Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 332

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн,

улсын яллагч П.Энхболд,

шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Б.Нарангарав /ҮД:2-257/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овог Ц-ын Ц.С-ид холбогдох эрүүгийн 1702000960040 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 17-нд Говь-Алтай аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх Ухаан Технологийн их сургууль, Механик, Тээврийн сургуулийн 5 дугаар курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, *********** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, А овог Ц-ын С.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.С нь бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан delta-9 tetrahydrocannabinol-ийн агуулга бүхий уутны хамт 2,9 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ц.С нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан delta-9 tetrahydrocannabinol-ийн агууламж бүхий уутны хамт 2,9 грамм бодисыг биедээ авч явсан болох нь:

1. Шүүгдэгч Ц.С-ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Мэдүүлэг өгөхгүй, урьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хоногийн нөхцөл байдлын мэдээ “...ХУД-15 д/ч Д.Наранбаатар /”КН апартмент хотхоны зам дээр машины жолооч хар тамхи хэрэглэсэн байна” гэсэн мэдээллийг 07-р сарын 01-ний 07:46 цагт авч мөрдөгч а/х А.Өмиргүлийн удирдсан бүрэлдэхүүн, ЭЦАХТТГ-н ЭХЭАМ-гч х/ч Н.Ганхуяг, ЭМ-гч а/д Б.Баттулга нарын хамтаар шалгахад: ХУД-11 *********** тоотод суух Б-ийн Б /эр.21н/, ХУД-11 **************** тоотод суух Ц-ын С /эр.21н/ нарыг хар тамхи илрүүлэх тестээр шалгахад 2-р баганы МЕТ, 4-р баганы АМР, 5-р баганы ТНС тогтоож эд мөрийн баримтаар 10гр ногоон өнгийн ууттай өвс хурааж ХУД-н ЗЦХ-н зохицуулагч а/х Д.Түмэнбаяр, а/а Р.Одбаяр нар илрүүлснийг ХУДЦХ-1 шалгаж байна/ N-4790368, Е-10691828...” /хх-ийн 4/

3. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7/

4. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл “...Гялгар ууттай, уутны амсар хэсгийн зангидсан, хар ногоон өнгийн, хатсан нунтаг байдалтай ургамал...3 кадр зураг авав...Цаасан дугтуйнд хийж, хаяглан битүүмжлэв...”  /хх-ийн 8/

5. Тестэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Ц.С-ийн шээснээс авсан “Multi-Drug Screen Test Cup” гэсэн хаягтай Ц.С 2017.07.01 гэсэн бичигтэй улаан өнгийн эргэдэг тагтай тест байх ба уг тест нь тал хэсэгт нь шар өнгийн шингэн зүйлтэй байлаа. Уг тест нь хоёр талдаа /СТ/ гэсэн үсэгтэй 6 ширхэг босоо нүдтэй байх ба уг нүднүүдийн дээд хэсэг буюу /С/ гэсэн хэсэгт бүгд улаан хүрэн өнгийн хөндлөн зураас гарсан байлаа. Т хэсэгт нь эхний нүдний буюу ногоон өнгийн хэсэгт /т/ гэсэн зураас 3 дахь нүдэнд буюу цэнхэр өнгийн хэсэг /Т/ зураас, 6 дахь нүдэнд буюу хүрэн өнгийн зурааст /Т/ гэсэн зурааснууд гарсан байх ба уг тестийн доод хэсэгт NEG гэсэн хэсэгт /С, Т/ гэсэн хоёр зураас, POS гэсэн хэсэгт /С/ зураас, INV гэсэн хэсэгт ямар нэгэн зураас гараагүй байсныг тэмдэглэлд тусгав...” /хх-ийн 12-15/

6. Гэрч Р.Одбаярын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед хоёр машин мөргөлдсөн байна гэх дуудлага ирсэн, дуудлагаар яваад очиход **-** УНЕ улсын дугаартай Тоёота Кроун маркийн хар өнгийн бенз маркийн дугаарыг нь санахгүй байна автомашинтай мөргөлдсөн байсан, машин дотор жолоочийн хажууд сууж явсан залуугийн халааснаас гялгар ууттай ногоон өнгийн өвс гарч ирсэн, тэр залуу үүнийг мариухан гэж байсан...жолоочоос гадна нэг эрэгтэй хүн байсан, очих үед хоёр залуу сандарсан байдалтай машинаас бууж ирэхгүй байсан, тухайн хоёр тээврийн хэрэгслийн жолооч нар ослыг газар дээр нь тохиролцоод шийдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-19, 102-103/

                        7. Шинжээчийн №7764 тоот дүгнэлт:

                                    -Шинжилгээнд ирүүлсэн “2017.07.01 цаг 09.05 НШШГ д/ч Э.Ариунсанаа НШ201707010905081485 хэвийн ногоон ууттай өвс ХУД-ийн 15-р хороо **-** УНЕ а/машины эзэд мансуурсан байдалтай байна гэх” гэж хаягласан цаасанд боосон гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл нь тэнцэнэ.

                                    -Шинжилгээнд ирүүлсэн “2017.07.01 цаг 09.05 НШШГ д/ч Э.Ариунсанаа НШ201707010905081485 хэвийн ногоон ууттай өвс ХУД-ийн 15-р хороо **-** УНЕ а/машины эзэд мансуурсан байдалтай байна гэх” гэж хаягласан цаасанд боосон гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн.

                                    -Делта 9 тетрагидроканнабинол НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно.

                                    -Дээрх ургамал нь манай Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн нутгаар ихэвчлэн ургадаг.

                                    -Уг ургамал нь ямар төрлийн ямар нэртэй ургамал болох гэсэн асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулах боломжгүй. /хх-ийн 35-36/

             8. Эд зүйлд /эд мөрийн баримт/ үзлэг хийсэн тэмдэглэл: “...уутны хамт жинлэж үзэхэд 2,9 гр байсныг гэрэл зургаар бэхжүүлэв...” /хх-ийн 99-100/

9. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол “…Эрүүгийн 1710002240019 дугаартай хэрэгт №54 гэж дугаарласан Нэгдсэн үндэсний байгууллагын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, хар ногоон өнгийн, хатаж, үүрсэн байдалтай, уутны хамт 2,9 гр жинтэй “өвс”-г эд мөрийн баримтаар тооцсугай...” /хх-ийн 101/

10. Яллагдагч Б.Б-ий мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн тэнд Х машинаас буугаад удалгүй орж ирэхэд нэг ууттай юм бариад ирсэн юм, Х-гээс юу юм гэхэд татдаг өвс гэж хэлсэн. Би машин барьж байсан учир Х-гийн өгсөн өвсийг Ц.С аваад цамцны халаасанд хийчихсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47, 117-119/

11. Яллагдагч Ц.С-ийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Х машинд орж ирэхдээ ууттай зүйл барьж орж ирсэн, бид гурав ойрхон байрны дэргэд очоод цаасанд ороогоод татаж үзсэн...Х 19 хороололд үйлчилгээний төвийн баруун талд буюу 15 дугаар сургуулийн хажууд очоод машинаас буусан, Х машинаас буугаад бага зэрэг удсан, Х-гийн өгсөн өвснөөс нэг цаасанд ороогоод Б.Б бид хоёр татаад Х-г өгөхөөр нь халаасандаа хийчихсэн юм, Х хуруу шилэнд мөс хийгээд доороос нь шатаагаад сороод байсан, тэгээд бид хоёрт соруулсан...намайг яллагдагчаар татаж байгаа зүйл ангийг зөвшөөрч байна, Х-г өгөхөөр нь аваад халаасандаа хийгээд мартчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 114-116, 142-143/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ц.С нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70/-аар тогтоогдлоо.

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шинжээчийн №7764 дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Ц.С нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан delta-9 tetrahydrocannabinol-ийн агууламж бүхий уутны хамт 2,9 грамм бодисыг биедээ авч явсныг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч шүүгдэгч Ц.С-ийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.С-ийн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, улсын яллагчаар санал болгосон ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад шүүгдэгч шүүгдэгч Ц.С-ид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Ц.С-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, мөн шүүгдэгчийн хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал /...22 настай, Шинжлэх Ухаан Технологийн их сургууль, Механик, Тээврийн сургуулийн 5 дугаар курсын оюутан/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах /согтуурах, мансуурах/ үүрэг хүлээлгэх, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлэх хугацаа, хуваарийг нарийвчлан тогтоож, энэ хуулийн Арван есдүгээр бүлэгт заасан журмын дагуу биелэлтэд нь хяналт тавин...” гэж зааснаар шүүгдэгч Ц.С-д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэх, хязгаарлалт тогтоосон хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан уутны хамт 2,9 грамм өвсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгаад түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т зааснаар /гэмт хэргийн шинжгүй/ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүх Ц.С-ид холбогдох хэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн болохыг тэмдэглэе.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч А овог Ц-ын С-ийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1, 2.2, 3.3, 9 дэх хэсэгт зааснаар А овог Ц-ын С-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх /согтуурах, мансуурах/, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тус тус тогтоосугай.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-д шүүхээс зан үйлээ засах хүлээлгэсэн үүрэг, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.  Ц.С-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан уутны хамт 2,9 грамм өвсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг сануулсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР