Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/29

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          Б.Ц-т холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                         Ж.У

                        Хохирогчийн өмгөөлөгч                                 Б.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Э.М

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЗ/509 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Цт холбогдох 2212000000027 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, орчуулагч мэргэжилтэй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Архангай аймгийн ... оршин суух, урьд Архангай аймгийн Прокурорын газрын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 82 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж хэрэгсэхгүй болгож байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б.Ц

 

Шүүгдэгч Б.Ц нь Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг дэвсгэр Засаг даргын Тамгын газар болон соёлын төвийн байранд 2021 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Б.Бг зодож, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт, хамрын үзүүрт шарх, духны хоёр талд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас Б.Цт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

            Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЗ/509 дугаартай шүүгчийн захирамжаар: ...Шүүх хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн хэргийг прокурорт буцааж, нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

            Хохирогч 2022 оны 01 сарын 04-ний өдөр мэдүүлэг өгөхдөө “...2019 оны 12 дугаар сард би Улаанбаатар хот руу явж ажил хийнэ гэсэн чинь Б.Ц явуулахгүй гэж маргалдаад намайг зодож байсан, 2020 оны 4 сард бас маргалдаад машинаас буух гэж байсан чинь намайг  татаж буулгаад хавсарч унагаад миний баруун талын хөлийг шагайгаар хугалсан..., Т найзындаа байхад ирээд Ттай хардаад хэрүүл хийж эхэлсэн, тэгээд хоол идээд авч очсон архиа уугаад хэрүүлтэй Тгийн гэрийн гаднаас хөдлөөд Ихтамир суманд ирээд Жг буулгаад манай гэрийн гадаа зогсохоор нь би өөрийнх нь машиныг унаад явчихсан чинь араас ирээд намайг хавсарч унагасан. Тухайн үед босоод гишгэх гэсэн чинь миний хөл гишгэж болохгүй байсан. Тухайн үед Б.Ц манай аав Бтэй хамт ирсэн, өргөж машинд суулгаад гэртээ ирсэн. Маргааш нь аймгийн нэгдсэн эмнэлэгт ирээд эмнэлэгт үзүүлээд рентген зураг авхуулсан чинь баруун хөлийн шагай орчмын яс хугарсан тул хадуулж байсан. Энэ үед Б.Ц хамт явж үзүүлж байсан, мөн надаас уучлал гуйгаад дахиж зодохгүй гэж амлалт өгч эмчилгээний төлбөрийг бүгдийг даасан учир цагдаагийн байгууллагад хандаагүй... гэж, гэрч Н.Б“... Тухайн үед Б.Ц нь Бг машинаас буулгах гээд татаж харагдсан, тэгээд буусан. Б.Цын хөл нь хөдлөх шиг болсон тэгсэн, Б.Б доошоо газарт суугаад хөл хөл гээд орилоод ёолоод байсан. Би машиныхаа гэрлийг тусгасан байсан, Б.Б өөрөө машинаас унаагүй, Б.Ц нь хөл хэсэг рүү нь хавсарч байгаа харагдсан. Тухайн үед Б.Ц Б.Бг машинаас буулгасны дараа Цогтбаатарын хөл хөдлөөд Б.Б доошоо газар суусан, Б.Ц хөлийг нь гэмтээсэн...”, гэрч С.Жгийн “...Тэгээд Б.Ц Б.Бтэй утсаар яриад халамцуу ирсэн. Бид гурав найз Тулга гэх айл руу хамт явсан. Очиход манай найзын эхнэр байхгүй ганцаараа байсан. Очихдоо Б.Ц айлд очих гэж байгаа юм чинь гээд нэг шил архи аваад очсон, тэрийг Т найзтай хувааж уусан. Б.Б бид хоёр хоол хийж байсан чинь Б.Ц уурлаад Б.Бг хардаад айлын хоол хийлээ гэж хэрүүл хийж эхэлсэн. Ууж байсан архиа дуусгаад бид гурав явсан. Намайг буулгаж өгөөд тэр хоёр явсан. Маргааш өглөө нь холбогдоход гэртээ байна, хөлөө хугалчихсан хэвтэж байна гэсэн. Тэгээд юу болсон талаар асуухад зодоод  хөл хугалсан гэж гэсэн...” гэж тус тус мэдүүлсэн мөн шинжээчийн 2022 оны 01 сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр Б.Бгийн эрүүл мэндэд баруун хөлийн шаантны гадна ба дотор хашлага ясны далд хугарал гэмтэл тогтоогдсон, дээрх гэмтэл нь цохих, цохигдох, шагайн үеэр эвгүй гишгэх, хөших үед үүсэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэж заасан байна.

            Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд үүнийг Б.Ц учруулсныг шалгаж тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

            Харин шүүгдэгч Б.Ц болон түүний өмгөөлөгч нарын шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах, гэрч нарийн мэдүүлгийн зөрүүг арилгуулах, нэмж гэрч асуулгах, хэргийн газрын үзлэгийг нөхөн хийлгэх тухай хүсэлтийг тус тус нь хангахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш гэх нөхцөл байдал тогтоогдоогүй,  шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болоогүй байна, хэрэгт авагдсан гэрч Н, Ня нарын мэдүүлэгт хэрэг хянан шийдвэрлэхэд саад болохуйц ноцтой зөрүүтэй байдал байхгүй, мөн хэрэг болсон цаг хугацаанд байсан гэх цагдааг гэрчээр асуулгах шаардлагагүй, хэргийн газрыг үзлэгийг нөхөн гүйцэтгэх нь цаг хугацааны хувьд тухайн гэмт хэрэг гарснаас хойш тодорхой хугацаа өнгөрсөн,  хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж дүгнэв.

