Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 1043

 

 

 

 

 

 

 

 

 

“Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2020/00793 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Р” ХХК-ийн хариуцагч Ц.А-т холбогдуулан гаргасан гараашийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт 38 850 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Р” ХХК нь хариуцагч Ц.А-тай 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр RGGB-81 дугаар гараашийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж тус хотхоны 45 дугаар байрны В1 давхрын В-112 тоот автомашины дулаан зогсоолыг нийт 35 900 000 төгрөгөөр захиалан, гэрээ байгуулсан өдөр 10 000 000 төгрөг, үлдэгдэл 25 900 000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон бөгөөд манай компанийн зүгээс гэрээнд заасны дагуу автомашины дулаан зогсоолыг хариуцагч Ц.А-ын эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгсөн боловч хариуцагч нь урьдчилгаа 10 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 25 900 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлж, үлдэгдэл төлбөрөө төлөхийг мэдэгдэж байсан боловч хариуцагч нь үлдэгдэл төлбөрийг төлөх тухай ямар нэгэн арга хэмжээ авахгүй байна. Иймд хариуцагч Ц.А-аас гэрээний 2.2-т төлбөрөө бүрэн төлөөгүй тохиолдолд 0.5 хувь алданги тооцно гэсний дагуу 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл буюу 850 хоногийн алданги 12 950 000 төгрөг, гэрээний үлдэгдэл төлбөр 25 900 000 төгрөг, нийт 38 850 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.А- нь 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “Р” ХХК-тай Гараашийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж Ривер гарден хотхоны 405 дугаар байрны В1 давхарт дулаан зогсоол захиалж, урьдчилгаа төлбөр болох 10 000 000 төгрөгийг төлж байсан. Ц.А- нь Ривер гарден хотхоны 405 дугаар байрны 501 тоот хаягт байрлах 120 м.кв орон сууцны өмчлөгч байсан бөгөөд гараашийн төлбөрийг 2017 оны 7 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулаагүй учир явдлыг тухайн үеийн борлуулалтын албаны менежер Н.Лхагваад тайлбарлаж байсан. 2018 оны 10 дугаар сард Ц.А- нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Их монгол улс гудамж 405 дугаар байрны 501 тоотод байрлах Ү-22Э6052397 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг П.Алтанхуяг, Ж.Оюунбаатар нарт худалдсан. Орон сууцыг худалдах, худалдан авах харилцааны явцад Ж.Оюунбаатар зогсоолыг авъя гэхэд нь урьдчилгаа 10 000 000 төгрөгийг төлөөгүй байгаа, үлдэгдэл төлбөрийг нь төлчихвөл борлуулалтын албанд нь очоод авч болно гэж хэлж байсан ба Ж.Оюунбаатар зөвшөөрч 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ц.А-ын эхнэр Д.Байгалийн Хаан банк дахь 5134012145 тоот дансанд 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед буюу 2018 оны 10 дугаар сард Ривер гарден хотхоны борлуулалтын ахлах менежер Н.Лхагвад орон сууцаа худалдсан тухай мэдэгдэж, гараашийг шинээр худалдан авсан Ж.Оюунбаатар гэх хүн үлдэгдэл төлбөрийг төлж авахаар болсон тухай хэлэхэд тэр хүндээ одоо шууд төлбөрөө төлөхгүй бол зогсоолыг чинь хураана гэж хэлээрэй гэсэн. Ривер гарден хотхоны орон сууц гараашийн талаар асуудал үүсээгүй тул болсон гэж бодоод Ц.А-ын зүгээс сонирхож лавлаагүй. Гэтэл “Р” ХХК-аас 2019 оны 11 дугаар сарын 21-ний өдрийн 17-06 тоот албан мэдэгдэл ирсэн. Тухайн мэдэгдлээр бичгээр байгуулсан гэрээг нотариатаар гэрчлүүлэх тухай үлдэгдэл төлбөрийг барагдуулах тухай бичсэн байсан тул Ц.А- нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Р” ХХК-д очиж уулзан Ж.Оюунбаатар гэж хүнд орон сууцыг худалдсан тухай гараашийг тэр хүн авахаар болж урьдчилгааг төлсөн тухай амаар болон бичгээр тайлбар гаргасан. “Р” ХХК-ийн захирал Б.Х нь тухайн үед асуудлыг ойлголоо, Ж.О-т гэрээг шилжүүлэх тухай ярилцсан, мөн энэ үед Ж.Оюунбаатар утсаар холбогдож төлбөрийг нь одоохон төлье, гараашийг хураахгүй байх арга хэмжээ авч өгөөч гэсний дагуу Ц.А- захиалгын гэрээг шилжүүлэх хүсэлтийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Р” ХХК-д бичгээр гаргаж өгсөн. Тухайн хүсэлтүүдэд гүйцэтгэгч компаниас ямар нэгэн хариу өгөөгүй нь зөвшөөрсөн утгыг агуулна. Өнгөрсөн 1 жил гаруйн хугацаанд зогсоолыг Ж.О ашиглаж байсан бөгөөд ашиглалтын зардлыг ч “Р” ХХК-д төлж байсан, мөн Ц.А-ын хувьд гараашийн захиалгын гэрээг Ж.Оюунбаатарт шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч бичгээр хүсэлт гаргасан, үүнийг гүйцэтгэгч компани хүлээн авч, асуудлыг шийдвэрлэхээр болсон байж 2020 оны 01 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Талуудын хооронд байгуулсан Гараашийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний 3.6-д “Захиалагч энэхүү гэрээний 2.2-т заасан төлбөр төлөх хугацааг 15 хоногоос дээш хугацаагаар хожимдуулсан тохиолдолд гүйцэтгэгч нь энэ талаар 3 удаа сануулах ба эхний 2 сануулгыг утсаар болон амаар өгөх, 3 дахь удаагийн сануулгыг бичгээр өгснөөс хойш төлбөрийг 15 хоногийн дотор төлөөгүй бол гүйцэтгэгч нь захиалагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж гэрээг дангаар цуцлах эрхтэй” гэж заасан ба Ц.А- нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гүйцэтгэгч компани дээр очиж уулзахдаа хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн болно. Гэтэл гүйцэтгэгч компаниас гэрээний үүрэг үүссэнээс хойш 2 жил 6 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Р” ХХК-ийн хариуцагч Ц.А-аас гэрээний үлдэгдэл төлбөр 38 850 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Р” ХХК-аас гараашийн урьдчилгаанд төлсөн 10 000 000 төгрөгийг гаргуулан хариуцагч Ц.А-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Р” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс гэрчийн мэдүүлгийг дан, ганц үндэслэл болгож, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан гэж хэт нэг талыг барьж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс нэхэмжлэгч “Р” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс татгалзсан гэж буруу дүгнэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгч “Р” ХХК нь талуудын хооронд байгуулсан RGGB-81 дугаартай гэрээний 1.1, 3.1-т заасны дагуу гэрээний 1.2-т заасан автомашины дулаан зогсоолыг хариуцагч Ц.А-ын эзэмшил, ашиглалтад хүлээлгэн ѳгч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн боловч хариуцагч Ц.А- нь гэрээ байгуулсан ѳдѳр урьдчилгаа болох 10 000 000 тѳгрѳгийг тѳлж үлдэгдэл 25 900 000 тѳгрѳгийг гэрээний 2.2-т заасан хугацаанд бүрэн тѳлѳх үүргээ биелүүлэлгүй, өнөөдрийг хүртэл буюу 2017 оны 7 дугаар сараас 2020 он хүртэл бүтэн 3 жилийн хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгч “Р” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж гэрээний үүргийн биелэлтийг шаардсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Р” ХХК нь хариуцагч Ц.А-аас гэрээнд заасан үлдэгдэл төлбөрөө тѳлж барагдуулах талаар удаа дараа амаар болон бичгээр шаардаж, мѳн шүүхэд нэхэмжлэл гарган шаардаж байсан нь гэрээг дуусгавар болгох бус гэрээний үүргээ шударгаар биелүүлж, талуудын хооронд байгуулсан гэрээг хэвээр үргэлжлүүлэх хүсэл зоригтой байсан болох нь харагдаж байгаа. Нэхэмжлэгч “Р” ХХК нь хариуцагч Ц.А-т тус гэрээнд заасны дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй байхад эзэмших, ашиглах боломж олгож, одоог хүртэл ашиглуулж байгаа нь гэрээнээс татгалзах хүсэл зориггүй болох нь харагдаж байгаа. Шүүхээс гараашийн “Номин холдинг” ХХК нь хураан авсан байна, иймд нэхэмжлэгч үйлдлээрээ гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй болно.

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдсан “Номин холдинг” ХХК нь гэрээний нэг тал биш, нэхэмжлэгч “Р” ХХК-тай харилцан хамааралгүй, тус хуулийн этгээдэд нэхэмжлэгч “Р” ХХК-аас тусгайлан В-112 тоот зогсоолыг захиран зарцуулах, эзэмших, ашиглах эрхүүдийг олгоогүй тул тус компани хураан авсан гэх гэрчийн мэдүүлэг үндэслэлгүй болох нь нотлогдож байна.

RGGB-81 дугаартай “Гараашийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-ний талууд нь нэхэмжлэгч “Р” ХХК болон хариуцагч Ц.А- нар бөгөөд хэрэгт нэхэмжлэгч “Р” ХХК нь хариуцагч Ц.А-ын эзэмшил, ашиглалтаас тус автомашины дулаан зогсоолыг буцаан, хураан авсан тухай үйл баримт, бичгийн нотлох баримтаар авагдаагүй атал анхан шатны шүүхийн шийдвэр илтэд үндэслэлгүй болсон.

Шүүх хуулиар тогтоосон гэрээнээс татгалзах журмыг зөрчиж талуудын хүсэл зоригоос давсан, нэхэмжлэгч талын эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн шийдвэр гаргасан.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт “Аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж заасны дагуу гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзах тохиолдолд нөгөө талдаа зайлшгүй мэдэгдэх мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2 дахь хэсэгт нэмэлт хугацаа тогтоох үүрэгтэйгээр хуульд тусгайлан зохицуулж өгсөн боловч нэхэмжлэгч “Р” ХХК нь гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг хариуцагч Ц.А-т хүргүүлж байгаагүй, татгалзах хүсэл зориггүй байсан болохоо шүүхэд амаар болон бичгээр удаа дараа тайлбарлаж байсан боловч шүүхээс нэхэмжлэгч "Ривергарден эстэйт” ХХК нь татгалзсан байна гэж илтэд үндэслэлгүй дүгнэсэн.

Иймд шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, гэрчийн мэдүүлэгтэй холбогдуулан нэхэмжлэгч талд өөрийн татгалзлаа нотолсон нотлох баримт гаргах боломжоор хангалгүй, дан ганц гэрчийн мэдүүлэгт суурилсан үндэслэлгүй шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

            Нэхэмжлэгч “Р” ХХК нь хариуцагч Ц.А-т холбогдуулан “Гараашийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-ний үүрэгт 38 850 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн RGGB-81 дугаар “Гараашийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-гээр тус хотхоны 45 дугаар байрны В1 давхрын В-112 тоот автомашины дулаан зогсоолыг нийт 35 900 000 төгрөгөөр захиалан, гэрээ байгуулсан өдөр 10 000 000 төгрөг, үлдэгдэл 25 900 000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч “Р” ХХК нь гэрээнд заасны дагуу автомашины дулаан зогсоолыг хариуцагч Ц.А-ын эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгсөн, хариуцагч үлдэгдэл төлбөр болох 25 900 000 төгрөгийг төлөөгүй талаар нэхэмжлэгч тайлбарласан.

 

            Хариуцагч Ц.А- нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, Их Монгол улс гудамж, 405 дугаар байр, 501 тоот хаягт байрлах 120 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон тухайн маргаан бүхий гараашийг Ж.Оюунбаатарт худалдсан гэх боловч талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний зүйл нь зөвхөн орон сууц байх бөгөөд автомашины зогсоолыг худалдсан талаар тусгагдаагүй байна.

 

            Гэрч Ж.О нь орон сууцыг худалдан авсны дараа 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр автомашины зогсоолын үнэд 10 000 000 төгрөгийг Д.Байгалийн дансанд шилжүүлсэн, зогсоолыг 1 жил орчим хугацаанд ашигласан “Номин констракшн” ХХК зогсоолд машин тавьснаар ашиглахаа больсон гэж мэдүүлсэн байна.

 

            Зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээс үзвэл маргаан бүхий автозогсоол нь хариуцагчийн эзэмшилд байгаа нь тогтоогдоогүй, захиалгын гэрээг Ж.Оюунбаатарт шилжүүлсэн гэх боловч баримтгүй, зогсоолын эзэмшил бодитоор хэнд байгаа нь тодорхойгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах шаардлагатай.

 

Тодруулбал захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Ц.А-т шилжүүлсэн автозогсоолын төлбөр, алдангийг нэхэмжилсэн, эсхүл Ж.Оюунбаатарт худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр автозогсоол шилжсэнтэй холбоотойгоор өмчлөлийн зүйлээ бусдаас гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах үйл баримт тогтоогдсон байх нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

Хэргийн баримтаар автозогсоол хэний эзэмшил ашиглалтад байгаа нь тогтоогдоогүй байх бөгөөд маргааны үйл баримт, талуудад үүссэн эрх зүйн харилцааны талаар зохигчид мэтгэлцсэн гэж үзэхээргүй байна.

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг тогтоогоогүй талуудыг маргаантай асуудлаар мэтгэлцүүлээгүй, эрх зүйн зохих дүгнэлтийг хийгээгүй тохиолдолд давж заалдах шатны шүүхээс шийдвэрт дүгнэлт өгөх замаар алдааг залруулах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2020/00793 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

       ШҮҮГЧИД                                    Д.ЦОГТСАЙХАН

 

А.ОТГОНЦЭЦЭГ