Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 358

 

Г.Б, П.Д нарын нэхэмжлэлтэй,

Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн

хуралд холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:          Б.Мөнхтуяа

Шүүгчид:                        Г.Банзрагч

                                        П.Соёл-Эрдэнэ

                                        Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:               Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:    Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “...Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны урамшууллыг нөхөн олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0214 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0331 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Г.Баяраа, түүний өмгөөлөгч Э.Мөнхдаваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэхуяг нар,

Нэхэмжлэгч Г.Б, П.Д нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0214 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн а, 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Давхарбаяр, Г.Баяраа нарын Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүчингүй болгох тухай 12 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны урамшууллыг нөхөн олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0331 дүгээр магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0214 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч Г.Б, П.Д нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 331 дүгээр магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4. Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүчингүй болгох” тухай 12 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1.1-ийн а, 25.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 113 дугаар тогтоол, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 6.1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 116 дугаар албан бичгийг тус тус үндэслэн тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч П.Давхарбаяр, Г.Баяраа нарын Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

5. Ийнхүү хурлын төлөөлөгч нарын бүрэн эрхийг хүчингүй болгосон тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан нь хууль зөрчсөн. Учир нь нэгэнт сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарын бүрэн эрхийг хүчингүй болгох эрх Сонгуулийн тухай хуулийн дагуу тухайн дүүргийн Сонгуулийн хороо шийдвэрлэх эрхтэй байтал дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэрлэж байгаа нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар шийдвэр гаргасан байна.

6. Захиргааны хэргийн 3 шатны шүүхээс Л.Нармандах, Р.Оргил нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэж Улсын Дээд шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 113 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг хангаж, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 07 дугаар тойрогт нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын нэгтгэл болон тус дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Нэр дэвшигчдийг сонгогдсонд тооцох тухай” 16 дугаар тогтоолын 07 дугаар хороо буюу П.Давхарбаяр, Г.Баяраа нар холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Ийнхүү шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай шүүгчийн захирамж болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 4/28915 тоот албан бичгийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны дарга Б.Бат-эрдэнэд хаяглан хүргүүлсэн байна. Гэтэл хариуцагч Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороо нь шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх, зохих акт гаргах, дахин сонгууль зарлах эсэх асуудлыг шийдвэрлээгүй байхад Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал уг асуудлыг дур мэдэн шийдвэрлэж, нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн илт хууль бус захиргааны акт болсон байна.

7. Захиргааны Ерөнхий хууль эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй бол тухайн эрх нь зөрчигдөж болох этгээдэд урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах боломж олгохоор зохицуулсан. Гэвч хариуцагч Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээрх хууль заасан журмыг илэрхий зөрчиж нэхэмжлэгч нарт сонсох ажиллагааг огт хийгээгүй, энэ тухай баримт хэрэгт байхгүй. Гэтэл анхан шатны шүүх Захиргааны Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д заасныг баримтлан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол гэсэн заалтыг төсөөтэй хэрэглэн сонсох ажиллагааг хийгээгүй хариуцагчийн хууль бус үйлдлийг зөвтгөсөн нь хууль бус дүгнэлт болсон.

8. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороонд хандаж уг хороо хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа тохиолдолд дээрх Захиргааны Ерөнхий хуулийн заалтыг хэрэглэж болохоос Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 3 шатны шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн асуудлыг шийдвэрлэх бүрэн эрх болон шүүхийн шийдвэрийг биелүүлэх эрх хэмжээ байхгүй тул үүнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж үзэхгүй юм. Мэдээж шүүхийн шийдвэрийг бусад бүх этгээд заавал биелүүлэх үүрэгтэй боловч 3 шатны шүүх шийдвэрлэсэн дээрх асуудлыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэх эрх хэмжээ байхгүй болно.

9. Нийслэлийн Сонгуулийн хороонд холбогдуулан 3 шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/29711 дугаар албан бичгээр хандаж байсан, мөн Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 53 дугаартай албан бичгээр “...шүүхийн шийдвэрийг биелүүлэх” талаарх хариу өгч байсан. Дээрх 2 баримтаар шүүхийн шийдвэрүүдийг дүүргийн Сонгуулийн хороо биелүүлэх бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандаж нэг ч албан бичиг явуулж байгаагүй, энэ талаарх баримт ч хэрэгт байхгүй болно. Гэтэл давж заалдах шатны шүүх эрх бүхий бус этгээд шүүхийн шийдвэр биелүүлсэн нь зөв гэсэн агуулга бүхий дүгнэлт өгч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хууль бус байна.

10. Мөн анх хариуцагч нараас гаргасан хүсэлтийн дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч дүүргийн Сонгуулийн хороо буюу өмнөх хэргийн хариуцагч руу албан бичиг хүргүүлэх байтал Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдлийг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүргүүлсэн нь хууль бус шийдвэр болсон. Учир нь шүүхээс хэргийн оролцогч бус этгээдэд шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн. Энэхүү мэдэгдлийг давж заалдах шатны шүүх гол үндэслэл болгож шийдвэрлэсэн нь хууль бус байна.

11. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны үндэслэл бүхий байх тул “шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч нарын гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

13. Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар тогтоолоор тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 01/02 дугаар тогтоолын хавсралтын 10-т бүрэн эрх нь баталгаажсан П.Давхарбаяр, 11-т бүрэн нь баталгаажсан Г.Баяраа нарын хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг тус тус хүчингүй болгосонд тооцсон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “а”-д “...Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай асуудал...” гэж заасан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын онцгой бүрэн эрхэд хамааралтай асуудлаар гаргасан хууль ёсны захиргааны акт байна.

14. Захиргааны байгууллагын дээрх 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар тогтоол нь Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Нэр дэвшигчдийг сонгогдсонд тооцох тухай” 16 дугаар тогтоолын 7 дугаар хороо буюу П.Давхарбаяр, Г.Баяраа нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 963, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/МА2017/0071, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 113 дугаар шийдвэр, магадлал, тогтоолд үндэслэж гарчээ.

15. Дээрхээс үзвэл сонгуулийн үр дүнгээр “Нэр дэвшигчдийг сонгогдсонд тооцох тухай” тогтоолын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг шүүхийн шийдвэрээр нэгэнт хүчингүй болгосноор П.Давхарбаяр, Г.Баяраа нарын хувьд иргэдийн төлөөлөгчийн бүрэн эрхийн асуудал яригдахгүй, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар тогтоолын улмаас тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй болно.

16. Тодруулбал, Сонгуулийн хорооны бүрэн эрхэд хамааралтай гэх нэхэмжлэлд дурдсан асуудлаар нэхэмжлэгч иргэд маргах эрхгүйгээс гадна “...сонгууль явагдаж дараагийн төлөөлөгч сонгогдох хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн, энэ хүртэл бүрэн эрх хэвээр хадгалагдах ёстой, ...хууль зөрчсөний улмаас цалин, урамшуулал авах эрхгүй болсон...” гэх нэхэмжлэгчдийн тайлбарын дагуу маргаж буй актыг илт хууль бусад тооцох үндэслэлгүй.

17. Учир нь, Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн асуудал нь зөвхөн Сонгуулийн тухай болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан дагуу сонгогдож, бүрэн эрх нь баталгаажин үйл ажиллагаагаа хэрэгжүүлж буй Төлөөлөгчдөд хамаарах юм.

18. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, маргааны үйл баримтад хамааралтай Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0214 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0331 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй  орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МӨНХТУЯА

  ШҮҮГЧ                                                       Л.АТАРЦЭЦЭГ