| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2023/00220/И |
| Дугаар | 138/ШШ2024/00517 |
| Огноо | 2024-06-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 138/ШШ2024/00517
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******эд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, шинжээчийн дүгнэлтийн төлбөр 561 456 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч С.*******
Хариуцагч Т.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Т.*******эд холбогдуулан Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. Миний бие 2011 оны 11 сарын 8-ны өдөр 000134269 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р баг Тээвэрчдийн 1-4 /204/ тоотод 091105892 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 696 м.кв газрыг эзэмшдэг. Гэтэл ******* нь газар эзэмших гэрчилгээгүй боловч пингээ баруун тийш нь татъя, танай хашаанд трактор оруулъя гэх зөвшөөрөл авч пингээ татаж буцааж дундуур заагласан хашаагаа барихдаа хоёр айлын заагласан өөрийн шонгоосоо илүү гаргаж миний эзэмшлийн бетонон хашаан доторх унахаас сэргийлсэн шон дээр мод хатган хашаагаа ташуу барьж миний эзэмшлийн газар болон хашааг эзэмшээд удаж байна. *******тэй биечлэн уулзаж миний газрыг чөлөөлж өгөхийг шаардахад элдэв янзын юм зохион ярьж, шалтаг тоочсоор өнөөдрийг хүрсэн. Миний хувьд уг асуудалтай холбоотой хотын газрын алба болон бусад холбогдох эрх бүхий этгээдүүдэд удаа дараа хандаж байсан. Газрын алба, хотын орлогч даргаас хариуцагч *******, түүний эхнэр Мөнхцэцэг нарт биечлэн уулзаж газар чөлөөлөх тухай тайлбарлан хэлсэн боловч үл тоон биелүүлээгүй, намайг гүтгэн миний эзэмшлийн газар болон бетон хашаан дотор 1 метр орчим хоёр айлыг тусгаарласан хашааны голоос ташуу татан миний эзэмшлийн газрыг ашиглан амьдарсаар байна. Миний бие нь 696 м.кв өмчлөлийн газрыг хамтран эзэмшигч Дэлгэрбат, Сарандэлгэр нарыг хасалт хийлгэх, мөн илүү ашиглаж байгаа газрынхаа асуудлыг шийдвэрлүүлэхээр төлөвлөсөн боловч өөрийн эзэмшлийн газраа чөлөөлүүлж шийдэх шаардлагатай байна. Иймээс миний хууль ёсны эрхийг хангаж Хэрлэн сумын 2-р баг Тээвэрчдийн 1-4/204/ тоот 091105892 нэг талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтын 696 м.кв газарт хамаарагдах 15 м.кв газрыг *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү. Би нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох материал, шинжээчийн дүгнэлтийг шүүхэд гаргаж, санаагаа ойлгуулж хэлсэн. Хорин хэдэн жил айл хөршүүд явж, ахаа гээд хашаан дээгүүрээ илүү дутуугаа ярьдаг байсан. Энэ маргаанаас болж Солонгос кинонд гардаг шиг харилцаатай болсон. Тиймээс эвлэрэх боломжгүй. Настай хүн, олон жил сахар болон бамбайн өвчтэй байсан учраас гомдоохгүйн тулд “аавдаа ойлгуулж хэлээрэй” гэж хүүд нь хэлсэн. Анх хүү нь надаас “эгчээ танай хашаанд трактор оруулаад энэ пинг баруун тийш нь болгочихъё” гэж зөвшөөрөл авсан. Өнөөдөр ийм байдалд хүрсэнд харамсаж байна гэж тайлбарласан.
2. Хариуцагч Т.******* хариу тайлбартаа: Миний бие 1958 онд төрж, энэ хашаандаа өдийг хүртэл амьдарч байна. Аав ээжийгээ амьд сэрүүн байхад энэ хашаандаа хамт байсан. Газрын өмч хувьчлал явагдаж, 2005 онд таван хүүхдийнхээ нэр дээр энэ газрын гэрчилгээг авсан. 1998 онд *******ийнх ирэхэд манай хашаа бүгдээрээ байсан. Өнөөдрийн маргаан бүхий манай хашааны хойд талын жижиг шон нь миний шон бөгөөд одоог хүртэл оролдож байгаагүй. Хоёр гурван жилийн өмнө таксинд явдаг байх үед Ариунаа урд талын хоёр ТҮЦ-ийн хэсгийн хашааг буулгаж, засаж байхад нь “наадах чинь миний хашаа, битгий оролд” гэж хэлж байсан. Тэр үед голын шонг өндөр болгож, маргааны эх үүсвэрийг тавьсан гэж ойлгож байна. Олон жил мурийж тахийсан нь үнэн боловч дүүтэйгээ нийлж хашааг нь тэгшилж байна гэж зассан. Голын шон нь манай хашааны гол бөгөөд баруун талаасаа сунгаад байсан учраас илүү газартай гэдэг нь аргагүй. Гурав, дөрвөн жил сунгаагүй байлгаж байгаад хашааны буланд хүн амьтан шээж баагаад байхаар нь ноднин жил урагш сунгасан нь үнэн. Ард талд нь анх байсан богино шон, өндөр шон байгаа. Тухайн үед илүү гарч байна гээд манай хашааны төмөр шонг давуулаад гаргасан. Ариунаа нэг өдөр “хашааныхаа буланг танай пинтэй зэрэгцүүлмээр байна” гэж хэлэхэд “өчнөөн жил энэ хашаанд амьдарсан, миний хашааны шон, тийм зүйл байхгүй” гэж хэлсэн. Тэгээд тэр асуудлаас болж муудалцаж, хэмжүүлж шийдүүл гэж хэлсэн. Ах нь насаараа том машины жолооч явсан. Миний дүү дэндүү их хүн гүжирдвэл үйлс нь бүтэхгүй шүү. Би та нарт сайхан сэтгэл гаргаж, хашаа хороог чинь эзгүй үед харж өгдөг байсан. Ариунаа нэг хэсэг байхгүй байж байгаад ирээд хоёр жил ногоо тарьж, ахынхаа хашаа хороонд байрлаж байсан. Тэрэнд чинь би жаахан гомдож яваа. Гэхдээ чамайг эзэнгүй хашаанд ирээд бууж байсныг тэр хавийн хүмүүс гэрчилнэ. Чиний хашаа нь үнэн. Танай баруун хашаанд миний төрсөн эгчийн хүүхэд байгаа. Манай хашаан дотроос миний дүү нар болон таван жаалууд айл гэр болоод гарсан. Тийм учраас жаахан чиг баримжаатай байсан нь зүгээр болов уу. Би хашаагаа тэлсэн юм байхгүй. Эдний газрыг аваагүй. Энэ газар бол манай газар юм гэж тайлбарласан.
3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан бичиг, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрэл зураг зэрэг бичгийн баримт ирүүлсэн.
4. Хариуцагчаас: гэрэл зураг, эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл зэрэг бичгийн баримт ирүүлсэн.
5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх шинжээч томилж шинжээчийн дүгнэлт гаргуулах ажиллагааг гүйцэтгэсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Т.*******эд холбогдуулан хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэх, шинжээчийн дүгнэлтэд төлсөн 561 456 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Уг газарт 1998 онд өөрөө зөөж буусан. ...2022 онд цахим бүртгэлд бүртгүүлж ам бүл 3 байснаа салгаж газартай болгоё гэтэл манай хоёр шонтой болсон. Манай хажуу айл газраа манай тал руу сунгаж хашаагаа барьсан байснаас маргаан үүсээд байгаа. Энэ талаар яриад учраа ололцох гэтэл зөвшөөрөхгүй. Манай 696 м.кв газрын хойд талаас ташуу байдлаар 15 м муруйж хашаагаа барьсан. Шар пингээс өндөр шон хүртэл тэр шон нь хоёр айлыг заагалсан. *******ийн хүү Сугаржав нь пингээ баруун тийш нь татахдаа манай шон дээр хашаагаа барьчихсан. ...Шинжээчийн дүгнэлтээр эхлээд давхцаагүй гэсэн. Гэвч дахин дүгнэлт гаргуулж Шар пингийн ар талын шон тусгаарласан хэмжүүлчих гэсэн. Энэ маргаанаас болж хоёр хүүхдийн эрх ашиг хөндөгдөөд байна. Илүү газраа хүүхдүүдийнхээ нэр дээр авах гэтэл маргаан гараад чадахгүй байна. Дүгнэлт гаргахад гарсан 561 456 төгрөгийг авна. ******* хашаагаа далийлгаж сунгаагүй бол ийм маргаан гарахгүй байсан” гэж
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “...Голын төмөр шон бол манай газрын шон хашаагаа сунгаагүй учир зөвшөөрөхгүй. 2005 онд өмч хувьчлал болоход газраа өмчилж авсан. 2006 онд кадастрын зураг хийлгэсэн. ...Манайх байгаа газраа хүсэлт өгөөд өмчилж авсан. ...Сүүлийн үед л манай хашааны буланд ташуу газар авна гэсэн яриа гаргаад байгаа. 2016 онд тэднийх бетоноор хашаа бариад бетон нь үргэлж том түүнийгээ тайрч чадахгүй илүү хэсгийг манай хашаатай давхцуулаад босгосон. Тэр бетонон хашаагаараа манай газар гээд байгаа юм. Анх зуруулсан кадастрын зураг, дахин зуруулж бүртгүүлсэн тэр зурагтай тохирч байна гэсэн. Би бусдын газрыг хууль бусаар эзэмшээгүй гэж тус тус тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч С.******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Тээвэрчид 1-р гудамжны 04 тоот хаягт байршилтай, 091105892 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 696 м.кв газрыг 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр олгосон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000134269 дугаартай гэрчилгээгээр хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдож байна.
6. Нэхэмжлэгч С.******* нь Тээвэрчид 1-03 тоотод оршин суух *******ийн ******* нь бидэнд мэдэгдэлгүйгээр хамар хашаагаа манай эзэмшлийн газар луу тэлж хашаагаа барьсан учир өөрийн эзэмшлийн 15 м.кв газрыг чөлөөлүүлэхээр шаардаж байна.
7. Хариуцагч Т.******* нь “...Голын төмөр шон бол манай газрын шон, хашаагаа сунгаагүй. ******* өөрөө хамар хашаагаа тэгшилж, 2016 онд бетоноор хашаа бариад бетон нь үргэлж том байсан учир манай хашаатай давхцуулаад босгосон. Энэ хашаагаараа манай газар гэж маргах болсон...” гэж маргадаг.
8. Талуудын маргаж буй Хэрлэн сумын 2-р баг Тээвэрчид 1-03, 1-04 тоот хаягт байрлах газруудыг хязгаарлаж буй голын хашаа нь 2012 оны сансарын зургийг 2024 оны сансарын зурагтай харьцуулан үзэхэд С.*******ийн хашаа нь анх блокон хавтангийн зүүн талаар зааглагдаж байсан нь харагдаж байна гэж 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 02 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд дурдсан байна.
9. Дээрх шинжээчийн дүгнэлтээс үзвэл нэхэмжлэгч С.******* нь анх хашаа барихдаа блокон хашаа барьсан байх бөгөөд хариуцагч Т.******* нь өөрийн пинг өөрчлөх үедээ хашаагаа сунгаж барьсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Т.******* нь өөрийн хашаагаа сунгаагүй, пингээ өөрчлөх үед *******ийн хашааг буулгаагүй гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар ...татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх ... үүрэгтэйг хуульд заасан.
10. Гэвч хариуцагч нь өөрийн татгалзлын талаар нотлох баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж няцааж чадаагүй байна.
11. Иргэний хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1-д “Газар эзэмшигч нь хөрш залгаа газрын хилийн зааг тогтоосон байгууламжийг барих, эсхүл өмнө баригдсан байгууламжийг сэргээх, засварлахад оролцохыг хөрш эзэмшигчээс шаардах эрхтэй...” гэж заасан байна.
12. Дээрх хуулийн зохицуулалт нь хөрш залгаа газрын хил заагийг хэн алин тохиролцох боломжтой байтал талууд хэн алин нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
13. Хариуцагч Т.******* нь маргаан бүхий газрыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн учир нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр шинжээч томилуулж уг шинжээчийн ажлын хөлс 561 456 төгрөгийг төлсөн байх бөгөөд хариуцагч Т.*******ийг анхны цэгээс өөрийн хашааг ташуу байрлалаар сунгасан гэж үзэж байгаа тул шинжээчийн дүгнэлтэнд төлсөн төлбөрийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.
14. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т тус тус зааснаар хариуцагч Т.*******ийн хууль бус эзэмшлээс 15 м.кв газрыг чөлөөлж нэхэмжлэгч С.*******д олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дугаар зүйлийн 54.1.2-д зааснаар шинжээчийн төлбөрт төлсөн 561 456 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгох нь зүйтэй байна.
15. Улсын тэмдэгтийн хураамжинд хувьд нэхэмжлэгчийн төлсөн 88 780 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******ээс 88 780 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгох ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Т.*******ийн хууль бус эзэмшлээс 15 м.кв газрыг чөлөөлж нэхэмжлэгч С.*******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-д зааснаар хариуцагч Т.*******ээс шинжээчийн зардалд 561 456 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 88 780 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******ээс 88 780 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд нь мөн хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид нь мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА