Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 1099

 

 

 

 

 

 

 

 

 

“Э” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/00703 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Э” СӨХ-ны хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 25 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Э” СӨХ нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Энхтайваны гүүрний баруун талд байрладаг бөгөөд авто замын ард тус хотхоны айлуудын цэвэр, бохир ус, дулаанд холбогдсон үл хөдлөхийн гэрчилгээтэй 80 авто машины гарааш байдаг. Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Дунд голын гудамж 47 хаягт “Х” ХХК нь Энхтайван хороолол нэртэй 23 давхар 2 блок орон сууц, автомашины 3 давхар гараашийн барилга угсралтын ажил гүйцэтгэх явцдаа гараашийн барилга доор орсон Эрэл хотхоны оршин суугчдын 80 авто машины гараашийн байнгын хэрэглээтэй бохирын усны шугамын хоолойн төгсгөлийн худгийг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр шууд дарж бөглөсөн. Энэ талаар уг барилгыг ашиглалтад орохоос өмнө 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн засаг дарга Нийслэлийн Хот төлөвлөлт Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт албан бичгээр мэдэгдэж арга хэмжээ авахыг хүссэн боловч бидний хүсэлтийг үл хайхран 2018 оны 1 дүгээр сард улсын комисс хүлээн авсан. Үүнээс хойш бид дээрх холбогдох газруудад 8 удаа албан бичиг өгсөн. Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар “Х” ХХК-ийн удирдлагатай уулзсан зохих ажлыг хийж өгнө, хохиролгүй болгож өгнө гэсэн хариу өгдөг боловч асуудал шийдэгдэхгүй 2 жил болж байна. “Х” ХХК-ийн удирдлагуудтай холбогдож уулзаж шаардахад эхний жил инженерээ явуулж шийдэл гаргаж байна санхүүжилтийг шийднэ, дарга амраад явсан байна гэх мэтчилэн шалтаг тоочдог байсан бол сүүлдээ бид барилгаа хүлээлгэж өгсөн учир хийх боломжгүй гэсэн хариултыг хэлдэг. “Х” ХХК нь уг шугамыг засварлаж хэвийн болгож өгөхгүй байх ба шугамыг хэвийн ажиллагаатай болгох шаардлагатай, уг шугамыг засварлахад 25 000 000 төгрөгийн зардлын тооцоо гарсан тул гэм хорын хохиролд 25 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Х” ХХК нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хэдий ч Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Дунд голын гудамж 47 хаягт Энхтайван хороолол нэртэй 23 давхар 2 блок орон сууц, автомашины 3 давхар гараашийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгээгүй, мөн нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсан үйл баримт нь манай компанийн үйл ажиллагаатай огт хамааралгүй. “Х” ХХК нь “Э” СӨХ-ны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулаагүй учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х” ХХК-аас гэм хорын хохиролд 25 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Э” СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 282 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, Ц.Г нар давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Уг тохижилтын ажлыг “Х” ХХК дутуу хагас хийсэн бөгөөд уг ажлын гэрээг “Э” СӨХ гишүүд гараашийнхаа бохирын шугамыг бүрэн хийлгэж авахын тулд аргагүй эрхэнд зөвшөөрсөн болно. Энхтайван хотхон А зөвшөөрөл ерөнхий төлөвлөгөөг нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Улсын мэргэжлийн хяналтын газраар анх батлуулахдаа “Х” ХХК-ийн нэрээр батлуулсан нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан бичигт тодорхой дурдсан байна. Яагаад уг хотхоныг улсын комисст хүлээлгэж өгөхдөө “ХИ” ХХК-ийн нэрээр хүлээлгэж өгсөн юм вэ, гэх асуултыг асуухад “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “ХИ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийг мэдэхгүй, Энхтайван хотхоны барилга угсралтын хөрөнгө оруулагчийг мэдэхгүй, цэвэр усны ф-300 мм-ийн шугамыг замын зүүн талд байх Цэнгэлдэх хорооллын шугам учир “Х” ХХК “Э” СӨХ-той гэрээ байгуулсан гэж илт худал мэдүүлсэн бөгөөд энэхүү худал мэдээлэл нь дараах баримтаар нотлогддог.

Хурд групп ХХК эзэмшигч УИХ гишүүн Б.Чойжилсүрэнгийн 2019 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг интернет орчинд хайж үзэхэд “ХИ” ХХК 100 хувь эзэмшигч нь УИХ гишүүн Хурд группийн ерөнхийлөгч Б.Чойжилсүрэн гэдэг нь нотлогдож байна.

Цэвэр усны ф-300 мм ийн магистриаль шугам Энхтайван хотхоны 3 давхар авто зогсоолын барилгын талбайд орсныг “Э” СӨХ-ийн эзэмшил газарт шилжүүлсэн нь 2014 оны Нийслэлийн мэдээллийн сангийн зургаас харахад тодорхой байна. Гэтэл анхан шатны шүүх дээрх үндэслэлд хуулийн дагуу дүгнэлт хийгээгүй.

“Эрэл-3 СӨХ харьяа авто гараашийн барилгын ариутгах татуургын гадна шугам, үзлэгийн худгийг дарж гэмтээсэн ба шугам сүлжээг сэргээн засварлахад 25 000 000 төгрөгийн хохирол учирсан болох нь нотлогдоогүй гэж анх шатны шүүх үзжээ.

Уг тооцоог бид мэргэжлийн эрх бүхий мэргэшсэн төсөвчингээр тооцоо хийлгүүлж гаргасан бөгөөд төсвийг хавсаргаагүй нь бидний хууль зүйн мэдлэг дутмагаас болж алдаа гаргасан, бид мэргэжлийн эрх бүхий төсөвчингөөр төсөв хийлгүүлээд авчрах боломжтой гэж шүүх хурлын үеэр удаа дараа хэлсэн болно.

“Х” ХХК-ийн охин компани “ХИ” ХХК хувьцаа эзэмшигчийг Монгол Улсын бүртгэлийн ерөнхий газраас лавлагаа авах эрх эзэмшигч, шүүх хоёрт нээлттэй бөгөөд уг лавлагааг иргэний анхан шатны шүүх иргэний хэргийн шүүх хурлаа хойшлуулж лавлагааг авах боломж бидэнд олгоогүй болно. Мөн 25 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг бид Монгол Улсад өнөөдөр мөрдөгдөж байгаа барилгын норм дүрэм стандартын дагуу эрх бүхий байгууллага иргэнээр шугам хоолойн засварын ажлын төсөв хийлгэх боломжтой гэж шүүх хурал дээр удаа дараа хэлээд байхад шүүх хурлыг хойшлуулж шугам хоолойн засварын ажлын төсөв хийлгүүлж 25 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг батлах боломж бидэнд олгоогүй.

Иймд дээрх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Э” СӨХ нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 25 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нь “... барилга угсралтын ажлыг гүйцэтгээгүй, зөвхөн орон сууцыг худалдан борлуулах ажлыг гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн гэрээгээр “Э” СӨХ-ны удирдах зөвлөл, “Х” ХХК-ийн хооронд “Э” СӨХ-ны талбайд “Х” ХХК нь цэвэр усны шугамын шилжүүлэлт, холболт хийхээр харилцан тохиролцсон байна. /хх36-37/

 

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 7/3147 тоот албан бичиг, Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 05/1073 тоот албан бичгүүдээр хариуцагч “Х” ХХК нь “Э” СӨХ-ны харьяа авто гараашийн барилгын ариутгах татуургын гадна шугам, үзлэгийн худгийг дарж, шугам сүлжээг ашиглах боломжгүй болгосон зөрчил гаргасан талаар мэдэгдэж байжээ. /хх 7,8/

 

Нэхэмжлэгч “Э” СӨХ нь өөрийн харьяа авто гараашийн барилгын ариутгах татуургын гадна шугам, үзлэгийн худгийг дарж, шугам сүлжээг сэргээн засварлахад 25 000 000 төгрөгийн хөрөнгө шаардлагатай гэж хариуцагч “Х” ХХК-аас хохирол шаардсан боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна. Иймд нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж шүүх дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцнэ.

 

            Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо Энхтайван хотхоны 145 машины дулаан зогсоолтой, 10 агуулах бүхий үйлчилгээний барилга /46Г/, 41 агуулахтай 160 айлын орон сууцны барилга /2 блок 46А, 46Б/ гэх барилга байгууламжийг “ХИ” ХХК-ийн захиалгаар барьж ашиглалтад оруулсан тухай 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2016/501 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт хэрэгт баримтаар авагджээ.

             /хх 32-34/

 

            Гэвч хариуцагч “Х” ХХК нь барилгыг барих явцад “Э” СӨХ-ны шаардлагыг хүлээн авч гэрээ хийсэн, мөн эрх бүхий байгууллагаас хяналт шалгалт хийж, шаардлага хүргүүлж байсан баримтыг шүүх үнэлэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзсэнийг буруутгахгүй.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч “Э” СӨХ-ны харьяа авто гараашийн барилгын ариутгах татуургын гадна шугам, үзлэгийн худгийг дарж, шугам сүлжээг сэргээн засварлахад гарах зардал, өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/00703 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Г.ДАВААДОРЖ

 

А.ОТГОНЦЭЦЭГ