Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 159/ШШ2024/0008

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 159/2023/0056/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/45 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга нэхэмжлэгч *******ыг “... хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, аймаг, сумын бодлого зорилтыг багийн нутаг дэвсгэрийн хэмжээнд удирдлага зохион байгуулалтаар ханган хэрэгжүүлж чадахгүй байгаа, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй ...” гэх үндэслэлээр 2023 оны 6 дугаар сарын 30-ны Б/45 дугаар захирамжаар *******ыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн Засаг даргаас огцруулах тухай шийдвэрийг гаргажээ.

Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандан өргөдөл гаргасан боловч Сэлэнгэ аймгийн Засаг даргаас хариу хүргүүлээгүй тул Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/45 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.

******* 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Намайг ажлаас огцруулах захирамжийг эс зөвшөөрч, Сэлэнгэ аймгийн Засаг дарга ******* 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр өргөдөл гомдол гаргасан боловч өнөөг хүртэл амралттай байгаа гэдэг шалтгаанаар шийдвэрлэж хариу өгөөгүй байгаа тул хуульд заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үндэслэл нь:

Уг захирамжийн 1 дэх заалтаар сумын Засаг даргатай 2023 онд байгуулсан хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн сумым бодлого зорилтыг багийн нутаг дэвсгэрт удирдлага зохион байгуулалтаар ханган хэрэгжүүлж чадахгүй байгаа гэсэн үндэслэл зааж үүрэгт ажлаас огцруулсан байна.

Гэтэл Засаг дарга миний бие дээд шатны Засаг даргатай гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулан ажилладаг, тэрнээс биш өөр төрлийн хамтран ажиллах гэрээ огтоос хийгддэггүй, ийм нэр томьёотой гэрээ огтоос байгуулаагүй. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга ******* гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулан түүнийгээ баталгаажуулж, түүний дагуу хийгдэх ажлаа хангалтай хийж гүйцэтгэж байсан. 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө нь ерөнхий 2 том агуулгатай, 3 үндсэн бүтэцтэй олон зорилтод ажлыг тусгасан байдаг. Энэ төлөвлөгөөний дээд бүтэц хэсгийн 2 дугаар бүлгийн 2.2 дахь заалтаар “байгалийн үзэсгэлэнт газрын хог хаягдалгүй орчин бүрдүүлэх, тосгоны хэмжээнд үүссэн ахуйн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх, ажлыг зохион байгуулах хяналт тавихаар” төлөвлөсний дагуу хариуцсан нутаг дэвсгэрт ил задгай хаягдсан, малын сэг зэмийг ариутгал хийж цэвэрлэх нэгдсэн хогийн цэгт булшлах ажлыг 5 удаа ээлж дараалалтай Мандал самбараас Бороогийн гүүр, гүүрнээс 4 дүгээр бригад хүртэл, Холбоо толгойгоос Чулуут гүвээ хүртэл, Улаан үнээний фермээс Хэрхийн өвөр хүртэл, Хэрхийн өврөөс Холбоо толгой хүртэл, Тэмээтийн хонхор гэх газар, Рашаан, 2 голын хоорондох сав газар, Сүүл толгой хогийн цэг хүртэл /хараа гол дагуу/ тус тус зохион байгуулж хог хаягдлыг өөрийн санаачлага болон Засаг даргын захирамжийн дагуу хийж гүйцэтгэж цэвэрлэсэн.

Энэ ажлын тайланг Байгаль орчны хяналтын газарт фото зургийн хамт тус тусад нь хүргүүлсэн. Хог цэвэрлэгээний ажилд мэргэжлийн хяналтын байгууллагаас нэг ч хүн оролцоогүй болно. Мөн 2023 оны Хэрх 4 дүгээр багийн захирагчийн албаны хагас жилийн үйл ажиллагааны тайланг Мандал сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын даргын албанд тус тус хүргүүлсэн. Гэтэл намайг хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байгаа нь тодорхойгүй, зөвхөн хог хаягдал яриад байгааг ойлгохгүй байна. Иймд үндэслэлгүй ажлаас огцруулсан, илт хууль бус акт гаргаснаар миний хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа төдийгүй үндсэн хуулиар олгогдсон сонгох сонгогдох эрх, ажил хөдөлмөр эрхлэх эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг шүүх хуралдаанд бичгээр гаргасан тайлбартаа: “... Мандал сумын Хэрх тосгоны захирагчаар ажиллаж байсан ******* нь үндэслэлгүйгээр ажлаас халагдсан тухай нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.3.12 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байна. Захирамжид дурдагдаад байгаа сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн. Хэргийн материал дотор хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаас тодорхой харагдана. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.8 дахь хэсэгт заасан байдаг. Гэрээ байгуулах талаар дурдагдсан байдаг. Гэрээ байгуулаагүй байж, гэрээ дүгнэсэн нотлох баримт нь үндэслэлгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэн үзэж байна. *******ын хувьд гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулсан. Батлуулсан төлөвлөгөөний дагуу ажлаа хийж гүйцэтгэсэн нь тайлангуудаар тогтоогдож байна.

Өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэх асуудалд хэдийн хугацаанд энэ даалгаврынхаа биелэлтийг дүгнэх байсан талаар тусгагдаагүй байдаг. Сануулах, үндсэн цалинг 3 сар хугацаагаар бууруулах гэсэн 2 заалттай. Энэ хоёр заалтыг шат дарааллан хэрэгжүүлж чадаагүй. *******т сануулсан тухай баримтыг хүргүүлсэн талаар баримт байдаггүй. Үндэслэлгүйгээр огцруулах арга хэмжээ авсан, сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар сонсох ажиллагааг явуулна гэж хуульчилсан байдаг. Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан хөдөлмөрлөх эрхтэй холбоотой маш чухал заалт байдаг. Энэ албан бичиг нь ямар хэлбэрээр ямар шугамаар хүргэгдсэн талаар мэдэгддэггүй. Сахилгын шийтгэл ногдуулахдаа илрүүлснээс хойш 1 сарын дотор гэж хуульчилсан байдаг. 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр сонсох ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй байгаа тул хүчингүйд тооцуулах, илтэд хууль бус байна гэж үзэж байна. 

Энэ хүн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр огцруулах сахилгын шийтгэл хүлээсэн. Цалинг гаргуулж, ажилд эгүүлэн тогтоож,  нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагуудыг ханган биелүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Иргэн ******* нэхэмжлэлтэй 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/45 дугаартай “Ажлаас огцруулах тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

1.Багийн Засаг дарга нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу төрийн улс төрийн албан тушаалд хамаардаг ба хуульд заасан үүргийнхээ хүрээнд харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг хариуцах, нутаг дэвсгэрийн хүн амынхаа эрүүл мэнд, хөгжил, хамгааллын үйлчилгээ, байгаль орчныг хамгаалах, орчны бохирдол, нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэх, халдварт мал, амьтны устгал хийх зэрэг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27, 58 дугаар зүйлүүдэд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээдэг.

Гэтэл Сэлэнгэ Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн Засаг дарга асан ******* нь хуульд заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлж, нутаг дэвсгэрийн хүн амынхаа эрүүл мэнд, аж амьдрал болон харьяа нутаг дэвсгэрийнхээ байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиг үүрэгтээ хайхрамжгүй хандаж, хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэхгүй байсан тул хуульд заасан эрхийнхээ хүрээнд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан журмын дагуу *******ыг багийн Засаг даргын ажлаас огцруулсан болно. Сумын Засаг даргын зүгээс багийн Засаг даргын чиг үүрэгтэй хамаарал бүхий албан ажлууд, тэр дундаа сумын хүн амын эрүүл мэнд, байгаль орчныг цэвэрлэх ажлуудыг зохих журмын дагуу гүйцэтгэх талаар 2022 оноос эхлэн багийн Засаг дарга нарт үүрэг даалгавар өгч, 2023 оны ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд хүртэл оруулан шаардсан боловч нэхэмжлэгч нь хуулиар хүлээсэн чиг үүргээ үл биелүүлэн ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд заагдсан ажил үүргээ хангалттай гүйцэтгээгүй нь удаа дараагийн иргэдээс ирүүлсэн санал, гомдол, мэргэжлийн байгууллагын дүгнэлт болон бодит нөхцөл байдлаар тогтоогдсон ба Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн ахуйн хог хаягдал их хэмжээгээр хуримтлагдаж, халдварт өвчин тархах, байгаль орчны бохирдол үүсэх өндөр эрсдэлтэй орчин үүссэн ба багийн Засаг дарга нь нэгжийн чиг үүргээ гүйцэтгэж чадахгүй байсан болно. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ажлыг гүйцэтгэлийн 2.2 дахь заалтыг хэрэгжүүлэн ажилласан гэж байгаа боловч хуулиар хүлээсэн болон өгөгдсөн чиг үүргээ хангалттай гүйцэтгээгүй ба гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө хангалтгүй биелүүлж байсан.

2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан “... хамтран ажиллах гэрээг байгуулаагүй, гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулан ажилладаг ...” гэх үндэслэл нь маргаан бүхий захирамжийг хүчингүй болгох үндэслэл болохгүй болно. Гүйцэтгэлийн төлөвлөгөө гэдэг нь тухайн Засаг даргын нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний төлөвлөгөөг хэлэх бөгөөд уг төлөвлөгөө нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.12-т заасан “сумын Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах” гэсний дагуу нэгжийн чиг үүргийг хэрэгжүүлэхээр байгуулсан гэрээ гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Тус хуульд зааснаар багийн Засаг даргын нэгжийн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах эрх үүрэг нь сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр үүсэхээр заасан бөгөөд энэ агуулгын хүрээнд маргаан бүхий актанд маргаан бүхий актанд хамтран ажиллах гэрээ гэж бичигдсэн нь багийн Засаг даргын нэгжийн удирдлагыг төлөөлөн хэрэгжүүлж байсныг тодотгон тайлбарласан нөхцөл тул хууль тогтоомжийг зөрчсөн зүйл биш болно.

3.Гүйцэтгэлийн төлөвлөгөөний 2.2 дахь заалтыг хэрэгжүүлэн ажиллаж байсан гэх боловч уг төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлж ажиллаж байгаагүй, хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн болох нь ажлын тайлан бусад үйл баримтаар тогтоогдсон болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/45 дугаартай “ Дүүрэнбаатарыг ажлаас огцруулах тухай” захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5, 65 дугаар зүйлийн 65.1.3, 66 дугаар зүйлийн 66.1-т заасан үндэслэлээр *******ыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн Засаг даргын үүрэгт ажлаас огцруулжээ.

            Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/45 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмаар хэрэгт цуглуулсан нотлох баримтууд, нэхэмжлэгч болон  хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэргийг үнэлээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэг: Маргаан бүхий Б/45 дугаартай захирамжийн талаар

            Нэхэмжлэгч *******ыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн Засаг даргаас огцруулахдаа

            -Сумын Засаг даргатай 2023 онд байгуулсан хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн.

            -Сумын бодлого зорилтыг багийн нутаг дэвсгэрийн хэмжээнд удирдлага зохион байгуулалтаар хангаж хэрэгжүүлж чадаагүй

            -Хугацаатай өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх үндэслэлүүдээр Хэрх 4 дүгээр багийн Засаг даргаас огцруулжээ.

            Мандал сумын Засаг даргын 2023 оны Б/45 дугаартай Хэрх 4 дүгээр багийн Засаг дарга *******ыг огцруулсан үндэслэлийг авч үзвэл:

            1/ Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/10 дугаартай захирамжаар багийн Засаг дарга *******т сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд нэхэмжлэгч уг сануулах шийтгэлийн арга хэмжээтэй маргаагүй байна[1].

            2/ Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн багийн Засаг дарга нараас сумын Засаг даргатай 2023 онд байгуулсан хамтран ажиллах гэрээний үүргийн хэрэгжилтийг 2023 оны эхний хагас жилийн байдлаар дүгнэсэн байх бөгөөд Хэрх 4 дүгээр баг хангалтгүй үнэлгээгээр үнэлэгджээ[2].

            Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.12-т “сумын Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах” гэж зааснаар багийн Засаг дарга сумын Засаг даргатай уг хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн чиг үүргийг төлөөлүүлэн гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж ажиллахаар хуульд зохицуулсан байх бөгөөд Мандал сумын Засаг даргын зүгээс Хэрх 4 дүгээр багийн Засаг даргатай дээрх үндэслэлээр хамтран ажиллах гэрээ байгуулж, түүнийг хагас  жилээр дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

            Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 54 дугаар зүйлийн 54.1-т “төсвийн шууд захирагч тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан баталж жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч ******* нь Хэрх 4 дүгээр багийн Засаг даргын хувьд Мандал сумын Засаг даргатай 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулан ажилласан байна[3].

            3/ Мандал сумын Засаг дарга 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/158 дугаартай захирамжаар өвөлжилтийн хүндрэл болон өвчний улмаас хорогдсон мал, амьтны сэг, зэмийг устгах чиглэлээр багийн Засаг дарга нарт хүргүүлсэн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнг шалгах ажлын хэсгийг томилжээ[4].

            Уг ажлын хэсэг 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Мандал сумын нэгдсэн хогийн цэг болон Хэрх 4 дүгээр багийн хогийн цэгийн нөхцөл байдалтай Хэрх 4 дүгээр багийн Засаг дарга *******ыг байлцуулан газар дээр нь ажиллаж цаашид авах арга хэмжээний талаар илтгэх хуудас бичиж, фото зургаар нөхцөл байдлыг баримтжуулан Мандал сумын Засаг даргад танилцуулжээ[5].

            Мандал сумын Засаг дарга дээрх танилцуулгын дагуу 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 01/458 тоот албан бичгээр Хэрх 4 дүгээр багийн Засаг дарга *******т эрсдэлт нөхцөлд байгаа хогийн цэгт ил задгай хаягдсан малын сэг зэм, хог хаягдлыг ариутган булшлах ажлыг яаралтай зохион байгуулж тайланг 2023 оны 5 дугаар сарын 29-ний дотор ирүүлэх хугацаатай үүргийг өгчээ[6].

            Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын дээрх хугацаатай өгсөн үүрэг даалгаврыг Хэрх 4 дүгээр багийн Засаг дарга ******* хугацаанд нь биелүүлээгүй болох нь Сэлэнгэ аймгийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ю.Гүрбадам, Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Батзориг нарын 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн танилцуулга[7], Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ю.Гүрбадамын 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн улсын байцаагчийн албан шаардлага, нэхэмжлэгч *******ын шүүх хуралдаанд энэ талаар гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.

            Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд дараах үндэслээр доод шатны Засаг даргыг огцруулна.” 64 дүгээр зүйлийн 64.2.5 “энэ хуулийн 65.1.3-т заасан үндэслэлээр” 65 дугаар зүйлийн 65.1.3-т “хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд үзсэн” гэж зааснаар нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн Засаг даргаар ажиллаж байхдаа иргэдийн гомдлын дагуу Мандал сумын Засаг даргын хугацаатай өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй нь дээрх хуульд заасан дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биш огт биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч *******ын шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд болох төв хогийн цэгээс бусад газруудад малын сэг зэм булшлах, багийн хог цэвэрлэгээний  болон бусад ажлууд, 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 2.2-т зааснаас бусад төлөвлөгөөнд тусгагдсан 2023 оны эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн ажлыг үгүйсгэх аргагүй юм.

            Өөрөөр хэлбэл нэхэжлэгч *******ын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ил хаягдсан, малын сэг зэмийг цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан гэрч болох , , , нарын мэдүүлэг, Хог хаягдал, бүх нийтийн цэвэрлэгээний хүрээнд зохион байгуулагдсан ажлын тайлан зэргээр нотлогддог.

            Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч *******т сонсох ажиллагааны мэдэгдлийг 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 01/476 тоот албан бичгээр мэдэгдсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дугаар зүйлийн 64.2.5, 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын “Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/45 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Л.ОДБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

 

 

[1] Хавтаст хэргийн 101 дүгээр тал

[2] Хавтаст хэргийн 87-100 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 47-66 дугаар тал

[4] Иргэдийн ирсэн гомдлын дагуу

[5] Хавтаст хэргийн 134-138 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 133 дугаар тал

[7] Багийн Засаг дарга ******* танилцаж гарын үсэг зурсан хавтаст хэргийн 77 дугаар тал