Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/810

 

Д.Т-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Мижиддорж,

цагаатгагдсан этгээд Д.Т-ын өмгөөлөгч У.Батцэцэг,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/463 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Мижиддоржийн бичсэн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 35 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Д.Т-т холбогдох 2110 01342 0720 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Д-ын Т, 1949 оны ... дугаар сарын ...-ны өдөр Төв аймагт төрсөн, 73 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл ганцаар, Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Д.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 08-ны орой 20-21 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Өлзийтийн хэсэг, ... гудамж, ... тоот хашаанд байх монгол гэрт С.С-г “Хутга барилаа” гэх шалтгаанаар маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж, биед нь дагз ясны шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн эдийн гүн дэх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн таславч хооронд болон зулай чамархай дэлбэнгийн аалзавчийн доорх цус харвалт бүхий гэмтлийг учруулсны улмаас 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр амь насыг нь хохироосон буюу хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газар: Д.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б овогт Д-ын Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалт хийсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Т-ыг цагаатгаж, Д.Т нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-т амь хохирогчийн оршуулгын зардалд 1.450.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, Д.Т нь 68 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, Д.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор Г.Мижиддорж бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Талийгаач С.С нь Р20.5 үлдэц шизофрени гэсэн оноштой 1992 оноос эмнэлгийн хяналтад байсан байх боловч, 2014 оноос хойш дээрх өвчний оношоор эмчилгээнд дахин хамрагдаж байсан нь баримтаар тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл тэрээр амьдарч байх өөрийн эргэн тойрныхоо амьдралын хэв маягт уг өвчнийхөө шинжээр бусдад танигдаж, ийм араншин гаргаж байсан нөхцөл байдал тодорхой хугацаанд таньж мэдсэн гэх гэрч Б.А, А.Б нарын мэдүүлгээр тогтоогдоогүй, тэдний зүгээс ийм өвчтэй байсныг огт мэддэггүй байсан нь тэдний мэдүүлэг болон бусад баримтаар тогтоогдоно.

Шүүхээс талийгаачийг дээрх өвчнийхөө үед ямар үйлдэл, үйл хөдөлгөөн үг хэл гаргадаг, ахуйн хэрэглээндээ ямар төрлийн ямар эд зүйлсийг хэрэглэдэг хэрхэн ямар зан араншин гаргадаг, архи ууж согтсон үедээ ямар байдаг байсан талаар сүүлийн арван жил ханилсан гэрч С.О, 2005 оноос найзалсан шүүгдэгч Д.Т, эмчлэгч бус Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн эмч Г.Баярмаагийн дээрх өвчний хүндэрсэн шинжийн талаар тодорхойлж өгсөн мэдүүлгийг үндэслэл болгож шүүгдэгчийг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд буюу аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэсэн нь хэргийн жинхэнэ нөхцөл байдалтай нийцээгүй байна.

Хэрэв дээрх өвчнийг үгүйсгэж, шүүгдэгч Д.Т-ын “Би эрүүл байсан биеэ хамгаалсан” гэх тогтвортой мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэл болгосон бол 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Д.Т-ыг согтуу байсан талаар мэдүүлсэн гэрч А.Б, С.О нарын мэдүүлэг үнэн биш гэдгийг тайлбарлаж чадаагүй байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд аргагүй хамгаалалт хийх ерөнхий шинжийг хуульчилсан. Гэтэл шүүх дээрх шинжийн ямар шалгуур үзүүлэлтээр Д.Т-ыг аргагүй хамгаалалт хийсэн талаар буюу хохирогч С.Н-ийн “Миний ах гайгүй болсон. ...үзүүлэхээ больсон” гэх, гэрч А.Б-ийн “Хамгийн сүүлд би хашаагаа эргэж тойрох гээд 2021 оны 7 дугаар сарын 08-ны орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвгэрт байрлах хашаандаа очиход хаалгаа тайлж өгөөгүй согтуу байсан. Намайг очиход С.С ах шар гэдэг өвгөн хоёр согтуу байсан. Би ярьж байгаа дуу хоолойгоор нь согтуу байна гэж мэдсэн. Согтуу хүний яриа андахгүй шүү дээ. С.С ах босохгүй байсан юм шиг байгаа юм. ...Маргааш нь буюу 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр С.С ахын дуу хоолой зөв зүгээр надтай юм ярьсан. Үүнээс хойш С.С ахтай холбогдоогүй. С.С ах бол хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Харин байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Зан төлөвийн хувьд төлөв даруу хүнтэй эв найртай байдаг. Би Шар гэдэг хүний талаар сайн мэдэхгүй. Би түүнийг 3 удаа зүс царайг нь харж байсан. Миний харснаар шардуу царайтай, хөгшин 80 орчим настай хүн шиг харагдаж байсан..." гэх,

гэрч Б.А-ын “...Би Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хорооллын ... тоотод ганцаараа амьдардаг юм. Манай урд хашаанд С.С гэдэг хүн айлын хашаа сахиж амьдардаг. Би түүнийг манайд хааяа махаа хөргөгчинд хийдэг үеэс эхэлж танина. Нэг ёсондоо 2020 оноос эхэлж таньдаг болсон. Тэгээд 2021 оны 7-р сарын 09-ний өдөр оройн 21 цаг өнгөрч байхад манайд орж ирсэн. Тухайн үед С.С-ийн нүүр нь нэг талын нүд хэсэгтээ бондойгоод хавдчихсан байхаар нь би түүнээс юу болсон талаар асуухад “Хамт байсан шар өвгөн намайг цохьчихлоо” гэж байсан. Өөр надад олигтой зүйл яриагүй. Түүнээс хойш би түүнтэй таараагүй. Би тэр Шараа гэдэг хүнийг танихгүй. Тухайн үед С.С-г уусан байсан талаар огт анзаараагүй. С.С-ийнд Шар өвгөн гэдэг хүн хааяа ирчихсэн харагдаж байдаг, чухам байнга байдаг талаар сайн мэдэхгүй байна...” гэх

гэрч М.В-ийн “...Намайг байх үед бид нар хоорондоо маргалдаж зодолдсон зүйл огт болоогүй. С.С ахынд Шараа ах тэр хоёр хоносон. Би тэр хоёрыг хоорондоо ямар хамааралтай хүмүүс болохыг тодорхой сайн мэдэхгүй байна. Урд өмнө тэр хоёрыг архи уусан үедээ маргалдаж хоорондоо зодолдож байсан талаар надад огт мэдэх зүйл байхгүй. Би нэг сарын өмнө С.С ахыг Өлзийт хорооллын гудамжинд хэдэн хүмүүстэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхад нь түүн дээр очиж анх удаа танилцаж байсан....” гэх,

гэрч Х.М-ийн “...Манай хүү Г хуучин байшингаа буулгаад уг хашаандаа 2 давхар байшин бариад нийтийн байр болгоод 1 давхрын нэг өрөөг гэрээ болгож тохижуулаад бид нар хамт амьдардаг юм. Д.Т гэдэг өвгөнийг танина. Манай нэг давхрын ... тоот өрөөнд ганцаараа амьдардаг юм. Д.Т нь одоогоос 2 жилийн өмнө ирж амьдарч эхэлсэн. Эхний 1 жил орчим түрээсээ өгч байсан бөгөөд сүүлийн 1 жил огт түрээс өгөөгүй. Түрээс өгөхгүй болохоор сүүлийн нэг жилд галч хийлгэсэн юм. Бид нар хөгшин настай хүн гараад очих газаргүй, орон гэр байхгүй болохоор нь түрээсээ авахаа ч больсон. Тэгээд байхад Д.Т нь энд тэндхийн хүмүүс цуглуулж архи их уудаг, архи дарсаа боль гэхээр үгэнд ордоггүй, бид нарын үгийг тоодоггүй. Ер нь их ааш зан муутай, архи ууна агсам тавина, гэрийнхээ коридорт гаргаж шиднэ. Харьцаа муутай, их зожиг хүн байгаа юм. Ер нь бол архи уудаг. Мөнгөтэй болохоороо ч юм уу тэтгэврээ авахаараа архи уучихдаг. Д.Т ах ер нь архи уухаараа авир муутай болдог. Архи хамт уусан хүмүүстэйгээ маргалдаж муудалцаад түчигнээд байдаг. Архи уухаараа агсам байрын хүн байна лээ. Эрүүл үедээ бол зүгээр л байдаг. Энд тэндхийн таних танихгүй хүмүүс цуглуулж их архи уудаг. Д.Т нь сүүлийн үед харагдахгүй байгаа. Хаана байгаа нь мэдэгдэхгүй. Сүүлд сонсоход Санзай гээд зусланд байсан сурагтай байсан. Д.Т ах дээр ар гэрийнхэн нь хүмүүс гэж ирж байсныг би лав хараагүй. Ар гэр, үр хүүхдүүдийнх талаар би мэдэхгүй...” гэх мэдүүлгээр талийгаач нь дээрх өвчний шинжээ сүүлийн сар, сар хагасын хугацаанд үзүүлсэн болох нь тогтоогдоогүй байна.

Дээрх иргэдээс өгсөн гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасны дагуу бэхжүүлж, цуглуулсан байна.

Шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангаагүй, уг цагаатгах тогтоолд нотлох баримтыг дурдсан атлаа ямар баримт нь ямар баримттайгаа шалтгаант холбоотойг хэрхэн ямар баримтаар нөгөө баримтаа үгүйсгэснийг дурдаж, хууль зүйн үндэслэл бүхий тайлбар хийж чадаагүй, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/463 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ... Эрүүгийн хэрэн хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээ байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5, мөн хуулийн 39.9 дүгээр зүйл хоорондоо холбоотой. Эрүүгийн хэрэн хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ.” гэж заасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлээ тодорхой зааж өгсөн. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Д.Т-ын өмгөөлөгч У.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Миний үйлчлүүлэгч аргагүй хамгаалалт хэрэглэсэн. Амь хохирогч хутга барьж Д.Т руу дайрсан бөгөөд Д.Т өөрийгөө хамгаалах үйлдэл хийгээгүй бол биед нь гэмтэл учруулах боломжтой байсан. Энэ нөхцөл байдал нь гэрч С.О, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн эмч Г.Баярмаа, шинжээч эмч н.Ханхүү нарын мэдүүлгээр тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Д.Т-т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Прокуророос Д.Т-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.С-г “Хутга барилаа” гэх шалтгаанаар маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас тархинд нь гэмтэл учирч, амь насыг нь хохироосон гэж дүгнэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н, гэрч Б.А, М.В, А.Б, С.С, Х.М, С.О нарын мэдүүлэг болон амь хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг яллах үндэслэл болгожээ.

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцэх учиртай.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог. Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох учиртай.

Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөнд халдаж, өдөөн турхирч буй хохирогчийн халдлагыг хохирогч гэмтсэн учраас гэсэн шалтгаанаар зөвтгөж болохгүй бөгөөд хохирогчийн энэхүү үйлдлийн эсрэг хамгаалалт хийх эрхийг хуулиар иргэн бүрт зөвшөөрсөн байдаг бөгөөд хууль тогтоогч үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд хуульчилсан.

Аргагүй хамгаалалтын объектив тал нь Эрүүгийн хуульд заасан ёсоор довтолгоон байх ёстой бөгөөд довтолгоон нь хууль бус, бодитой байх шинжийг агуулсан байх шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, хуулиар хамгаалагдсан амь нас, эрүүл мэндийг аюулд оруулах эсхүл гэмтээж байгаа бие хүний зан үйл бүхий шууд өөрт нь хандан эхлэх гэж байгаа нь тодорхой болсон, эхэлсэн эсвэл эхлээд үргэлжилж байгаа үйлдлийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг гэмт хэрэгт тооцохгүй буюу хуульд заасан хариуцлага хүлээлгэхгүй.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Д.Т, С.С нар нь найз нөхдийн харилцаатай бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс хойш С.С-ийн гэрт хамт байсан, 2021 оны 7 дугаар сарын 08-ны орой 21.00 цагийн үед Д.Т нь амь хохирогч С.С-ийн гэрт байхад С.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Т-ыг “Гэрээсээ яв” гээд хутга авч дайрахад нь Д.Т нь түүнийг гараараа нэг удаа нүүрэн хэсэгт нь цохиход С.С нь арагш саван унаж, түүний эрүүл мэндэд дагз ясны шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн эдийн гүн дэх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн таславч хооронд болон зулай, чамархайн дэлбэнгийн аалзавчийн доорх цус харвалт бүхий хүнд гэмтэл авч, Гэмтэл согог судлалын Үндэсний төвд эмчлүүлж байгаад энэхүү тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нас барсан үйл баримт тогтоогджээ.

Цагаатгагдсан этгээд Д.Т-ын “...агсам тавиад “яв” гээд хөөгөөд байсан. ...тоогоогүй сууж байсан чинь зүүн талын орныхоо хөлийн доорх цаасан хайрцгаас хутга гаргаж ирээд “Би шар хадны хүн, чамайг алчихсан байхад ял авахгүй” гээд дайрахаар нь би айсандаа шууд гараа зангидаж байгаад нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон чинь хойшоо саваад уначихсан...” гэх мэдүүлэг /1хх 88/-ээс өөр тухайн цаг мөчид С.С, Д.Т нарын хооронд ямар маргаан болсон, С.С нь хаанаас хутга авч хэрхэн яаж Д.Т руу довтолсон нь тодорхойгүй байна. Харин гэрч С.О-ийн “...Манай нөхөр С.С сэтгэцийн өвчтэй, заримдаа хуурай галзуурна. Заримдаа үнэнээсээ галзуурна. Байсхийгээд шар хадны эмнэлэгт хэвтдэг байсан. ...С.С уурлахаараа “яв, зайл” гээд хөөгөөд байдаг. ...” гэх мэдүүлэг /1хх 197-199/-ээр С.С нь архи ууж согтуурсан үедээ бусдыг гэрээсээ хөөх, хэрүүл маргаан үүсгэх явдал гаргаж байсан нь нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл, амь хохирогч С.С нь Д.Т-ын хуулиар хамгаалагдсан халдашгүй чөлөөтэй байх эрхийг ноцтойгоор зөрчиж халдсан зүй бус үйлдэл гаргасан буюу хутга авч идэвхтэй үйлдлээр дайрсан нь довтолгоон эхэлснийг нотолж байх бөгөөд Д.Т нь энэхүү үйлдлээс хамгаалж хариу үйлдэл хийхдээ түүнд хохирол учруулсан нь “аргагүй хамгаалалт” хийх эрхэд хамаарч байх тул Д.Т-т холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын хийгээд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх бөгөөд шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэлээ.

Түүнчлэн, прокурорын яллах дүгнэлтэд дурдсан хохирогч С.Н-ийн мэдүүлэг нь хэрэг болсон цаг хугацаанаас хойших үйл явдал болон амь хохирогчийн хувийн байдлын талаар, гэрч Б.А, М.В, С.С нар нь хэрэг болсон цаг хугацаанаас хойш болсон үйл явдлын талаар, гэрч Х.М нь Д.Т-ын хувийн байдлын талаар, гэрч С.О нь хохирогчийн хувийн байдлын талаар тус тус мэдүүлсэн байх бөгөөд эдгээр нотлох баримтууд нь Д.Т-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж чадахгүй байна.

Д.Т-т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах болон анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд, цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн прокурор Г.Мижиддоржийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 35 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 он 6 дугаар сарын 15-ны өдөр 2022/ШЦТ/463 дугаартай цагаатгах  тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/463 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 35 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                    ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