Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 1134

 

 

 

 

 

 

 

 

 

Н.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2020/01246 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.У-ийн хариуцагч Б.Э-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 11 250 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.У-, түүний өмгөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Э- нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн удаа дараа мөнгө зээлж авсан бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл нийт 12 500 000 төгрөгийг зээлсэн. Зээлдсэн мөнгө хэд хүрч байгаа талаар бид байнга ярьж, хэдэн төгрөг болж байгаа талаар сануулж байсан болно. Б.Э- нь 13 000 000 төгрөгийн цалингийн зээл авах гэж байгаа тэгээд өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 12 500 000 төгрөгийг авсан нь үнэн талаар Б.Э- гарын үсгээ зурж бичиг хийж өгсөн. Үүнээс 4 000 000 төгрөгийг төлж, үлдсэн 8 500 000 төгрөгөөс 1 000 000 төгрөгийг хариуцагч удахгүй өгнө гэж гуйгаад хасуулж 7 500 000 төгрөг зээлсэн талаар 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Зээлийн гэрээ”-г бичгээр байгуулсан. Энэ зээлийн гэрээгээр хүү тооцоогүй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох юм. Хариуцагч нь нийт 12 500 000 төгрөг зээлж авснаас 4 000 000 төгрөгийг буцаан өгсөн. Чамаас мөнгө зээлж авсан талаар манай гэрийнхэнд битгий хэлээрэй, би багасгаад хэлчихсэн байгаа гээд байсан. Энэ зээлийн гэрээний дагуу мөнгийг төлөх хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр юм. Гэрээ ёсоор үндсэн зээл 7 500 000 төгрөг, алданги гүйцэтгээгүй үүргийн тавин хувиар тооцож 3 750 000 төгрөг, нийт 11 250 000 төгрөгийг Б.Э-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Э- нь Н.У-ээс 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд нийт 4 850 000 төгрөгийг Н.У-ийн “Хаан банк” ХХК-ийн 5034285479 тоот данснаас өөрийн “Хаан банк” ХХК-ийн 5720667774 тоот дансаар хүүгүйгээр удаа дараа зээлсэн. Энэ хугацаанд зээлсэн мөнгөө бэлнээр, бэлэн мөнгөний машинаар болон дансаар буцааж төлж байсан. Тухайлбал Н.У-ийн “Хаан банк” ХХК-ийн 5034285479 тоот дансруу 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 250 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 4 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Мөн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 280 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 200 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 380 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 200 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Хариуцагч Б.Э- нь нийт 4 850 000 төгрөгийг дансаар, бэлнээр, бэлэн мөнгөний машинаар шилжүүлэх зэргээр нийт 5 310 000 төгрөгийг төлсөн байна. Гэтэл Н.У- дээрх хугацаанд зээлсэн мөнгөн дүнгийн хүү тооцсоноор 12 500 000 төгрөг болсон гэж үзэн үлдсэн 7 500 000 төгрөг төлөх ёстой гэж “Зээлийн гэрээ”-г бичгээр байгуулахыг Б.Э-гаас шаардсаны дагуу гэрээнд гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн гэрээнд заасан 7 500 000 төгрөгийг шилжүүлж авсан зүйл байхгүй. Иймд гэрээг байгуулагдаагүй гэж үзэх боломжтой байх бөгөөд зээлийн гэрээний дагуу нэхэмжилсэн 7 500 000 төгрөг, түүний алданги 3 750 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э-гаас 600 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.У-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 650 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Н.У-ээс 194 950 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Б.Э-гаас 18 650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.У-т олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Н.У-, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нар давж заалдах гомдолдоо:

... Нэхэмжлэлийн зарим хэсэг болох 10 650 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь шүүх нотлох баримтыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хариуцагч Б.Э-г бичиг үсэг мэдэхгүй гэж дүгнэсэн бөгөөд энэ талаар хэрэгт нотлох баримт байхгүй, хариуцагчийн гараар бичсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн. Гараар бичсэн баримт нь эх хувь мөн эсэх, хариуцагч бичсэн эсэх, шинжээчийн албан ёсны баримт байхгүй зэрэг нь хэргийг шийдвэрлэхэд шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж гэж үзэх үндэслэлтэй байна.

Нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Шүүхийн шийдвэр хуулийн шаардлага хангасан нотлох баримтад үндэслээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг зөрчин шийдвэр гаргасан. Хэргийн 9 дүгээр талд хариуцагч Б.Э- Н.У-ээс 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 12 500 000 төгрөгийг авсан нь үнэн гэж өөрийн гараар бичсэн нотлох баримт байхад үнэлээгүй.

Хариуцагч Б.Э- нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 450 000 төгрөг, 3 дугаар сарын 07-ны өдөр 425 000 төгрөг, 3 дугаар сарын 29-ний өдөр 850 000 төгрөг, 5 дагуур сарын 29-ний өдөр 625 000 төгрөг, 6 дугаар сарын 11-ний өдөр 275 000 төгрөг, 7 дугаар сарын 06-ны өдөр 325 000 төгрөг, 7 дугаар сарын 27-ны өдөр 1 050 000 төгрөг, 8 дугаар сарын 10-ны өдөр 300 000 төгрөг, 11 дүгээр сарын 03-ны өдөр 500 000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 50 000 төгрөг, мөн бэлнээр Дөрвөн улирал СӨХ-ны гадаа 3 удаа, Зайсангийн Азифарм эмийн сангийн хажууд байдаг хоолны газарт хамт хоолонд орж 2 удаа бэлнээр, нийт 12 500 000 төгрөг өгсөн болно.

