| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 2012004060060 |
| Дугаар | 2022/ДШМ/27 |
| Огноо | 2022-07-18 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Ж.У |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 2022/ДШМ/27
Прокурор Ж.У
Хохирогчийн хууль ёсны
төлөөлөгч Т.Ж
Хохирогчийн хууль ёсны
төлөөлөгчийн өмгөөлөгч Э.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б, С.П
Шүүгдэгч Д.Б
Нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нарыг оролцуулан
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/161 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б, С.П нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Бд холбогдох 2012004060060 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн ... оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Д.Б
Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн орой Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг Мухар гэх газарт өөрийн эзэмшлийн 65-00 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7А, 1.3 болон 12.3-д заасныг тус тус зөрчиж иргэн Д.Тийг автомашинаар дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Архангай аймгийн Прокурорын газраас Д.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/161 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож; Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж;Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч; Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баас 30.524.661 /гучин сая таван зуун хорин дөрвөн мянга зургаан зуун жаран нэг/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Архангай аймгийн Их тамир сумын Эрдэнэ толгой багт оршин суух Т.Ж-д олгож, түүний нэхэмжлэлээс 2.512.031 /хоёр сая таван зуун арван хоёр мянга гучин нэг/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ж-ы нэхэмжлэлээс 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн Т овогтой Төмөрболдыг 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл шүүгдэгч Д.Баас тэжээгчээ алдсаны тэтгэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сар бүр тэжээн тэтгүүлэх” гэсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх өнгийн хувцасны өөдөс 1 ширхэг, цагаан хар өнгийн алаг даавууны сэмэрхий 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж; Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 22 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн Д.Бы эзэмшлийн 65-00 АРХ улсын дугаартай Хьюндай Портер маркийн автомашиныг эзэмшигч Д.Бд буцаан олгож; Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж; Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан дээрх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/161 дугаартай шийтгэх тогтоолыг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн аваад эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй төдийгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Шүүгдэгч Д.Бд холбогдох эрүүгийн 2012004060060 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл, хэсэгт заасан нотолбол зохих байдал, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон гэмт хэргийг хэн үйлдсэнийг нарийвчлан тогтоож чадалгүй, дан ганц хохирогч болон бусад гэрч нарын мэдүүлэгт үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй байна. Тухайлбал:
1.А. Анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн шалган ажиллагаа хийлгэхээр буцаасны дагуу тээврийн хэрэгсэлд дахин үзлэг хийхдээ автомашины жолоочийн суудлын арын толгойн түшлэгч байсан үсийг шинжээч машины суудлыг урагш хүчтэй татаж унагаж руль мөргүүлснээс уг үс алга болсон. /хавтаст хэрэгт авагдсан гэрэл зураг 17, 18, 19 тодорхой байгаа/ Жолоочийн суудлын арын толгойн түшлэг орчим урт үс байгаа талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.М-д хэлж харуулж байсан. Харин энэ үсийг олж хэрэгт хурааж авах талаар санаачилга гаргаж нотлох баримтаар одоог хүртэл хурааж аваагүй болно. Энэ нь тухайн тээврийн хэрэгслийг хамгийн сүүлд энэ гэмт хэргийг үйлдсэн гэх Т.О жолоодож явсан гэх тул жолоочийн суудлын арын түшлэгт наалдсан гэх үс хэрэг хянан шийдвэрлэх, хэргийн бодит үнэнийг тогтооход зайлшгүй шаардлагатай байна.
Б. Мөн хэргийн газарт үзлэг хийхдээ шинжээч зургийн аппарат, цаасан шугам хоёроос өөр багаж техникгүй очиж үзлэг хийсэн нь хэргийн үнэн зөвийг тогтоох болон хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг олж тогтооход хүндрэл учруулсан. Хэрэгт шинжээчээр ажиллан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн шинжээч С.М нь энэ хэрэгт хувийн сонирхолтой бөгөөд гэрч Н.Д-ийн төрсөн хүү гэдгийг тээврийн хэрэгсэлд үзлэг хийснээс хойш олж мэдсэн. Иймд өөр шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр дахин тээврийн хэрэгсэлд үзлэг хийлгэж, жолооч талын суудлын толгойн түшдэгт байсан үсийг олж, хэрэгт нотлох баримтаар хурааж, хүний үс мөн эсэх, хэрэв хүний үс бол хэний үс болохыг тогтоолгох шаардлагатай байна.
