| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00374/И |
| Дугаар | 138/ШШ2024/00521 |
| Огноо | 2024-06-20 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 138/ШШ2024/00521
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа даргалж, Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болормаа, Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “Б” танхимд явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* регистрийн дугаартай, ******* овогт *******н *******т холбогдох,
Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 381 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч *******
Хариуцагч З.*******
Иргэдийн төлөөлөгч С.Тогтох
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
З.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1 дүгээр баг, 18 дугаар цэцэрлэгийн зүүн талд тоёота приус 20 маркийн ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад миний тоёота сай маркийн УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргасан. Замын цагдаагийн газраас ирж үзлэг, шалгалт хийж жолооч З.*******ийг буруутай болохыг тогтоосон. Миний машины жолоочийн эсрэг талын их гэрэл, урд буфер, зүүн урд крыло, ажлын хөлс нийт 2 103 000 төгрөгийн үнэлгээг анх “Вендо” үнэлгээний газар гарган “МИГ” даатгалд баримтыг өгсөн. “МИГ” даатгалаас “Вендо” үнэлгээний газартай холбогдон их гэрэл бага зэрэг цууралттай байсан, элэгдэл хорогдлыг тооц гэж хэлээд үнэлгээг 1 300 000 төгрөг болгон бууруулсан. Энэ үнэлгээг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дахин “Ашид билгүүн” ХХК үнэлгээний төвөөр үнэлүүлж 2 320 000 төгрөгөөр үнэлүүлсэн. Мөн үнэлгээний хөлс 158 000 төгрөгийг төлсөн. Үнэлгээний 3 материалыг “МИГ” даатгал хянаж шалган анхны үнэлгээ болох 2 103 000 төгрөгийг дансанд шилжүүлсэн. Миний бие сүүлийн үнэлгээ болох 2 320 000 төгрөгөөр хохирлоо барагдуулах хүсэлтэй, мөн өөрсдөө гаргасан 158 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Иймд үнэлгээний зөрүү 223 000 төгрөг, үнэлгээний хөлс 158 000 төгрөг, нийт 381 000 төгрөгийг З.*******аас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч З.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өглөө зээ хүүгээ буулгаад, ухрах үйлдэл хийх үедээ УНТ улсын дугаартай машиныг мөргөсөн. Тухайн үед хуулийн дагуу замын цагдаагийн байцаагч мөн “МИГ” даатгал зэргийг дуудаж газар дээр нь үзлэг хийлгэж эдгээр хүмүүстэй хамт явж “Вендо” үнэлгээний газраар үнэлгээ хийлгэсэн. Эхний үнэлгээгээр 2 111 000 төгрөгөөр үнэлсэн. Энэ мөнгийг даатгалаар төлүүлье гэхэд энэ хүмүүс бид даатгалын мөнгийг хүлээх боломжгүй байна хот явж машинаа янзлуулна, тиймээс та 3 хоногийн дотор мөнгө өг гэсэн. Маргааш нь “МИГ” даатгалын газар очиж би эдгээр хүмүүст мөнгийг нь өгчихвөл даатгалын мөнгө нь миний дансанд орох уу гэж асуухаар очиход даатгалын захирал залуу энэ машины гэрлийн шил өмнө нь хагарсан байсан түүний элэгдлийг яагаад тооцоогүй юм гэсэн. ...Би нэхэмжилж буй зөрүүг төлөхгүй. Учир нь би ямар ч хууль бус зүйл хийгээгүй гэжээ.
Нэхэмжлэгч *******, хариуцагч З.******* нар шүүх хуралдааны явцад байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжэгч ******* миний бие хариуцагч З.*******т холбогдуулан 381 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн зүгээс 223 000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 158 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 5 390 төгрөг, нийт 163 390 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч З.******* төлөхийг зөвшөөрсөн тул бид энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна. Бид дээрх асуудлаар дахин маргахгүй гэдгийг ойлголоо.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч З.*******т холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 381 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 381 000 төгрөгөөс 223 000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 158 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 5 390 төгрөг, нийт 163 390 төгрөг нэхэмжилснийг хариуцагч З.******* нь хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагч З.******* нь нэхэмжлэгч *******д эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 163 390 /нэг зуун жаран гурван мянга гурван зуун ер/ төгрөгийг төлөхөөр эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 080 төгрөгийн 50 хувь болох 6 040 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 6 040 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД П.БОЛОРМАА
Б.МАРИНА