Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/26

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          Э.А-т холбогдох эрүүгийн

            хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                         А.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Г.Э, С.П

Шүүгдэгч                                                         Э.А

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Г.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Э.Ат холбогдох 2012001240124 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Э.А

 

Шүүгдэгч Э.А нь Архангай аймгийн Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа эрүүгийн 181200423 дугаартай хэрэгт 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр С.Оийг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан мэт хуурамч тогтоол үйлдэж, мэдүүлгийн тэмдэглэлийг зохиож, хохирогчийн гарын үсгийг дуурайлган зурж, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас Э.Ат холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Э.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулагч, хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож; Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аыг 5.400/таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь шүүхээс оногдуулсан 5.400/таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1/нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ат урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож; Шүүгдэгч Э.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж; Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж; Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Аын гаргасан давж заалдах гомдолд: “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн 37 дугаар байрны 26 тоотод оршин суух хаягтай иргэн Э.А би эрүүгийн 201203001240124 дугаартай хэрэгтэй танилцаад дараах гомдлыг гаргаж байна. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоолоор Э.А намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Тус хэрэгт авагдсан нотлох баримтаар хуурамч нотлох баримт үйлдсэн гэх С.О гэх хүний мэдүүлгээр нотлогдсон гэж үзэж, нэг талыг барьж шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Хэрэгт авагдсан нотлох баримтад С.О нь гурван өөр мэдүүлэг өгч, өөрийн хохирогчоор тогтоогдсон хэргийн хохирлыг барагдуулж авахын тулд шүүх хурал дээр хэсгийн төлөөлөгчид мэдүүлэг өгөөгүй, миний гарын үсгийг дуурайлгаж зурсан байна, Э.Ааас болж миний дүү нутаг усандаа гадуурхагдах болсон зэрэг хувийн таарамжгүй харьцааны сэдлээр өөр өөр байдлаар мэдүүлдэг. Э.А миний бие Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдээгүй бөгөөд төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хангаж, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн үйлдлийг тогтоож, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулж ажилласан үйлдлийнхээ төлөө гэмт хэрэгт холбогдож, гэм буруутайд тооцогдож байгаад гомдолтой байна. Хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн дүгнэн үзэж надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э-ын гаргасан давж заалдах гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 125 тоот шийтгэх тогтоолоор Э.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулагч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд тухайн зүйл, хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг өмгөөлөгч миний бие эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь Э.А нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэж үзэх нөхцөлгүй. Эрүүгийн 18120043 дугаартай хэрэгт 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр С.Оийг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан мэт хуурамч тогтоол үйлдсэн, мэдүүлгийн тэмдэглэлийг зохион хэрэг шалгаж шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй. С.Оийн гарын үсэг биш гэж гарсан нь Э.А түүний гарын үсгийг хуурамчаар зурсан гэх нотлох баримт биш бөгөөд С.Оийн маргаантай байгаа гарын үсгийн хэлбэртэй Э.Аынх тохирдоггүй, мөн шинжээч н.М мэдүүлэхдээ гарын үсэг өөр өөрөөр зурагдах боломжтой гэж тайлбарласан байдаг. Э.Аыг С.Оийн мэдүүлгийг зохиож бичсэн, гарын үсгийг дуурайлгаж зурсан гэх нотлох баримт хэрэгт байдаггүй бөгөөд эргэлзээгүй байдлаар нотлоогүй. Хэрэгт хийвэл зохих бүх ажиллагааг хийсэн байдаг боловч Э.А нь хуурамч нотлох баримт үйлдсэн гэдгийг эргэлзээгүй байдлаар нотлоогүй учир түүний үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар хуулийг хэрэглэж, хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргаж байна. Шүүх шийтгэх тогтоол гаргасан үндэслэлээ тайлбарлахдаа тухайн баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж хуулийн байгууллагад гаргаж өгснөөр Э.Аыг буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй. Э.А тухайн баримтыг хуурамч гэдгийг мэдсэн гэж үзэх үндэслэлгүй болно. Шүүх хуралдаанд биечлэн оролцож дэлгэрэнгүй тайлбар хийх болно. Давж заалдах шатны шүүх хуралд өмгөөлөгч миний бие биечлэн оролцох хүсэлттэй байна. Гомдлыг Э.Аын 91111207 дугаарын утсаар танилцуулсан болно.” гэжээ.  

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Аыг Архангай аймгийн Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа эрүүгийн 181200423 дугаартай хэрэгт 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр С.Оийг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан мэт хуурамч тогтоол үйлдэж, мэдүүлгийн тэмдэглэлийг зохиож, хохирогчийн гарын үсгийг дуурайлган зурж, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн. Уг шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэл, журмын дагуу гарсан гэж прокурорын зүгээс үзэж байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Миний зүгээс Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй гэж үзэж байна. Прокурорын зүгээс мэдүүлгийн тэмдэглэлийг зохиож, хохирогчийн гарын үсгийг дуурайлган зурсан нь тогтоогдсон гэж үзэж байгаа бөгөөд бүхий л үед энэ нөхцөл байдлыг дурдаж явдаг юм байна лээ. Харин анхан шатны шүүх мэдүүлгийн тэмдэглэлийг зохиож, хохирогчийн гарын үсгийг дуурайлган зурсан гэдэг энэ өгүүлбэрийнх нь эсрэг шийдсэн байдаг. Тэгэхдээ энэ нотлох баримтыг хуурамч гэдгийг Э.А мэдсээр байж прокурор, шүүхэд гаргаж өгсөн байна гэж шийдвэрлэсэн. Эндээс харахад шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Нөгөө талаар энэ хэргийн үйл явдлыг эргэлзээгүй байдлаар нотолж чадаагүй. Энэ хэргийг буцаагаад шалгахад өөр нотлох баримт гарч ирэхгүй гэж харагдаж байна. Тиймээс шүүгдэгчид ашигтай байдлыг  харж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн үндэслэлээр Э.Ат холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг шүүх хуралдаанд гаргаж байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Э.Аын хувьд ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй бөгөөд үйлдэл холбогдол байхгүй байна гэсэн үндэслэлтэй явж байгаа гэдгээ би өмнө нь хэлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Мөн яллах дүгнэлтийн хүрээнд хэрэг шийдэгдсэнгүй гэдгийг хэлмээр байна. Хэн зурсныг тогтоох шаардлагагүй гэж  шүүх, прокурорын зүгээс үздэг юм байна. Өөр хүн гэмт хэрэг үйлдсэн бол дараагийн хүн нь хариуцна гэсэн ойлголт байж болохгүй. Э.Аыг зурсан гэдгийг үнэхээр нотолж чадахгүй бол түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоос өөр арга байхгүй. Тэрнээс биш хэнийг ч шалгаж тогтоох шаардлагагүй гээд Э.А хэргийг шалгаж байсан юм чинь хариуцлагыг хүлээх ёстой гэсэн байр сууринаас шүүх шийдвэр гаргалаа. Э.Аын гаргаад байгаа хэргийг нэг талаас нь харж шийдвэрлэлээ гээд байгаа гомдол нь үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй бөгөөд Э.Аын холбогдох үйлдэл байхгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгуулах гэсэн байр суурьтай саналаа гаргаж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Г.Э нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгасан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй,  мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил гаргаагүй байна.

 

Архангай аймгийн Прокурорын газар шүүгдэгч Э.Аыг Архангай аймгийн Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа эрүүгийн 181200423 дугаартай хэрэгт 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр С.Оийг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан мэт хуурамч тогтоол үйлдэж, мэдүүлгийн тэмдэглэлийг зохиож, хохирогчийн гарын үсгийг дуурайлган зурж, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж,  яллах дүгнэлт үйлдэн, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хэлэлцэж, шийдвэрлэсэн нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцэж байгаа ч шүүгдэгч Э.Аыг хууль сахиулагч хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага  хүлээлгэсэн нь үндэслэлгүй болжээ.

Шүүгдэгч Э.А нь Архангай аймаг дахь цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа 2018 оны 08 сарын 02-ны өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн, Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг Ихзам хороололд байрлах “Тамир” хүнсний дэлгүүрт 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хулгай орж, эд зүйл алдагдсан гэх хэрэгт 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэн С.Оийг хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 6/ үйлдэн, 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хохирогчоос  мэдүүлэг авсан /1-р хх-ийн 7-8/ байх ба Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогч С.О 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөөгүй, миний гарын үсэг биш, мөрдөгч Э.Ат би мэдүүлэг өгөөгүй гэж мэдүүлсний дагуу /1-хх-ийн25/ Авлигатай тэмцэх газраас 2020 оны 02 сарын 13-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Э.Ат холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.О 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “...1812004230327 дугаартай хэрэгт хохирогчоор мэдүүлэг өгсөн. Би яг он, сар, өдрийг санахгүй байна. Хамгийн эхлээд Э.А Улаанбаатар хотод өөрөө манай ажил дээр ирж надаас хохирогчоор мэдүүлэг авсан. Дараа нь Архангай аймгийн цагдаагаас хэнийг нь санахгүй байна, нэг байцаагч яриад Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс дээр очиж мэдүүлэг өг гээд би Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр очиж нэг байцаагчид мэдүүлэг өгсөн...Тэрнээс хойш Данзаншарав гэдэг мөрдөгч Улаанбаатар хотод 2-3 удаа ирж надтай уулзаж мэдүүлэг авсан... Э.А манай ажлын байранд ирж мэдүүлэг авахдаа манай компьютер, хэвлэх төхөөрөмжийг ашигласан зүйл байхгүй. Өөрөө зөөврийн компьютертой ирж мэдүүлэг авсан. Ямар хэвлэх төхөөрөмжөөр хэвлэснийг нь санахгүй байна...” гэж /1-р хх-ийн 119-120/, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “...Би яг сар, өдрийг нь санахгүй байна. Гэхдээ 2018 оны 12 дугаар сарын орчимд Э.А нь манай ажил дээр буюу Улаанбаатар хотод Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Метро бизнес төвийн 8 давхарт 801 тоот манай өрөөнд ирж надтай уулзаж Цэнхэр суманд манай дэлгүүрт хулгай орсон асуудлаар уулзаж тодруулсан нь үнэн боловч мэдүүлэг авч түүнийгээ хэвлэж надад танилцуулан гарын үсэг зуруулж аваагүй...2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хохирогчоор тогтоох тогтоол дээрх гарын үсэг миний гарын үсэг биш байна. Мөн 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл дээрх гарын үсэг миний гарын үсэг биш...” гэж 2-/2- хх-ийн 44-45/, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “...Э.Аын хувьд Улаанбаатар хотод ирж надтай хэргийн талаар нэг л удаа уулзсан...Уг уулзалтаар Э..А надаас Архангайн цагдаад миний гомдлын дагуу шалгагдаж байсан хэргийн талаар асууж тодруулсан. Би Э.Ат хэргийн бодит байдлын талаар мэдэх бүх зүйлээ ярьсан. Э.Аын хувьд надад мэдүүлгийн тэмдэглэл уншуулаагүй, ямар нэгэн цаасан дээр гарын үсэг зуруулаагүй...Түүнийг нөүтбүүктэй байсан уу, үгүй юу гэдгийг санахгүй байна. Ямар ч байсан би түүнд хэргийн талаар ярьсан бөгөөд Э.А миний ярьсныг нөүтбүүкт тэмдэглэж авсан уу, дэвтэр, цаасан дээр тэмдэглэж авсан уу гэдгийг санахгүй байна...Хар өнгийн гар цүнх барьсан байсныг санаж байна. Зөөврийн компьютер одоо ёстой санаанд орохгүй байна...” гэж /3-р хх-ийн 76-77/ тус тус мэдүүлжээ.

Хэрэгт авагдсан гэрч С.Оийн  3 удаагийн мэдүүлэг зөрүүтэй  ч 2018 оны 12 сард Э.Аыг Улаанбаатар хотод ажлын байранд нь ирж уулзсан, түүнд хэргийн талаар ярьсан талаар мэдүүлсэн мэдүүлэг нь зөрүүгүй, шүүгдэгч Э.А 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд Улаанбаатар хотод албан томилолтоор ажилласан болох нь Архангай аймаг дахь Цагдаагийн газрын цагийн бүртгэл /3-р хх-ийн 81-82/, Хоногийн нэгдсэн рапорт /3-р хх-ийн 84—94/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Мөрдөгч 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Э.Аын хэрэглэж байсан Асер маркийн зөөврийн компьютерт үзлэг хийж, тэмдэглэл үйлдэж, үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлжээ.

Үзлэгээр компьютерт хадгалагдсан хохирогч нэртэй файл руу ороход 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр С.Оийг хохирогчоор тогтоосон тогтоол, хохирогчийн мэдүүлэг гэсэн нэртэй файл руу ороход 2018 оны  10 дугаар сарын 20-ны өдөр хохирогч С.Оээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл илэрсэн ба уг файлуудын гарчиг дээр 2018.12.19 гэх тэмдэглэл байсан талаар үзлэгийн тэмдэглэлд тусгаж, гэрэл зургийг хавсаргасан байна.  /1-р хх-ийн 217-238/

Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор  “Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, цагдаагийн ахмад Э.А нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр С.Оийг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан нь үндэслэлгүй шийдвэр болсон” гэсэн үндэслэлээр Мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Аын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хохирогчоор тогтоох тухай тогтоол болон хохирогчоос авсан мэдүүлгийг хүчингүй болгожээ.

Үүний дараа буюу 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр мөрдөгч Б.Д хохирогч С.Оээс мэдүүлэг авсан байна.

 Нэгэнт Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг Ихзам хороололд байрлах “Тамир” хүнсний дэлгүүрт 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хулгай орж, эд зүйл алдагдсан гэх хэрэгт мөрдөгч Э.А мөрдөн шалгах ажиллагаа явуулж, С.Оийг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан ажиллагааг  үндэслэлгүй шийдвэр болсон гэж прокурор 2019 оны 08 дугаар сарын 01-нд хүчингүй болгосон тул эдгээр нотлох баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй, нотлох баримтаар тооцохгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

Шүүх аливаа нотлох баримтын  ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийг эрх зүйн ухамсарт тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоох шаардлагатай бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтууд нь ямар нэгэн эргэлзээ үүсгээгүй, зөрүүгүй, үйл баримтыг бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шалгахад шүүгдэгч Э.Аыг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхэд эргэлзээ үүсэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Э.А-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2012001240124 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Т.ДАВААСҮРЭН

 

            ШҮҮГЧИД                                           В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                                                                     Л.НЯМДОРЖ