| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2017/0085/э |
| Дугаар | 86 |
| Огноо | 2017-12-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 86
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бүрэнтогтох,
Улсын яллагч Д.Ариунжаргал,
Хохирогч Д.М ,
Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Х-д холбогдох 17160006600046 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, ....... сумын ......... багийн 30-6 тоотод оршин суудаг, 1986 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, ............. ХХК-д ерөнхий инженер ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Нийтийн ахуй үйлчилгээний тэргүүний ажилтан, эрчим хүчний тэргүүний ажилтан шагналтай, ял шийтгэлгүй, ДЮ86022510 регистрийн дугаартай, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, хувьдаа банкны ипотекын зээлээр авсан байр, Тоёота Ланд 100 маркын машин, 0.7 га блокон хашаа, мустанг 150 мотоцикльтой, Алаг адуу овогт Б-ын Х гэв.
Холбогдсон хэргийн талаар: Б.Х нь 2017 оны 09 сарын 16-ны өглөө Өнцөг гэх газар Д.М-ыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Б.Х нь 2017 оны 09 сарын 16-ны өглөө Өнцөг гэх газар Д.М-ыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Б.Х-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Мэдүүлэг өгөх шаардлагагүй байх...Манай эхнэр М бид хоёр аймаг дээр байж байгаад малдаа тэмдэг хийх гэж Өнцөг гэх газар байсан хадам ээжийндээ очсон. Очоод удаагүй байхад мотоцикльтэй Д.М гуай ирээд хөөсөн. Бидний буусан байсан газар бол олон нийтийн эзэмшлийн газар. Д.М гуай өгсөн мэдүүлэгтэй намайг цохиж унагасан, хойноос нь гүйж очиж барьж аваад өшиглөсөн байдлаар мэдүүлгийг худлаа өгсөн. Тэнд манай хадам ээж, А.Мө гэдэг хүн байсан. Манай эхнэр байсан бүгд гэрчтэй, намайг бол гүтгэж байгаа. Би аав шигээ хүнийг цохиж барья гэж бодоогүй, түрүүлээд мотоциклио түлхэж унагаагаад миний зүүн талын шанаа цохиж, хавсарч унагаасан, босохын хооронд боосон...Яг хотны хажууд ирж зогссон. Хотон дотор ээж ямаагаа сааж байсан. Хажууд нь манай эхнэр М байсан. А.Мө гэдэг хүн энэ хүнтэй ойролцоо насны, биеэр жижигхэн, хөгшин хүн байгаа. Ирж зогсоод хэл амаар доромжилж байхдаа мөнгөндөө тааруулж зодоорой гэж хэлсэн учраас би цохилцож, зодолдох талаар бодоогүй... Намайг цохиж унагаад боосон. Мө гэдэг хүн дундуур орж салгаад босоод ирэхэд заамдаад авсан. Тэгэхлээр нь дахиж цохих гэж байна гэж айгаад дээлнээс нь барьж байгаад өмнөөс нь 2 удаа түлхсэн. Тэр үед зүүн талын жавжнаас нь цус гарчихсан байсан. Яг юунаас болж цус гарсныг мэдэхгүй байна... Та бүхнээс уучлалт гуйж байна. Уучлаарай... Дахин ийм зөрчил дутагдал гаргахгүй. Тухайн үед болсон асуудалд та бүхнээс дахин уучлалт гуйж байна. Шийтгэлийг хуулийн дагуу хөнгөлттэйгээр оногдуулж өгнө үү...Дахин ийм хэрэгт холбогдохгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...1992 онд батлагдсан Үндсэн хууль нийгмийн амьдралыг зохицуулж чадахгүй байгаатай холбоотой. Энэ миний 3 дахь хүүхэдтэй чацуу 1988 оны хүн. Би яагаад нэхэл дагуул болоод яваад байна гэхлээр 40-өөд жил нийгмийн бөөс цэвэрлэх ажил хийсэн. Төрийн дээд шагнал болон бусад бүх шагналыг авсан. Намайг дэмждэг дээр, дооргүй хүрээлэлтэй хүн. Энэ хүн бол дээд боловсролтой сайхан залуу байгаа. Энэ хүнтэй ингээд явж баймааргүй байсан байхгүй юу. Яагаад ийм өргөдөл гаргасан юм бэ? цагдаа, шүүхэд хандах болсон юм бэ? гэхлээр ийм асуудлыг энэ нийгэмд шийдвэрлэх асуудал зөндөө байна. Би мууг нь үзэх гээгүй, энэ хүн ухамсар муу байна. Дээд боловсролтой, ерөнхий инженер хийж байсан хүн. Яам засгийнхаа шагналыг авч байсан, тэргүүний хүн байж таараа. Ухамсар муу байна, би хэлсэн чамайг ална шүү гэж. Чи миний хүү шиг хүн хоёулаа танилцъя гээд гар барьсан. Чам шиг юмтай би танилцдаггүй, хууль надад үйлчилдэггүй гэж хэлсэн. ..