Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 159/ШШ2024/0009

 

 

                                                                                          

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 159/2023/0002/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “иргэн ******* нэр дээрх Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны мал тооллогын бүртгэл нь хууль бус тул хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оросоо /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* өөрийн төрсөн дүү ******* үхрийг малладаг ба 2016 оны мал тооллогын бүртгэлээр ******* нэр дээр 7 үхэр бүртгэгдсэн. Харин 2017 оны мал тооллогын бүртгэлээр 6 үхэр нэмж шилжиж ирсэн нийт 13 үхэртэй гэж бүртгэгджээ. Нэхэмжлэгч дээрх 2017 оны мал тооллогын бүртгэлийг үндэслэлгүй, бүртгэл алдаатай гэж маргадаг.

Учир нь 2017 онд Мандал суманд ган ганчиг ихтэй байсан тул ******* нь Хушаат сум руу отроор явсан ба тус суманд малаа тоолуулсан. Гэтэл Мандал суманд миний төрсөн дүү болох ******* нэр дээр мал тоологдох үндэслэлгүй тул 2017 оны мал тооллогын бүртгэлийг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.  

Нэхэмжлэгч ******* 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... ******* би иргэн ******* төрсөн дүү бөгөөд манай талийгч ах ******* нь 2011 онд 2 тугалтай үхрээ над дээр авчирч маллуулахаар үлдээсэн байдаг юм. Түүнээс хойш ах ******* нь жил бүр өвлийн идшэндээ 1 үхэр авч хэрэглэдэг байсан, мөн өөрийн 2 хүүдээ 1, 1 тугалтай үхэр өгөх зэргээр өөрийн хэрэгцээндээ үхэрнээсээ авч хэрэглэж ирсэн бөгөөд одоогийн байдлаар талийгаач ах ******* 1 тугалтай үхэр үлдсэн байгаа болно. Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2016 оны мал тооллогоор ах ******* нэр дээр 7 толгой үхэр бүртгэгдсэн, гэтэл 2017 оны мал тооллогоор өмнөх оны 7 үхэр дээр нэмж 6 үхэр шилжиж ирсэн гэж алдаатай, үндэслэлгүй бүртгэгдэн, нийт 13 толгой үхэр гэж бүртгэсэн байна.

Хариуцагчийн энэ бүртгэл нь худал, үндэслэлгүй бөгөөд бодит байдал дээр талийгч ******* нэр дээр ямар нэгэн үхэр, мал огт нэмэгдээгүй, шилжиж ирээгүй, мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2017 оны мал тооллогын үеэр манай гэр бүл Сэлэнгэ аймаг, Мандал сум Хэрх багт байгаагүй, ган гачиг болж мал идэх өвсгүй зуншлага муу байсан тул манай гэр бүл 2017 оны 5 сард буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2017 оны 12 дугаар сард болсон мал тооллогоос өмнө Сэлэнгэ аймгийн Хушаат сум руу малаа авч отроор явсан бөгөөд Хушаатын Сангийн аж ахуй гэдэг газар 2017 онд малаа тоолуулсан байдаг. Өөрөөр хэлбэл Сэлэнгэ аймгийн Мандал суманд 2017 онд мал тоолуулаагүй, бид Сэлэнгэ аймгийн Мандал суманд 2017 оны 12 дугаар сард болсон мал тооллогын үеэр байхгүй, нүүсэн байсан тул уг тооллогоор мал тоолуулах ямар ч боломж байхгүй, биднээс малын тоо бүртгэл аваагүй болно. Уг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2017 оны мал тооллогыг мал тооллогын комиссын эрх бүхий хүмүүс биечлэн газар дээр нь очиж тоолж, бүртгээгүй айл бүрээс гар утсаар малын тоо бүртгэлийг авч бүртгэсэн гэсэн мэдээлэл байдаг юм.

Иймд маргаан бүхий дээрх 2017 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэл нь /******* нэр дээрх/ алдаатай байх бөгөед 2017 онд ******* нэр дээр шилжиж ирсэн гэх 6 үхэр нь хаанаас хэзээ шилжиж ирсэн нь тодорхойгүй, үндэслэлгүй байгаа болно. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд Захиргааны акт илт хууль бус болох талаар заасан бөгөөд 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” бол захиргааны акт илт хууль бус болохоор заасан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх. оролцоог нь хангах”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” 24.2-д “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох бзримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна.”, 25.1.1-д “ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах”, 25.1.2-д “оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах” гэж заасан.

Хариуцагч нь дээрх хуулийн заалтыг зөрчиж, биднийг Мандал суманд малтайгаа байхгүй байхад бидэнд огт мэдэгдэлгүйгээр биечлэн тоололгүйгээр таамгаар иргэн ******* нэр дээрх үхрийг 13 толгой үхэр гэж буруу, алдаатай бичсэн бөгөөд үүнийгээ бидэнд огг мэдэгдээгүй бодит байдал дээр талийгаач ******* 1 тугалтай үхэр үлдсэн үүн дээр огт үхэр мал нэмэгдээгүй байхад энэ талаар биднээс асууж тодруулаагүй бидний тайлбар оролцоог хангаагүй болно. Би уг асуудлаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргад 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гомдол гаргасан боловч хуульд заасан 30 хоногийн хугацаанд гомдлын хариу ирүүлээгүй тул харьяаллын дагуу шүүхэд хандаж байгаа болно. Бид өмнө тус шүүхэд уг асуудлаар нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 244 тоот захирамжаар Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож шийдвэрлэсэн. Уг захирамжинд “... маргаан бүхий захиргааны актын улмаас таны ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, ямар шалтгааны улмаас 2017 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй байна ...” гэжээ. Иймд уг захирамжийн дагуу дараахь байдлаар нэхэмжпэлийн шаардлага, үндэслэлээ тодруулж байна. Үүнд

Миний талийгч ах ******* мал нь нэхэмжлэгч ******* над дээр байдаг байсан би малыг нь өөрийн малтай хамт хариулж байсан тул маргаан бүхий алдаатай, үндэслэлгүй 2017 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэлийг үндэслэж талийгч ах ******* хүү иргэн ******* нь 13 толгой үхрийн өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулж, мөн түүнийгээ үндэслэн нэхэмжлэгч ******* надаас үндэслэлгүйгээр 13 үхэр гаргуулахаар нэхэмжилдэг болно. Бодит байдал дээр иргэн *******ийн аав талийгч ах ******* нэр дээр 13 үхэр тоологдоогүй, 13 үхэр байхгүй юм. Хариуцагчийн энэ алдаатай, үндэслэлгүй талийгч ******* нэр дээр тоологдсон Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2017 оны мал тооллогын бүртгэлээс болж ******* миний эрх ашиг, сонирхол зөрчигдөж би 13 үхрийн өр төлбөрт орж, иргэн *******т огт үндэслэлгүйгээр 13 үхэр төлж болзошгүй нөхцөл байдалд байгаа юм. Хариуцагчийн уг 2017 оны мал тооллогын бүртгэл алдаатай, хуульд нийцэхгүй байна. Үүний улмаас миний эрх ашиг зөрчигдөж байгаа болно. Иймд иргэн ******* нэр дээрх Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны мал тооллогын бүртгэлийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

Нэхэмжлэгч 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “... Нэхэмжлэгч иргэн ******* би тус шүүхэд “Иргэн ******* нэр дээрх Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагаа “Иргэн ******* нэр дээрх Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэл нь хууль бус тул хүчингүй болгуулах” тухай гэж тодруулж байна.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын маргаан бүхий 2017 оны мал тооллого  нь хууль бус үндэслэлгүй юм. Мал тооллогыг томилогдсон эрх бүхий комиссын гишүүн айл бүрт биечлэн очиж, малыг биечлэн тоолох ёстой байсан, гэтэл хариуцагч байгууллага нь үүнийг зөрчиж, нэхэмжлэгч болон түүний ах ******* мал, үхрийг биечлэн ирж, нүдээр үзэж тоолоогүй, таамгаар зохиож үндэслэлгүйгээр тоо тавьж бүртгэсэн. Энэ нь хууль бус үйлдэл юм. Хариуцагч байгууллага нь дээрх хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ талаар тайлбарлахдаа “мал тооллогыг биечлэн очиж, нүдээр харж тоолох ёстой байдаг, тухайн үед малын шүлхий өвчин гээд бид нэхэмжлэгчийн малыг биечлэн очиж тоолоогүй, утсаар ч малын тооллогын талаар мэдээлэл аваагүй, таамгаар тоо тавьсан, энэ мал тооллогын бүртгэл нь буруу, хууль зөрчсөн” гэж хэлдэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасан. Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын маргаан бүхий 2017 оны мал тооллого нь хууль бус үндэслэлгүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд уг үндэслэлгүй, алдаатай, хууль бус мал тооллогын улмаас нэхэмжлэгч ******* нь гуравдагч этгээд *******т өвлөх эрхийн гэрчилгээгээр 13 толгой үхэр үндэслэлгүйгээр өгөх, өр төлбөрт орох ноцтой эрсдэл үүсч, хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж байх тул уг маргаан бүхий захиргааны акт буюу иргэн ******* нэр дээрх Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэлийг хууль бус тул хүчингүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын захирамжийн дагуу 2017 оны жилийн эцсийн малын тооллого явуулах ажлыг зохион байгуулсан. Багийн хэмжээнд 11 чиглэлд тоологч нарыг хуваарилан энэ ажлыг хийж дуусгасан. Тухайн үед манай багт шүлхий өвчин гарсан ган гачиг ихтэй байсан тул айлууд отроор их явж байсан. Тоологдоогүй айлуудын малыг нийгмийн ажилтнууд утсаар ярьж тоолж байсан. Мэргэжилтний алдаатай үйл ажиллагаанаас болсон гэж үзэж 2017 оны малын А дансыг нь хүчингүй болгох байр суурьтай байна.” гэжээ.

            Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүй тухай тайлбараа ерөнхийд нь 3 хэсэгт хувааж хэлнэ. Цаг хугацааны дараалал болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаанаас захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь цаашаа үргэлжлэх нөхцөлгүй буюу шүүгчийн нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хугацаа тогтоох, бүрдүүлбэр хангах захирамж байдаг. Энэ захирамжид шүүгч нэхэмжлэлийн бүрдүүлбэр буюу нэхэмжлэл гаргахад саад болж буй нөхцөл байдал нь *******т нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулах, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй талаар тайлбар баримтаа ирүүлэх, хариуцагчаа зөв тодруулах боломж олгон 14 хоногийн хугацаа олгосон байдаг. 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дахин нэхэмжлэл гаргахдаа хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй талаараа баримт ирүүлээгүй байна. Нэгдүгээрт захирамжийн биелэлт болох хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй талаар өнөөдрийг хүртэл тайлбар гаргаж өгөөгүй.

            Хоёрдугаарт нэхэмжлэл гаргагчийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчээс 13 тооны үхэр нэхэж байгаа асуудал нь 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар өгсөн. 2023 оны 04 дүгээр сарын 28-ны байдлаар мэдэж байсан. Захиргааны эрх нь зөрчигдсөн актыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор эрх бүхий дээд шатны байгуулагад хандана. Тухайн гомдлыг шийдвэрлээгүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Эрх нь зөрчигдсөн үеэс хөөн хэлэлцэх хугацаа эхлэх учраас хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэл тодорхой байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч мал тооллогын бүртгэлийг хууль бус тул хүчингүй болгож өгнө үү гэдэг нь боломжгүй.

            Учир нь Статистикийн тухай хууль, Засгийн газрын тогтоолд заасны дагуу мал, тэжээвэр амьтны тооллогыг жилд нэг удаа хийдэг. 2017 оны Сэлэнгэ аймгийн Засаг даргын мал тооллогын мэдээ аймгийн болон улсын хэмжээнд хүчин төгөлдөр үйлчилж, хүчинтэй байна. Энэ бүртгэл нь аймгийн статистикийн газарт харъяалагдаж байгаа мэдээ тайлан нь нэг иргэний бүртгэлийг сугалж аваад хүчингүй болгохгүй. Захиргааны хэргийн шүүхэд хандахад нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн тохиолдол эрхээ сэргээлгэхээр шүүхэд ханддаг. Өвлөх эрхийн гэрчилгээг үндэслээд *******аар нөхөн гаргуулна гэсэн шийдвэр гараагүй байхад шүүхийн шийдэж байгаа асуудлын урдуур ороод хөндөгдөж болзошгүй юм байна гэж үзээд нэхэмжлэлийг хангах нь ямар ч боломжгүй. Өвлөх эрхийн гэрчилгээг нотлох баримтаар өгсөн боловч шүүхэд нэхэмжлэгч тооллогын бүртгэл гэсэн баримтыг үндэслээд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Нэхэмжлэгчийн эрхийг яаж зөрчсөн гэдэг асуудал. Өвлөх эрхийн гэрчилгээг нотиаратч өөрөө тусдаа субъект болдог. Тухайн иргэний хэргийг шийдвэрлэх нотлох баримт байхгүй, үндэслэл болгож байгаа эсэх нь тодорхойгүй учраас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх боломжгүй. Сумын төр захиргааны байгууллага маш хариуцлагатай байх ёстой. Тооллогоор ******* 30 үхэр, 13 ямаа нийт 43 тооны мал, ******* 13 тооны үхэр гээд биччихсэн байна. Нэхэмжлэгч бичсэн байдаг. Миний болон манай талийгаач ахын нэр дээр биччихсэн байна. Өөрт нь хамааралгүй талийгаач ахынхаа бүртгэлийг хүчингүй болгоно гэдэг үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан хавтаст хэргийн 49 дүгээр хуудсанд Хушаат сумын Мөнхтолгой багийн Засаг даргын тодорхойлолт байна. Тухайн үед би Хушаат сумын нутагт өвөлжиж байсан. Хушаат суманд тоолуулсан гэж хэлдэг. ******* 30 үхэр гэсэн тодорхойлолт байна. Зөвхөн үхрийнх нь тоог бичсэн байна. Агуулгын хувьд боломжгүй харагдаж байна. 2020 онд эрх нь зөрчигдсөн. Өөртэй нь холбоотой маргаан 2022 онд шийдэгдсэн. Энэ явцдаа өөрийнхөө нэхэмжлэлийн шаардлагад хэрэг болохуйц нэг хэргийг зогсоохын тулд дараа дараачийн маргааныг үүсгэж байна. Тооллогын бүртгэлээс болоод эрх нь зөрчигдсөн зүйл байхгүй. Өвлөх эрхийн гэрчилгээтэй холбоотой маргаан нь энэ тооллогын баримтаас болоод эрх, ашиг нь зөрчигдсөн гэж үзэхгүй. Энэ бүх үндэслэлүүдээс харахад нэхэмжлэл агуулгын хувьд энэ нэхэмжлэлийг шийдэх боломж байхгүй. Хэргийг хэрэгсэхгүй болгох эсвэл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 422 дугаартай “Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн ээлжит тооллого явуулах тухай” захирамжаар Мандал сумын нутаг дэвсгэрт мал, тэжээвэр амьтдын тооллогыг 2017 оны 12 дугаар сарын 07-ноос 15-ны өдрийн хооронд зохион байгуулахаар товлож, ажлын хэсгийг байгуулан тооллого явуулахдаа иргэн ******* нэр дээр 13 үхэр гэж тоолж бүртгэсэн байна.

          Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ иргэн ******* нэр дээрх Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа “Иргэн ******* нэр дээрх Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэл нь хууль бус тул хүчингүй болгуулах” гэж тодруулжээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмаар хэрэгт цуглуулсан нотлох баримтууд, нэхэмжлэгч болон  хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэргийг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

          1.Иргэн ******* нь анх 2011 онд өөрийн төрсөн дүү *******т маллуулахаар 2 тугалтай үхэр үлдээсэн гэх бөгөөд 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор ******* нэр дээр 7 үхэр бүртгэгдсэн бөгөөд 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор 6 үхэр нэмж бүртгэн нийт 17 үхэр гэж сумын мал тооллогын ажлын хэсгийн хэсэг бүртгэж статистик мэдээг аймагт явуулжээ.

          2.Мандал сумын 2017 оны жилийн эцсийн мал тооллогын үеэр нэхэмжлэгч ******* нь Мандал суманд байгаагүй бөгөөд зун нь ган гачиг болж мал идэх өвсгүй болсоны улмаас Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багт малтайгаа отроор нүүдэлллэн очсон байсан бөгөөд тухайн сумын Мөнхтолгой багт малаа тоолуулсан байна[1].

          3.Дээрх ******* нэр дээрх 13 үхэр тоолуулсан мал тоооллогын статистик мэдээг үндэслэн иргэн ******* /2018 оны 5 дугаар сарын 10-нд ******* нь нас барсан/ төрсөн хүү ******* нь 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Иргэний хуульд зааснаар 13 үхрийг өвлөх эрхийн гэрчилгээ авчээ.

          4.Хэрэгт авагдсан баримтаар Мандал сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс нэхэмжлэгч *******ын малыг газар дээр нь нүд үзэж тоолоогүй, утсаар холбогдоогүй болох нь Хэрх 4 дүгээр багийн мэргэжилтэн нэхэмжлэгч ******* болон иргэн ******* нарын малыг тоолсон талаар шүүхэд гэрчээр[2] мэдүүлэг өгөхдөө “******* мал урьд онд 5, 6 байсан байх, төл гэж тооцоод 7 болсныг нэмэх баланс дээр тавиад, улмаар нийлбэр 13 гэж механик алдаа гаргасан ... дүү ******* нь тэр өвөл хуучнаар Энхтал /Хушаат сум/ Сангийн аж ахуйд оторлон өвөлжиж байх үедээ тооллогын мэдээгээ хугацаанд нь ирүүлээгүй ... уг нь малыг газар дээр нь тоолоод манайх руу дамжуулах ёстой боловч дамжуулаагүй ... хугацаанд нь багтаж тооллогыг хаах гээд яараад тооллогын баримтыг бүрдүүлсэн ... *******тай холбогдож чадаагүй, утас нь олдоогүй, би баримжаагаар тоо бичсэн” гэж мэдүүлснээр нотлогдож байна.

          5.Статистикийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “мэдээлэл үнэн, бодитой байх зарчим”, 5 дугаар зүйлийн 5.3-т “Албан ёсны статистикийн мэдээллийг Үндэсний статистикийн хороо, яам, төрийн бусад албан газар, бүх шатны Засаг дарга эрхлэн гаргана.”, 7 дугаар зүйлийн 7.1.в-д “мал, тэжээвэр амьтдын тооллогыг жил тутам, малын хагас жилийн тооллогыг түүвэр судалгааны аргаар хуульд заасан хугацаанд тооллого явуулна”, 18 дугаар зүйлд “Яам, төрийн бусад албан газар, бүх шатны Засаг дарга статистикийн мэдээллийн талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 18.1-д “албан ёсны статистик мэдээллийн үнэн зөв байдалд тогтмол шалгалт хийж, түүний бодит байдлыг хангах” 18.2-т “статистикийн мэдээллийг хугацаанд нь гаргаж өгөөгүй тохиолдолд газар дээр нь очиж гаргуулан авах, гаргасан зардлыг буруутай этгээдэр нөхөн төлүүлэх” гэж заажээ.

          6.Дээрх хуулийн зохицуулалтаас дүгнэхэд  Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн иргэн ******* түүгээр малаа маллуулж байсан иргэн ******* нарын малыг Мандал сумын мал тооллогын ажлын хэсэг газар дээр нь нүд үзэж тоолоогүйн улмаас ******* болон ******* нарын малыг тоолсон мэдээлэл нь  мэдээлэл үнэн, бодитой байх зарчимд нийцээгүй, тухайн Мандал сумын болон багийн Засаг дарга нар албан ёсны статистик мэдээллийг эрхлэн гаргах үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн, мэдээллийн үнэн зөв байдалд хяналт шалгалт хийх бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас ******* болон ******* нарын малыг тоолсон тооллого үнэн зөв, бодитой явагдаагүй гэж дүгнэхээр байна.

          7.Мөн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 422 дугаартай “Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн ээлжит тооллого явуулах тухай” захирамжийн 3.2-т “мал тэжээвэр амьтдыг нүд үзэн үнэн зөв тоолж, малын картыг нарийн хөтлөх” 3.3-т “тавиул малыг гар картаар тоолж, тухайн тавиул мал тоолуулсан малчнаар гарын үсэг зуруулж, малын эзний харьяа багт хүргүүлэхийг онцгой анхаарах”, Монгол улсын Засгийн газрын 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 224 дугаартай дугаартай “Тооллогын товыг өөрчлөн тогтоох тухай” тогтоолын 1-д “Улсын мал тооллогыг жил бүрийн 12 дугаар сарын 7-ноос 17-ны өдөр явуулж өмчийн бүх хэвшлийн мал, тэжээвэр амьтдыг тооллогод бүрэн хамруулан улсын хэмжээгээр нэг зэрэг газар дээр нь биечлэн тоолж байхаар тогтоосугай” гэжээ заажээ[3].

          8.Мандал сумын мал тооллогын ажлын хэсэг болон Хэрх 4 дүгээр багийн Засаг дарга нэхэмжлэгч ******* болон иргэн ******* нарын малыг тоолохдоо дээрх сумын Засаг даргын захирамжаар өгсөн үүрэг даалгавар болон Монгол улсын Засгийн газрын тогтоолд дурдсан мал тоолохдоо газар дээр нь биечлэн нүд үзэж тоолоогүй байх бөгөөд энэ талаар хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна[4].

          9.Гуравдагч этгээд ******* нь Мандал сумын 2017 оны мал тооллогын албан ёсны мэдээллийг үндэслэн өөрийн эцэг ******* нэр дээр тоолсон 13 үхрийг өвлөх эрхийн гэрчилгээг авсаныг буруутгах аргагүй ч мал тоолох үйл ажиллагаа өөрөө хууль бус байсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрч С.Гэрэлбаяр, Д.Эрдэнэбаяр нарын мэдүүлэг[5], бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Статистикийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 5 дугаар зүйлийн 5.3, 7 дугаар зүйлийн 7.1.в-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, иргэн ******* нэр дээрх Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэл нь хууль бус байх тул хүчингүй болгосугай.

          2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Мандал сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Л.ОДБААТАР

 

 

 

 

 

 

         

 

[1] Хавтаст хэргийн 49-50 дугаар тал

[2] Хавтатс хэргийн 59-60 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 40 дүгээр тал

[4] Хавтаст хэргийн 27 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 44-45 дугаар тал