Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 138/ШШ2024/00516

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******н *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******т холбогдох

Хашааны орж, гардаг гарц үүдний хэсгийг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

            Хариуцагч Д.*******

            Хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяа

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие аав, ээж, дүү нарын хамтаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг, Хүлэмжийн 2 тоотод 22 жил тасралтгүй амьдарч байгаа билээ. Тус газар миний өмчлөлийн газар бөгөөд газраа өмчилж авсан цагаасаа хойш байнгаа амьдарч ирсэн. Хариуцагч Д.*******ийн аав, ээж миний аав ээжтэй энэ олон жил энгийн сайхан нөхөрлөж, хөршилж ирцгээсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд хөрш Алтанхуяг нь олон малтай, амьжиргаа сайн болж түүнийгээ дагаад олон ч хувийн машин тэрэгтэй болцгоосон тул хүч тэнхээ муутай бидэнд аархаж дээрэлхүү хандах болсон. Манай баруун талын айл буюу 1 тоот манай хашаатай залгаа хашаатай. Харин манай урд талд Мөнхбаатар гэх хүний битүү, урт граж байдаг. Хойд талд маань манай байшинг тулгаад Ганбаа гээд айл хашаагаа барьчихсан. Ингээд зүүн талын маань айл болох Д.*******ийнх бол хашаагүй, манай орж гардаг хаалга буюу дааман маань зуун урдаа байдаг байсан. Гэтэл хаврын их салхинд дааман маань унаад хаалга хэсэг үндсэндээ задгай болсон байсан. Уг дааман болон хаалгаараа бид бүхэн байнга орж гардаг, мөн галын болон түргэний машин, түлээ нүүрсний машин зэрэг бүгд шаардлагатай үед энэ хаалгаар орж гардаг. Манай ээж Б.Саранчимэг нь даралт ихтэй, гар хөл нь татдаг өвчтэй, шөнө орой гэлтгүй сандаргасан үед түргэн дууддаг. Гэтэл Д.******* нь портер машины кабин болон чиргүүлийг хамт авчирч манай дээрх орц гарц болох хаалганы хэсгийг минь бүхэлд нь таглаад хашаанаас минь бэхлээд байрлуулчихсан. Д.******* нь манай газар та нарт хамаагүй гээд хөдөлж өгсөнгүй. Мөн цагдаагийн газарт дуудлага өгсөн, түүний дагуу 2 цагдаа ирээд ээжтэй нь уулзаад явсан байгаа. Энэ хүнд хаалга үүдээ таглуулаад яах ч учраа олохгүй болсон учир арга буюу хууль хяналтын байгууллагад нь хандаж үнэн зөвийг нь шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд манай хашааны орж, гардаг гарц үүдний хэсгийг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манайх өөрийн өмчлөлийн 665 м.кв газрыг 2007 онд авсан ба 2004 онд өмчлөн авах хүсэлтээ гаргасан. Н.*******ынх манайхаас хойш нүүж ирсэн. Тэр үед хашаа хороо байгаагүй. Би газраа өмчилж авахаар өөрийн газраа хэмжүүлж кадастрын зургийг гаргуулаад хашаалсан. Манай  эмээ *******ын хажуу талын 1 байшинг хөлсөлж сууж байсан тул эмээгээ холуур тойруулахгүйн тулд хоорондох хашаагаа бөглөөгүй байсан. Хажуу хашаа онгорхой болохоор юм алга болох, янз бүрийн хүн нэвт дайрч орж гараад байсан урчаас *******ынхтай хиллэдэг хашаагаа битүүлсэн. Тиймээс уг газрыг чөлөөл чадахгүй гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны шатанд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1 дүгээр багийн иргэн Н.*******ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцож байна. Энэ маргаантай холбогдуулан Д.*******аас ямар нэгэн мөнгө, эд хөрөнгө нэхээгүй, хариуцагчийн газрыг шаардаагүй бөгөөд тухайн хоёр айлын хувийн харилцааны улмаас маргаан үүссэн. 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хашаа хаалгыг хааж, нүүрс түлээг нь оруулаагүй учраас дүн өвлийн хүйтэнд зутарсан асуудал гарсан. Н.******* нь дээрх маргааны улмаас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд *******тай хоёр, гурван удаа утсаар ярьсан бөгөөд Газрын албанаас гарц орцны хэсэгт хэмжилт хийж, тухайн асуудлыг шийдэх боломжтой гэж үзээд шүүхэд 2 санал гаргасан байдаг. Нэгдүгээрт: Үүдний 45 м.кв газрыг чөлөөлж, хоёр айл орц гарцын асуудал дээрээ тохиролцох боломжтой, хоёрдугаарт: Баруун тийш байрлах айлуудтай уулзаж ярилцаад орц гарцын асуудлыг шийдвэрлэх боломжтой тухай санал гаргасан. Баруун тийш байрлах айлууд хүртэл гарц орц байхгүй, баруун талаас нь хаасан байдалтай байгаа. Энэ асуудал нь нэхэмжлэгч, хариуцагч нарын асуудал гэхээс илүү Газрын албаны хариуцлагагүй, хот төлөвлөлтийн бодлогогүй, айлуудын газрыг хувьчилж өгөхдөө гарц орцны асуудлыг шийдвэрлээгүйн улмаас бий болсон маргаан. Газрын албанаас нэгэнт цэгийг тогтоож, нэгдүгээр саналд гаргаснаар шийдсэн гэсэн хариу өгсөн учраас нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Онцгойлон *******ийг буруутгах зүйл байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан “Хашааны орж, гардаг гарц үүдний хэсгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Газрын албанаас нэгэнт цэгийг тогтоож, нэгдүгээр саналд гаргаснаар шийдсэн гэсэн хариу өгсөн гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан хүсэлтийг гаргав.  

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Н.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Д.*******т холбогдуулан гаргасан “Хашааны орж, гардаг гарц үүдний хэсгийг чөлөөлүүлэх тухайнэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 138/ШЗ2023/02730 дугаар захирамжаар нэхэмжлэгч Н.******* нь улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Т.БАЙГАЛМАА