Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/28

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          Ж.Ат холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                         А.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Ц.Б

Шүүгдэгч                                                         Ж.А

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЗ/519 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Ж.Ат холбогдох 1912004010022 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн ...оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, мөн шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, мөн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Ж.А

 

Шүүгдэгч Ж.А нь 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Их жаргалант өвөр тойруут гэх газар байх Л.Бийн байшинд нэвтэрч, эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 4.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Архангай аймгийн Прокурорын газраас Ж.Ат холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

            Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЗ/519 дугаартай шүүгчийн захирамжаар: ...Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ж.Ат холбогдох 1912004010022 тоот эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-д заасан хэргийн бодит байдлыг тогтоох, 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлох ажиллагаа бүрэн хийгдээгүй нөхцөл байдал тогтоогдлоо. Иймд шүүхээс яллагдагч Ж.Ат холбогдох 1912004010022 тоот эрүүгийн хэргийг дараах нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв. Үүнд:

            1. 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хугацаанд Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Их жаргалант өвөр тойруут гэх газарт байх Л.Бийн байшинд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт Хабул буюу Б.Л, Л.Г нар бүлэглэж оролцсон байж болзошгүй нөхцөл байдал байгааг шалгах,

            2. 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр шүүгдэгч Ж.А нь Б.Лаас хулгайд алдагдсан шаргал өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг бух, шүдлэн үхрээр худалдан авч, шүдлэн үхрийг сүүлд нь очиж авсан гэдгийг мэдэх гэрчийг асуух, тухайн үед бухыг нь худалдан авсан гэх түүхий эдийн ченжид зураг, тэмдэглэл байгаа эсэхийг шалгах,

            3. Хулгайд алдагдсан гэх үстэй дээл Л.Гын авдарт байгаа талаар хэлсэн мэдүүлгийг шалгаж, үзлэг хийх, хэрэв байгаа бол хохирогчоор таньж олуулах ажиллагаа хийлгэх,

            4. Хохирогч Л.Б нь Б.Лынд оторт явахдаа байшингийн түлхүүрээ орхиж явсан хугацаанд уг түлхүүр солигдсон байсан асуудлыг шалгах,

            5. Хулгайд алдагдсан бусад эмэгтэй монгол гутал, бүтээлэг, үстэй дээл зэргийг хэн, хэрхэн, хаана зарсан, борлуулсан, нуусан зэргийг тогтоох зэрэг болно.

            Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй болно. Дээрх нэмэлт ажиллагааг хийлгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, 1.6 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” зэрэг нотолбол зохих байдлыг бүрэн тогтооход ач холбогдолтой, шүүхээс шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх шийдвэрийн аль нэгийг гаргахад, мөн нотлох баримтыг үнэлэх үгүйсгэх, хэргийн бодит байдлыг шийдвэрлэхэд нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдоно гэж дүгнэлээ гээд

            Шүүгдэгч Ж.Ат холбогдох 1912004010022 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ж.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч нар хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Б-н бичсэн эсэргүүцэлд: Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б би тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЗ/519 дугаартай шүүгчийн захирамжийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянавал:

Яллагдагч Ж.А нь 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Их жаргалант өвөр тойруут гэх газар байх Л.Бийн байшинд нэвтэрч, эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 4.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.

Тус прокурорын газраас Ж.Ат холбогдох эрүүгийн 1912004010022 дугаартай хэрэгт 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 94 дугаартай яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ж.Ат холбогдох хэргийг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд шүүхээс ялагдагч Ж.Ат холбогдох 1912004010022 тоот эрүүгийн хэргийг дараах мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэв. Үүнд:

            1. 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хугацаанд Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Их жаргалант өвөр тойруут гэх газарт байх Л.Бийн байшинд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт Хабул буюу Б.Л, Л.Г нар бүлэглэж оролцсон байж болзошгүй нөхцөл байдал байгааг шалгах,

            2. 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр шүүгдэгч Ж.А нь Б.Лаас хулгайд алдагдсан шаргал өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг бух, шүдлэн үхрээр худалдан авч, шүдлэн үхрийг сүүлд нь очиж авсан гэдгийг мэдэх гэрчийг асуух, тухайн үед бухыг нь худалдан авсан гэх түүхий эдийн ченжид зураг, тэмдэглэл байгаа эсэхийг шалгах,

            3. Хулгайд алдагдсан гэх үстэй дээл Л.Гын авдарт байгаа талаар хэлсэн мэдүүлгийг шалгаж, үзлэг хийх, хэрэв байгаа бол хохирогчоор таньж олуулах ажиллагаа хийлгэх,

            4. Хохирогч Л.Б нь Б.Лынд оторт явахдаа байшингийн түлхүүрээ орхиж явсан хугацаанд уг түлхүүр солигдсон байсан асуудлыг шалгах,

            5. Хулгайд алдагдсан бусад эмэгтэй монгол гутал, бүтээлэг, үстэй дээл зэргийг хэн, хэрхэн, хаана зарсан, борлуулсан, нуусан зэргийг тогтоох зэрэг болно.

Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэв гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

            1. 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хугацаанд Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Их жаргалант өвөр тойруут гэх газарт байх Л.Бийн байшинд байсан эд зүйл алдагдсан хэрэгт Хабул буюу Б.Л, Л.Г нар бүлэглэж оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Учир нь Л.Б хохирогчоор “...Чи яагаад мотоцикл авчихсан юм гэж асуухад Эрдэнэбат гэх хүнээс авсан. Тэр мотоцикл өөрийн чинь мотоцикл биш гэж хэлсэн... Өмнө нь Мул над руу 2019 оны 06 дугаар сард утсаар ярихдаа наад мотоциклийг чинь жижиг Гагаас авсан. Дээл чинь Гагийн авдарт байгаа, очиж аваарай гэж хэлсэн. Тэгээд нэг болохоор Гагаас авсан, нэг болохоор Э гэдэг хүнээс авсан гээд өөр өөр хүн хэлээд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-н 44-45-р тал/, Б.Л гэрчээр “...Бийн байшингаас хэн хулгай хийсэн талаар би мэдэхгүй. Би тухайн үед М-ыг Галт суманд Б ахын мотоциклийг тоглуулж зарсан талаар мэдэхгүй. Сүүлд л нутгийн хүмүүс дунд Бийн мотоциклийг М Галт суманд тоглуулж зарсан талаар яригдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 49-50-р тал/, Л.Г гэрчээр “...2019 оны хавар манайд 2-3 удаа ирээд доор Галт сумын Зүрх багийн нутагт өвөл 10 гаруй үхэр олоогүй ирсэн юм. Тэрийг хамт яваад чи мотоцикл унаад ир, би мориороо буцаагаад үхрээ туугаад ирнэ гэж ярьж манайд ирсэн. Тэгээд би хамт Галт сумын Зүрх баг руу явсан. Хужаа мотоциклийн бүтээлгээр битүү бүтээсэн мотоцикл байсан. Улаан юм уу, улаан ягаан өнгийн мотоцикл байсан. Тоглоод дуусаад буцааж явж байх үедээ чи юун мотоцикл тоглуулаад алдчихав гэж асуусан чинь П Э-аас авсан мотоцикл байгаа юм аа, очиж байгаад өртөг мөнгийг нь өгөхөөс гэж ярьж байсан... Тэр хавар 05 сард би Атай Галт сум руу явсан. Өөр хамт ямар нэг ажлаар хашаач яваагүй. Би гэртээ байсан. Гэрээс нэг их гараагүй. Авах гэж явсан үхрээ ч аваагүй буцаад ирсэн. Үхэр авах гэж явсан чинь худлаа байсан юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх-н 150, 125-126-р тал/, Л.Энхжаргал гэрчээр “...Нэг өдөр манайд орж ирээд Гыг манай хуучин отор хийж байсан газар руу очоод үхэр үзээд ирье гэж  аваад явсан юм. Тэр үед мотоцикл муушигт тавьж тоглосон байх гэж бодож байна... Тэр жил А отор хийж Галт зүгт явсан гэж сураг байсан. Тэр хавар А манайхаар ирээгүй байж байгаад 05 дугаар сарын үед ирээд, үхэрт хамт яваад өгөөч гээд аваад явсан. Өөр манайхаар ирж манай дүүтэй ямар нэгэн юманд яваагүй. Тэр үедээ улаан битүү бүтээлэгтэй мотоцикл унаж явсан. Тэр хавар манай дүү гэрээс хол яваагүй. Жаргалант сумын төв рүү би дүүгийн хамтаар хүнс цуглуулахаар нэг хоноод буцаж ирж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 120-122, 146-147-р тал/  зэрэг нотлох баримтуудаар Ж.А нь Л.Бийн мотоциклийг Гаас авсан, эсхүл Эрдэнэбатаас авсан гэж өөр өөр байдлаар бусдад хэлж байсан үйл баримтыг анхан шатны шүүхээс үнэлж дүгнэлгүй, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ж.Аийн мэдүүлэгт ач холбогдол өгсөн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.А шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Б.Л гэх хүнээс Л.Бийн мотоциклийг худалдаж авсан гэж мэдүүлснийг үнэлж, Б.Л, Л.Г нар энэ хэрэгт бүлэглэн оролцсон байж болзошгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

            2. Дээрх нөхцөл байдалтай адил буюу шүүгдэгч Ж.А нь Б.Лаас тухайн мотоциклийг худалдаж авахдаа сарлагийн бух өгсөн гэж мэдүүлсэн бөгөөд тухайн бухын зураг, тэмдэглэл нь түүхий эдийн ченжид байгаа эсэхийг шалгах нь хэрэгт ач холбогдолгүйн зэрэгцээ шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Ж.А нь мотоциклийг сарлагийн бух үхрээр солих үед Б.Л бид хоёроос өөр хүн байгаагүй. Мөн бухыг худалдаж авсан ченж энэ талаар мэдэхгүй гэж мэдүүлж байсан зэргээс дүгнэхэд тухайн мотоциклийг Ж.А худалдаж авсан гэдгийг тогтоох боломжгүй. Нөгөөтээгүүр сарлагийн бух үхрийг мотоциклийн үнэд өгсөн гэдгийг нотлох боломжгүй байна. Гэрч Б.Л, Л.Г нар нь мөрдөн байцаалтын шатанд дээрх нөхцөл байдлыг үгүйсгэсэн мэдүүлэг өгсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

            3. Шүүгчийн захирамжид “хулгайд алдсан гэх үстэй дээл Л.Гын авдарт байгаа эсэхийг шалгаж, үзлэг хийх, хэрэв байгаа бол хохирогчоор таньж олуулах ажиллагаа хийлгэх” гэж заасан байна. Гэрч Л.Г болон түүний эгч Л.Э нар нь мэдүүлэхдээ өөрийн гэрт нь үстэй дээл огт байхгүй талаар мэдүүлсэн. Уг гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул Л.Г, Л.Э нарын гэр болон авдарт үзлэг хийх ажиллагаа нь ач холбогдолгүй болсон гэж үзэхээр байна.

            4. Хохирогч Л.Б нь Б.Лынд оторт явахдаа байшингийн түлхүүрээ орхиж явсан хугацаанд уг түлхүүрийг солигдсон байсан асуудлыг шалгаж тогтоох нь хэрэгт ач холбогдолгүй ажиллагаа байна. Учир нь Л.Б хохирогчоор “...байшингаас миний мотоциклийг авах гээд очиход дээврийг сөхөж ороод, хаалганы даруулгын боолтыг тайлаад, хаалгыг нь онгойлгож ороод миний мотоцикл алга болсон байна гэхээр нь очиж үзсэн юм...” гэж мэдүүлсэн /хх-н 6-7-р тал/ байх бөгөөд Л.Бийн байшингаас эд хөрөнгө хулгайлахдаа түлхүүр ашиглалгүй, тухайн байшингийн дээврийг сөхөж, хаалганы даруулгын боолтыг тайлаад хаалгыг онгойлгож, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Иймд Б.Лынд оторт явахдаа байшингийн түлхүүрээ орхиж явсан хугацаанд уг түлхүүрийг хэн сольсон болохыг тогтоох боломжгүй бөгөөд ямар мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь тодорхойгүй байна.

            5.  Хулгайд алдагдсан бусад эмэгтэй монгол гутал, бүтээлэг, үстэй дээл зэргийг хэн, хэрхэн, хаана зарсан, борлуулсан, нуусан зэргийг тогтоох гэжээ. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь нууц далд аргаар бусдын эд зүйлийг авсан байдаг бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс өөр хүн мэдэх боломжгүй, мөн хулгайлсан эд зүйлсийг яаж зарцуулсныг тогтоох боломжгүй байгаагийн зэрэгцээ яллагдагч, шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч юм.

            Шүүгдэгч Ж.Аийн үйлдэл нь түүний хулгайлсан эд зүйлийг олж тогтоох, яаж үрсэн, хэрхэн зарцуулсан зэргийг тогтоохоос илүүтэйгээр хэрэгт авагдсан бусад бичгийн болон мэдүүлгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа зэргээс дүгнэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтыг зөрчиж хэргийг үндэслэлгүйгээр прокурорт буцаасан байна.

            Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЗ/519 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн  шийдвэр нь шүүгдэгч Ж.Аийн хулгайлсан эд зүйлсийг олж тогтоох, яаж үрсэн, хэрхэн зарцуулсан эсэхийг тогтоолгохоор гарсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ж.Аийн хулгайн үйлдэл тогтоогддог. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтыг зөрчиж, хэргийг үндэслэлгүйгээр прокурорт буцаасан байна гэж үзэж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЗ/519 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн нь үндэслэлтэй байна гэсэн дүгнэлттэй байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх хуралдаан дээр үнэхээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцох нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин хэргийн хувьд эргэлзээтэй, шалгах ёстой асуудлууд гарч ирсэн. Хэргийг шийдсэн ч гэсэн эдгээр нөхцөл байдлууд гараад ирнэ. Өөрөөр хэлбэл Хабулаас худалдаж авсан болон үхрийн асуудлуудаа яриад ирэхээр хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал гараад ирнэ. Анхан шатны шүүгчийн захирамжид дурдаад байгаа шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаануудыг тогтоох нь үндэслэлтэй байна. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хангахгүй орхиж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Аийг 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Их жаргалант өвөр тойруут гэх газар байх Л.Бийн байшинд нэвтэрч, эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 4.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад  2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хугацаанд Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Их жаргалант өвөр тойруут гэх газарт байх Л.Бийн байшинд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт Хабул буюу Б.Л, Л.Г нар бүлэглэж оролцсон байж болзошгүй нөхцөл байдал байгааг шалгах, 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр шүүгдэгч Ж.А нь Б.Лаас хулгайд алдагдсан шаргал өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг бух, шүдлэн үхрээр худалдан авч, шүдлэн үхрийг сүүлд нь очиж авсан гэдгийг мэдэх гэрчийг асуух, тухайн үед бухыг нь худалдан авсан гэх түүхий эдийн ченжид зураг, тэмдэглэл байгаа эсэхийг шалгах, хулгайд алдагдсан гэх үстэй дээл Л.Гын авдарт байгаа талаар хэлсэн мэдүүлгийг шалгаж, үзлэг хийх, хэрэв байгаа бол хохирогчоор таньж олуулах ажиллагаа хийлгэх, хохирогч Л.Б нь Б.Лынд оторт явахдаа байшингийн түлхүүрээ орхиж явсан хугацаанд уг түлхүүр солигдсон байсан асуудлыг шалгах, хулгайд алдагдсан бусад эмэгтэй монгол гутал, бүтээлэг, үстэй дээл зэргийг хэн, хэрхэн, хаана зарсан, борлуулсан, нуусан зэргийг тогтоох зэрэг ажиллагааг хийх шаардлагатай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

 

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдал болох дээрх нөхцөл байдлыг шалгасны эцэст хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцэхээр байна.

 

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, гэж заасан хуулийн заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлыг нотолсон хэрэгт хамаарна.

 

   Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЗ/519 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

                                                                                   

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЗ/519 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                 ШҮҮГЧИД                                      Т.ДАВААСҮРЭН

 

                                                                                     Л.НЯМДОРЖ