Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэбаатар Цолмон |
Хэргийн индекс | 184/2024/01183/И |
Дугаар | 184/ШШ2024/02764 |
Огноо | 2024-05-17 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 184/ШШ2024/02764
2024 05 17 184/ШШ2024/02764
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон даргалж, шүүгч Б.Баярмаа, Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус
шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: -н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -д холбогдох,
Гэм хорын хохирол 850,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан
хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
хариуцагч *******, иргэдийн төлөөлөгч ******* нар оролцож, шүүх
хуралдааны нарийн бичгийн даргаар ******* тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ
болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 12 дугаар сарын 22-ний
өдөр үүрийн 04 цагт дээд айл болох ******* тоот айлаас ус алдаж, шагайгаар татах их
ус орсон тул гэр бүлээрээ босоод усаа шавхсан. Манай орон сууцны гал тогоо, том
өрөөний хана таазны обой норж хуурсан, паркет шал норж хөөсөн, хивс норж
шалбайсан, гал тогооны тавилгын суурь норж хөөсөн, коридорын тааз зэргийг
гэмтээсэн. Урд нь мөн ******* тоот айлаас удаа дараа ус алдаж ийм байдалд хүргэж
байсан, бид тухай бүрд нь өөрсдөө хөрөнгө мөнгөөрөө хохирч байсан. Доод айл
хохирлоо сайн дураар барагдуулаагүй учраас цагаан сар болох гээд бид өөрсдөө
том өрөө, коридорын обойг сольж наан, паркет шалаа сольж засвар хийсэн. Гал
тогооны өрөө тэр чигтээ байгаа. Анх 1,750,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд одоо
хэрэгт байгаа баримтын хэмжээнд 850,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна,
надад олдсон баримт нь л энэ. Уг нь ийм хэмжээний зардал гараагүй, илүү гарсан,
дахиад ч завар хийхэд зөндөө л зардал гарах юм байна лээ гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд
гаргасан тайлбартаа: Миний бие тухайн үед сувилалд аав ээж
хоёроо асарч сувилуулж байсан. Гэтэл шөнө хөрш айлын хүн танайхаас доод айл
руу чинь ус алдаад байх шиг байна гэсэн. Би тэр даруй хүүхдүүд рүүгээ утасдсан
боловч утсаа аваагүй. Энэ үед орон сууцнаас ирж усыг хаасан байсан, би 2
хоногийн дараа ирэхэд хүүхдүүд ирээд манай гэрийг цэвэрлэсэн байсан. Ус алдсан
шалтгаан нь гал тогооны өрөөний халуун усны уян холбоос задарснаас болжээ.
Миний бие ирсэн даруйдаа орон сууцны холбогдох хүмүүстэй уулзсан. Би тэр үед
даатгалаас хохирол барагдуулж болно гэж мэдсэн. Орон сууцны инженер дүгнэлт
гаргаж даатгалд ханддаг юм байна лээ. Гэвч манай байр даатгалгүй, тоот байр
Улаанбаатарын хотын даатгал ХХК-д даатгалтайг орон сууцны нягтлангаас
мэдсэн. Энэ тухай ******* болон түүний нөхөрт хэлж энэ арга хэмжээг авахаар
тохиролцсон. Би даатгалаа танайх хөөцөлд, би хүн хүчээр тусална, харин мөнгө
төгрөг өгч чадахгүй гэдгээ хэлсэн. Доод айл руу орж үзэхэд эхнэр нь байсан, гал
зуухны өрөөнд нь орж үзсэн, өөр өрөөнд нь ороогүй. Гал зуухны өрөөнийх нь имүлс
норж, обойн нь хуурсан, паракет шал нь жоохон хөөсөн байсан. *******гийн
нөхөр ******* өрхийн эмнэлэг дээр таараад даатгалаас тодорхой мөнгө авсан
гэдгээ хэлсэн, мөн над руу сэтгэл гаргаж, зовсонгүй гэж уурлаж байсан. Би хөлөө
хугалсан учраас хүргэнээрээ нэхэмжлэгчийг дуудуулж уулзсан, манай гэрт орж
ирээд засвар хийж байна, та мөнгө өгөхгүй бол шүүхэд өгнө гэсэн. Тухайн үед би
улирлын чанартай ажилтай тул мөнгө өгч чадахгүй, аав өвчтэй гэж хэлсэн. Цагаан
сарын үеэр ******* тоотын айл машинаар юм зөөгөөд, гэртээ засвар хийгээд байсан,
гэртээ засвар хийж байсныг нь мэдэж байгаа, гэхдээ яг ямар хэмжээний хохирол
гараад юугаа шинэчлэн засаад байгааг би орж хараагүй, манайх өмнө нь ус алдаж
байсан нь үнэн. Нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн баримт нь хуулийн шаардлага
хангахгүй байна, хэнд юуны 300,000 төгрөг шилжүүлээд байгаа юм, хэн ч хаанаас ч
ийм нэхэмжлэх бичүүлээд авчих боломжтой, юм авсан нь үнэн юм бол НӨАТ-н
баримт байх ёстой. Хүн хохироосон гэдэгтээ маргах зүйлгүй, даатгалын
байгууллага мэдээд, үнэлээд гаргаад ирсэн 140,336 төгрөгийг төлж болно, түүнээс
өөр төлбөр төлөхгүй, татгалзаж байна.
Иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Нэхэмжлэгч талын нэхэмжилсэн мөнгөн дүнг зөв гэж үзэж байна. Бодит амьдрал
дээр 100-н айл хямд болохоор энэ төрлийн бараа материалыг тэндээс авдаг,
гэхдээ НӨАТ-н баримт өгдөггүй, баримт өгдөг дэлгүүрүүд үнэтэй байдаг болохоор
хариуцагчийн төлөх мөнгө л өсөх байх. Хариуцагч даатгалын мөнгө өгнө гэж байна,
даатгал бага мөнгө л өгдөг, тэр мөнгөөр засвар хийх боломжгүй гэдгийг бүгд л
мэднэ. Хариуцагч тал буруутай, нэхэмжилсэн мөнгийг бүрэн төлөх ёстой гэж бодож
байна гэжээ.
Нэхэмжлэгчээс өгсөн нотлох баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн
баримт, 17 дугаар хорооны тодорхойлолт, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах
газар ОНӨААТҮГ-н “”-н 2024 оны 01 дүгээр сарын 04-
ний өдрийн дүгнэлт, 447,200 төгрөгийн зарлагын баримт, 7 хуудас гэрэл зураг,
нотариатын үйлчилгээний билл, 31,000 төгрөгийн зарлагын баримт, 192,000
төгрөгийн зарлагын баримт, дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн
гэрчилгээний нотариатаар гэрчилсэн хуулбар,
Хариуцагчаас өгсөн нотлох баримт: Хариу тайлбарын хамт уян холбоосны
нэг ширхэг фото зураг,
Шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримт: Улаанбаатар хотын даатгал
ХХК-н дугаартай даатгалын гэрээний хуулбар, үнэлгээний тайлангийн
хавсралтын хуулбар, хохирлын тайлангийн хуулбар, даатгалын төлбөрт 140,336
төгрөг шилжүүлсэн баримтын хуулбар,
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн
судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
3
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэм
хорын хохиролд 1,750,000 төгрөг шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 850,000 төгрөгийг
гаргуулахаар нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...ус алдсаны улмаас
учирсан хохирол болох паркетан шалны 380,000 төгрөг, гарниз 60,000 төгрөг,
булан 7,200 төгрөг, ажлын хөлс 300,000 төгрөг, ханын обой 180,000 төгрөг, цавуу
12,000, хөөс кнаф 31,000 төгрөг зэргээс даатгалын нөхөн төлбөрт авсан 140,336
төгрөгийг хасаад нийт 850,000 төгрөг гаргуулна гэсэн.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас Улаанбаатарын хотын даатгалын
компаниас үнэлсэн дүн 140,336 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, үлдэх
шаардлагуудын зарлагын падан, хаан банкны дансны хуулга зэрэг баримт нотлох
баримтын шаардлага хангахгүй тул зөвшөөрөхгүй гэж татгалзсан.
2.*******гийн өмчлөлийн буюу дээд давхрын хариуцагч
*******гийн орон сууцны гал тогооны өрөөний крантны халуун усны уян
холбоос задарсны улмаас 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ний өдөр
шилжих шөнө 04 цагийн орчимд ус алдсан болох нь Орон сууц нийтийн аж ахуйн
удирдах газар ОНӨААТҮГ-ын “”-ийн 2024 оны 01
дүгээр сарын 04-ний өдрийн дүгнэлт, хариуцагч *******гийн“... гал тогооны
өрөөний крантны халуун усны уян холбоос задарч ус алдсан, энэ үед би
Өвөржанчивлан гэх сувилалд амарч байсан, ус алдсанд маргахгүй” гэсэн тайлбар
зэргээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч дээрх үйл явдалд гэм буруутай болохоо
хүлээн зөвшөөрсөн, энэ талаар зохигч маргаагүй, харин нэхэмжлэгчид хэдэн
төгрөгийн хохирол учирсан талаар маргажээ.
3.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...гал тогооны өрөө,
коридорт нь орж үзсэн, ус алдаад таазны эмульс, обой ховхорсон байдалтай,
паркетан шал нь жоохон хөөсөн байсан...., ....нэхэмжлэгч цагаан сараас өмнө
машинаар юм зөөж авчирч гэртээ засвар хийгээд байсан, гэртээ засвар хийж
байсныг нь мэдэж байсан....” гэсэн тайлбар, нэхэмжлэгч тал засвар хийж байгаа
фото зураг/х.х 12 тал/ нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн зэргээс хариуцагч
*******гийн ******* тоот орон сууцны гал тогооны өрөөнөөс халуун ус
алдсанаас үүдэн нэхэмжлэгч *******гийн орон сууцанд хохирол учирч, үүнээс
шалтгаалан нэхэмжлэгч гэртээ засвар үйлчилгээ хийсэн үйл баримт тогтоогдож
байна.
Өөрөөр хэлбэл зохигчид засварыг цагаан сараас өмнө хийсэн гэж
тайлбарласан байдал, хариуцагчийн “...шөнө хөрш айлын хүн танайхаас доод айл
руу чинь ус алдаад байх шиг байна гэсэн. Би тэр даруй хүүхдүүд руу утасдсан
боловч утсаа аваагүй. Энэ үед орон сууцнаас ирж усыг нь хаасан, 2 хоногийн
дараа гэртээ ирсэн, ...нэхэмжлэгчид машинаар юм зөөж авчирч, засвар хийж
байсан, манайхаас халуун ус алдсан” гэх тайлбарууд зэргээр хариуцагчийн орон
сууцнаас халуун ус алдсаны улмаас нэхэмжлэгчийн орон сууцанд хохирол учирсан
шалтгаант холбоо тогтоогдож байх тул хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд
нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас засварын материалын үнийг
хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын “”-ийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн дүгнэлт, зохигчийн
тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн орон сууцны гал тогоо, үүдний өрөө, том
өрөөний обой хуурсан, тааз норсон, шал ховхорсон тул засвар хийх шаардлага
үүсэн том өрөө, үүдний өрөөг засварласан, цаашдаа гал тогооны өрөөний тааз
болон шалыг засварлан, хэвийн байдалд оруулах шаардлага бий болсон байна.
Иймд хэрэгт авагдсан зарлагын баримтууд нь ус алдсан гэх 2023 оны 12
дугаар сарын 22-ний өдрөөс хойших огноотой, бүгд дээрх төрлийн засварт
хамааралтай, тоо хэмжээний хувьд зохигчийн тайлбартай зөрүүгүй, хэрэгт
авагдсан гэрэл зурагт үзүүлсэн /х.х 8,9 тал/ бодит байдалд нийцсэн байх тул 2024
оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн паркет, гарниз булан гэх материалын 447,200
төгрөгийн, обойн цавуу гэх материал бүхий 2024 оны 01 дүгээр сарын 21-ний
өдрийн 192,000 төгрөг, кнаф, булан, зүбиль, хөөс зэрэг материалын 2024 оны 01
дүгээр сарын 23-ний өдрийн 31,000 төгрөгийн зарлагын баримт зэрэг нийт 670,200
төгрөгийн баримтын хүрээнд засвар үйлчилгээ хийсэн зардал, ирээдүйд гарах
зардал зэрэгт тооцож нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
4.Зохигч шаардлага болон татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй, нэхэмжлэгч
нэхэмжлэлийн үнийг өөрөө тодорхойлох эрхтэй.
Нэхэмжлэгч засварын ажлын хөлсөнд 300,000 төгрөгийг төлсөн болох нь
дансны хуулга гэсэн баримтаар тогтоогдохгүй, тодруулбал уг ажлыг хэн
гүйцэтгэсэн, 300,000 төгрөгийг дээрх засварын ажлын хөлсөнд төлсөн болох нь
нотлогдохгүй байх тул хангах үндэслэлгүй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эд хөрөнгөд санаатай
буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг
хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд
хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учрахаас өмнөх
байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасныг
үндэслэн нэхэмжлэгчийн том өрөө болон үүдний өрөөнд засвар хийсэн болон
ирээдүйд гал тогооны өрөөндөө хийх засварын зардалд тооцож хариуцагч
*******гээс гэм хорын хохиролд нийт 670,200 төгрөг гаргуулж *******д
олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 179,800 төгрөгт холбогдох хэсэг нотлох
баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Түүнчлэн иргэдийн төлөөлөгчийн “хариуцагч тал нэхэмжилсэн мөнгийг
бүрэн төлөх ёстой гэж бодож байна, ийм болсон байранд энэ хэмжээний зардал
багадахаар байна” гэсэн дүгнэлтийг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн
болно.
6.Шүүхийн зардлыг нэхэмжлэлийн үнийн дүн хангагдсан хэмжээнд
хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэлийн шаардлагын татгалзсан болон
хэрэгсэхгүй болгосон үнийн дүнд тохирох тэмдэгтийн хураамжийг улсын орлогод
хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.1, 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т
заасныг баримтлан хариуцагч *******гээс гэм хорын хохиролд 670,200
төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 179,800
төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7
дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид
төлсөн 42,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч
*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 20,635 төгрөг гаргуулан
нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр
зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан
сонсгомогц хүчинтэй болох бас зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч
буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14
хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол
гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН
ШҮҮГЧИД Б.БАЯРМАА
Н.БАТЧИМЭГ