Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 173

 

2017 оны 12 сарын 05 өдөр                              2017/ШЦТ/173                                Хэнтий аймаг

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2017/0175/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                           Н.Энхзул,

Улсын яллагч                                       Д.Отгонтуяа,

Хохирогч                                                  Х.Н,

Хохирогчийн өмгөөлөгч                         Г.Баярсайхан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                         Б.Жавхлан,

Шүүгдэгч                                               Н.О нарыг оролцуулан

          Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сүхболд овогт Намхайн От холбогдох 1739000380050 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1983 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газрын кадастрын инженер мэргэжилтэй, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Засаг даргын тамгын газарт газрын даамал ажилтай, ам бүл 5, эхнэр 3 дүүгийн хамт, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар баг Шийр 0-2 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Хэнтий аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 2 жилийн хорих ял оногдуулж 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан Сүхболд овогт Намхайн О  /РД: РД: ХЙ83091274/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2017 оны 07 дугаар  сарын 01-нээс 02-нд шилжих шөнө  Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт 15-22 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а-д заасан “Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалт мөн дүрмийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалаар явсан 57-17 ДОР Улсын дугаартай автомашинтай мөргөлдөж Э.Ү, Х.Н нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2017 оны 07 дугаар  сарын 01-нээс 02-нд шилжих шөнө  Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт 15-22 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а-д заасан “Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалт мөн дүрмийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалаар явсан 57-17 ДОР Улсын дугаартай автомашинтай мөргөлдөж Э.Ү, Х.Н нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Хохирогч Х.Нгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хүргэн Энхбатын эзэмшлийн “Х Тrail” маркийн 57-15 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Дорнод аймгийн төвөөс Улаанбаатар хотруу гарсан юм. Би унтаад явж байсан бөгөөд нэг мэдэхэд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын эмнэлэгт сэрсэн. Манай охин Тайванжаргал надад хэлэхдээ 2017.07.01-02-нд шилжих шөнө 02 цагийн орчимд  Жаргалтхаан сум өнгөрөөд явж байхад өөдөөс нэг машин урсгал сөрж орж ирээд мөргөсөн гэж хэлсэн. Сүүл сонсоход урсгал сөрөөд ирж мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч нь согтуу байсан гэж сонссон ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 89-90 хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Э.Үгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ослын улмаас миний зүүн гарын шуу хугарсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 92 хуудас/

Гэрч Л.Тайванжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017.07.01-02-нд шилжих шөнө 02 цагийн орчимд байх бид нар Хэнтий аймгийн Жаргалтхаан сум өнгөрөөд явж 60-70 км цагийн хурдтай явж байсан өөдөөс машины хурц гэрэл туссан, тэгэхэд Энхбат өөдөөс нь гэрлээрээ дохиод явж байтал гэнэт урдаас ирээд мөргөсөн... тухайн үед тэр машины жолооч хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байсан...Тухайн машин урсгал сөрж өөдөөс ирээд шууд мөргөсөн бөгөөд жолооч нь бүр согтуу байсан тэгээд цагдаад мэдэгдсэн ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 97 хуудас/

Гэрч П.Эрдэнэбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “....Бид нар унтаад явж байсан бөгөөд гэнэт машин мөргөлдөөд цохилт авах шиг болсон. Тэгээд би Энхбатаас юу болчихов оо гэж асуухад өөдөөс машин ирээд мөргөчихлөө гэж хэлсэн...Нөгөө машины хүмүүс машин дотроо байсан бөгөөд жолооч нь согтуу бууж ирээд хөл дээрээ тогтож чадахгүй байсан...юм ярих чадваргүй согтуу байсан....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 100 хуудас/

Гэрч Ү.Энхбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017.07.01-02-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Хэнтий аймгийн Жаргалтхаан сум өнгөрөөд цааш 5 орчим км газарт явж байхад өөдөөс машин ирж байсан.Тухайн машин гэрлээ шилжүүлэхгүй байхаар нь би өөдөөс нь гэрлээрээ дохиход гэрлээ шилжүүлэхгүй чигээрээ зам голлоод яваад байхаар нь би хурдаа хасаад явж байтал тэр машин гэнэт урсгал сөрж орж ирээд миний машиныг мөргөсөн...Тэгэхэд жолооч нь гарч ирээд утсаараа оролдоод хүн мөргөчихлөө гээд бахираад байсан нилээн согтуу байсан.57-17 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн машин ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 101 хуудас/

Гэрч М.Мөнхдэлгэрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “......”Улаанбаатар” архи О гаргаж бид хэд 4- үүлээ хувааж уусан юм. Машинаа манай нөхөр О жолоодож явсан... сэрээд хартал засмал зам дээр өөдөөс нөгөө урсгалаар ирж явсан машинтай мөргөлдсөн байсан....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 107-108 хуудас/

Сэжигтэн Н.Оын мөрдөн байцаалтан өгсөн: “... 2017 оны 07 дугаар 01-ны өдөр эхнэр хүүхдүүдийн хамт хөдөө найзындаа очиж хорхог хийж идээд ганц 0.75 литрийн архи задлаж 4-лээ хувааж уугаад шөнө 02 цагийн үед Жаргалтхаан сумын төв рүү хөдөлсөн. Найзынхаас гараад ертөнцийн зүгээр зүүн урд зүг рүү сумын тө рүү явсан, тэгээд сумын төвөөс 5-6 кмийн зайтай явж байтал өөдөөс эсрэг урсгалаар машин ирж байсан, гэрэлд нь гялбаад баримжаагаа алдаад би эсрэг урсгал руу буюу нөгөө өөдөөс ирж явсан машинтай зүүн талын урд хэсгээрээ мөргөлдсөн. Ослын дараагаар эхнэр хүүхдээ машинаасаа гаргаад сумын төв рүү эмнэлэг цагдаад мэдэгдсэн ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 20-21 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүдэгч Сүхболд овогт Намхайн Оыг авто тээврийн хэрэгслийн хөдөлөгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлджээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч нарт хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд шүүгдэгчээс хохирогч Х.Нгийн эмчилгээний зардалд 3.450.000 төгрөг, хохирогч Э.Үгийн эмчилгээний зардалд 900.000 төгрөг төлсөн ба цаашид гарах хохирогч Х.Нгийн эмчилгээний зардал 5.600.000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны дотор төлөхөө илэрхийлсэн байна.

Шүүгдэгч Н.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирлоо нөхөн төлөхөө  илэрхийлсэн болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлуудыг нь харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                     ТОГТООХ нь:

1. Шүүдэгч Сүхболд овогт Намхайн Оыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож авто тээврийн хэрэгслийн хөдөлөгөөний аюулгүй байдлын журам зөрчиж 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.От хорих ял оногдуулахгүйгээр 3  жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5, 3.3, 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оыг тэнсэгдсэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосугай.

4. Шүүгдэгч Н.О нь хохирогч Х.Нд эмчилгээний болон замын зардал 3.450.000 төгрөг хохирогч Э.Үгийн эмчилгээний зардалд 900.000 төгрөг төлсөн ба цаашид гарах хохирогч Х.Нгийн эмчилгээний зардал 5.600.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.От авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Д.ГАНЗОРИГ