Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/646

 

 

 

 

 

 

      2022          06            21                                          2022/ДШМ/646

      

    Ш.Б, Г.Б, “Х” ХХК-д тус тус

  холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Г,

яллагдагч Ш.Б, Г.Б, Х ХХК-ийн өмгөөлөгч Ц.Ц,

нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан, 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.О даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЗ/1268 дугаартай шүүгчийн захимрамжийг эс зөвшөөрч прокурор Г.Ц, Ц.Г нарын бичсэн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 51 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Ш.Б, Г.Б, Х ХХК-д холбогдох 2102 00000 0190 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

яллагдагч Ш.Б нь Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х ХХК /хуулийн этгээд/-ийн ерөнхий захирлаар буюу удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа Х ХХК-ийн нягтлан бодогч Г.Б болон, яллагдагч Ш.Л, Н.Х, Б.О, Б.Д нартай гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн, 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр яллагдагч Б.Д-тай 800.000.000 төгрөгийн үнийн дүнтэй “Санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх” ... дугаартай гэрээг байгуулж, 2020 оны нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор, Х ХХК-д их хэмжээний татвар ногдох орлого буюу 30.957.389.017.10 төгрөгт 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд яллагдагч Ш.Л, Н.Х, Б.О, Б.Д нараар, тэдгээрийн үүсгэн байгуулсан, үйл ажиллагаа явуулдаггүй “Ц” ХХК, “Т” ХХК-аас эд хөрөнгө, бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр 658 ширхэг падан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг үйлдүүлж, Татварын Ерөнхий газрын нэгдсэн санд хуурамчаар бүртгүүлж, Татварын нэгдсэн санд татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж, нийт 3.095.738.901 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн,

яллагдагч Г.Б нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” ХХК /хуулийн этгээд/-ийн нягтлан бодогчоор буюу гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байхдаа Х ХХК-ийн ерөнхий захирал Ш.Б болон, яллагдагч Ш.Л, Н.Х, Б.О, Б.Д нартай гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн, 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр яллагдагч Б.Д-тай 800.000.000 төгрөгийн үнийн дүнтэй “Санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх” 001 дугаартай гэрээг байгуулж, 2020 оны нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор, “Х” ХХК-д их хэмжээний татвар ногдох орлого буюу 30.957.389.017.10 төгрөгт 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд яллагдагч Ш.Л, Н.Х, Б.О, Б.Д нараар, тэдгээрийн үүсгэн байгуулсан, үйл ажиллагаа явуулдаггүй “Ц” ХХК, “Т” ХХК-аас эд хөрөнгө, бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр 658 ширхэг падан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг үйлдүүлж, Татварын Ерөнхий газрын нэгдсэн санд хуурамчаар бүртгүүлж, Татварын нэгдсэн санд татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж, нийт 3.095.738.901 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн,

Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 71 “Х” ХХК-ийн байранд байрлах хуулийн этгээдийн ......... регистрийн дугаартай “Х” ХХК-ийг 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “Х” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Б нь яллагдагч Б.Д-тай 800.000.000 төгрөгийн үнийн дүнтэй “Санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх” .... дугаартай гэрээг байгуулж, 2020 оны нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор, “Х” ХХК-нд их хэмжээний татвар ногдох орлого буюу 30.957.389.017.10 төгрөгт 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд яллагдагч Ш.Л, Н.Х, Б.О, Б.Д нараар, тэдгээрийн үүсгэн байгуулсан, үйл ажиллагаа явуулдаггүй “Ц " ХХК, “Т” ХХК-ийн нэрийг ашиглан, эд хөрөнгө, бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр 658 ширхэг падан бүхий санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ш.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Х” ХХК-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус  зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг хянан үзээд хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй байна гэж үзсэн.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т “оролцогчийг хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангасан эсэх, хавтаст хэргийн материалтай танилцаад оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн эсэх“, “энэ хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх “-ийг прокурор хянах үүрэгтэй гэж заажээ.

Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад “хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 72 нэр төрлийн санхүүгийн баримтууд нь Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа болно” гэсэн байх бөгөөд тухайн эд мөрийн баримтыг хэргийн хамт шүүхэд ирүүлээгүйгээс гадна яллагдагч нарын өмгөөлөгч Ц.Ц нь дээрх баримтуудтай танилцаагүй, тэдгээрт яллагдагч нарыг яллах, цагаатгах ямар нотлох баримтууд байгаа нь тодорхойгүй байна гэж тайлбарласан зэргээс үзвэл хавтаст хэргийн материалтай танилцах оролцогчдын эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна.

2. Яллах дүгнэлтийн хавсралтад “яллагдагч Ш.Б, Г.Б нараас 3.095.738.901 төгрөгийн хохирол гаргуулах” гэсэн байх боловч яллагдагч нар нь үйлдэл, оролцооны хувьд дээрх хохирлыг ямар хэмжээгээр хариуцах нь тодорхойгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлох хуульд заасан шаардлага хангагдаагүй гэж үзэхээр байна.

Түүнчлэн, яллагдагч Ш.Б, Г.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан тэдгээрийг гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэж үйлдсэн гэж ерөнхий ангийн хэм хэмжээг журамлахдаа хамтран оролцсон хэлбэрийг нарийвчлан тодорхойлоогүй нь яллагдагч нарын үйлдэл, оролцоо, гэм буруугийн хэлбэрийг тодорхойлсон гэж үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно“ гэж зааснаар яллагдагч нарын гэмт хэрэгт оролцсон шинж чанар, гүйцэтгэж байгаа үүргийг нарийвчлан тогтоосноор эрүүгийн хариуцлагыг ялгавартай хүлээлгэх, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг ялгамжтай нөхөн төлүүлэхэд ач холбогдолтой тул гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй ангилан тогтоох шаардлагатай байна.

3. Яллагдагчийн өмгөөлөгчөөс яллах дүгнэлтийн 10 хуудсанд “тусгай ангийн тусгай ангийн” гэж, “гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийг” гэх үгсийг удаа дараа давхардуулан бичсэн нь агуулгын болон техникийн шинжтэй алдаа тул засуулах шаардлагатай гэж тайлбарласныг хүлээн авах нь зүйтэй байх тул шүүх нэгэнт хэргийг прокурорт буцаасан тул уг техникийн шинжтэй алдаануудыг засч ирүүлэх нь зүйтэй байна.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эх хувийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэж, “Энэ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ” гэж тус тус заасны дагуу 2 дугаар хавтаст хэргийн 30-32, 36, 66, 125-135 дугаар хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 193-209 дүгээр хуудас, 5 дугаар хавтаст хэргийн 118-126, 141-145, 216, 224, 227-230 дугаар хуудас зэрэг хэрэгт авагдсан хуулбар нотлох баримтуудыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангуулах нь зүйтэйг дурдаж байна.

Иймд яллагдагч нар, тэдгээрийн өмгөөлөгчид хавтаст хэргийн материал, эд мөрийн баримтыг танилцуулах, эд мөрийн баримтыг шүүхэд хэргийн хамт ирүүлэх, яллагдагч нарын хамтран оролцсон үйлдэл, оролцоог тодорхойлж, хохирлыг тус бүр хариуцах хэр хэмжээг тогтоох, хэрэгт авагдсан хуулбар баримтуудыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангуулж, яллах дүгнэлтэд гарсан техникийн шинжтэй алдаануудыг залруулах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Г бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Г.Ц, Ц.Г бид, эрүүгийн ..................... дугаартай Ш.Б, Г.Б, “Х” ХХК-д холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүгчийн 2022/ШЗ/1268 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ. Шүүгчийн захирамжийн “Тодорхойлох нь” хэсэгт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т “оролцогчийг хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангасан эсэх, хавтаст хэргийн материалтай танилцаад оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн эсэх“, “энэ хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх“-ийг прокурор хянах үүрэгтэй гэж заажээ.

 1. Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад “хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 72 нэр төрлийн санхүүгийн баримтууд нь Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа болно” гэсэн байх бөгөөд тухайн эд мөрийн баримтыг хэргийн хамт шүүхэд ирүүлээгүйгээс гадна яллагдагч нарын өмгөөлөгч Ц.Ц нь дээрх баримтуудтай танилцаагүй, тэдгээрт яллагдагч нарыг яллах, цагаатгах ямар нотлох баримтууд байгаа нь тодорхойгүй байна гэж тайлбарласан зэргээс үзвэл хавтаст хэргийн материалтай танилцах оролцогчдын эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна.

2. Яллах дүгнэлтийн хавсралтад "яллагдагч Ш.Б, Г.Б нараас 3.095.738.901 төгрөгийн хохирол гаргуулах” гэсэн байх боловч яллагдагч нар нь үйлдэл, оролцооны хувьд дээрх хохирлыг ямар хэмжээгээр хариуцах нь тодорхойгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлох хуульд заасан шаардлага хангагдаагүй гэж үзэхээр байна. Түүнчлэн, яллагдагч Ш.Б, Г.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан тэдгээрийг гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэж үйлдсэн гэж ерөнхий ангийн хэм хэмжээг журамлахдаа хамтран оролцсон хэлбэрийг нарийвчлан тодорхойлоогүй нь яллагдагч нарын үйлдэл, оролцоо, гэм буруугийн хэлбэрийг тодорхойлсон гэж үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно гэж зааснаар яллагдагч нарын гэмт хэрэгт оролцсон шинж чанар, гүйцэтгэж байгаа үүргийг нарийвчлан тогтоосноор эрүүгийн хариуцлагыг ялгавартай хүлээлгэх, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг ялгамжтай нөхөн төлүүлэхэд ач холбогдолтой тул гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй ангилан тогтоох шаардлагатай байна.

3. Яллагдагчийн өмгөөлөгчөөс яллах дүгнэлтийн 10 дугаар хуудсанд “тусгай ангийн тусгай ангийн” гэж, “гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийг" гэх үгсийг удаа дараа давхардуулан бичсэн нь агуулгын болон техникийн шинжтэй алдаа тул засуулах шаардлагатай гэж тайлбарласныг хүлээн авах нь зүйтэй байх тул шүүх нэгэнт хэргийг прокурорт буцаасан тул уг техникийн шинжтэй алдаануудыг засч ирүүлэх нь зүйтэй байна.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эх хувийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэж, “Энэ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ” гэж тус тус заасны дагуу 2 дугаар хавтаст хэргийн 30-32, 36, 66, 125-135 дугаар хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 193-209 дүгээр хуудас, 5 дугаар хавтаст хэргийн 118-126, 141-145, 216, 224, 227-230 дугаар хуудас зэрэг хэрэгт авагдсан хуулбар нотлох баримтуудыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангуулах нь зүйтэйг дурдаж байна. Иймд яллагдагч нар, тэдгээрийн өмгөөлөгчид хавтаст хэргийн материал, эд мөрийн баримтыг танилцуулах, эд мөрийг баримтыг шүүхэд хэргийн хамт ирүүлэх, яллагдагч нарын хамтран оролцсон үйлдэл, оролцоог тодорхойлж, хохирлыг тус бүр хариуцах хэр хэмжээг тогтоох, хэрэгт авагдсан хуулбар баримтуудыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангуулж, яллах дүгнэлтэд гарсан техникийн шинжтэй алдаануудыг залруулах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Шүүгчийн захирамжийг 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Хавтаст хэрэгт тусгагдсан эд мөрийн баримт, мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлд тусгагдсан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгтэй танилцах тухай оролцогчийн хүсэлтийг мөрдөгч хангах арга хэмжээ авна” гэж,

Мөн хуулийн 21.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийг шилжүүлэхэд овор хэмжээний хувьд болон бусад шалтгаанаар хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хамт хүргүүлэх боломжгүй бол түүнийг шүүхийн шийдвэр гартал журмын дагуу хадгалж, энэ тухай баримтыг хавтаст хэрэгт хавсаргана” гэж хуульчилсан байна. Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Н нь яллагдагч Ш.Б, Г.Б, “Х” ХХК-д холбогдох эрүүгийн ............. дугаартай хэрэгт мөрдөн байцаалт явуулж дуусган, хэргийн материалтай танилцуулахыг яллагдагч Ш.Б, Г.Б, тэдгээрийн өмгөөлөгч нарт мэдэгдсэн байна. Улмаар яллагдагч Ш.Б, Г.Б, тэдгээрийн өмгөөлөгч нар нь хавтаст хэргийн материалтай бүрэн танилцаж, хэргийн материалтай танилцаж, дууссан талаараа тэмдэглэлд тусгасан бөгөөд хавтаст хэргийн материалтай танилцах явцад болон прокурорын хяналтын шатанд яллагдагч, өмгөөлөгч нараас хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураагдсан “Х” ХХК-ийн байранд нэгжлэг хийж, хураан авсан 72 нэр төрлийн санхүүгийн баримтуудтай танилцах талаар хүсэлт гаргаагүй байна. Мөрдөгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Татварын ерөнхий газрын танилцуулга болон “Х” ХХК-ийн санхүүгийн баримтад тусгай мэдлэг бүхий шинжээчээр эдийн засгийн шинжээчийн дүгнэлт гаргуулах зорилгоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч томилж, Татварын ерөнхий газрын танилцуулга болон “Х” ХХК-ийн байранд нэгжлэг хийж, хураан авсан 72 нэр төрлийн санхүүгийн баримтуудыг хүргүүлсэн байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Д.М нь дээрх шинжилгээний объект /Татварын ерөнхий газрын танилцуулга болон Х ХХК-ийн санхүүгийн баримт/-ыг үндэслэн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 111 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд, шинжээчийн дүгнэлттэй яллагдагч Ш.Б, Г.Б, тэдгээрийн өмгөөлөгч нар нь танилцаж, шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй байна. Түүнчлэн “Х” ХХК-ийн байранд нэгжлэг хийж, хураан авсан 72 нэр төрлийн санхүүгийн баримтууд нь овор хэмжээ ихтэй /15 хайрцагтай/, эд мөрийн баримтыг хэргийн хамт шүүхэд хүргүүлэх боломжгүй байсан тул эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл болон эд зүйлсийн жагсаалтыг гаргаж, энэ тухай баримтыг хавтаст хэрэгт хавсарган, яллах дүгнэлтийн хавсралтад дэлгэрэнгүй дурдаж хэргийг шүүхэд хүргүүлсэн байна. Иймд анхан шатны шүүхээс хавтаст хэргийн материалтай танилцах оролцогчийн эрхийг хангаагүй гэж гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

2. Яллагдагч Ш.Б, Г.Б нар нь бүлэглэн 2020 оны нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор, “Х” ХХК-д их хэмжээний татвар ногдох орлого буюу 30.957.389.017.10 төгрөгт бусдаар хуурамч санхүүгийн баримтуудыг үйлдүүлж, Татварын Ерөнхий газрын нэгдсэн санд хуурамчаар бүртгүүлж, Татварын нэгдсэн санд татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж, нийт 3.095.738.901 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэж гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тодорхойлж, яллах дүгнэлтэд 3.095.738.901 төгрөгийн хохирлыг яллагдагч Ш.Б, Г.Б нараас гаргуулахаар дурдсан байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ш.Б нь “Х” ХХК ерөнхий захирлаар буюу удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа, “Х” ХХК-ийн 2020 оны нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор, тус компаний гүйцэтгэх албан тушаалтан болох нягтлан бодогч Г.Б-тэй үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн яллагдагч Ш.Л, Н.Х, Б.О, Б.Д нараар, тэдгээрийн үүсгэн байгуулсан, үйл ажиллагаа явуулдаггүй “Ц” ХХК, “Т” ХХК-иас эд хөрөнгө, бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр 658 ширхэг падан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг үйлдүүлж, Татварын Ерөнхий газрын нэгдсэн санд хуурамчаар бүртгүүлж, Татварын нэгдсэн санд татвар ногдох орлого. эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж, нийт 3.095.738.901 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Прокуророос яллагдагч Ш.Б, Г.Б нарын дээрх гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, хамтран оролцсон үйлдлийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байна. Иймд анхан шатны шүүхээс хохирлыг яллагдагч нар ямар хэмжээгээр хариуцах нь тодорхойгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлоогүй, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тогтоогоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