Мөн нэхэмжлэгч хариуцагчтай 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Зээлийн гэрээ”-г байгуулахдаа зээлийн үлдсэн төлбөр дээр нотлох баримттай үлдэх зорилгоор байгуулсан гэж тайлбарласан. Гэтэл нэхэмжлэгчийн тайлбарыг харгалзан үзээгүй Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар Н.У-ээс Б.Э-д мөнгө шилжүүлээгүй гэж алдаатай дүгнэсэн. Тухайн гэрээний 2.2-т 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төлөх талаар тусгагдсан нь тухайн өдөр бус мөнгө өмнө нь зээлсэн талаар тусгагдсаныг үнэлээгүй байна. Мөн хариуцагч тайлбартаа нэхэмжлэгч намайг шахаж шаардсаны улмаас зээлээгүй мөнгийг авсан гэж баримт үйлдэж гэрээ байгуулсан гэснийг ямар нотлох баримтыг үндэслэн хариуцагчийн хэлснийг үнэн зөв гэж дүгнэсэн, мөн нэхэмжлэгчийн тайлбарыг ямар нотлох баримтыг үндэслэн худал тайлбар гаргасан гэж дүгнэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тодорхойгүй байна. Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Н.У- шүүхэд нэмэлтээр гаргаж өгөх нотлох баримтууд байсан боловч хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас хуульд заасан эрхээ хэрэгжүүлж чадаагүй байна. Хариуцагчийн нэхэмжлэгчээс 12 500 000 төгрөгийг авсан талаарх 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн бичлэг, шүүхэд хэргийн үйл баримтыг нотлох хэд хэдэн гэрч болон бичгийн нотлох баримтууд байгаа.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Н.У- нь хариуцагч Б.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11 250 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, уг төлбөрийг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үүссэн гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээнд заасан мөнгийг бодитоор шилжүүлэн аваагүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээг нөхөн байгуулсан гэж тайлбарласан, гэрээнд заасан 7 500 000 төгрөгийг хүүгүйгээр, 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл олгоно гэж зааснаас үзвэл гэрээг нөхөн байгуулахдаа нэхэмжлэгчээс хариуцагчид 7 500 000 төгрөгийг бодитойгоор шилжүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд уг гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан гэж үзэхгүй.

 

            Харин нэхэмжлэгч Н.У- нь хариуцагч Б.Э-д 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 450 000 төгрөг, мөн оны 3 дугаар сарын 07-ны өдөр 425 000 төгрөг, 3 дугаар сарын 29-ний өдөр 850 000 төгрөг, 5 дугаар сарын 29-ний өдөр 625 000 төгрөг, 6 дугаар сарын 11-ний өдөр 275 000 төгрөг, 7 дугаар сарын 06-ны өдөр 325 000 төгрөг, 7 дугаар сарын 27-ны өдөр 1 050 000 төгрөг, 8 дугаар сарын 10-ны өдөр 300 000 төгрөг, 11 дүгээр сарын 03-ны өдөр 500 000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 50 000 төгрөг нийт 4 850 000 төгрөгийг аман гэрээний дагуу шилжүүлсэн, хариуцагч Б.Э-гаас нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүрэгт 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 250 000 төгрөг, мөн оны 5 дугаар сарын 15-ны өдөр 4 000 000 төгрөг нийт 4 250 000 төгрөг шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, Хаан банк дахь хариуцагч Б.Э-гийн 5720667774 тоот дансны хуулга, нэхэмжлэгч Н.У-ийн 5034285479 тоот дансны хуулга, Голомт банкны төлбөрийн баримт зэргээр тус тус тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн байна. /хх26-28, 29, 35-56/

 

Мөн нэхэмжлэгч Н.У- нь хариуцагчид зээлийн гэрээний дагуу нийт 12 500 000 төгрөг шилжүүлсэн гэх тайлбартайгаа холбогдуулж Б.Э-гийн гарын үсэг бүхий 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн бичгийн баримтыг гаргасан боловч хариуцагч тал “... 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгчээс шаардсаны дагуу хариуцагч Б.Э- 12 500 000 төгрөг авсан гэж бичгийн баримт үйлдсэн нь үнэн, гэхдээ бодит байдал дээр ийм хэмжээний мөнгө аваагүй ...” гэсэн татгалзал гаргасан, энэ тохиолдолд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй.

 

            Гэвч нэхэмжлэгч Н.У- нь “... 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн удаа дараа мөнгө зээлдсээр байгаад 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 12 500 000 төгрөг болгосон, уг зээлээс 4 000 000 төгрөгийг буцаан төлсөн, нэмж 1 000 000 төгрөгийг нь өгнө гэхээр нь үлдэгдэл 7 500 000 төгрөгөөр гэрээ байгуулсан ... “ гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй, 12 500 000 төгрөгийг Б.Э-д шилжүүлэн өгсөн талаарх баримтгүй байна.

 

Иймд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Н.У-ээс шилжүүлсэн 4 850 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 4 250 000 төгрөгийг хасч үлдэгдэл 600 000 төгрөгийг хариуцагч Б.Э-гаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 650 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлсэн гэж үзнэ.  

 

            Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид эрх, үүрэг тайлбарласан, шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч эрхээ эдлэх боломжтой байсан бөгөөд энэ хугацаанд гэрч асуулгах, шинжээч томилуулах хүсэлтийг нэхэмжлэгчээс гаргаагүй байна. Мөн нэхэмжлэгч Н.У- нь 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өмгөөлөгч О.Оюунчимэгтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан бөгөөд шүүхээс нэхэмжлэгч талын эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2020/01246 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                    С.ЭНХТӨР

 

   А.ОТГОНЦЭЦЭГ