| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2017/0084/э |
| Дугаар | 88 |
| Огноо | 2017-12-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 88
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бүрэнтогтох,
Улсын яллагч Д.Ариунжаргал,
Шүүгдэгч Ё.Алт /хохирогч/, Ё.Алт-г, Ж.Н /хохирогч/, А.Но нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Эрин овогт Ё-гийн А-зул, Эрин овогт Ё-гийн А-цэцэг, Улаан тэмээт овогт Ж-гийн Н , Тэргүүн овогт А-ны Но нарт холбогдох 17160007100034 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авчхянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн нарын байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, 1985 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ..... сумын ....... багийн ...... тоотод оршин суудаг, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, .......... регистрийн дугаартай, Эрин овогт Ё-гийн А-цэцэг гэв.
2. Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, 1987 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эко байгаль хамгаалал мэргэжилтэй, Алтай таван богд худалдааны төвд ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ....... сумын ....... багийн .......... тоотод оршин суудаг, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, ........регистрийн дугаартай, Эрин овогт Ё-гийн А-зул гэв.
3. Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, 1971 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ........ цогцолбор сургуульд нярав ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ............. сумын ........ багийн .......... 8-н айлын ....... тоотод оршин суудаг, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, ............ регистрийн дугаартай, Улаан тэмээт овогт Ж-гийн Н гэв.
4. Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, 1992 оны 03 дугаар сарын 09-ны өдөр төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ......... цогцолбор сургуульд багш ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт Говь-Алтай аймгийн ........г сумын .......... багийн ...... 8-н айлын ....... тоотод оршин суудаг, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, ......... регистрийн дугаартай, Тэргүүн овогт А-ны Но гэв.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ё.А-зул, Ё.А-цэцэг, Ж.Н , А.Но нар нь 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв Паркын доод талд харилцан зодолдож Ё.А-, Ж.Н нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв Паркын доод талд 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шүүгдэгч Ж.Н нь 0770 дугаартай автомашин жолоодож ухрах хөдөлгөөн хийх явцдаа шүүгдэгч Ё.А-цэцэгийн хүүхэд болох У.Б-гийн унадаг дугуйг шүргэсний улмаас шүүгдэгч Ё.А-зул Ж.Н нар нь хоорондоо маргалдаж шүүгдэгч Ё.А-цэцэг нь уг маргаанд оролцож Ё.А-зултай бүлэглэн Ж.Н-ыг зодсон, улмаар шүүгдэгч А.Но нь Ж.Н-ыг өмөөрч уг маргаанд оролцож шүүгдэгч Ж.Н-тай бүлэглэн Ё.А-зулыг тус тус зодсоны улмаас Ж.Н , Ё.А-зул нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэмт хэрэг гарчээ. Уг гэмт хэргийг шүүгдэгч Ё.А-цэцэг, Ё.А-зул, Ж.Н А.Но нар нь үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч/хохирогч/ Ё.А-зулын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2017 оны 09 сарын 23-ны өдөр хагас сайн өдөр байсан. Паркын доод талд манай эгчийн хүүхэд цай аваад ир гэсэн. Тэгээд истана машинтай сургуулийн 2 хүүхэд, цэцэрлэгийн 2 хүүхэдтэй, бас нэг бэртэйгээ очсон. Манай эгчийн хүүхэд ирээд цайгаа уугаад сууж байсан. Дугуйгаа машины ард хэвтээгээр нь тавчихсан байсан. 0770 дугаартай машин ухраад дугуйг нь шүргэсэн. Би эгчдээ хэлсэн наад машин чинь дугуйг нь дайрлаа дуут дохио өгөөч гэхэд камертай харж байгаа байх гэтэл шүргээд урагшлаад зогссон. Жолоочийн талаас нэг эгч гарч ирээд та нар яах гэж машины ард дугуйгаа тавьсан юм бэ? та нарын буруу гэж байгаад буцаад машиндаа орсон. Би буугаад хүнээс уучлалт гуйх нь байтугай, хэл амаар доромжилдог байна. Цагдаа дуудаад өгчих гэж хэлсэн. Нөгөө эгч машинаасаа бууж ирээд чи 4 зам дээр машинаа мөргүүлцэн зогсож байсан чи юу олж долоосон юм бэ? чи юу ч олж долоогоогүй биз дээ. Би та нарыг Бигэр сумд байхаас чинь мэднэ. Та нар гуйлгачингууд л байсан шүү дээ гээд хэл амаар доромжилоод байсан. Сая яг таны машин ард жаахан хүүхдүүд тоглож байгаад орлоо. Тэд нарыг шүргэчихсэн бол яах юм бэ? гээд тохойноос нь татсан. Тэгсэн намайг алгадаад эхэлсэн. Манай эгч, хүүхдүүд бууж ирээд салгасан. Цэцэрлэгийн 2 настай, 3 настай хүүхдүүд дугуй дайрсан гээд гуталныхан хоншоор луу өшиглөж байсан. Тэгсэн та нарын цэцэрлэгийн хүүхдүүд нь хүртэл хүмүүжилгүй байгаа шүү дээ. Би алгадаад унагчихаж чадна гээд зөндөө маргалдсан. Намайг тухайн үед зөндөө алгадсан. Энэ эгч би эмчтэйгээ уулзсан гэсэн болохоор нь унадаг өвчтэй юм болов уу? гэж бодоод гар хүрээгүй. Сүүлд нь нилээн маргалдсаны дараа толгойгоороо нэг мөргөсөн. Манай эгч салгах гээд ирсэн байхад А.Но ирсэн. Та нар хүн рүү дайрлаа гэж орилоод намайг үсдээд, элэгдээд энэ хоёр нийлээд намайг зодсон. Манай эгч ирээд салгаад байж байтал нөхөр нь хоёр эрэгтэй хүнтэй ирчихээд хүүхэд чинь хэддүгээр анги юм бэ? гээд манай эгч рүү дайраад байсан. Та нар бүлгээрээ хүн зоддог хэн юм бэ? чамайг алаад хаячихсан байсан ч яадаг юм бэ? чи яасан пээдгэр хүүхэн бэ? гээд учрыг нь олоогүй байж дайраад байсан... Гэмшиж байна... Толгойгоороо шанаа руу нь мөргөсөн... Гэмшиж байна. Цаг хугацаа, ажлаа алдаж байгаад харамсаж байна... Торгуулийн ялыг багасгаж өгнө үү? манай эгч өрх толгойлсон эмэгтэй. Торгуулийг би төлөх байх... Гэмшиж байна хууль мэдэхгүй байдлаасаа болж ийм асуудалд орлоо...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч/хохирогч/ Ж.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2017 оны 09 сарын 23-ны өдрийн 13 цагийн үед паркад манай сургуулийн хөлбөмбөгийн тэмцээн болж байсан. Тэнд манай багш нар, манай хүүхэд цай аваад ир гэсэн. Би тэнд очоод зогсож байтал ард хөндлөн машин зогссон байсан. Нэг удаа дуут дохио өгөөд хөдлөхгүй юм байна гэж бодоод заамчиж байгаад гарчихъя гэж бодоод хөдлөхөд камерт хүүхдийн унадаг дугуй ороод ирсэн. Бууж хараад хүүхдийн унадаг дугуй эвдэрээгүй байхлаар нь эргээд машиндаа суусан. Гэтэл нэг эмэгтэй бууж ирээд хүүхэд дайрчихсан бол та яах вэ? та гээд намайг түлхэж самардсан. Би өөрийгөө хамгаалаад зогсож байхад манай сургуулийн 3 хүүхэд ирсэн. 3 хүүхэд ирээд юу болж байгаа юм бэ? гээд салгасан. Салгаад байж байтал Ё.А-зул намайг мөргөөд, хажуунаас эгч нь гарч ирээд миний шанаа руу цохисон. Тэгээд сүүлдээ би болохгүй юм байна гэж бодоод Номин багшийгаа дуудаарай гээд хүүхдээ дуудуулсан. Манай охин ирээд та нар яахлаараа хүн рүү дайрдаг юм бэ? гэж хэлсэн. Нөгөө хүмүүсийн уур уцаар хүрч өмнөөс нь маргалдаж түлхэлцсэн...Ё.А-зул машинаасаа бууж ирээд тойроод миний машины хаалган дээр хүрээд ирсэн. Би бууж ирээд хүн мөргөчихсөн юм болов уу? дугуй л унагасан юм даа гэж бодоод буугаад ирэхэд чи хүн алчихсан юм бол яах юм бэ? гээд самардаад эхлэхээр нь би цааш нь түлхсэн. Би шууд бол алгадаж бариагүй. Тэгээд байж байтал Ё.А-цэцэг нь машинаасаа бууж ирээд миний шанаа руу цохичихсон. Би хэрэг хийчихсэн юм байна. Энэ хүмүүс уурандаа намайг зодох юм байна гэж бодоод охиноо дуудуулсан... Маш жаахан зүйлээс болж ажил удаж байгаадаа маш их эмзэглэж байгаа. Бид нар хоорондоо ярилцаж, зөвшилцсөн байгаа... Өнөөдөр ингээд зогсож байх хүмүүс биш. Гэмшиж байна... Төрийн байгууллагын цалин ямар билээ. Торгуулийн ялыг 3 сараар хэсэгчлэн төлье... Энэ хэргийг хийсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ё.А-цэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2017 оны 09 сарын 23-ны өдөр манай хүүхэд ээж би хөлбөмбөгийн тэмцээнтэй гээд өглөө гараад явсан. Үдээс хойш болж байхад ээж би өлсөөд байна надад хоол авчираад өгөөч гэсэн. Тухайн үед хагас сайн, амралтын өдөр байсан. Манайд аав, ээж ирчихсэн банштай цай хийж өгчихөөд банштай цайны үлдэгдэл байхлаар нь аваачаад өгчихье гээд явах гэж байтал манай дүү Ё.А-зул, манай бэр, цэцэрлэгийн 2 хүүхэд, манай охин, Ё.А-зулын охин явья гэхлээр нь бид хэд хамтдаа паркын доод талд Ж.Н эгчийн машинаас жаахан зайтай зогссон байсан. Хүүхдээ утсаар ирж цайгаа уу? гэхэд унадаг дугуйтайгаа ирээд данхараадаад тавихад данхараад нь жаахан муу барьдаг учраас унасан. Дугуйгаа босгох гэхлээр нь наад машин чинь урагшаа, хойшоо явах гэж байгаад дайруул яана гэж хэлээд машинд орж ирээд удаагүй байж байтал Ж.Н эгч машинаараа ухрахдаа шүргээд унадаг дугуйг нь унагачихсан. Ухарахад нь манай дүү дуут дохио өгөөч гэсэн би камертай харж байгаа байх LX 470 битгий хэл одооны приус машинууд хүртэл камертай, камертай харж байгаа байлгүй гэхэд ухарч унагачихаад буцаж урагшилж зогссон. Хүүхдүүд унадаг дугуйг нь дайрчихлаа гэсэн. Гэтэл Ж.Н эгч бууж ирээд харсангүй, яах гэж машины ард унадаг дугуйгаа тавьсан юм бэ? Хохь чинь гэж хэлсэн. Манай дүү хүүхэд дайрчихсан бол хохь чинь гээд хэлээд сууж байх уу? гэтэл удалгүй зодоон болсон. Манай хүүхэд сургуульд сурдаг учраас яршиг гэж бодоод сууж байтал манай бэр та бууж салгахгүй бол болохгүй юм биш үү гэсэн. Би буугаад Ж.Н эгчийг та уучлалт гуйчихсан бол ийм хэрүүл маргаан үүсэхгүй шүү дээ гээд хэлээд зогсож байтал. Удалгүй цаанаас А.Но багш гүйж ирээд та нар бүлэглэж хүн зоддог хэн юм бэ? гээд Ё.А-зулыг үсдээд зодоод унахлаар нь би салгах гэтэл миний баруун нүд рүү цохичихсон. Нөхрөө бас дуудчихсан, нөхөр нь ирээд тухайн үед утсаар яриад хэлсэн юм байлгүй. Надад нэг унадаг дугуй байтугай хэд хэдэн унадаг дугуй аваад өгөх чадал байна гээд түрийвчээ урдаас шидээд байхлаар нь учрыг нь олооч гээд карамандаа гараа хийчихсэн зогсож байсан чинь чи яасан пээдгэр хүүхэн бэ? чамайг зүгээр алаад хаячихсан байсан ч чадна гэсэн. Цагдаагийн байгууллагад дуудлагыг би өгсөн. Өөр сүртэй юм болоогүй. Би чулуу бариагүй, утсаа бариад байж байсан. Утсаар бичлэг хийж байхад утасыг булааж аваад нүүрийг нь хагалсан байсан. Манай хүүхэд сургуульд нь явдаг болохоор хүүхдээ бодоод нэг их юм хэлээгүй... Миний нүд рүү цохихоор нь би эргүүлээд шанаа руу нь нэг цохисон...Уг нь зодолдоод шальтай юм болоогүй. Ганц нэг удаа цохилцсон...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Улсын яллагчийн дүгнэлтийг зөвшөөрч байна. Хууль мэдэхгүйгээсээ болж ийм байдалд хүрлээ... Бид нар хоорондоо ярилцаж, зөвшилцөж, эв зүйгээ олсон байгаа... Би уурлаж явдаггүй. Уураа буруу хүмүүстээ гаргачихсан. Гэмшиж байна...Торгуулийн ялыг багасгаж өгнө үү? мөн торгуулийн ялыг 3 сараар хэсэгчлэн төлье...Хууль мэдэхгүйгээсээ болж өнөөдөр энд зогсож байна. Гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч А.Но-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2017 оны 09 сарын 23-ны өдөр ажлаа хийгээд хүүхдийн паркын талбай дээр хөлбөмбөгийн тэмцээн явуулж байсан. Тэмцээн тайлбарлаад зогсож байтал манай нэг шавь ирээд ээжийг тань хүмүүс зодож байна гэсэн. Би юу хаана гээд гүйгээд очиход 3 эмэгтэй байсан. Очиход аймар орилдоод хоорондоо хэрэлдээд зогсож байсан. Ээжээсээ юу болсныг асуухад нүүр нь хэсэг нь аймар улайлттай байсан. Уйлах гээд энэ хүмүүс нийлээд намайг зодоод байна гэж хэлсэн.Тухайн үед сургуулийн олон хүүхэд байсан учраас юу болсон талаар асуухад цэнхэр цамцтай эгч чи хол бай чамд хамаагүй гэсэн. Би хүүхэд нь байна та нар яасан муухай хүмүүс вэ? эмэгтэй хүмүүс байж нийлж хүн зодлоо гэхэд гэчий минь чамайг холд гэсэн шүү гээд шууд миний гэдэс рүү цохиод авсан. Ер нь та нар ганц хүнийг бүлэглэж зоддог хэн юм бэ? гээд би нэг удаа өшиглөж авсан. Гэтэл хажуунаас нэг эгч миний эрүү рүү цохиж авсан. Хүүхдүүд салгахад цаана нь бичлэг хийж байсан. Ягаан цамцтай нэг эгч чулуу барьчихсан зогсож байсан. Аав ирээд маргалдаад байж байтал цагдаа ирсэн. Ер нь бол би ээжийгээ өмөөрөөд нэг удаа цохиж авсан... Ээжийг машинд шахчихсан. Гурвууллаа хэрэлдээд зогсож байсан. Зодсоныг нь би бол хараагүй. Ирэхэд ээжийн нүүр улайчихсан байсан... Би эхлээд салгах гэж үзсэн. Өмнөөс эхлээд хэл амаараа доромжилоод, түлхээд Ё.