| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00363/И |
| Дугаар | 138/ШШ2024/00523 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 138/ШШ2024/00523
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би, нэхэмжлэгч Дорнод аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй хариуцагч *******эд холбогдох “Гэм хорын хохиролд 549 900 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Прокурорын газар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн тоотод хохирогч *******ийг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлын төлбөр Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлөгдөөгүй байна. Хохирогч ******* нь Дорнод аймгийн Баян-Уул сумын эрүүл мэндийн төв, Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв эмнэлэгт нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээ авсан байх ба үүнд зарцуулсан 549 900 төгрөгийн төлбөрийг тухайн эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн Дөрөвдүгээр бүлэгт заасан журмын дагуу Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж авсан байна. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-д “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж зааснаар гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр шаардах нөхцөл бүрдсэн байна. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д тус тус заасны дагуу прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, эсхүл гуравдагч этгээдээр төрийн нэрийн өмнөөс оролцох эрхийг тусгайлан олгосон байна. Гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол шийдвэрлэгдээгүй орхигдсон байх тул гэм буруутай этгээдээр эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээний төлбөрийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд *******ээс 549 900 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд оруулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Прокурорын газар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус прокурорын газраас хариуцагч *******ээс гэмт хэргийн улмаас “Эрүүл мэндийн даатгалын сан”-д учруулсан гэм хорын хохиролд 549 900 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд гэм хорын хохирол 549 900 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Прокурорын газар нь хариуцагч *******эд холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохиролд 549 900 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Дорнод аймгийн Прокурорын газар нь хариуцагч ******* нь Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд гэм хорын хохирол 549 900 төгрөгийг төлж барагдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдохгүй байна.
Иймээс нэхэмжлэгч Дорнод аймгийн Прокурорын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Дорнод аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй хариуцагч *******эд холбогдох “Гэм хорын хохиролд 549 900 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА