Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/811

 

Т.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ганчимэг,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/812 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.А-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2108 02925 0982 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж овгийн Т-ийн А, 1981 оны ... дугаар сарын ...-ны өдөр Булган аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... хорооллын ... дугаар байрны  ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 564 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр бүрэн биелүүлсэн;

Т.А нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Б.Б-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж, түүний биед үүдэн баруун дээд 1, 2 дугаар шүдний хугарал, зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл, сулрал, уруулд язрал, цус хуралт, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Т.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж овогт Т-ийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, хохирогч Б.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотойгоор гарсан зардал, цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.А-ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.А давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцээгүй, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлд заасан үндэслэл байна гэж үзэж байна. Би гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Миний үйлдэлд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн бөгөөд Б.Б нь өөрөө гэр бүлээс гадуурх харилцаа удаа дараа үүсгэснээс үүдэлтэйгээр эхнэр О-тэйгээ таарамжгүй харилцаатай, хамт амьдардаггүй, тусдаа амьдарч буй хэрнээ салсан эхнэрээ хардаж, араас нь очиж хэл ам хийх, цохиж зодох зэрэг үйлдэл гаргасан. Улмаар би Б.Б-ыг машинд нь суулгаж явуулсан байхад араас дагаж ирж дахин хэл ам хийхээр нь миний дургүй хүрч түүнд гар хүрсэн. Энэ үйл баримт шийтгэх тогтоолын 3 дугаар хуудаст тодорхой тусгагдсан. Би өнөөдрийн байдлаар өндөр настай эцэг, эхийн хамт амьдарч, асран халамжилдаг бөгөөд улирлын чанартай ажил хөдөлмөр эрхэлдэг юм. Экскаватороор барилгын ажил хийж, ачааны самосвал машинаар хог, шороо, элс тээвэрлэдэг. Миний дээрх байдлыг харгалзан үзэж, 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Иймд Т.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Т.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хянав.

Шүүгдэгч Т.А нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Б.Б-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь үүдэн баруун дээд 1, 2 дугаар шүдний хугарал, зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл, сулрал, уруулд язрал, цус хуралт, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Б-ын: “...Т.А машинаасаа бууж ирээд “Чамайг ална” гээд хувцсаа тайлаад над руу дайрсан. Тэгээд бид хоёр бие биеэ цохиж чадахгүй хоёр тийшээ болж байсан. Миний араас нэг нь татаад намайг хойшоо унасан чинь Т.А миний уруул руу нэг удаа гараа атгаж байгаад цохиход миний үүдэн хоёр шүд унаж, нэг шүд хөдөлж жоохон сэтэрсэн. ...” /хх 11, 13, 15/,

шүүгдэгч Т.А-ий гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн: “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 60/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд үүдэн баруун дээд 1, 2 дугаар шүдний хугарал, зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл, сулрал, уруулд язрал, цус хуралт, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10974 дугаартай дүгнэлт /хх 47-48/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Т.А-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байх бөгөөд хэдийгээр хохирогч нь зүй бус үйлдэл гаргасан ч түүний үйлдэл нь зөвтгөгдөх үндэслэлгүй, Т.А-ий бусдын эрх, эрх чөлөөнд халдсан хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн, хохирогчийн зүй бус, харилцан маргалдсан үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Т.А нь тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг талаар баримтгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, хуульд заасан хэмжээгээр буюу 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь хуульд нийцсэн байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд давж заалдах шатны шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солихоор гаргасан шүүгдэгч Т.А-ий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 2022/ШЦТ/812 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/812 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.А-ий гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                    ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