А-зул нь гэдэс рүү цохисон болохоор нь би эргүүлээд нэг удаа өшиглөсөн... Тус зодоонд оролцож багшийн нэр хүндийг унагасандаа гэмшиж байна. Цаашдаа хууль дүрэм зөрчихгүй. Улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна... Дахиж гэмт хэрэгт холбогдохгүй гэж бодож байгаа... Хуулийг судлаж үзсэн. Торгуулийн ялыг багасгаж өгнө үү? ээжтэйгээ нэг гэр бүл учраас торгуулийн ялыг 3 сараар хэсэгчлэн төлье... Торгуулийн ялыг цаг тухай бүрт нь төлнө. Гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч/хохирогч/ Ё.А-зулын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Ба-гийн дугуйг машины арын дугуй хэсгээр мөргөөд хойш нь газраар дугуй чирэгдээд явсан. Та хүүхэд дайрсан бол та нарын буруу гээд хэлээд зогсож байх уу гэж хэлээд та хар даа тэр хүүхдүүдийг гээд тохойноос нь татаад чангаасан чинь өмнөөс 2 гараараа нүүр лүү 2 талаас алгадаад унасан. Тэгээд би нүүрлүү нь нэг удаа мөргөсөн. Тэгээд охин нь ирээд та нар бүлгээрээ нийлж зоддог хэн бэ гээд нийлээд намайг зодоод унасан ...” /хх 31-32-рт/,
Шүүгдэгч/хохирогч/ Ж.Н-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “....Тэгээд тухайн дугуйг би машинаараа ширгээд унагаачихсан юм. Тэгээд би машинаа зогсоогоод буугаад ирсэн чинь нэг шар үстэй эмэгтэй Истана машинаас бууж ирээд тухайн унадаг дугуйг газраас босгож байсан. Тэгээд би унадаг дугуйг харахад эвдэрсэн зүйл байхгүй шүргээд унагаачихсан байсан учир тухайн үед манай сургуулийн нэг хүүхдийн унадаг дугуй байна тухайн хүүхнийг босгож байна гэж дотороо бодчихоод толинд тухайн дугуйг харагдсангүй ш дээ гэж хэлчихээд эргээд машиндаа суугаад хөдлөх гэтэл хүн орилсон тэгэхээр нь би ахиад өөр юм мөргөчихсөн байсан юм болов уу анзаарч хараагүй юм байх даа гэж бодоод машинаас бууж байтал өмнөөс нэг хүүхэн ирээд хүүрээ хүн алчихсан байвал чи яах вэ гээд гар мушгиад самардаад унасан. Тэгээд хүүе гэж хэлэхийн завдалгүй нүүрлүү толгойгоороо 2 удаа мөргөсөн. Тэгээд би цаашаагаа биеэ хамгаалаад түлхэхээр Истанагаас нэг бүдүүн бор хүүхэн бууж ирээд миний зүүн шанааруу цохиод авсан. Тэгээд би ухаан балартаад газар унаад босч ирэхэд 2 жоохон хүүхэд ирээд шороо цацаад тухайн 2 хүүхэн дээгүүр доогуур цохиж аваад дахиж мөргөх гээд дайраад байсан. Тэгээд байж байтал урд талаас 11-р ангийн 3 эрэгтэй хүүхэд ирээд та 2 болиоч түрүүнээс хойш энэ эгчийг зодлоо ш дээ гэж хэлсэн. Тэгээд дахиад намайг цохих гэтэл тухайн 3 хүүхэд намайг цохиулалгүй хамгаалсан юм. Тэгээд нэг хүүхэд нь гүйж очоод парк дотор манай охинд ээжийг чинь хүмүүс зодоод байна гэж хэлсэн байсан. Тэгээд манай охин гарч ирээд юу болоод байгаа юм бэ хүн зодоод гэж хэлэхэд тухайн шар үстэй хүүхэн нь Бяцгын шээснүүд та нар яах гэж байгаа юм зодох гэж байгаа юмуу гэж хэлж байсан. Тэгээд манай охины мөрлүү тэр шар хүүхэн нь 2,3 удаа гараараа цохиод авсан тэгээд мөргөх гээд байхаар нь манай охин толгойруу нь түлхсэн тэгээд дахиад мөргөх гээд байхаар нь би чи болиоч түрүүнээс хойш хүүхдийн нүүрлүү мөргөх гээд байна ш дээ энэ яг ингээд мөргөөд байгаа байхгүй юм гээд тухайн шар хүүхний нүүрлүү нь гараараа цохиж цаашлуулсан юм. Тэгээд тухайн хүүхэн нүүрлүү цохичихлоо гээд цааш болсон. Тухайн үед цохихгүй бол хүүхдийг мөргөх гээд байсан юм. Тэгээд би хүүхдийн утас аваад нөхрөө дуудсан хүүхэд бид 2-г хүн зодоод байна гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр нэг их удалгүй хүрээд ирсэн. Тэгээд манай нөхөр ирсэн чинь үгийн зөрүүгүй мөргөх гээд дайрсан чинь манай нөхөр мөргөвөл хохино шүү би адилхан цохиод авна шүү гэж хэлээд болиулсан. Тэгээд цагдаад өг гэж хэлсэн. Тэгэхэд тухайн хүүхэд согтуу хүн шиг авирлаж байсан. Тэгээд цагдаа дээр ирээд ямар ч үг хэлүүлэхгүй орилоод байсан...Тухайн 2 хүүхэн зодож цохисон. Гараараа болон толгойгоороо мөргөсөн мөн хумсаараа урсан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг/хх 37-39-рт/,
Шүүгдэгч Ё.А-цэцэгийн мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлсэн: ..паркын хашааны доод талд зогсож байсан Lexus-470 маркын машин ухрахдаа манай хүүхдийн унадаг дугуйг машины арын хэсэгээр мөргөчихөөд дайрсан тэгээд буцаж урагшилж зогсоод машинаасаа бууж ирсэн. Тэгээд унадаг дугуй үзэгдсэнгүй унадаг дугуйгаа хол тавихад яадаг юм гэж хэлсэн. Тэр үед би машин дотор сууж байсан учраас буугаагүй хүүхэд машин дотор байсан юм чинь гээд тоогоогүй юм. Тэгээд манай дүү А-зул машинаас буугаад хүүхдийн дугуй дайрчихлаа арын толинд харж ухарахад яадаг юм гэж хэлсэн чинь чи 4 зам дээр машинаа мөргүүлчихээд зогсож байсан юу олж долоосон юм. Танайхан гуйлгачингууд Бигэрт байхдаа ямар байлаа хэзээ ийм болчихсон юм гээд удам судараар доромжилж эхэлсэн. Тэгээд би машин дотороос буулгүй хараад сууж байгаад нэг харсан чинь манай дүү А-зулыг 2 гараараа хацар шанааруу нь алгадаад эхэлж байсан. Тэгсэн манай охин Уранбилэг ээж Ажааг /А-зул/-г зодоод байна та буугаач гэхээр нь амихандаа хүүхэд тухайн сургуульд нь сурдаг учраас нэр хараад за яршиг гэж бодоод машин дотор суугаад байсан юм. Тэгээд байж байтал тухайн авгайгийн охин нь гэх 5-р сургуульд биеийн тамирын багш гэх хүүхэн ирээд шууд манай дүүг үсдэж аваад элэгдээд зодоод унахаар нь би бууж ирээд салгах гээд дундуур нь орсон чинь нөгөө машин жолоодож явсан Н гэх авгай миний баруун нүдрүү цохиод авсан юм. Тэгэхээр нь би буцаагаад зөрүүлээд шанааруу нь нэг удаа гараараа цохиод авсан. Тэгээд байж байтал тухайн авгай нөхөрөө дуудсан юм байлгүй хэрэлдэж маргалдаад байж байхад нөхөр нь хүрээд ирсэн. Тэгээд бууж ирэнгүүтээ надруу харж байгаа чи яахаараа зүгээр байсан хүнийг зоддог юм гэж хэлсэн. Тэгэхээр нь хэн зодсон хэн зодуулсаныг хараа байлгүй дээ чи сохор юм уу гэж хэлсэн. Тэгэхнээ нөхөр нь Пяцга гэх чамд нэг байтугай 2,3 дугуй аваад өгөх чадал байна гээд өмнөөс түрүүвчээ шидээд байсан. Тэгэхээр нь чи хаашаа юм мөнгөтэй төгрөгтэй чинь тэндээ л байдаг юм байгаа биз нэртэйгээр нь зодчихооч гэж хэлсэн чинь чамайг зодох нь байтугай алчихсан ч яадаг юм чадал байна гэж хэлээд байсан. Тэгээд миний хүүхэд хэний ангид байдаг юм гээд өөрийнхөө охиноос асуугаад байсан. Тэгэхээр нь би миний хүүхэд чамд ямар хамаатай юм сурдаг газараа сурч байна энэ хэрэгт хүүхэд ямар хамаатай юм гэж хэлээд хэрэлдээд байж байхад цагдаа ирсэн...Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй тухайн үед эмчид үзүүлсэн зүйл байхгүй. Би нэг удаа л цохиулсан харин манай дүү А-зул нь зодуулсан байгаа...” гэх мэдүүлэг/хх 43-45-рт/,
Гэрч Ч.З-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Lexus-470 маркын машин арагшаа ухрахдаа Ба-гийн унадаг дугуйг дайрчихсан юм. Тэгсэн А-зул эгч машинаас буугаад тухайн машины жолооч нэг эмэгтэй хүнтэй ард чинь хүүхэд байсан бол яах байсан юм гээд маргалдаж байсан. Тухайн үед машинд хүүхдүүд хараад сууж байсан болохоор буугаагүй. Тэгээд тэнд маргалдаад сүүлдээ зодоон болсон юм. Тэгээд А-зул эгч тухайн машины жолооч эмэгтэйтэй барилцаж аваад байж байхад машинаас А-цэцэг эгч буугаад тэр 2-ыг салгаж байхад цаанаас нь тухайн эмэгтэй жолоочийн охин гэх хүн паркаас гарч ирээд манай ээжийг зодлоо гээд ирээд шууд А-зулыг үсдээд элэгдээд зодоод унасан...” гэх мэдүүлэг/хх 48-49-рт/,
Насанд хүрээгүй гэрч О.Ө-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Лха , На бид 3 паркын зүүн талын доошоо харсан хаалгаар гараад дэлгүүр орохоор явж байсан чинь хэдэн эмэгтэй хүмүүс муудалцаад хэрэлдээд байсан. Тэгээд бид 3 холоос хараад зогсож байсан чинь 2 эмэгтэй хүний нэг шар үстэй намхан эгч нь манай сургуулийн нярав ажилтай Н гэдэг эгч рүү толгойгоо өгөөд мөргөх гээд байгаа бололтой байсан. Тэгсэн чинь Н эгч болиоч ээ гээд цааш түлхэж харагдсан. Тэгсэн чинь хажууд нь зогсож байсан нэг эгч нь Насаа эгчийг гараараа толгой руу нь цохиод авч байгаа харагдсан. Тэгэхээр нь На очоод Н эгчийг өөр луүгээ татаад салгаж авсан. Тэгсэн чинь Н эгч Но-г дууд гэж өөрийнхөө охиныг дуудуулсан. Тэгсэн Нармандах яваад Номин багшийг дуудаж ирсэн. Тэгээд Но багш ирээд тэдгээр хүмүүстэй бас муудалцаад нэг эмэгтэйг гэдэс рүү нь өшиглөж байгаа харагдсан. Тэгээд цагдаа дуудаад хоорондоо ярилцаад цагдаа дээр ирсэн...” гэх мэдүүлэг/хх 50-51-рт/,
Насанд хүрээгүй гэрч М.Лха-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Тэгээд Ө, На бид 3 паркын зүүн талын доошоо харсан хаалгаар гараад дэлгүүр орохоор явж байсан чинь манай сургуулийн нярав Н эгч танихгүй 2 эгчтэй хэрэлдээд Паркын хашааны доод талд зогсож байсан. Тэгээд бид 3 холоос хараад зогсож байсан чинь нэг танихгүй намхандуу эгч нь урагш үсрээд байсан. Тэгсэн Н эгч тухайн эгчийг цааш нь түлхэх шиг болсон чинь хажуу талаас нь нэг танихгүй эгч гараараа Насаа эгчийн нүүр лүү цохиод авсан. Тэгээд Н эгч зууралдаад авахаар нь бид 3 гүйж очоод На Н эгчийг татаад салгаж авсан. Тэгсэн Н эгч Но-г дууд гэж хэлсэн. Но нь манай сургуулийн биеийн тамирын багш байгаа юм. Тэгсэн На яваад Но багшийг дуудаж ирсэн. Тэгээд Но багш ирээд яасан юм гэж асуугаад тэр танихгүй 2 эгчийн нэгийг нь татаж түлхээд өшиглөж байгаа харагдсан. Тэгээд ойр орчим жоохон хүүхдүүд цуглаад байхаар нь бид 3 тараагаад байж байхад цагдаа дуудсан байсан цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг/хх 52-53-рт/,
Насанд хүрээгүй гэрч Я.На-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Лха , На бид 3 паркын зүүн талын доошоо харсан хаалгаар гараад дэлгүүр орохоор явж байсан чинь хэдэн эмэгтэй хүмүүс муудалцаад хэрэлдээд байсан. Тэгээд бид 3 холоос хараад зогсож байсан чинь 2 эмэгтэй хүний нэг шар үстэй намхан эгч нь манай сургуулийн нярав ажилтай Н гэдэг эгч рүү толгойгоо өгөөд мөргөх гээд байгаа бололтой байсан. Тэгсэн чинь Насаа эгч болиоч ээ гээд цааш түлхэж харагдсан. Тэгсэн чинь хажууд нь зогсож байсан нэг эгч нь Насаа эгчийг гараараа толгой руу нь цохиод авч байгаа харагдсан. Тэгэхээр нь би очоод Насаа эгчийг өөрлүүгээ татаад салгаж авсан. Тэгсэн чинь Н эгч Но-г дууд гэж өөрийнхөө охиныг дуудуулсан. Тэгсэн би яваад Но багшийг дуудаж ирсэн. Тэгээд Но багш ирээд тэдгээр хүмүүстэй бас муудалцаад нэг намхан толгойгоо өгөөд байсан шар үстэй эмэгтэйтэй зууралдаад өшиглөж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг/хх 55-56-рт/,
Шүүгдэгч А.Но-ийн мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлсэн: би хоолоо идчихээд паркруу ороод тэмцээн шүүгээд зогсож байсан чинь 20,30 минутын дараа манай сургуулийн 2 хүүхэд ирээд танай ээжийг хүмүүс зодоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гүйгээд очсон чинь тухайн Истана машины хүмүүс бололтой 3 эмэгтэй хүн байсан нэг эмэгтэй нь холоос хараад зогсож байсан. 2 эмэгтэй нь манай ээжтэй хэрэлдээд машинлуу шахчихсан хэл амаар доромжлоод байж байсан тухайн үед манай ээжийн нүүрний хэсэг улайсан байдалтай намайг нүүрлүү цохисон гээд байж байсан. Тэгээд би очоод цэнхэр цамцтай хүүхнийг нь түлхээд салгасан чинь хажуу талаас ягаан цамцтай хүүхэн чи хэн юм холд зайл гэхээр нь би хүүхэд нь байна та нар яасан юм хүүхдүүд харж байхад хэл амаараа ололцохгүй гэж хэлсэн чинь ягаан цамцтай хүүхэн нь танай ээж чинь хүүхдийн дугуй дайрчихаад уучлалт гуйхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би ээжийг та уучлалт гуйхгүй яасан юм гэж хэлсэн чинь уучлалт гуйсан зөндөө хэлсэн. Тэгсэн чинь чи хүн алчихсан бол яах байсын гээд дайраад байна гэж хэлж байсан. Тэгээд би хэрэлдээд байхаар нь Цэнхэр цамцтай хүүхнийг нь түлхээд боль гэж хэлсэн чинь тэр хүүхэн чи холд гээд намайг элэгдээд авсан юм. Тэгээд тэр хүүхэнтэй маргалдсан чинь хажуу талаас хүмүүс ирээд салгасан би нэг удаа үсдэж авсан тэрийг хүмүүс хараад аймар зодолдсон гэж хэлсэн...Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй тухайн үед эмчид үзүүлсэн зүйл байхгүй. Намайг ягаан цамцтай нь байх хажуу талаас орж ирээд гараараа уруулруу цохисон байгаа... Би ерөөсөө зодож цохисон зүйл байхгүй. Намайг цохихоор нь нэг удаа үсдэж авсан...” гэх мэдүүлэг/хх 57-59-рт/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Алт-ын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №288 дугаартай “...1.Ё.А-зулын биед баруун доод зовхи, хацар, баруун хөмсөгний дээд хэсэг, эрүү, баруун бугалага, баруун хөх, зүүн хөх, зүүн бугалаганд цус хуралт, баруун бугалага, баруун эгэм, ууцанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тогтоогдлоо.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт/хх 61-62-рт/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Д.Да-гийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №295 дугаартай “...Иргэн На-ын биед тархины доргилт, зүүн гарны 2-р хуруунд шарх, зүүн бугалганд цус хуралт, доод үүдэн 1 шүдний ганхалт, хамрын нуруу хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлинй үйлчлэлээр үүснэ.
3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт/хх 65-66-рт/,
Шинжээч эмч Т.Алт-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: 2017.09.25-ны өдөр цагдаагийн ахмад Ш.Ган-гийн тогтоолоор Ё.А-зулын биед үзлэг хийж дүгнэлт гаргасан үзлэгээр баруун доод зовхи, хацар, баруун хөмсөгний дээд хэсэг, эрүү, баруун бугалга, баруун хөх, зүүн хөх, зүүн бугалаганд цус хуралт, баруун бугалага, баруун эгэм, ууцанд зулгаралт гэмтэлтэй байсан. Эдгээрийг үндэслэн...хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэлт гаргасан...Тухайн гэмтлүүд нь нийлээд хөнгөн зэрэгт хамаарсан байгаа. Нэг тус бүрдээ бол гэмтлийн зэрэгт хамаарахгүй...базах барьцалдах, цохих, газарт унах үед цус хуралт, зулгаралт гэмтлүүд үүсэх боломжтой. Түлхэх үед үүсэхгүй...” гэх мэдүүлэг/хх 69-70-рт/,
Шүүгдэгч Ё.А-цэцэгийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “...А-зулыг алгадаж аваад шанааруу нь цохиж аваад байсан. Н-ын охин нь харин ирээд үсдээд элэгдээд гараараа толгойруу нь цохиж аваад байсан...Тухайн үед унадаг дугуйных нь зарим юм нь эвдэрсэн гэж хэлж байсан манай хүүхэд сүүлд өөрөө янзлаад уначихсан. Яг юу нь эвдэрсэнийг би мэдэхгүй байна. Надаас 2, 3 удаа дугуйгаа янзлахаар мөнгө авсан. Нийт 42000 төгрөгөөр дугуйндаа юм авч янзалсан байсан...” гэх мэдүүлэг/хх 105-106-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл/хх 3-4-рт/, хохирогч Ё.А-зулын мэдүүлэг/хх-31-33-рт/, хохирогч Ж.Н-ын мэдүүлэг/хх 37-39-рт/, гэрч А-цэцэгийн мэдүүлэг/хх 43-45-рт/, гэрч Зо-ын мэдүүлэг/хх 48-49-рт/, насанд хүрээгүй гэрч О.Ө-ийн мэдүүлэг/хх 50-51-рт/, насанд хүрээгүй гэрч М.Лха-н мэдүүлэг/хх 52-53-рт/, насанд хүрээгүй гэрч Ч.На-ын мэдүүлэг/хх 54-56-рт/, гэрч А.Но-ийн мэдүүлэг/хх 57-58-рт/, шинжээчийн дүгнэлт/хх 61-62-рт/, шинжээчийн дүгнэлт/хх 65-66-рт/, шинжээч эмч Алт-ын мэдүүлэг/хх 69-70-рт/, яллагдагч Ж.Н-ын мэдүүлэг/хх 91-92-рт/, яллагдагч А.Но-ийн мэдүүлэг/хх 98-99-рт/, яллагдагч Ё.Алт-гийн мэдүүлэг/хх 105-106-рт/, яллагдагч Ё.А-зулын мэдүүлэг/хх 112-рт/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Харин шүүгдэгч Ё.А-зул, Ё.А-цэцэг, Ж.Н , А.Но нар нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулах нотлох баримт “...байхгүй...” гэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Ё.А-зул, Ё.А-цэцэг, Ж.Н , А.Но нарыг сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Ё.А-зул, Ж.Н нар нь “...нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн учраас хохиролд гаргуулах төлбөргүй, харин иргэний нэхэмжлэгч У.Ба нь мөрдөн байцаалтад “...пердажийг 12000 төгрөгөөр, эвэрийг нь 10000 төгрөгөөр авсан. Дөрөөний голыг нь 20000 төгрөгөөр худалдаж авч янзалсан...