            Хэргийг прокурорт очтол шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Цт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, тус шүүгчийн захирамжийг прокурор болон яллагдагч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл ажлын тав хоногт багтаан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдав гээд

            Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц-т холбогдох эрүүгийн 2212000000027 дугаартай хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Захирамжийг гомдол гаргах эрх бүхий этгээд эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцэлд: Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүх би тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЗ/509 дугаартай шүүгчийн захирамжийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянавал:

Яллагдагч Б.Ц нь Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг дэвсгэр Засаг даргын Тамгын газар болон соёлын төвийн байранд 2021 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Б.Бг зодож, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт, хамрын үзүүрт шарх, духны хоёр талд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.

Тус прокурорын газраас Б.Цт холбогдох эрүүгийн 2212000000027 дугаартай хэрэгт 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 55 дугаартай яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Цт холбогдох хэргийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд:

 Хохирогч Б.Б, гэрч Н.Б, С.Ж нарын мэдүүлэг болон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.О-ын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 46 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтыг дурдаж дүгнэхдээ хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд үүнийг Б.Ц учруулсныг шалгаж тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Яллагдагч Б.Ц нь 2020 оны 04 дүгээр сард хохирогч Б.Бтэй маргалдсаны улмаас хавсарч унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан:

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 83 дугаартай дүгнэлт,

- Хохирогч Б.Бгийн “...2020 оны 04 дүгээр сард бас маргалдаад машинаас буух гэж байсан чинь намайг татаж буулгаад, хавсарч унагаад миний баруун талын хөлийг шагайгаар нь хугалсан” гэх мэдүүлэг,

- Гэрч Л.Л-ийн “...2020 оны 04 дүгээр сард Б.Ц манай охин Б.Б нар юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй. Маргалдаад машинаас буулгахдаа хөл рүү нь хавсарч унагаад баруун хөлийг нь шагайгаар нь хугалж байсан” гэх мэдүүлэг,

- Гэрч Н.Бийн “...2020 оны хавар санагдаж байна, манай хашааны үүдэнд машин ирээд би гарсан чинь Б.Ц манай охинтой хамт ирсэн байсан. ...очсон чинь манай охин хаалга онгойлгоод буух гэж байхад нь Ц бууж ирээд машинаас буунгуут нь хавсарч унагасан. ... охиныг түшээд манайд оруулж ирээд маргааш нь эмнэлэгт үзүүлсэн чинь баруун хөл шагайгаараа хугарсан байна гэсэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Уг гэмт хэрэг нь 2020 оны 04 дүгээр сард үйлдэгдсэн. Хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Яллагдагч Б.Ц нь уг гэмт хэргийг үйлдсэнээс хойш 1 жил 8 сарын дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байна.

Яллагдагч Б.Цын хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа боловч хохирогч Б.Б нь тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан “нөхөр Б.Цт 2021 оны 12 дугаар сарын 28-29-нд зодуулсан” талаарх гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулах үед илэрсэн байна.

Хохирогч Б.Бгийн гаргасан “нөхөр Б.Цт 2021 оны 12 дугаар сарын 28-29-нд зодуулсан” гэх гомдолд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б.Цт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Энэ үед “яллагдагч Б.Цын 2020 оны 04 дүгээр сард хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэл тогтоогджээ.

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж  болохгүй”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэрэг бүртгэлтийн явцад энэ хуулийн 1.5 дугаар зүйлд заасан тохиолдол үүсээгүй, тухайн хүн, хуулийн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон... бол мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлнэ”, мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дараах тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй”, мөн зүйлийн 1.2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан”, мөн хуулийн 30.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор энэ хуулийн 30.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ” гэж заасан заалтуудтай нийцэж байна.

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэргийг үндэслэлгүйгээр прокурорт буцаасан байх тул Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЗ/509 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Цт холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хянаад прокурорт буцааж шийдвэрлэсэн байдаг. Нэгэнт эсэргүүцэл дээр тодорхой дурдсан учраас Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 509 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байгаа. Өмнөх тайлбараа дэмжиж байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний хувьд прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхиж, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 509 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Шүүгчийн захирамж нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар шинжлэн

 

судалсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй болсон гэж үзэж байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 509 дугаартай шүүгчийн захирамжийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан үндэслэлийг хангахгүй орхиж, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан саналыг хянан хэлэлцэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд үүнийг Б.Ц учруулсныг шалгаж тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

                                                                                   

Гэтэл прокурор Б.Цын үйлдэл хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Харин Б.Цын 2020 оны 04 дүгээр сард хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэл тогтоогдсон гэж эсэргүүцэл гаргасан нь үндэслэлгүй байна.

 

             Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт...Энэ хуулийн зохицуулалтад....эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан... этгээд нэгэн адил хамаарна гэж хуульчилжээ.

 

             Шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн харилцаатай байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

  

             Хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг шалгах шаардлагатай бөгөөд хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

   Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЗ/509 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЗ/509 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

     2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                 ШҮҮГЧИД                                      Т.ДАВААСҮРЭН

 

                                                                                     Л.НЯМДОРЖ