| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Цолмон |
| Хэргийн индекс | 184/2024/04731/И |
| Дугаар | 184/ШШ2024/03137 |
| Огноо | 2024-06-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 184/ШШ2024/03137
2024 06 04 184/ШШ2024/03137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: -н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 7,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх
хуралдааны нарийн бичгийн даргаар ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Миний бие 2020 оны 06 дугаар
сарын 07-ний өдөр *******гийн хүсэлтээр 1,000,000 төгрөгийг 6 сарын
хугацаатай зээлдүүлсэн, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар алданги
тооцохоор зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Улмаар зээлийн
гэрээний хугацаа дуусаж мөнгөө нэхэмжлэхэд ******* нь өгч чадахгүй гэж
хойшлуулсаар өдий хүртэл 1 ч төгрөг өгөлгүй хохироож байна. Талуудын хооронд
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх үүрэг хүлээх
гэрээний эрх зүйн харилцаа үүсэн бөгөөд ******* нь гэрээний үүргээ
биелүүлээгүй авсан зээлээ төлөх хугацаа дууссан болно. Иймд зээлдэгч
*******гоос зээлийн гэрээний дагуу төлөх 7,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү
гэсэн,
шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь залилан хийж намайг
1,000,000 төгрөгөөр хохироосон. Эрүүгийн хэрэг хэлэлцэж байх үед ээж болох
******* 2020 оны 10 дугаар сард уйлж, гуйж намайг гомдлоо татаад авчих, би
1,000,000 төгрөгийг чинь өгч хохиролгүй болгоё гэсэн. Ээж шиг минь хүн гуйсан тул
би зөвшөөрч, байцаагчид *******ад холбогдох гомдолгүй гэсэн бичиг бичиж
өгсөн. Тэгсэн хэдий ч ******* нь миний 1,000,000 төгрөгийг өгөөгүй, удаа дараа
би холбоо барьсан ч хариу өгөөгүй. Ингээд 2020 оны 06 дугаар сарын 07-ний өдөр
нотариат орж дээрх 1,000,000 төгрөгт зээлийн гэрээ хийсэн, одоо уг гэрээний дагуу
1,000,000 төгрөг болон хоног тутамд тооцох 0,5 хувийн алдангийг гэрээний хугацаа
дууссан өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд тооцож 6,300,000
төгрөгийн хамт нийт 7,300,000 төгрөгийг *******гоос нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд
гаргасан тайлбартаа: Би хүүгийнхээ ялыг хөнгөлөх гэж *******д хүүгийн
төлөх ёстой байсан 1,000,000 төгрөгийг түүний өмнөөс өгнө гэж аман гэрээ
хийгээд, нотариат орж зээлийн гэрээ хийсэн. Нэхэмжлэгчээс ямар ч зээл болон
мөнгө аваагүй, ял нь хөнгөрнө гэж найдаж энэ зээлийн гэрээг хийсэн. Миний хүү
******* нь 8 жилийн ял эдэлж байгаа. Хүүгийн маань ял шийтгэлээс энэ
хүний мөнгө хасагдаж, ял нь хөнгөрсөн бол би 1,000,000 төгрөгийг нь өгөх л
байлаа. Гэтэл шүүхийн тогтоолын хавсралт хэсэгт энэ хүнд өгөх ёстой 1,000,000
төгрөг нэр, регистрийн дугаартайгаа хэвээрээ бичигдсэн, ял нь хөнгөрөөгүй. Иймд
нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, мөнгө өгч чадахгүй гэжээ.
Нэхэмжлэгчээс өгсөн нотлох баримт: Улсын тэмдэгтийн хураамжид 131,750
төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
2020 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн зээлийн гэрээ,
Хариуцагчаас өгсөн нотлох баримт: Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн
анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 543 дугаартай
шийтгэх тогтоол болон түүний хавсралтын хуулбар,
Шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримт: байхгүй.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн
судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2020 оны 06 дугаар
сарын 07-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1,000,000 төгрөг,
алданги 6,300,000 төгрөг, нийт 7,300,000 төгрөг гаргуулж өгнө үү гэж
тодорхойлсон.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ
нэхэмжлэгчээс зээл аваагүй, тохиролцоо биелэгдээгүй хэмээн эс зөвшөөрч
маргасан.
2. Талууд 2020 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн зээлийн гэрээ бичгээр
байгуулж, нотариатаар батлуулсан байх бөгөөд гэрээний 2.1-т зээлийн хэмжээ:
1,000,000 төгрөг, 2.4-т зээл олгосон 2020 оны 06 дугаар сарын 07-ний өдөр
бэлнээр өгөв гэжээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр
зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр
тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд
хөрөнгөтэй ижил төрлийн чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон
хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин
төгөлдөр бол гэрээний талууд үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй. Гэтэл
талуудын хооронд мөнгө зээлэх хүсэл зориг илэрхийлэгдэж, зээлийн гэрээ
байгуулагдсан нь нотлогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл *******аас хариуцагч *******д бэлнээр мөнгө
шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй, талууд зээлийн гэрээний дагуу мөнгө
шилжүүлээгүй гэж хэн аль тайлбараа гаргаж, энэ талаар маргаагүй тул талуудын
хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй, зээлийн төлбөр болон
алданги шаардах эрхгүй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн
25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага,
түүний үндэслэлийг, хариуцагч татгалзлаа тус тус нотлох үүргийг хүлээнэ.
*******гийн хүү *******ад холбогдох эрүүгийн хэргийн хохирогч
******* хохирлын 1,000,000 төгрөгийн гомдлоо татан авснаар хариуцагч
түүнд 1,000,000 төгрөг өгөхөөр зохигч харилцан тохиролцсон болох нь талуудын
тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч дээрх тохиролцоог үндэслэн зээлийн гэрээ байгуулсан гэх
боловч хариуцагч нь “...*******тай ингэж ярилцсан ч миний хүүгийн ялаас
хөнгөрөөгүй, эрүүгийн тогтоолд *******ын хохирлын 1,000,000 төгрөгийн
шаардлага хэвээр үлдсэн учир зөвшөөрөхгүй...” гээд Хан-Уул дүүргийн Эрүүгийн
хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 543
дугаартай шийтгэх тогтоол болон түүний хавсралтын хуулбарыг хэрэгт ирүүлсэн,
нэхэмжлэгч уг тайлбар болон шүүхийн шийтгэх тогтоолыг үгүйсгээгүй тул
талуудын дээрх тохиролцоог үндэслэн нэхэмжлэгч төлбөр нэхэмжилсэн нь
үндэслэлгүй бөгөөд хожим үүрэг сольсон гэж үзэхгүй.
4. Иймд *******гоос 7,300,000 төгрөг гаргуулах тухай *******ын
нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж үзэв.
5. Шүүхийн зардлыг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож
шийдвэрлэсэн тул улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч
*******гоос зээлийн гэрээний үүрэгт 7,300,000 төгрөг гаргуулах тухай
*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т
зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131,750 төгрөгийг
улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн
119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц
хүчинтэй болох бас зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу
өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн
дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах
эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН