Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2022/ДШМ/06

 

******* холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

Прокурор Ш.Батсүх,

шүүгдэгч *******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х, Ю.Н,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхбаяр нарыг оролцуулан,

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж шийдвэрлэсэн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/14 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Х нарын гаргасан давж заалдах гомдлыг шүүгдэгч ******* холбогдох 2117000710117 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны  03 дугаар сарын  31-ний өдөр  хүлээн авч, шүүгч О.Однямаагийн  илтгэснээр  хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Ж Б 1991 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Дорноговь аймаг Сайншанд сум 3 дугаар баг, М гудамж - тоотод оршин суух,

Урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,

Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 1 сарын хорих ялаар,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 282 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6,9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2018 оны 09 дүгээр зүйлийн 27-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял болон 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

Дорноговь аймаг дахь Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 300 000 төгрөгөөр торгох ялаар,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 50 хоног буюу 1 сар 20 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 1 сар 20 хоногийн хорих ялаар,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 сар 20 хоногийн хорих ялыг өмнөх 42 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 2 жил 7 сар 10 хоногийн хорих ялаар,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцож 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар түүнд тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг мөн шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар өмнөх 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон, хэрэг хариуцах чадвартай

гэх /РД:-/,

Яллагдагч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх 75 дугаар байрны гадаа иргэн Б.Б хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу гар утсаараа бичлэг хийлээ гэж маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд, салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2021 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх 75 дугаар байрны гадаа Б.Б Самсунг Галакси А51 маркийн гар утсыг бичлэг хийлээ гэж булаан авч газар шидэж устган 600 000 төгрөгний хохирол учруулсан,

2021 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Д зүүн шанаан тус газар нь гараараа 1 удаа цохиж, газар унасан байхад нь толгой дээр нь хөлөөрөө дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн хацар, баруун хацар, эрүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2021 оны 08 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн П.М толгойн тус газар нь гараараа цохиж газарт унагаах зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн хацар чамархайн цус хуралт бүхий хөнгөн хохиролыг санаатай учруулсан тус тус гэмт хэргүүдэд холбогджээ.