3. Яллах дүгнэлтийн 10 дугаар хуудаст “тусгай ангийн, тусгай ангийн” гэж, "гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийг” гэж давхардуулан бичсэн нь техникийн шинжтэй алдаа байх бөгөөд дээрх зөрчлийг арилган шүүхийн шатанд яллагдагч нарт яллах дүгнэлтийг дахин гардуулан өгөх боломжтой.

4. Эрүүгийн ................... дугаартай хэргээс эрүүгийн ................... дугаартай хэргийг тусгаарласан бөгөөд эрүүгийн ............................... дугаартай хэргийг тусгаарлахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мөрдөгчийн тэмдэглэл үйлдэн, хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулан хавсаргасан болно. Гэтэл шүүх эдгээр хуулбар баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаж хэрэгт хавсаргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй шийдвэр болсон. Иймд шүүгчийн 2022/ШЗ/1268 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

Яллагдагч Ш.Б, Г.Б, “Х” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн хэрэгтээ танилцах явцад 72 нэр төрлийн санхүүгийн баримт байгаагүй. Мөрдөн байцаах ажиллагааны болон прокурорын хяналтын явцад 4-5 хайрцаг баримт байсан. “Х” ХХК-ийн тайлан тооцооны асуудал хүнд нөхцөлд байна. Улирал тутамдаа тайлан гаргаж өгдөг учраас санхүүгийн баримтуудыг хүлээлгэж өгөөд, шаардлагатай нотлох баримтуудыг хувилж авах хүсэлтийг удаа дараа тавьсан боловч хангаж шийдвэрлээгүй. Гэтэл анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт 72 нэр төрлийн санхүүгийн баримтын жагсаалтыг прокуророос нотлох баримтаар гаргаж ирж танилцуулсан. Тухайн 72 нэр төрлийн баримтад ямар агуулга бүхий санхүүгийн баримтууд багтаасан нь тодорхойгүй. 2021 оны 1 дүгээр сарын 5, 6-ны өдрүүдэд олон тооны санхүүгийн баримтуудыг хурааж авсан бөгөөд одоог хүртэл буцааж өгөөгүй. Шаардлагатай санхүүгийн баримтууд байхгүйн улмаас “Х” ХХК болон тухайн байгууллагийн ажилчдын эрх ашиг зөрчигдөж байна. Шүүх “Х” ХХК-ийг гэм буруутайг тогтоогоогүй байхад прокурор эрх ашгийг нь зөрчиж болохгүй. Хуульд заасан чиг үүргийнхээ дагуу ажиллаж, тухайн санхүүгийн баримтыг нотлох баримтаар үнэлэх, үнэлэхгүй шийдврээ хуульд заасан үндэслэл журмын дагуу хурдан шуурхай гаргаж, санхүүгийн баримтыг “Х” ХХК-д буцаан олгох нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд заасны дагуу шүүх эд мөрийн баримтыг үнэлээд “Х” ХХК-д буцаан олгох шийдвэр гаргалаа гэж бодоход тухайн санхүүгийн баримт хэрхэн үрэгдэж, хичнээн баримт дутсаныг бид мэдэх боломжгүй. Мөн эд мөрийн баримт овор хэмжээнээсээ шалтгаалаад шүүхэд ирээгүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд хүргүүлэх боломжгүй бол нөхцөл байдлаа нотлох баримтаар баталгаажуулах ёстой. Тэгвэл манай байгууллагын зүгээс хүсэлт гаргана” гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Нийслэлийн прокурорын газраас: Яллагдагч Ш.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Х” ХХК-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус  зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх, яллагдагч Ш.Б, Г.Б, “Х” ХХК-д тус тус холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь:

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Нийслэлийн прокурорын газраас 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр үйлдсэн 274 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад “Х” ХХК-ийн байранд нэгжлэг хийж, эд мөрийн баримтаар тооцож хураан авсан 72 нэр төрлийн санхүүгийн баримтууд /эд зүйлсийн жагсаалт 5 дугаар хавтаст хэргийн 93-96 дугаар хуудсанд/ Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа талаар дурджээ.

Харин шүүх хуралдаанд оролцсон прокурор, “хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 72 нэр төрлийн санхүүгийн баримтууд нь овор хэмжээ ихтэй /15 хайрцагтай/ тул хэргийн хамт шүүхэд хүргүүлэх боломжгүй байсан” гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хэргийг шилжүүлэхэд овор хэмжээний хувьд болон бусад шалтгаанаар хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хамт хүргүүлэх боломжгүй бол түүнийг шүүхийн шийдвэр гартал журмын дагуу хадгалж, энэ тухай баримтыг хавтас хэрэгт хавсаргана” гэсэн үндэслэлд хамаарахгүй, хэргийн хамт шүүхэд хүргүүлэх боломжгүй ямар шалтгаан байгаа талаараа нотолж чадаагүй байна.

Яллагдагч нарын өмгөөлөгч Ц.Ц “эд мөрийн баримтаар хураагдсан 72 нэр төрлийн санхүүгийн баримтуудтай танилцаагүй, ямар нотлох баримтууд байгаа нь тодорхойгүй, хураагдсан гэх санхүүгийн баримтад үндэслэж гарсан шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна” гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд хавтаст хэргийн материалтай танилцах оролцогчдын эрхийг хангаагүй гэж үзнэ.   

Мөн яллах дүгнэлтийн хавсралтад яллагдагч Ш.Б, Г.Б нар нь улсад нийт 3.095.738.901 төгрөгийн хохирол учруулсан тул яллагдагч нараас 3.095.738.901 төгрөгийн хохирол гаргуулахаар тусгасан боловч хохирлыг яллагдагч нар ямар хэмжээгээр хариуцах, түүнчлэн хуулийн этгээд хариуцах эсэх нь тодорхойгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлоогүй, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тогтоогоогүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн хамтран оролцогчдын хэн нь хэрхэн яаж, хэнд ямар хохирол учруулсныг тодорхой зааж, хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг нарийвчлан тодорхойлж хууль зүйн дүгнэлт хийх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтын агуулгад нийцэх бөгөөд ингэснээр мөн хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр яллагдагч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг тогтоох зарчим хангагдах учиртай.

Мөн яллах дүгнэлтийн 10 дугаар хуудсанд “тусгай ангийн, тусгай ангийн” гэж, “гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийг” гэж давхардуулан бичсэнийг прокурор техникийн шинжтэй алдаа гэж эсэргүүцэлдээ дурдсан боловч энэ нь яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргийн агуулгыг алдагдуулсан байх ба яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан шаардлагыг биелүүлж ажиллахыг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хууль зүйн дүгнэлтүүдийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, прокурор Г.Ц, Ц.Г нарын бичсэн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 51 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЗ/1268 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Ц, Ц.Г нарын бичсэн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 51 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Яллагдагч Ш.Б, Г.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

           3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.АРИУНХИШИГ

 

                    ШҮҮГЧ                                                                        Т.ӨСӨХБАЯР

                    ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