Дээрх эд зүйлсийг би нэхэмжилж байна...” гэж мэдүүлсэн байх тул түүний дугуйг мөргөж хохирол учруулсан шүүгдэгч Ж.Н-аас 42000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгчид У.Ба-т олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Ё.А-зул, Ё.А-цэцэг нар нь бүлэглэж Ж.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Ж.Н , А.Но нар нь бүлэглэж Ё.А-зулын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ё.А-зул, Ё.А-цэцэг, Ж.Н, А.Но нарын хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, мөн тэдгээрийн зүй бус харьцаа, хандлага нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгч Ё.А-зул, Ё.А-цэцэг, Ж.Н , А.Но нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн, мөн прокурор 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 45 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, Ё.А-зул, Ё.А-цэцэг, Ж.Н , А.Но нарыг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.
Прокурор хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналаа гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Н нь “...торгуулийн ялыг төлөх хугацааг 3 сард хуваан төлөхөөр шийдвэрлэж өгнө үү...” , шүүгдэгч Ё.А-зул “...Торгох ялыг жаахан багасгаж өгнө үү, Манай эгч өрх толгойлсон эмэгтэй хүн учраас багасгаж өгнө үү...”, шүүгдэгч А.Но “...Хуулийг судлаад үзсэн. Хамгийн доод талын торгуулийн ялыг оногдуулж өгнө үү. Учир нь ээжтэйгээ хамт нэг гэр бүл учраас хамгийн доод ялыг оногдуулж өгнө үү...”, шүүгдэгч Ё.А-цэцэг “...Торгох ялыг 450 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгож, төлөх хугацааг 3 сараар төлөх боломжоор хангаж өгнө үү...” гэсэн хүсэлтийг тус тус гаргасан тул шүүхээс шүүгдэгч нарын дээрхи хүсэлт болон улсын яллагчийн гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.А-зул, Ё.А-цэцэг, Ж.Н , А.Но нарыг тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ё.А-зул, Ё.А-цэцэг, Ж.Н , А.Но нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн буюу хохирогч нар нь харилцан тохиролцож нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэснийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд харин шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ё.А-зул, Ё.А-цэцэг, Ж.Н , А.Но нар нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлтийг тус тус шүүхэд гаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ё.А-зул, Ё.А-цэцэг, Ж.Н , А.Но нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Ж.Н , Ё.А нарын иргэний цахим үнэмлэх болон шүүгдэгч А.Н, Ё.А-зул нарын иргэний үнэмлэхний лавлагаа шүүхэд шилжиж ирсэн зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эрин овогт Ё-гийн А-цэцэг, Эрин овогт Ё-гийн А-зул, Улаан тэмээт овогт Ж-гийн Н , Тэргүүн овогт А-ны Но нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг бүлэглэж учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.А-зул, Ё.А-цэцэг, Ж.Н, А.Но нарыг тус бүрийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ё.А-зул, Ё.А-цэцэг, Ж.Н , А.Но нарт оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ё.А-зул, Ё.А-цэцэг, Ж.Н , А.Но нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ж.Н-аас 42.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч У.Ба-т олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, ялтан Ё.А-зул, Ё.А-цэцэг, Ж.Н , А.Но нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан нар нь цагдан хоригдоогүй, ялтан Ж.Н , Ё.А-цэцэг нарын иргэний цахим үнэмлэх, ялтан А.Но, Ё.А-зул нарын иргэний үнэмлэхний лавлагаа шүүхэд шилжиж ирсэн зэргийг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан Ё.А-цэцэг, Ж.Н иргэний цахим үнэмлэхийг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ё.А-зул, Ё.А-цэцэг, Ж.Н , А.Но нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ё.А-зул, Ё.А-цэцэг, Ж.Н , А.Но нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА