| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2017/0343/Э |
| Дугаар | 333 |
| Огноо | 2017-11-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Болорчулуун |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 333
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,
улсын яллагч С.Болорчулуун,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Б-ийн Б-д холбогдох эрүүгийн 1710000530147 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 08-нд Ховд аймгийн Булган суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Аэро” бааранд ДЖ ажилтай, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, ************* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ш овогт Б-ийн Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ************* тоотод оршин суух О.А-ын гэрээс 4 ширхэг мөнгөн аяга хулгайлан авч бусдад багаас дээш хэмжээний буюу 480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ************* тоотод оршин суух О.А-ын гэрээс 4 ширхэг мөнгөн аяга хулгайлан авч бусдад багаас дээш хэмжээний буюу 480.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Б.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Мэдүүлэг өгөхгүй, урьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч О.А-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэр хүмүүстэй танилцаад сууж байтал баар хаах болоод тэндээс пиво авч гараад 04 цагийн орчим манай гэр болох Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо ************** тоотод 4-үүлээ ирсэн. Гэртээ авсан пиво ууж дуусах дөхөж байхад ах нь унтлаа та нар юмаа ууж дуусгаад гараад яваарай гэж хэлээд хажуу өрөөндөө ороод унтаад өгсөн. Тэгээд би сэрээд 09 цагийн үед утсаа үзсэн байхгүй байхаар нь гэрийнхээ эд зүйлсийг бүртгэж үзтэл сервантанд байсан мөнгөн аягууд байхгүй болсон байсан. Манай гэрээс 1 ширхэг гар утас, 4 ширхэг мөнгөн аяга алдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-27/
3. Гэрч Б.У-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэнд гэрт нь пиво ууж сууж байгаад 07 цаг болох гэж байхад О.А гэх ах унтлаа гээд нөгөө өрөөндөө ганцаараа ороод унтаад өгсөн. Б.Б, Э.М бид 3 том өрөөнд нь үлдээд уух юмаа ууж дуусгаад 07 цаг гэж гарцгаасан. Гарах үед Б.Б том өрөөнд байсан сервантнаас нь давхарлаж тавьсан мөнгөн аяга байсныг нь аваад цамцан дотроо хийгээд аваад гарсан. Тэр үед нь Б.Б-д чи яах гээд байгаа юм болиоч гэтэл наад ах чинь мэдэхгүй, та хоёр Нисэхэд нэг хэсэг ирэхгүй биз дээ би өөрөө хэд хоногтоо Нисэхэд ирэхгүй гээд мөнгөн аягуудыг аваад гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/
4. Гэрч Э.М-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Баагий гарахдаа сервантанд нь байсан 4 ширхэг мөнгөн аягыг нь аваад би гар утсыг нь аваад гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/
5. Эд хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт: “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2017 оны 06 сарын 24-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 480.000 /дөрвөн зуун наян мянган төгрөг/-р үнэлэгдэв...” /хх-ийн 46-47/
6. Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл: “...гэрэл зургийг 1-8 гэж дугаарлан зурагнуудын байрлалыг хольж дараалал алдагдуулан байрлуулав. Танигч хохирогч О.А сэжигтэй 8 этгээдийн гэрэл зургийг үзүүлэхэд 4 гэж дугаарласан сэжигтэй этгээд Э.М-гийн гэрэл зургийг таньж өөрийгөө Маралаа гэж танилцуулсан эмэгтэй мөн байна гэж хэлэв. Дараа нь 3 гэж дугаарласан Б.Б-ийн зургийг таних бөгөөд энэ залуу өөрийгөө Баагий гэж танилцуулсан хүн мөн байна гэв. Дараа нь 1 гэж дугаарласан сэжигтэй этгээд Б.У-гийн гэрэл зургийг заах бөгөөд өөрийгөө Б.У гэж танилцуулсан эмэгтэй мөн байна гэж хэлэв...Таньж олуулах ажиллагааны явцыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч тэмдэглэлд 5 кадр зураг хавсаргахаар тогтож ажиллагааг...дуусгаж тэмдэглэлийг оролцогчдод танилцуулав...” /хх-ийн 19-22/
7. Яллагдагч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Намайг 2017.06.24-ний өдөр ажил дээрээ байхад 22 цаг өнгөрч байхад үл таних 30 гаран насны эрэгтэй ганцаараа орж ирсэн. Тэр ах манай бааранд орж ирж суугаад пиво авч уусан. Тэгээд би тэр ахын хажуугаар өнгөртөл намайг хамт суучих, пиво ууя гэсэн. Тэгээд би өөрийнхөө ажлыг хийж байгаад хэдэн дуу тавьчихаад нөгөө ахтай хамт суусан. Тэгээд би тэр ахтай танилцаад өөрийгөө Анхаа гэж танилцуулж байсан. Тэгээд нэг харахад Э.М, Б.У 2 ирсэн байсан. Тэгтэл Э.М над дээр ирээд юу хийж байгаа талаар асуусан. Тэгэхээр нь би зүгээр сууж байгаа талаараа хэлсэн. Тэгтэл Э.М буцаад яваад өгсөн. Тэгэхээр нь би Э.М, Б.У 2 дээр очоод нөгөө ахтай хамт өрөөнд орж суух уу гэж хэлсэн. Тэгтэл тэгье гэж зөвшөөрсөн. Тэгээд би Анхаа гэх ах болон Б.У, Э.М нартай хамт өрөөнд орж суусан. Өрөөнд орсны дараа Анхаа гэх ах 6 пиво болон 0,5 литрийн савлагаатай 1 шил архи авсан. Тэгээд...авсан архи пиво уугаад сууж байхад баар хаах цаг болсон. Тэгээд гарахдаа Анхаа ах 10 шил пиво аваад гарсан. Уг нь бид нар буудал орж авсан пивоо уух гэж байсан юмаа, тэгтэл Э.М “Ахын гэрт хүн байхгүй гэсэн, ахын гэрт хамт очъё” гэж хэлсэн. Тэгээд бид нар ярилцаж байгаад Анхаа гэх ахын гэрт нь очихоор болсон. Анхаа гэх ахын гэр нь Буянт-Ухаа-1 хороололд байдаг юм байна лээ. Тэгээд бид нар очиж авсан пивоо уусан. Анхаа гэх ах бид нарт хоол хийж өгнө гээд хоол хийж байгаад унтлагынхаа өрөөнд ороод унтаад өгсөн. Тэгээд Э.М, Б.У бид 3 хоолоо идээд пивоо ууж хэсэг суусан. Тэгээд согтсон байсан, үүнээс хойш болсон асуудлын талаар санахгүй байгаа юм. Тэгээд нэг ухаа ороход Нисэхийн байрны буудал дээр Б.У, Э.М нарыг унаанд суулгаж байсан. Тэгтэл би 4 ширхэг мөнгөн аяга барьчихсан явж байсан. Тэгээд би гэртээ харих санаатай явсан, замаараа Хархорин захруу автобусанд суугаад явсан. Намайг Хархорин зах дээр очих үед зах дөнгөж онгойж байсан. Хархорин захын үүдэн дээр зогсож байсан хүнд 150.000 төгрөгөөр 4 ширхэг аягаа зарсан...Тухайн хохирогчийн гэрийн ханын шүүгээн дотор байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь хавтаст хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй болжээ.
Харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлсэн буюу эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна.
Тиймээс прокуророос шүүгдэгч Б.Б-д холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй.
Тодруулбал шүүгдэгч Б.Б нь 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ************* тоотод иргэн О.А-ыг унтаж байхад нь 4 ширхэг мөнгөн аягыг эзэмшигчид нь мэдэгдэлгүй нууцаар сэм авч өөрийн эзэмшилд оруулан хохирогч О.А-т 480.000 төгрөгийн хохирол учруулсныг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Учир нь шүүгдэгчийн бусдад учруулсан 480.000 төгрөгийн хохирол нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн “Гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг бага бус...гэж тооцон хохирлын хэмжээг тодорхойлно” гэж зааснаар бага бус хэмжээний хохиролд хамаарч байна.
Иймд шүүгдэгч Б.Б-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Харин 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураар эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэмт хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж зааснаар шүүгдэгч Б.Б-ийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт хохирогч О.А-т сайн дураар 480.000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг мөнгөн аягыг биет байдлаар буцаан өгч гэм хорыг арилгасан, шүүгдэгч, хохирогч нар нь сайн дураар эвлэрсэн буюу шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн Хан-Уул дүүргийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 63/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын саналд өгсөн хохирогч О.А-ын тайлбар /хх-ийн 73-74/ зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүний эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Ш овогт Б-ийн Б-д холбогдуулан 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Ш овогт Б-ийн Б-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Ш овогт Б-ийн Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн эрүүгийн хэргийг хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Б.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР