуулахаар хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүлээж аваагүй нь үндэслэлгүй байна. Тухайн хэрэг болсон цаг хугацаанд хохирогч Д болон Б хоёроос өөр нэлээдгүй олон хүн орж гарсан байгаа. Иймд н.А, н.Ц, н.У, н.А гэх хүмүүсийг гэрчээр асуухад хэрэгт ач холбогдолтой байсан учраас хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж авалгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/149 дүгээр шийтгэх тогтоолыг хянуулахаар давж заалдах гомдол гаргав. Шүүх хуралд өөрийн биеэр оролцож хэргийн бусад байдлын талаар тайлбарлах болно.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлгүй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Миний хувьд Г.Бгийн холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж зүйлчлэх боломжтой байгаа талаар саналаа өмнө хэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан шүүх үүнийг яаж шийдэх талаар эргэлзээ төрөөд сууж байна. Миний хувьд Г.Бд холбогдох хэргийн зүйчлэл буруу байна гэсэн саналтай байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж өмгөөлөгч миний хувьд үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл байхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. “гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хүсэлттэй байна. Манай үйлчлүүлэгчийн хувьд хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас болж аргагүй хамгаалалт хийсэн. Г.Б нь аргагүй хамгаалалтын хэмжээнд гэмт хэрэг үйлдсэн. Г.Бгийн хувьд өөрийн амь нас, эрүүл мэндээ хамгаалан аргагүй хамгаалалт хийсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Намжилмаа шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Давж заалдах гомдлын үндэслэл нь Г.Бгийн хэрэг үйлдэх үедээ сэтгэл санааны гэнэтийн цочролд орсон нь түүний машинаа унаад гэртээ хаагуур явж очсоноо санахгүй байна гэдэгт дүгнэлт хийлгэж байгаа юм. Тэрээр сэтгэл санааны гэнэтийн цочролд орсноос сэтгэцийн хэвийн байдал алдагдсан нь хавтаст хэргээс харагдаж байдаг. Ийм нөхцөл байдал байгаа тул хэргийг шийдэх боломжгүй байна гэдгийг би давж заалдах гомдолдоо дурдсан. Хавтаст хэрэгт гэрчүүдийн мэдүүлэг зэрэг олон эргэлзээтэй зүйлс байгаа тул нарийн тогтоож шалгах хэрэгтэй байна. Хуульд урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд талуудын санал хүсэлтийг шийдвэрлэхээр заасан байхад тухайн хэлэлцүүлгийг явуулахгүйгээр гэм буруугийн шүүх хуралдаан хийсэн нь буруу болсон юм. Эдгээр хүмүүс нь нэг нутгийн худ ургийн хүмүүс бөгөөд хоорондоо ойлголцолд хүрсэн. Тийм учраас заавал Г.Бд хүнд ял оногдуулах гээд зүтгээд байх шаардлагагүй. Г.Бгийн хувьд хохирогч талын хохирлыг төлж барагдуулсан. Г.Бгийн архи уусан эсэх тал дээр бид нар маргаад байх шаардлагагүй. Г.Б нь ерөөсөө архи уудаггүй хүн байгаа юм. Шинжээчийн дүгнэлтээр Г.Б согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг нь тогтоогдоогүй. Г.Бгийн хувьд хохирогч талд 15.830.000 төгрөгийн мал хөрөнгийг хохиролд өгсөн. Иймд дээрх нөхцөл байдлуудыг тусгаж давж заалдах гомдол гаргасан юм.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч С.Э, С.Н нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгасан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.
Анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт, нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан, шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нотлох баримтын шаардлагыг хангаж байгаа, эдгээр нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн шүүгдэгч Г.Бг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож; түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирчээ.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 57.804.330 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас амь хохирогчийн оршуулгын болон оршуулгатай холбоотой зан үйлд зарцуулсан, нотлох баримтаар тогтоогдсон 17.175.330 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнээд шүүгдэгч Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн 15.345.000 төгрөгийг хасаж тооцон, зөрүү 1.830.330 төгрөгийг шүүгдэгч Г.Бгээс гаргуулахаар, гэм хорын хохиролд тооцохгүй болон баримтгүй 829.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг, нийт 20.829.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч Г.Бгээс хохирогч С.Дийн охин Д.С-ийг 16 нас, суралцаж буй бол 18 нас хүртэл гэм хор учруулсны төлбөрийг 132.000 төгрөгөөр тогтоон, сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т “төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтоох, төлбөр авагч тус бүрд тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасахаар” заасан.
Хохирогч С.Д нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан журмаар нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан тухай болон цалин хөлс, орлоготой талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т зааснаар бусдын эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгахад гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй бөгөөд хуулийн энэ зохицуулалтыг төсөөтэй хэрэглэн, гэм хор учруулсны төлбөрийг одоо мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420.000 төгрөгөөр тооцон үзэхэд охин Д.С-т 84.000 төгрөг /420.000:5=84.000/ оногдож байх ба энэ нь Нийгмийн даатгалын сангаас олгож буй тэжээгчээ алдсаны тэтгэмж 288.000 төгрөгт хүрэхгүй тул гэм хор учруулсны төлбөр тогтоох үндэслэлгүй болно.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н нар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн давж заалдах гомдол гаргасан.
Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд хийсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Бгийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, хэргийн оролцогчийн эрх ноцтой зөрчигдөөгүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Г.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э “1.830.330 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж байгаа нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан ялыг хөнгөрүүлж ял оногдуулах боломжтой, шүүгдэгч бусдын хууль бус халдлагын эсрэг аргагүй хамгаалалт хийсэн” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн бүрдүүлж өгсөн нотлох баримтын хүрээнд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг тооцон, тэр дүнгээс төлөгдөөгүй үлдсэн 1.830.330 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэснийг буруутгах аргагүй, хохирогч нас барснаас учирсан оршуулгын зан үйлтэй холбоотой хохирлыг тооцоолох, бүгдийг баримтжуулах боломжгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг үнэлэн, үлдэгдэл 1.830.330 төгрөгийг гаргуулсан нь үндэслэлтэй, шударга ёсны зарчимд нийцэж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэхээр заасан бөгөөд шүүгдэгч Г.Бгийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хор уршиг, хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхийн оногдуулсан ял тохирсон байна.
Мөн шүүгдэгч Г.Б хохирогч С.Дийн үйлдлийн эсрэг аргагүй хамгаалалт хийсэн гэж мэдүүлж байгаа ч үүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгээр хохирогчийг Г.Бгийн амь нас, эрүүл мэндийн эсрэг довтолгоо хийсэн гэж дүгнэх үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх ч энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн болно.
Хэрэг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Г.Б нь 69 хоног цагдан хоригдсон байх тул түүний хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийн цагдан хоригдсон 69 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ
Л.НЯМДОРЖ