Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2016/00955

 

З.Цэрэннадмидын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/02707 дугаар шийдвэр,       

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1058 дугаар магадлалтай,

З.Цэрэннадмидын нэхэмжлэлтэй

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах, орон байрнаас албадан гаргах ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Наранчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Пүрэвлхам, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч З.Цэрэннадмид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Одсүрэнгээс 15.000.000 төгрөг зээлж, хүүгийн хамт нийт 22.000.000 төгрөг төлөхөөр болсон. Шүүхийн шийдвэрийн дагуу 22.000.000 төгрөгийг З.Цэрэннадмид төлөхөөр болж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Шүүхээр шийдвэрлүүлэхээс өмнө Д.Одсүрэнгийн мөнгийг төлөх гэж зээл хөөцөлдөөд зээлээ шийдвэрлүүлж байтал, Д.Одсүрэн надаас хаанаас зээл авах гэж байгаа юм бэ гэж асуусаар байгаад хорооны тодорхойлолт аваад, З.Цэрэннадмид цагдаа дээр хэрэг үүссэн байгаа энэ хүнд зээл өгч болохгүй гээд миний зээлийг олгуулахаа болиулсан. Д.Одсүрэн миний зээлийг болиулсан шалтгаан нь миний барьцаа эд хөрөнгийг авах гэж шунасан юм. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэхэд миний хоёр үл хөдлөх хөрөнгөд хориг тавьсан. Төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцож үнэлгээ тогтоосон гэж байгаа боловч харилцан тохиролцож үнэлгээг тогтоогоогүй. Надаар 5 удаа хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан боловч дараа нь надаас гарын үсэг аваагүй гэж хэлдэг. Дарга нарынхаа үгээр, Д.Одсүрэнгийн үгээр ийм ажиллагаа хийж байгаа нь миний эрх ашгийг зөрчсөн. Миний хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үнэлгээг огт зөвшөөрөхгүй. Барьцаанд байгаагүй хөрөнгийг битүүмжилсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүхэлдээ тэмдэглэлд тусгагдаж байх ёстой. Гэтэл тэмдэглэл байхгүй байна. З.Цэрэннадмид үнэлгээтэй холбоотой гомдол гаргах эрхтэй талаар мэдэгдэл гардан авсан нь тогтоогддоггүй. Мэдэгдэл болгон дээр доод талд нь зуруулсан. Шийдвэр гүйцэтгэлийн төлбөрт бүрэн төлөгдсөн гэж үзэх боломжгүй. Үл хөдлөх эд хөрөнгө нь дахин төлөвлөлтөнд орсон байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 52 дахь хэсэгт заасан ажиллагаа хийгдэх ёстой байсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэлээс хууль бус ажиллагаа хийчихээд хуульд заасны дагуу ажиллагаа хийсэн гэж тайлбарладаг. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэг бол нүүн гарч байгаа этгээдийг заавал байлцуулах шаардлагатай байдаг. Гэвч нүүн гарч байгаа этгээдийг байлцуулаагүй, хэн ч байхгүй айлд очоод ажиллагаа хийсэн. Шийдвэр гүйцэтгэлийн үнэлгээг тайлбарлаад миний саналыг авсан гэдэг нь тогтоогдохгүй. 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр мэдэгдэлээ гаргаад, тэр өдрөө танилцуулаад гарын үсэг зуруулсан байгаа зэрэг үйлдлүүд нь эргэлзээтэй. Шийдвэр гүйцэтгэгчийн бас нэг буруутай үйлдэл бол төлбөр төлөгчийн төлбөр төлөх үйл ажиллагааг нь хаасан. Зээл аваад төлбөрөө төлөх гэтэл барьцаанд авагдаагүй эд хөрөнгийг нь барьцаалаад ажиллагаа хийсэн. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлд зааснаар ажиллагаа хийсэн нь хууль бус юм. Нэхэмжлэгч миний эрх ашиг сонирхлыг зөрчсөн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах, орон сууцнаас албадан гаргасан ажиллагааг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Наранчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 970 дугаар шийдвэрээр З.Цэрэннадмидаас 22.000.000 төгрөгийг гаргуулж Д.Одсүрэнд олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан З.Цэрэннадмидын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 1-16а тоот хувийн сууцыг газрын хамт 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 187/2-1 дугаартай тогтоолоор битүүмжлэн, сайн дураар биелүүлэх мэдэгдэл өгсөн. Төлбөр төлөгч З.Цэрэннадмид нь шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул битүүмжилсэн хөрөнгийг 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 187/5-03 дугаартай тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээ тогтоох ажиллагаа явуулахад өмчлөгч болон төлбөр төлөгч, төлбөр авагч нар уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг харилцан тохиролцож 150.000.000 төгрөгөөр тогтоосон. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу уг хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохиролцож тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтоож, 105.000.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд, З.Цэрэннадмид нь хуульд тусгайлан заасан хугацаанд буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хугацаанд гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/02707 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран 1 дүгээр гудамж, 16-а тоот 46,75 м.кв, эд хөрөнгийн эрхийн Ү-2204060343 дугаар бүртгэгдсэн хувийн орон сууцны зориулалттай байшин, мөн хаягт байрлах 18648310629705 нэгж талбарын дугаартай 207 м.кв талбайтай, эд хөрөнгийн эрхийн Г-2204016426 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан чөлөөлөх ажиллагаа хуульд заасан журмыг зөрчсөн болохыг тогтоож, нэхэмжлэгч З.Цэрэннадмидын үнэлгээ хүчингүй болгуулах, Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З.Цэрэннадмидад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1058 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/02707 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...нэхэмжлэгч З.Цэрэннадмидын үнэлгээ хүчингүй болгуулах, Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...нэхэмжлэгч З.Цэрэннадмидын үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах, хариуцагч Б.Мөнгөнбаярт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Наранчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар төлбөр авагчид санал болгох хурлаас өгсөн хугацаанд төлбөр төлөгч З.Цэрэннадмид нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөөгүй тул барьцаа эд хөрөнгийг төлбөр авагч Д.Одсүрэнгийн өмчлөлд шилжүүлсэний дагуу албадан чөлөөлсөн. Ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т зааснаар чөлөөлөх ажиллагааг төлбөр төлөгч З.Цэрэннадмидад удаа дараа мэдэгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хангалтай мэдэж байсан гэж үзэж байна. Мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т зааснаар хөндлөнгийн 2 гэрч, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооноос хэсгийн ахлагч нарыг байлцуулсан, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.5-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/02707 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1058 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хоорондох маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тухайн маргаантай харилцаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч З.Цэрэннадмид нь эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох, орон байрнаас албадан гаргах ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэжээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг тогтоохдоо  төлбөр төлөгчөөс үнийн санал аваагүй гэх нэхэмжлэгчийн гомдол хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгджээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үйл ажиллагааны талаар дүгнэлт хийж, нэхэмжлэгч нь үнэлгээний талаарх гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаагүй, хугацаа хэтрүүлсэн гэж үзсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг зөрчөөгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т барилга, орон байрнаас нүүлгэн гаргах тухай хугацаатай мэдэгдлийг биелүүлээгүй бол шийдвэр гүйцэтгэгч албадан нүүлгэх өдөр, цагийг тогтоосон мэдэгдлийг нүүн гарвал зохих этгээдэд өгөх ба тухайн этгээд байхгүй байгаа нь шийдвэрийг биелүүлэхэд саад болохгүй гэж заажээ. Хариуцагч нь 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр орон байрнаас нүүлгэн гаргах ажиллагаа явуулахдаа нүүн гарах этгээд буюу нэхэмжлэгч З.Цэрэннадмидад мэдэгдээгүй, энэ тухай баримт хэрэгт авагдаагүй тул шүүх нэхэмжлэлээс “...орон байрнаас албадан гаргах ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх хамтран хариуцагч Б.Мөнгөнбаярт холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлээгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүх залруулж зөвтгөснөөс гадна шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулсан нь зөв.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1058 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Наранчимэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