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: ******* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Б овогт Ж Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170  дугаар зүйлийн 170.2.2, 170.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний эдлээгүй үлдсэн 01 /нэг/ жил, 03 /гурав/ сар, 11 /арван нэг/ хоногийн ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар уг хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 01 /нэг/ жил, 09 /ес/ сар, 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 01 /нэг/ жил, 09 /ес/  сар, 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч П.М, Ц.Д, Б.Б нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч ******* хорих ял эдлэх  хугацааг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор ... гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч ******* 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн байдаг. Ингэж шийдэхдээ 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил, 3 сар, 11 хоногийн хорих ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.4, 6.9-т зааснаар нэмж нэгтгээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа. Энэ асуудлыг өмгөөлөгчийн хувьд процессийг зөрчжээ гэдэг байдлаар давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүхэд энэ процессийг зөрчөөд байна гэдэг байдлаар асуудлыг тавьсан байдаг. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолд дүгнэлт хийхдээ эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч ******* хувийн байдалд дүгнэлт хийхэд урьд 9 удаа эрүүгийн хариуцлага хүлээж ял шийтгүүлж байсан бөгөөд 07 сарын 30-ны өдрийн шийтгэх тогтоолд хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байхад өөрийн засрал хүмүүжилд дүгнэлт хийгээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн дүгнэлт хийсэн. Өмгөөлөгч нар 08 сарын 30-ны өдөр үйлдэгдсэн хэрэг дээр 2022 оны 02 сарын 17-ны өдөр шийтгэл оногдуулаад, энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа 170-р энэ хүн зөрчил гаргасан гэж үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 156 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байхдаа зөрчил үйлдлээ, ийм учраас зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольё гэдэг саналаа прокурорт танилцуулаад, прокурор үүнийг шүүхэд оруулъя, энэ нь дараачийн шатны процессийн асуудал, хэрвээ энэ хурал болох юм бол энэ хурал дээр шүүхийн тогтоолд зааснаар хүчин төгөлдөр болсон эсэх асуудалд зорчих эрхээ хязгаарлах ял аа биелүүлж байсан уу үгүй юу гэдэг дээр мэтгэлцээд явах ёстой процесс байхад шүүх шууд 8 сарын 31-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байгаа, зөрчил үйлдсэн учраас шууд 6.9-т зааснаар нэмж нэгтгэнэ гээд нэг дор шийдэж байгаа нь буруу байна гэж гол агуулгын хувьд үзэж байгаа. Эрүүгийн хуулийн 1, 2 дугаар зүйлд гэмт хэрэгтэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тодорхойлдог. 5.3 дугаар зүйл дээр зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг 1 хоногоор тооцож хорих ялаар солино гэж заасан. Энэ процесс нь дараагийн энэ хүний 8 сарын 30-ны өдрийн үйлдсэн гэмт хэрэг дээр нь эрүүгийн хариуцлага хүлээлгээд, энэ хариуцлага нь хүчин төгөлдөр болсны дараа энэ асуудлыг хүчин төгөлдөр болсон эсэх асуудлыг ярих процесс явагдах ёстой байсан байна. Гэтэл шууд 2022 оны 02 сарын 17-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолоор давхардуулан шийдэж байгаа нь буруу байна гэж үзэж байна. Хэрэгт авагдсан хэргийн материалыг үзвэл зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээд эхэлж байсан уу үгүй юу гэдэг асуудал яригдана. Яагаад гэвэл зорчих эрхийг хязгаарлах ял нь тодорхой оршин суух хаягаасаа явахгүй, хязгаарлалт тогтоосон, үүрэг хүлээдэг, эрх үүрэг танилцуулагдаад хэрэгжээд эхлээд явах ёстой байтал 08 сарын 30-ны өдөр Говьсүмбэр аймагт зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх үед зүүдэг бугуйвчийг зүүгээгүй байхад энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар харагддаг. Дараалал нь буруу болчихжээ, дараалж шийдэх ёстой зүйлийг нэг дор шийдсэн байна гэж үзээд давж заалдах гомдол гаргасан. 2022 оны 07 сарын 30-ны өдөр 102 дугаар шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгээд шийдсэн нь буруу байна гээд давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.  