2. Гэрч н.Д нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр дахин мэдүүлэг өгөхдөө “...Т.Оийг 65-00 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахыг хараагүй, бас таараагүй, ...надад Д.Б, Т.О нартай таарах боломж нөхцөл огт байгаагүй” гэж худал мэдүүлсэн байна. Тухайн үед шүүгдэгч Д.Бы машиныг н.О бариад өөрийн гэрийнхээ зүүн талд явж байхад н.Д нь мотоциклтой Д.Бы машины баруун талаар зөрж гараад явсан гэдэг. Ингэж зөрж гарч явахдаа машины зорчигч талд буюу тээврийн хэрэгслийн баруун талд сууж явсан Д.Бтай толгой дохиод явсан байна. Мөн н.Оийг тухайн үед Д.Бы машиныг барьж явахыг ч харсан байна. Мөн гэрч н.Н нь н.Д мотоциклтой Д.Бы машины хажуугаар гараад явсныг харсан талаараа Д.Бы гэрт ирж түүний эхнэр Н.Ж болон Д.Б хоёрт хэлж байжээ. Иймд гэрч Л.Д-тэй хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Д.Быг нүүрэлдэн байцаах хүсэлт гаргасан боловч энэ хүсэлтийг мөрдөн шалгах явцад шийдвэрлээгүй байна.
3. Гэрч Н.Д нь нөхөр н.Н-ийн хамт хэрэг гардаг өдөр үхрээ тууж яваад н.О нь Д.Бы машиныг барьж явсныг хоёулаа нүдээрээ харсан гэдэг бөгөөд энэ талаар Ч.Э, Д.Б гэх хүмүүст хэлсэн байна. Иймд дээрх гэрч нараас энэ талаар тодруулан гэрчийн мэдүүлэг авхуулах.
4. Хэрэг гарсны дараа н.О, Д.Б хоёр харилцан тохирч н.О нь “чиний машин юм чинь чи дайрсан болчих” гэж Д.Баас гуйж, тухайн үед хохирогч н.Тийг нас барчих нь гэж бодоогүй учраас н.Оийн гуйлтыг зөвшөөрч Д.Б нь “би хүн дайрчихлаа” гэж хэлж ярих болсон байна. Энэ яриаг хэрэг гарсны дараа н.Намнансүрэнг ирэхэд Д.Б нь “н.О надаас чи дайрсан болчих гээд гуйгаад байна” гэж хэлэхэд н.Намнансүрэн нь Д.Бд “чи хүний өмнөөс хэрэг хүлээх гэж юу байдаг юм, чи үнэн зөвөөр яв” гэж хэлж байсан байна. Иймд энэ талаар гэрч н.Намнансүрэнгээс асуух.
5. Т.О болон Д.Бы харилцан ярианаас болж гэрч нар болох н.Б, н.Д, н.Н, н.Д, н.Г, н.Э, н.О нар үгсэн хуйвалдаж, найз нөхөд, айл саахалт байдаг тул худал мэдүүлэг өгсөн гэж үзэхээр байна. Мөн эдгээр гэрч нар нь Д.Б өөрийнхөө машиныг жолоодож яваад амь хохирогч Д.Тийг дайрч амь насыг хохироосныг нүдээр харсан гэрч нар биш юм. Харин зам тээврийн ослыг нүдээр харсан цорын ганц гэрч бол А.Д бөгөөд энэ гэрчийн мөрдөн байцаалтад өгсөн болон анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн “н.О машин жолоодож явсан. Машины жолоочийн талын буюу зүүн талын хаалгыг хаагаад гэр рүү гүйгээд орсон. н.Оийг чи дайрсан, би дайраагүй гээд байсан” гэсэн мэдүүлгүүдийг шүүх хэрхэн үнэлсэн талаар тодорхой биш байна. Гэрч н.Д нь гэмт хэрэг гардаг цаг хугацаанд амь хохирогч Д.Ттэй хамт Т.Оийн гэрийн гадаа тамхи татаад хамт зогсож байгаад хэсэгхэн хугацаанд бие засах гэж холдсон гэр юм.
6. Т.О нь архи ууж согтуурсан үедээ хүн дайрснаа санаж, бусдад хэлээд уйлаад яваад байдаг талаар гэрч н.Б, н.Д нар ярьж хэлдэг байна.
7. Гэмт хэрэг гарсны дараа хэргийн газрын хамгийн түрүүнд Архангай аймгийн Ихтамир сумын хэсгийн төлөөлөгч, замын зохицуулагч цагдаа нар ирсэн бөгөөд Д.Б нь “миний машиныг Т.О жолоодож н.Тийг дайрсан, би машин жолоодож яваагүй” гэж зохицуулагч цагдаа н.А-д 65-00 АРХ дугаартай авто тээврийн хэрэгслийг хурааж битүүмжлэх зорилготой Архангай аймгийн Ихтамир сум руу жолоодож явахад хэлж байжээ. Энэ талаар хавтаст хэрэгт тусгагдаагүй байна.
8. Прокурор яллах дүгнэлтийн хуулбарыг /хуулбар үнэн гэсэн тэмдэгтэй/ яллагдагч Д.Бд 2022 оны 04 дүгээр сарын 11-нд гардуулж өгч байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь заалтыг зөрчжээ. Зүй нь хуулбарыг бус хувийг гардуулж өгөхөөр хуульчилсан байна.
9. Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн болон шүүхийн шийтгэх тогтоолд бичигдсэн амь хохирогчийн эцгийн нэрийн үсэг өөр өөр байгаа нь ойлгомжгүй байна.
10. Шүүхээс талийгаач Д.Тийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ХААН банкнаас авсан гэх зээл 15.000.000 төгрөгөөс түүний нас барснаас хойш төлөгдөөгүй 14.750.821 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь буруу юм. Учир нь энэ нь гэм хор учруулсантай ямар ч хамааралгүй бөгөөд зээлийн гэрээний хамтран хариуцагч хэдийг хэрхэн төлсөн, зээлийн гэрээний хамгаалалт буюу даатгал байгаа эсэх талаар шүүх анхаарч үзэлгүй яагаад шүүгдэгч Д.Б харилцааны зээлийг төлөх талаар тодорхой дүгнэлт өгөөгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П-ийн гаргасан давж заалдах гомдолд: “Д.Бы өмгөөлөгч С.П би Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолыг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гардан аваад дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
1. Д.Б нь анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч, шүүхээс тогтоосон хохирлоос 5.000.000 төгрөг төлж, үлдэх хохирлоо төлөхөө илэрхийлсэн. Давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө ч тодорхой хэмжээний хохирол төлж барагдуулна. Анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялыг түүний гэм буруугийн хэлбэр, үйлдсэн хэргийн нөхцөл байдалд тохирсон гэж үзэх боломжгүй.
2. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар 30.524.661 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг өмгөөлөгч С.П миний тухайд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзнэ. Учир нь хавтаст хэрэгт 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн зээлдэгч А.Т, хамтран зээлдэгч Т.Ж нарын ХААН банкнаас “Малчны” зориулалтаар 15.000.000 төгрөгийн зээл авсан зээлийн гэрээ, зээл төлөх график зэрэг нотлох баримт авагдсан. Зээл төлөх графикаас харахад нас барах үед зээлийн үлдэгдэл 14.750.821 төгрөг харагдаж байгаа ба зээл төлөгдсөн эсэх, төлөгдөөгүй бол ямар учир шалтгааны улмаас төлөгдөөгүй болох, ХААН банкнаас зээл төлүүлэх талаар шийдвэрлэсэн баримт зэрэг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, түүний гэмт хэргийн шалтгаант холбоотой холбогдох өөр ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй. Мөн зээлийг ам хохирогч, түүний гэр бүлийн гишүүн Т.Ж нар ахуй хэрэглээндээ зарцуулах зориулалтаар авсан байхад зээлийн гэрээний үүргийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд
1. Д.Бы болгоомжгүй гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирлоос төлсөн, төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү. Энэ хүсэл сонирхлыг Д.Б өмгөөлөгч надаар дамжуулан илэрхийлж байгаа болно.
2. Хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, ХААН банкны зээлийн гэрээний төлбөр гэх 14.750.821 төгрөгийг хохирол болгон гаргуулахаар шийдвэрлэснийг хохирлоос хасаж, хохирлын хэмжээг багасган өөрчилж өгнө үү. Шүүх хуралдаанд оролцож дэлгэрэнгүй тайлбар, санал гаргах хүсэлттэй.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний орой иргэн Д.Тийг автомашинаар дайрч амь насыг нь хохироосон болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Хэрэг учрал болох цаг хугацааны талаар гэрчүүдийн өгсөн мэдүүлгүүд хэрэгт тодорхой авагдсан байдаг. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ж шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Хэлэх үг байхгүй.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3, 4, 5 дахь заалтууд нь хууль зүйн үндэслэлтэй байна. Тийм учраас уг заалтуудыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Архангай аймаг дахь Цагдаагийн газарт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ж нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Иргэний хуулийн 497, 499, 508 дугаар зүйлийн 508.1, 508.4 дэх хэсгийг удирдлага болгон 2010 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Т овогтой Т-ыг 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшний болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулсан тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг шүүгдэгч Д.Баас сар бүр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ талаарх баримт хавтаст хэргийн 85 дугаар хуудсанд авагдсан байгаа. Бид нар анх нэхэмжлэл гаргах үед тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээ нь 100.000 төгрөг байсан. Сүүлд нь нэмэгдээд 188.000 төгрөг болсон. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хэрэгжихээр шийдвэрлэгдсэн байсан. Харин 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 100.000 төгрөгөөр явж байгаа. Гэтэл шүүх шийтгэх тогтоолын үндэслэлдээ анх гаргахдаа 100.000 төгрөгөөр гаргасан байна, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 410.000 төгрөг байна, одоо бол 188.000 төгрөг авч байгаа юм байна, хохирогч талаас зөрүүтэй тайлбар өгч байгаа учраас үүнийг гаргах боломжгүй байна гэж бичсэн. Манайх тухайн үед нэхэмжлэлээ гаргахдаа үнийн дүнг тавиагүй. Тэжээгчээ алдсан тэтгэвэр болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ жил бүр өөрчлөгдөж байдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 2 жилд 1 удаа шинэчлэгдэх хуультай. Тийм болохоор бид нарын зүгээс үнийн дүнг нэхэмжлэхгүй, харин зөвхөн тухайн үед мөрдөгдөж байгаа тэжээгчээ алдсаны тэтгэвэр болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хоёрын үнийн дүнгийн зөрүүг сар бүр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх үүнийг хангахгүй орхисон нь учир дутагдалтай болсон. Тийм учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна. Өмнөх саналаа дэмжиж байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэх нөхцөл байдлыг заасан байдаг. Энэ нөхцөл байдлуудыг миний хувьд давж заалдах гомдол болон шүүх хуралдаан дээр тодорхой тайлбарлаж хэлсэн. Мөн Д.Бд яллах дүгнэлтийн хувийг одоо хүртэл гардуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт яллах дүгнэлтийн хувийг гардуулахаар заасан байдаг. Энд яллах дүгнэлтийн хувийг гэж заасан байгаа шүү. Гэтэл хуулбарыг гардуулсан. Монгол бичгийн тайлбарт хувь гэдэг бол хэвлэлийн бүтээгдэхүүнийг олшруулсан нийт тоон хэмжээг хэлдэг юм байна. Хуулбар гэдэг бол хувилж бичсэн бичгийг хэлдэг юм байна. Гэтэл Д.Бд хувилж бичсэн бичгийг өгсөн байна. Гэтэл хууль зөрчсөн яллах дүгнэлтийг Д.Бд гардуулсан байгаа шүү. Тийм учраас хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, мөн хэргийн бодит байдалтай нийцээгүй байгаа урчаас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн саналтай байна. Хэрэв шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэх тохиолдолд Д.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү. Мөн миний гаргасан гомдлыг шүүх хүлээж авах боломжгүй гэж үзвэл Д.Бы хохирол төлбөр төлсөн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг багасгаж шийдвэрлэх боломж байгаа гэдгийг анхаарч үзнэ үү. Өмгөөлөгч миний байр суурь бол Д.Б нь хүний өмнөөс хэрэг хүлээгээд, хүний өмнөөс төлбөр төлөөд яваад байгаа юм шүү гэж хэлмээр байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Миний хувьд бол шүүхээс Д.Бд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа гэж үзэж байгаа юм. Энэ хэргийн ял нь 2 жилээс эхлээд явдаг. Ингэж хөнгөрүүлэн оногдуулснаар Д.Б нь ял завшиж байгаа асуудал биш юм. Цаашид хохирогчийн эрх ашгийг хамгаалах асуудал юм гэдгийг хэлмээр байна. Үүнийг шүүхээс харгалзаж үзэхийг хүсэж байна. Нөгөө талаар уг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтад заасан хохирлын хэмжээнд өөрчлөлт оруулж өгнө үү. Үндэслэх хэсэгт хохирол, хор уршиг хоёрыг нэгтгэж бичээд 30.524.661 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнээс сая давж заалдах шатны шүүх хурлын өмнө 16.000.000 төгрөг төлөөд орж байгаа юм. Миний гомдол дээр дурдаад байгаа 14.750.821 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Тийм учраас шийтгэх тогтоолын энэ хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналтай байна. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэн оруулж ирсэн. Үүнтэй өмгөөлөгч миний хувьд санал нийлэхгүй байна. Хэрвээ зээлийн гэрээтэй холбоотой үүрэг өнөөдөр биелэгдээгүй байгаа бол энэ дээр иргэний нэхэмжлэгчээр ХААН банк орж ирсэн бол өөр асуудал байх байлаа. Энэ зээл хэзээ төлөгдсөн юм, мөн төлөгдөөгүй эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй. Нөгөө талаар энэ хүн би бол төлөх чадваргүй бөгөөд н.Т төлдөг юм гээд хэлээд байгаа боловч энэ зээл нь талийгаачийн гар аргаар бүтээгдэхүүн хийх зориулалтаар авсан зээл биш юм. Харин энэ зээл нь гэр бүлийн хэрэгцээнд зарцуулагдах малчны зээл байгаа юм. Зээлийн гэрээнд хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчтэй адил үүрэг хүлээхээр заасан байгаа гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналыг оруулж байна. Хэрэв Ц.Б өмгөөлөгчийн гаргасан хэргийг прокурорт буцаах тухай саналыг хүлээж авбал Д.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэсэн саналыг давхар гаргаж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б, С.П нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгасан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.
Анхан шатны шүүх шүүхийн шүүгдэгч Д.Бы үйлдсэн гэмт хэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон, эдгээр үйл баримт, нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан, шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг хангаж байгаа, эдгээр нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн, хэргийг шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Д.Быг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, хор уршгийн шинж чанар, анх удаа болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасжээ.
Анхан шатны шүүх гэмт хэргийн шинж чанар, үйл баримт, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго, хувийн байдал зэрэгт үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн, шүүгдэгч Д.Бд оногдуулсан ял шийтгэл тохирсон байна.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ж-ы нэхэмжилсэн 38.036.692 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 35.524.661 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2.512.031 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр 2.512.031 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.
Харин хохирогч Д.Тийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ХААН банкнаас авсан 15.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 14.750.821 төгрөгийг шүүгдэгч Д.Баас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Учир нь хохирогч нас барахаасаа өмнө банкнаас зээл авч, ахуйн хэрэгцээндээ зарцуулсан байхад зээлийн үлдэгдэл төлбөрийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж
шүүгдэгчээс гаргуулах боломжгүй бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлоос энэ үндэслэлээр гаргасан гомдол үндэслэлтэй юм.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, шүүгдэгч Д.Бд холбогдох хэрэгт нотолбол зохих байдал, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон гэмт хэргийг хэн үйлдсэнийг нарийвчлан тогтоож чадаагүй, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй” гэсэн үндэслэлээр гомдол гаргасан.
Шүүгдэгч Д.Б нь согтуурсан үедээ 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн орой Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг Мухар гэх газарт өөрийн эзэмшлийн 65-00 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7А, 1.3 болон 12.3-д заасныг тус тус зөрчиж, иргэн Д.Тийг дайрч, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд хийгдсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б-ийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Харин шүүгдэгч Д.Бд яллах дүгнэлт гардуулахдаа эх хувь биш, хуулбар хувь гардуулсан гэх гомдол үндэслэлтэй ч анхан шатны шүүх “тухайн хэрэгт хяналт тавьж яллах дүгнэлт үйлдсэн прокурор өөр газарт шилжин томилогдсоны улмаас яллагдагчид хуулбарлаж хувийг гардуулсан, энэ яллах дүгнэлт нь хэрэгт авагдсан яллах дүгнэлттэй үг, үсэг, утгын зөрүүгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлгүй” гэж дүгнэн, хэргийг прокурорт буцаахгүйгээр шийдвэрлэснийг буруу гэж үзэхгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулахаар заасан байхад хуулбарыг гардуулж буй нь зөрчил хэдий ч энэ нь гэмт хэргийн зүйлчлэл болон ял оногдуулахад нөлөөлөхгүй, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй тул хэргийг цаг хугацаа алдалгүйгээр шийдвэрлэх үүднээс дээрх дүгнэлтийг хийж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П шүүгдэгч Д.Бд оногдуулсан ялыг багасгаж өгнө үү гэсэн гомдол гаргасан ба анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял түүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруудаа хандах хандлага, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг зэрэгт тохирч байгаа тул гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б,С.П нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэрэг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Д.Б нь 55 хоног цагдан хоригдсон байх тул түүний хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ы цагдан хоригдсон 55 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүгдэгч Д.Б нь хэрэг давж заалдах шатны шүүхэд хэлэлцэгдэх явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ж-д гэм хорын хохиролд 16.000.000 /арван зургаан сая/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ
Л.НЯМДОРЖ