Б.Х-ийн хэлдэг үнэн, яг манай өвөлжөө нь дээр ирээд буучихаагүй, олон нийтийн эзэмшлийн газар байгаа. Үндсэн хуульд хүртэл заагаад өгчихсөн байгаа, бэлчээр олон нийтийн өмч гээд. Монгол улсын иргэн оршин суух газраа өөрөө сонгоно. Тэгсэн мөртлөө Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний нэгжийн удирдлагын тухай хуульд иргэдийн Төлөөлөгчдийн хуралд эрхийн өгчихсөн. Эрхийн өгөхдөө Засгийн газар нь хүчирхээ байсан. ...Би энэ залууг заамдаж аваад цохих уу? би хөгжлийн бэрхшээлтэй хүн. Би тэтгэвэрт орохоосоо 1 жил гаруй хугацааны өмнө группт орсон. Би удам судраа ярих юм бол аймгийн арслангаар ч тогтоохооргүй, барилдахаар ийм удамтай, судартай хүн. Би тахир хүн хэдий ч үүргээ гүйцэтгээд явдаг хүн. Булчин хатчихсан байгаа.... Би энэ хүнийг боомилоод, цохиж унагаагаад, дэгээдэх тийм хүн биш. Тийм ч хүмүүжилтэй хүн биш. Тэгэхлээр би чамд зөвлөе миний хүү, чи миний хүүгээс ялгаа байхгүй. Намайг гөрдөлөө барилаа гэж битгий тийм юм ярь. Хууль чинь нүдтэй, төр чинь нүдтэй байдаг юм. Эхнэр чинь байсан юм байж, хадам ээж чинь байсан юм байж, Мө байж байсан. Тэд нар мэднэ, миний хүү тэгж болохгүй би чамд анхнаас нь хэлсэн шүү дээ. Монголд хууль цааз гэж юм байдаг юм шүү. Төр самуурчихаад байгаа боловч чи бид хоёрын асуудлыг шийдэх хууль байгаа. Хууль цааз байгаа шүү чи мөнгөндөө тааруулаад зодчих гэж хэлсэн. Чи үнэн шүү дээ үнэн хэлж байгаа. Чиний нөгөө тэр миний өвөлжөөнд буугаагүй, нийтийн эзэмшлийн газар гэж хэлдэг чинь үнэн. Чамайг 500 нэгжээр торгоно гэдгийг би зөвшөөрч байна. Би чамаас 1.500.000 төгрөг нэхсэн байсан. Би өнөөдөр 1.500.000 төгрөгөөр баяжихгүй, баяжихаас өнгөрсөн. Чи 1.500.000 төгрөгөөр хоосрохгүй. Чи бол бас чадалтай залуу. Чи бол залуу хүн учраас нар зөвхөн мандаж байна, ах нь хариугүй жаргах төхөөд явж байна. Үүнээс хойш ухамсартай байж, хүмүүжилтэй ханд. Жинхэнэ монгол хүн ингэж хандахгүй дээ.... Бүх хохиролдоо нэхэмжилж байгаа. Би одоо эрүүл мэндээрээ хохирч байна. Дээд шүд байхгүй. Хоол боловсруулахаа байчихдаг юм байна. Ходоод өвдөөд нойр хүрэхээ байж байна. Та нар бол одоо миний хүүхдүүд шиг хүмүүс байна. Би бол одоо жаргачихсан хүн шүү дээ... Би 2 сар гаруй хугацаанд таксинд яваж чадаагүй. Тэгэхлээр өдөрт мотоциклиор таксинд явахдаа өдөрт дундажаар 20.000 төгрөг олдог. Надад бас ачааны Бонго машин байна. Үүгээрээ бас таксинд явдаг. Гэхдээ Бонго машинаар таксинд явснаас мотоцикль нь дулааны улиралд арай дээр байдаг. Хохирол бол их гарч байгаа би бол шунаагүй, шунахгүй. Шүүх эмнэлгийн магадлагаараа орохдоо мөнгө төлсөн. Шүдний эмчид үзүүлэхэд мөнгө төлсөн. Жишээлбэл: Тэр өшиглөлтөөс болоод хамгийн доод талын араа доргиод, нас ахихлаар шүд суначихдаг юм байна. Алт-т үзүүлсэн. Эрүүл мэнд болон хууль зүйн сайдын хамтарсан тогтоол хүртэл байдаг юм билээ. Хамгийн наад зах нь ганц шүдийг гэхэд л 15.000 төгрөгөөр авхуулсан гэхдээ авхуулсан шүд унасан 3 шүд дотор орохгүй байгаа шүү. Би эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй яахав дээ 1.500.000 төгрөг гэхэд болно гэж үзэж байгаа...”гэх мэдүүлэг,
Хохирогч Д.М-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 08 сарын эхээр Өнцөг гэх газар байх манай өвөлжөөний бэлчээрт айлууд буусан юм. Тэднийг бэлчээрээс нүү гэсэн шаардлага тавьсан. Айлууд нүүгээд нэг айл нүүхгүй үлдсэн. Сар хагас болоод би 2017 оны 09 сарын 16-ны өглөө тэр айлд очиж Х гэдэг залуутай уулзаад одоо та нар нүүх болоогүй юу. 10 гаруй хоноод нүүнэ гэж эхлээд хэлсэн шүү дээ гэтэл нүүлгүй сар хагас боллоо. Гэтэл тэр залуу чиний толгойтой үснээс зулгаагүй чи зайл чамайг ална шүү гэсэн. Би хууль гэж юм байдаг гэхэд тэр залуу надад хууль үйлчилдэггүй юм яваад сурагла гээд намайг мотоциклиос буугаагүй сууж байхад цохиж унагаасан. Би босоод зугтаатал Х хойноос хөөж барьж авахад хотон дотор байсан Мө гэдэг хүн нь ирж нийлж намайг газарт унагаагаад цээж, эрүү, шанаа руу Х нь 3 удаа өшиглөсөн. Тэгээд би мотоциклио асааж унаад зугтааж ирээд цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг/хх 26-27-рт/,
Гэрч Б.Ч-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би 2017 оны 09 сарын 16-ны өдөр жижүүртэй байхдаа 14 цагт уг хүнийг үзжээ. Үзлэгээр толгой дүүрнэ гэсэн зовиуртай 2 хүнд зодуулсан гэсэн амнаас цус гоожсон. Үүдэн 2 хиймэл шүд унасан. Бусад үүдэн шүднээс цус гоожсон байсан. Дээд буйлнаас цус гарсан. Артерийн даралт 160/100, 150/100 байсан. Зүрхний авиа тод жигд, уушиг ширүүн амьсгаатай. Зүүн хацрын хэсэг хавдсан байсан. Тэр хүнийг би үзээд хувийн эмнэлэг рүү орж үзүүлэхийг би зөвлөсөн...” гэх мэдүүлэг/хх 34-рт/,
Гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “... 2017 оны 09 сарын 16-ны өдөр Д.М аймгийн төвөөс өвөлжөөний хөр гаргана гээд хөдөө явсан. 10 цагийн үед байх над руу утасдаад хүнд зодуулчихлаа цагдаа дээр хүрээд ир гэсэн. Би цагдаа дээр иртэл Мягмаржавын ам цус болчихсон уруул нь цуурчихсан. Шүднүүд нь уначихсан, даралт нь ихэссэн байсан. Мөн зүүн хацар нь хавдаж хөхөрсөн байсан. Тэгээд цагдаагийнхан морины хамгаалалтанд явсан байсан бөгөөд уулзах мөрдөн байцаагчийг хүлээж байгаад эмнэлэг дээр очиж, Чимэдлхам, Цэцэгдэлгэр эмч нарт үзүүлсэн...” гэх мэдүүлэг/хх 35-рт/,
Гэрч Я.Ц-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “... Би 2017 оны 09 сарын 16-ны өдөр М гуай хүнд зодуулсан гээд амнаас нь цус гоожчихсон орж ирсэн. Тухайн үед М-ын аль аль шүд унасныг санахгүй байна. Карт бичиж тэмдэглэснийг үзэхэд дээд эрүүний 11,21-р шүд буюу үүдэн хоёр шүд унасан байсан. Үндсэн шүд унасан гэж бичсэн байна...” гэх мэдүүлэг/хх 36-рт/,
Гэрч Г.Б-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Өөрийн шүднүүд унасан байсан. Дээд үүдэн 2 шүд буюу 11, 21 дүгээр шүд, төвийн үүдэн 2 шүдний баруун талын шүд буюу 12-р үүдэн шүд булгарсан байсан...” гэх мэдүүлэг/хх 38-рт/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Алт-ын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №279 дугаартай: “...1.Д.М-ын биед 11, 12, 21-р шүдний бүрэн булгарал, 35-р шүдний ганхалт, доод уруулд зулгаралт, зүүн завьжны салстанд шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 52.2-д зааснаар хөдөлмөрийн чадварт 10 хувь нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт/хх 44-45-рт/,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч П.Баз-гийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 201720213 дугаартай “...1.Д.М-ын биед дээд эрүүний баруун 1, 2-р шүд, дээд эрүүний зүүн 1-р шүлний бүрэн булгарал,/11, 12, 21-р шүд/, доод эрүүний зүүн 5-р шүдний 3-р зэргийн хөдлөлт/35-р шүд/, доод уруулын зулгаралт, зүүн завьжны салстанд шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно.
3.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд 10%-р нөлөөлнө.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоох хүснэгтийн 52.2-д зааснаар хөдөлмөрийн чадварт 10% нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Нэг болон хоёр шүд унахад гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй.
6. Шинжээч эмч Т.Алт-ын дүгнэлт үндэслэлтэй байна.
7. Доод эрүүний зүүн 5-р шүд буюу 35-р шүд нь хуучин суларсан холбоосны архаг үрэвсэлтэй байсан байна...” гэх дүгнэлт/хх 55-56-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч, хохирогчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-8-рт/, хохирогч Д.М-ын мэдүүлэг/хх-26-27-рт/, хохирогч Д.М-ын 2 дахь удаагаа өгсөн мэдүүлэг/хх-28-29-рт/, гэрч Ч-ын өгсөн мэдүүлэг/хх-34-рт/, гэрч Г-ын өгсөн мэдүүлэг/хх-35-рт/, гэрч Я.Ц-ийн мэдүүлэг/хх-36-рт/, гэрч Б.Г-ийн мэдүүлэг/хх-37-рт/, гэрч Б.Б-ын мэдүүлэг/хх-38-рт/, шинжээчийн дүгнэлт/хх-44-45-рт/, шинжээч эмч Алт-ын мэдүүлэг/хх-46-47-рт/, шинжээчийн дүгнэлт/хх 55-56-рт/, шинжээчийн дүгнэлт/хх 57-58-рт/ зэрэг нотлох баримтуудыг,
Хохирогч Д.М-ын хүсэлтээр: Шүүгдэгч Б.Х-ийн мэдүүлэг, гэрч А.Мө нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Харин шүүгдэгч Б.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулах нотлох баримт “...байхгүй...” гэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Б.Х-ийг сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Б.Х нь шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчоос “уучлалт гуйсан”, хохирогчид учирсан хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүхээс шүүгдэгч Б.Х-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Д.М нь шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1500000 төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэсэгт ямар ч баримт байхгүй байх тул шүүх нотлох баримтаар бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Х-ийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, мөн хохирогчийн зүй бус харилцааны хандлага нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч Б.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчоос “уучлалт гуйсан”, мөн прокурор 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 57 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, Б.Х-ийг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.
Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч Б.Х нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан/хх 102-рт/ байх тул шүүхээс прокурорын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ийг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Х нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогч нь 1.500.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт нотлох баримтаа гаргаж ирүүлээгүй, шүүгдэгчээс гаргуулах гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Алаг адуу овогт Б-ын Х-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ийг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Х-д оногдуулсан таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч Д.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, ялтнаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА