Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2022/ДШМ/804

 

Н.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энхжаргал,

шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/529 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Н.Б-д холбогдох 2203 00220 0269 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн Н-ийн Б, 1970 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” харуул хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 8, эхнэр, 5 хүүхэд, 1 зээгийн хамт Баянхонгор аймгийн ... сумын ... дүгээр баг, ...-д оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Н.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 17 цаг 00 минутын үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, “МТ” шатахуун түгээх газрын баруун талын авто угаалгын газрын хашаан доторх замд “Toyota Corolla” загварын 00-00 УУУ улсын дугаартай автомашиныг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.”Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 10.14. “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “Toyota Harrier” загварын 00-00 УУУ улсын дугаартай автомашины урд зогсож байсан явган зорчигч А.А-ыг “Toyota Harrier” загварын 00-00 УУУ улсын дугаартай автомашинтай хавсран мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, “Toyota Harrier” загварын 00-00 УУУ улсын дугаартай автомашины эзэмшигч Ү.Ж-д нийт 215.000 төгрөгийн хохирол учруулсан буюу авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн Прокурорын газар: Н.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М овгийн Н-ийн Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолохоор, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-өөс 459.176 төгрөг гаргуулж хохирогч А.А-д олгохоор, хохирогч А.А цаашид гарах эмчилгээтэй холбогдох болон холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Н.Б-өөс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудлаар маргаагүй, үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Иргэний нэхэмжлэгч Ү.Ж-д учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Хохирогч Т.А-д учруулсан хохирлоо хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг өөрчлөн хөнгөрүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Н.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хор уршиг, хохирогчид учирсан хохирол гэм хорыг арилгаагүй зэрэг нөхцөл байдалд нь тохирсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Н.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 17 цаг 00 минутын орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, “МТ” шатахуун түгээх газрын баруун талын авто угаалгын газрын хашаан доторх замд өөрийн эзэмшлийн “Toyota Corolla” загварын 00-00 УУУ улсын дугаартай автомашинаар ухрах хөдөлгөөн хийх явцдаа “Toyota Harrier” загварын 00-00 УУУ улсын дугаартай автомашины урд зогсож байсан явган зорчигч А.А-ыг уг автомашинтай хавсран мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, Ү.Ж-ийн эзэмшлийн “Toyota Harrier” загварын 00-00 УУУ улсын дугаартай автомашинд 215.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч А.А-ын: “...Машины копутыг нь сөхөөд тосыг нь шалгах гээд зогсож байтал миний араас юу нь мэдэгдэхгүй нэг зүйл зүүн хөлийн ард талаас их хүчтэй цохихоор нь би цочоод хартал 00-00 УУУ дугаартай машин ухарч байгаад мөргөчихсөн наалдаад зогсож байсан. Тэгээд би тухайн үед орилоод, хөлөө сугалж аваад газар хэвтэж байтал ойр хавийн хүмүүс ирээд нөгөө жолоочийн хаалгыг онгойлгоод “Энэ хүн согтуу байна шүү дээ” гээд зугтчихна түлхүүрийг нь сугалж аваад нэг нь хараад зогсож байсан. ...” /хх 16/,

иргэний нэхэмжлэгч Ү.Ж-ийн: “...А.А машины тос шалгаад машины урд талын копутыг онгойлгоод тосны шүүрийг татаад зогсож байтал гэнэт нэг машин ухарч ирээд манай найз А.А-ыг миний машинтай хавсарч мөргөсөн. Тухайн үед би машиныхаа дотор талд сууж байсан. Гэнэт чанга дуу чимээгээр гараад иртэл манай найз А.А газар хэвтчихсэн өвдгөө бариад хэвтэж байсан. Тэгээд урд талын машины жолооч дээр очтол их согтолттой өөрийн гэсэн ухаангүй, жолооны ард талд ганцаараа сууж байсан. ...Би эвдрэлийн үнэлгээ хийлгэхэд 215.000 төгрөгөөр үнэлсэн. Мөн үнэлгээ хийлгэхэд 30.000 төгрөгийн зардал гарсан. ...” /хх 29/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч А.А-ын эрүүл мэндэд тойгны дотор холбоосын урагдал, өвдөгний эргэн тойрон булчингийн урагдал, зүүн өвдөг, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 6291 дугаартай дүгнэлт /хх 70-72/,

ослын улмаас иргэний нэхэмжлэгч Ү.Ж-ийн эзэмшлийн 00-00 УУУ улсын дугаартай “Toyota Harrier” загварын тээврийн хэрэгсэлд 215.000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон “Хас Үнэлгээ" ХХК-ийн дүгнэлт /хх 78-79/,

Автотээврийн Үндэсний төвийн ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт /хх 86-92/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-11/, шүүгдэгч Н.Б-ийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 2.81% тоон үзүүлэлт илэрсэн тухай тэмдэглэл /хх 12/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Хохирогч А.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шүүгдэгч Н.Б-ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа жолоодон ухрах хөдөлгөөн хийхдээ түүнийг мөргөсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б-ийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад зааснаар тус тус зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Түүнчлэн, шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр замын хөдөлгөөнд оролцсон, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан зэргийг харгалзан дээрх зүйл хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон, шударга ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэгийн гаргасан “хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/529 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/529 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 48 /дөчин найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