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 02 сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар 1 жил, 6 сар, 11 хоногийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Миний гомдолтой байгаа зүйл нь 2 эмэгтэй хохирогч байгаа. Би тэр 2 эмэгтэйг хараагүй, танихгүй, тэр үйлдлийг үйлдээгүй. Тухайн үед анхан шатны шүүгч та 2 энэ хүнийг мөн гэдгийг яаж таниад байгаа юм бэ гэхэд энэ хүний царай төрхийг тодорхойлж чадахгүй, гэхдээ нүднийх нь харцаар таньж байна гэсэн. Б-Э гээд гэрчээр оролцсон хүн шүүх хурал дээр би мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгөөгүй байхад мэдүүлэг өгсөн гэж мөрдөгч тэмдэглэсэн байна. Би гарын үсэг зураагүй. Тэр хүн гэрчлээгүй гэдгээ шүүх хуралдаан дээр мэдүүлсэн байгаа. Тэр үед өмгөөлөгч, прокурор, шүүгч бүгд сонсож байсан. Ийм байдлаар үйлдээгүй үйлдэл дээрээ гэм буруутайд тооцогдож, ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Гомдлоо дэмжиж байна гэжээ.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой холбоотой тайлбарыг дэмжиж байна. Өмгөөлөгч нарын зүгээс 2 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Говьсүмбэр аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 14 дүгээр шийтгэх тогтоолыг Ж.Х өмгөөлөгч тайлбарлаж байна. Өмгөөлөгч нарын эрүүгийн хариуцлагын талаарх саналыг хүлээж авсангүй. Учир нь хувийн байдлын хувьд 9 удаагийн ял шийтгэлтэй байна. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаад хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж оногдуулсан. Өөрийнхөө байдалд дүгнэлт хийхгүйгээр, хамгийн гол нь дахиж гэмт хэрэг үйлдсэн учраас хүлээж авах боломжгүй гэдэг байдлаар үндэслэх хэсэгт тайлбарласан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд түүний эрх зүйн байдлыг дордуулж болохгүй. Ингээд үзэхээр хувийн байдлаар эрх зүйн байдлыг дордуулсан процесс болсон. ******* нь 9 удаа ял шийтгүүлсэн нь үнэн. Гэхдээ тухайн ял шийтгэл тухайн эрүүгийн хариуцлага бүрээ тухай бүр нь хүлээгээд эдлээд дуусгавар болгоод явж байсан. Ганцхан 102 дугаар шийтгэх тогтоолоор өршөөлд хамрагдаж, ялыг өөр ялаар сольсон асуудал нь яригдаж байна. Мөн анхан шатны шийтгэх тогтоолоос аваад үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд заасан буюу ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн бол сольж оногдуулна. Зорчих эрхийг хязгаарлах ял нь өөрөө ял эдэлж байгаа хүн нь ямар үүрэг хүлээх вэ гэхээр эрх бүхий байгууллагын хяналтанд байна. Оршин суугаа газраасаа явахыг хориглоно. Тодорхой газар зорчихгүй байх, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчино. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр өөрчлөх гэсэн ийм үүрэг хүлээдэг. Үүн дотор дахин гэмт хэрэг үйлдэх гэсэн үндэслэл байхгүй. Дахин гэмт хэрэг үйлдвэл зорчих эрхийг хязгаарлах ялыг солино гэсэн зүйл үүрэг дотор нь байхгүй. Ийм үүргийг зөрчсөн байна гээд зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байх хугацаандаа ялаас зайлсхийсэн гэж бас дүгнэсэн. Ялаас зайлсхийсэн асуудал байхгүй. Ялыг эдэлж байсан нөхцөл байдал хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй. Зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаа хэзээнээс эхлэх вэ гэхээр тухайн ялыг оногдуулсан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон цагаас эхэлж тооцож эхэлнэ гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд заасан. Шийтгэх тогтоол хэзээ хуулийн хүчин төгөлдөр болох вэ гэдэг асуудал яригдана. Хэн хэзээ гардаж авсанаар хэрхэн яаж хүчин төгөлдөр болох вэ гэдэг талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 37.1 дүгээр зүйлд заасан байгаа. Гэтэл ******* хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өршөөж сольсон шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үед энэ хүн дахин гэмт хэрэг үйлдсэн байдал шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үед зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн байх ёстой. Яг тэрийг өнөөдөр үндэслэж нотлох баримт буюу 102 дугаар шийтгэх тогтоолыг сольсон шийтгэх тогтоолыг хэргийн оролцогч нарт яаж гардуулсан талаар нотлох баримт хэрэгт байдаггүй. Тэгэхээр анхан шатны шүүх шийтгэх тогтоолыг яаж хэзээ хүчин төгөлдөр болсон талаар хугацааг тогтоох ямар ч боломжгүй. Тухайлбал миний бие Улаанбаатар хотод анхан шатны шүүх хуралдаанд ярьж байсан. Энэ байдалд тогтоол яаж хүчин төгөлдөр болох вэ? үүн дээр маргаж байна. Тогтоол яаж хүчин төгөлдөр болох вэ? тэр баримт хэрэгт байхгүй байна. Ганцхан баримт байгаа. Тэр нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа руу хүргүүлсэн, гүйцэтгэх хуудсыг шийдвэр гүйцэтгэл хүлээн авсан баримт. Энэ баримт нь 2021 оны 09 сарын 03-ны өдрийнх. Гэтэл энэ хэрэг нь 8 сарын 30-ны өдрөөс 31-ний өдөр шилжих шөнө үйлдэгдсэн. Тэгэхээр зорчих эрхийг хязгаарласан шийтгэх тогтоол нэгдүгээрт хүчин төгөлдөр болоогүй байсан. Гүйцэтгэх хуудас бичигдэж шийдвэр гүйцэтгэх газарт очоогүй байсан. Хоёрдугаарт хэрвээ зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэхээс зайлсхийсэн. Эдэлж байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн энэ хүн анхан шатны шүүхийн шийдвэрээр Дорноговь аймгийн Сайншанд сумаас гарч болохгүй гэж заасан байхад бүсчлээсээ гараад Говьсүмбэр аймагт ажил хийгээд явж байдаг. Ийм хэрэгт цугларсан нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх үндэслэл бүхий гээд дүгнэлт хийж чадсангүй. Хуулийн эдгээр заалтуудыг үндэслэл бүхий гээд дүгнэж шийдэж чадаагүй. Өөрөөр хэлбэл тэр ганц нотлох баримт 102 дугаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон эсэх талаар гардуулсан баримт хэрэгт байхгүй. Хамгийн сүүлийн хүн хэзээ гардаж авсан юм бэ? гардаж аваагүй бол шуудангаар хүргүүлнэ гэсэн хуулийн заалт байгаа. Гэтэл эдгээр баримтууд байхгүй байхад хүчин төгөлдөр болсон гэдэг зүйл ярьсан. Миний бие шүүгчээс асуусан. Та яаж тоолсон юм бэ гэхэд ер нь бол автоматаар тоолчихлоо шүү, та нар гомдлоо гаргана биз гэсэн зүйлийг хэлж байсан. Энэ нь шүүхийг бичлэгт бичигдсэн байх. Хоёрдугаарт давж заалдах гомдлын гол үндэслэл нь түрүүнд Ж.Хүдэрчулуун өмгөөлөгч ярьсан. Процессийн хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т хорихоос өөр төрлийн ялыг хорих ялаар солих тохиолдолд зөрчил гарсан тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч зөрчил гарсан өдрөөс 5 хоногийн дотор хорих ялаар солих тухай саналаа прокурорт гаргаж, хорихоос өөр төрлийн ялд хяналт тавих прокурор үүнийг хянаж үзээд үндэслэлтэй эсэх талаар хянаад 5 хоногийн дотор солих эсэх талаарх саналаа шүүхэд гаргана гэж заасан. Тэгэхээр хамгийн сүүлийн үйлдэл буюу 3 иргэний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг шийдсэн шийтгэх тогтоол гараад хүчин төгөлдөр болсоны дараа тусдаа процессоор энэ саналаа шийдвэр гүйцэтгэгч ялын прокурорт саналаа гаргаад, ялын прокурор одоо сая зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ хүн дахин гэмт хэрэг үйлдээд шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болчихсон учраас саналаа прокурор шүүхэд гаргаж, дүгнэлт гаргаж байж тусдаа процессоор шийдэх ёстой байсныг нэг шийтгэх тогтоолоор шийдсэн нь процессийн хувьд алдаатай байна. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байна гэж үзсэн. Зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж, нэмж нэгтгэж шийдвэрлэсэн учраас өмгөөлөгч нарын зүгээс гомдолтой байна гэжээ.  

Прокурор Ш.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож, дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч ******* нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсанаа хүлээн зөвшөөрдөггүй боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүх хуралдаанд оролцсон хохирогч М, Д нар гэрч О, А.Ц нарт хууль сануулж, мэдүүлэг авахад шүүгдэгчийг шууд заасан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан хэдий ч шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулах саналыг гаргаж байна. Учир нь ******* нь урьд 2020 оны 07 сарын 30-ны өдрийн шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон байтал шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх заалтанд түүнийг ЭХТА-ийн 11.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилээр зорчих эрхийг хязгаарлах ялыг гэж андуурч бичсэн байдаг. Үүнийг ЭХТА-ийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг гэж, мөн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэхдээ тухайн зорчих эрхийг хязгаарлах ялыг дүйцүүлэн солиогүй, нэмж нэгтгэсэн асуудал байдаг. Тогтоолын 4 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий 6.9 дүгээр зүйлийн 1, 2 гэсэн дээр 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 гэж нэмж өөрчлөлт оруулах саналыг шүүхэд гаргаж байна. Бусад заалтыг хэвээр үлдээх саналтай байна гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 хэсэгт зааснаар давж заалдсан гомдлын агуулгаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх 75 дугаар байрны гадаа иргэн Б.Б хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу гар утсаараа бичлэг хийлээ гэж маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд, салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2021 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх 75 дугаар байрны гадаа Б.Б Самсунг Галакси А51 маркийн гар утсыг бичлэг хийлээ гэж булаан авч газар шидэж устган 600 000 төгрөгний хохирол учруулсан,

2021 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Д зүүн шанаан тус газар нь гараараа 1 удаа цохиж, газар унасан байхад нь толгой дээр нь хөлөөрөө дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн хацар, баруун хацар, эрүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2021 оны 08 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн П.М толгойн тус газар нь гараараа цохиж газарт унагаах зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн хацар чамархайн цус хуралт бүхий хөнгөн хохиролыг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон ба прокуророос тухайн үйлдлийг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэж  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хавтаст хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэх үед шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргасан  хэдий ч анхан шатны шүүх түүний үйлдсэн хэрэг хавтаст хэргийн хүрээнд нотлогдсон гэж үзсэн нь үндэслэлтэй байна.   

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтууд  болох хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байх бөгөөд тэдгээр нь хуульд заасан шаардлага зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй ба тэдгээрийг үнэлсэнтэй холбогдуулан ямар нэгэн гомдол гараагүй байна.

 Шүүгдэгч  ******* нь хохирогч нарын биед хөнгөн хохирол учруулсан болох нь

- хохирогч  Б.Б “ ... улаан болон хар өнгөтэй  2 ширхэг Приус машин ирсэн. Улаан өнгөтэй машины баруун талын хойд талаас хар пудволктой дунд зэргийн нуруутай махлагдуу шар залуу бууж ирээд юу болоод далжигнаад байгаа юм бэ гээд хүрээд ирэхээр нь би болсон юм алга байна, та нар тэгэж байгаа бол би бичлэг хийж баримтжуулна гэтэл миний гар утсыг булааж авах гэхээр нь би өгөхгүй гээд эсэргүүцтэл шууд миний зүүн талын нүд рүү цохиод авсан. Тэгээд миний утсыг булааж аваад газар савчихсан. Миний гар утасны дэлгэц хагарч шатсан байсан тэгээд цагдаагийн алаг машин иртэл машиндаа суугаад зугатаад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 22, 25-р тал/,

- хохирогч П.М “ ...  би Д Д салгаад нөгөө хүмүүсээс дөнгөж салаад 3-4 алхаж байтал цагаан өнгийн суудлын машинтай хүн хүрч ирээд тухайн машинаас үл таних залуу гарч ирээд шууд миний зүүн шанаа орчим гараа зангидаж байгаад 1 удаа маш хүчтэй цохисон ... гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 219-220-р тал/

- хохирогч Ц.Д “ ... машинаас 1 үл таних залуу гарч ирээд /машиныг хаанаас гарч ирсэнийг нь хараагүй/ шууд М зүүн шанаа орчим гараа зангидаж байгаад 1 удаа цохиод унагаачихсан. Тэгэхээр нь би тэр залууд хандан чи болиоч эмэгтэй хүнийг зүгээр байхад нь битгий зодоод бай гэтэл нөгөө залуу над дээр хүрч ирээд миний зүүн талын шанаа орчим гараараа 1 удаа цохиход нь би газар ойчсон юм. Тэгтэл нөгөө залуу намайг газар унасан байхад миний баруун шанаа орчим хөлөөрөө 1 удаа дэвссэн. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа гэсэн чинь нөгөө залуу Д, хэлгүй залуу, үл таних эмэгтэй, эрэгтэй нарыг суулгаад зугтаагаад явчихсан юм  ... гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 231-232-р тал/

Гэрч Г.О  “ ... надруу дайрч эхэлсэн залуу шууд очоод Б нүүр рүү нь цохиод гэдэс рүү нь өшиглөөд авсан. Тэгээд хартал тэр залуугийн гарт нь Б гар утас харагдахаар нь очоод хүний гар утас өг гээд авах гэтэл гараараа толгой руу цохисон... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 9-1, 28-29-р тал/

Гэрч А.Ц ... Б утсаа гаргаад бичлэг хийлээ шүү гээд бариад явтал нэг залуу очоод утсыг нь булааж авах гэхэд өгөхгүй байтал Бямбатогтохын нүүрэн тус газарт 1 удаа цохиод гэдэс рүү нь 1 удаа өшиглөөд Б гар утсыг булаагаад авсан. О ардаас нь утсыг нь авах гээд явсан. Тэгтэл тэр залуу О мөн нүүрэн тус газар нь 1 удаа цохиод автал тэр хэдтэй явж байсан А гэх залуу болиулсан. Тэгээд тэр залуу Б утсыг газар шидэж байгаа харагдсан. Б утсаа аваад миний утсыг эвдэлсэн байна, хардаа гээд зогсож байсан. Гар утасных нь дэлгэц хагарсан байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 16-17-р тал/

Гэрч А.А ... Б ах утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд байгаа бололтой бид нарлуу болон машины дугаарлуу утсаа чиглүүлээд бариад байсан. Бичлэг хийсэн үгүйг нь би мэдэхгүй. Тэгсэн чинь Б машинаасаа бууж ирээд Б ахын барьж байсан утсыг булааж авах гээд ноцолдоод байсан. Тэгээд нэг харсан чинь Б Б ахын утсыг авчихсан газар савж байгаа харагдсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-27-р тал/

Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 260 дугаартай дүгнэлт, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 261 дугаартай дүгнэлт, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 262 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.

Шүүгдэгч ******* 3 хүний биед хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилсэн нь зөв байна.

Шүүгдэгч ******* Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний эдлээгүй үлдсэн 01 /нэг/ жил, 03 /гурав/ сар, 11 /арван нэг/ хоногийн ялыг мөн хугацаагаар хорих ялаар дүйцүүлэн сольсон байх ба уг ялаар шийтгүүлсэний дараа шинээр дахин гэмт хэрэг үйлдсэн тул шүүхээс тухайн ялыг хорих ялаар сольсон нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар  нь ... зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж эхлээгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байсан, мөн уг ялыг хорих ялаар солиход прокурорын хүсэлтээр шүүх ялыг өөрчлөх ёстой байсан гэж давж заалдаж байх боловч  Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 2.2 дох хэсэгт зааснаар ‘’... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн’’ тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөнд тооцно гэсний дагуу анхан шатны шүүх зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар сольж ял шийтгэл оногдуулсаныг буруу биш байна гэж үзлээ.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтанд ’’... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т ‘’ гэж бичих байтал  Эрүүгийн хулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 гэж андуурч  бичсэн,  мөн  ‘’...хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан  6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн...’’ гэж бичсэн нь утга найруулгын алдаатай байх тул “ялыг” гэсний дараа  ‘’мөн хугацааны хорих ялаар  тооцон сольж’’ гэж нэмж  тус тус өөрчлөлт оруулж, харин шүүгчдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:     

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/14 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  4 дэх  заалтын “... Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар  зүйлийн 2...” гэснийг  “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 “ гэж, ‘’... зорчих эрх хязгаарлах ялыг...’’ гэсний дараа   ‘’ ... мөн хугацааны хорих ялаар тооцон сольж ...’’ гэж нэмж өөрчлөн тус тус өөрчилсүгэй.       

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон 71 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.     

Анхан болон давж шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхэй болохыг дурдсугай.

           

 

               

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.ТЭГШСУУРЬ

                  ШҮҮГЧ                                                  А.САЙНТӨГС

                  ШҮҮГЧ                                                  О.ОДНЯМАА