| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2023/1022/З |
| Дугаар | 128/ШШ2024/0213 |
| Огноо | 2024-03-11 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2024/0213
2024 03 11 128/ШШ2024/0213
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны гуравдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Хажидмаа,
Хариуцагч: Монголын Хуульчдын холбооны хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Оросоо, Г.Сарангэрэл нарын хоорондын Хуульчийн мэргэжлийн шалгалтын үнэлгээтэй холбогдох маргааныг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Хажидмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сарангэрэл, Д.Оросоо, гэрч Х.Наранхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Хажидмаа нь нэхэмжлэлийн шаардлагаа “Монголын Хуульчдын холбооны хуульчийн мэргэжлийн шалгалтын хорооны Захиргааны эрх зүйн бодлогын шалгалтыг үнэлээгүй, татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох, тухайн бодлогын шалгалтын оноог өгөхийг даалгуулах” гэж тодруулжээ.
2. Нэхэмжлэгч нь Монголын Хуульчдын холбооны шалгалтын хороонд гомдол гаргаж, татгалзсан хариуг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр авч, шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
3.1. Миний бодлогын бичилт байхгүй, мэдээлэл программд бүртгэлгүй гэж байгаа нь үндэслэлгүй, шалгалтын үеэр программ автоматаар хадгалдаг, би тогтмол хадгалах товчийг дарж хадгалж байсан гэж,
3.2. Шалгалт өгөх үйл явц нь шалгуулагчаас шалтгаалах ямар нэгэн асуудал гаргах болон илүү дутуу үйлдэл хийх боломжгүй байдаг, хуулийн сайтаас өөр зүйл рүү хандаагүй,
3.3. Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 3.6-д шалгалтын танхим, техник хэрэгсэл, компьютер, болон шалгалт хэвийн явагдах бусад орчин, нөхцөлийг хангах гэж заасныг хэрэгжүүлээгүйгээс миний эрх зөрчигдөж, бодлогын шалгалтуудад заагдсан оноог аваагүйгээс хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэх боломжгүй болсонд гомдолтой байна гэжээ.
4. Нэхэмжлэгч Д.Хажидмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Монголын хуульчдын холбооны 2023 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад 2405 бүртгэлийн дугаартай оролцсон. 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны эрх зүйн бодлогын шалгалтыг 14 цаг 30 минутад өгсөн. Шалгалтыг өгөхдөө тус хорооноос өгсөн зөвлөмжийн дагуу шалгалт эхлэх цагаас 1 цагийн өмнө шалгалтын байранд ирж, бүртгэл хийлгэж, хуваарилан ширээнд суусан. Ширээний дугаар камерын бичлэг зэргээр нотлогдоно. Захиргааны эрх зүйн бодлогын шалгалтыг өгөхдөө 1 номерын ширээн дээр хуваарилагдсан. Шалгалт эхэлснээс 15-20 минут өнгөрсний дараа бодлогын өгөгдлөөс хамаарч нээхэд ашиглаж байсан компьютер гацаж хуулиуд гарч ирэхгүй байсан. Шалгалтын комисст энэ талаар хэлэхэд эхлээд эмэгтэй хүн ирж шалгасан. Ачааллаас шалтгаалж байна гээд яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа хуулиуд гарч ирсэн. Шалгалтын комиссоос өгсөн шифртэй цаасан дээр энэ тухай бичиж тэмдэглэж хураалгасан. Шалгалтад оролцсон нь дараах зүйлсээр батлагдана. Шалгалтад оролцсон бүртгэлийн хуудас, ширээний дугаар бүхий хуваарилсан бүртгэл, шалгалтын хорооноос өгсөн тусгай шифртэй хуудас, хурууны хээг таниулж оруулсан бүртгэл зэргээс нотлогдоно. Заасан хугацаанд шалгалтын хороонд гомдол гаргаж, Захиргааны эрх зүйн бодлогын оноог 0 гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа бичсэн. Үүнээс хойш ямар нэгэн хариу өгөөгүй байж байгаад 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 70116364, 70116004 дугаарууд руу залгасан боловч утсаа авахгүй байсан. 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн биеэр очиж ажилтантай нь уулзахад манай компьютерын мэргэжилтэн байхгүй, чөлөө авсан гэсэн. Утсаар холбогдоно гэдэг хариу өгсөн. Дахин утсаар олон удаа залгасан боловч утсаа аваагүй. Ингээд дахин утсаар холбоо барихад компьютерын мэргэжилтэн шүүж үзээгүй, шүүгээд холбогдоно гэсэн хариу хэлсэн. Шүүж үзэхэд программд бүртгэлгүй байна, бодлогын бичилт байхгүй гэдэг хариу хэлсэн. Шалгалт дуусах хүртэл бодлогоо бүрэн гүйцэт бичсэнээр хадгалах товчийг дарсан. 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1/175 тоот албан бичгийг мэйлээр ирүүлсэн байсан. Өөр сайт руу хандаагүй, нэвтэрч шалгалтаа өгсөн байхад шалгалтын оноо 0 байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 3.6-д шалгалтын танхимд техник хэрэгсэл, компьютер болон шалгалт хэвийн явагдах бусад нөхцөлийг хангах, шалгалтад ашиглах компьютерын хэвийн ажиллагаанд хяналт тавьж, түүнд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас миний эрх зөрчигдөж бодлогын шалгалтад заагдсан зохих оноог аваагүйгээс болж хуульч болох эрхгүй болсон. Миний бие Захиргааны эрх зүйн чиглэлээр мэргэшсэн. 2019 оноос хойш өмгөөлөгчийн туслахаар захиргааны эрх зүйн чиглэлээр дадлагажин ажиллаж байгаа. Хамгийн өндөр оноо авах боломжтой шалгалтыг хүчингүй болгосон тул хуульчийн шалгалтад тэнцэхгүй байх нөхцөлд хүргэсэнд гомдолтой байна. Иймд Хуульчийн мэргэжлийн шалгалт эрхлэх хорооны хуульчийн мэргэжлийн шалгалт авсан нь техник хэрэгслээр хангаагүй, бэлтгээгүйгээс шалтгаалан бодсон бодолт хүчингүй болсонд хариуцагчийн буруутай эс үйлдлээс шалтгаалан тухайн шалгалтын бодлогын зохих оноог өгөөгүй татгалзсан нь хууль бус шийдвэр юм. Иймд татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, хуульчийн шалгалтад тэнцсэнд тооцож батламж олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд ирсэн баримтуудаас харахад хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцсон гэдэг нь нотлогдож байгаа. Тухайн захиргааны эрх зүйн бодлогын өгөгдөл болон тухайн компьютероос захиргааны эрх зүйн бодлогын бодолтыг гаргаж авах процесс асуудал маш тодорхой. Бүх 1000 гаруй шалгуулагчийн бодолтыг хэрхэн яаж татдаг, татаад урьдчилсан маргааныг шийдвэрлэхдээ тухайн гомдол гаргагчтай холбоотой захиргааны эрх зүйн бодолтыг программаас гаргаж хадгалсан уу, үгүй юу гэдэг нь бүрхэг байгаа. Хариуцагчийн хувьд техник хэрэгслийн зайлшгүй байх, шалгуулагчаас шалтгаалахгүй бусад техник хангамжийг бүрэн дүүрэн хангасан байх үүргийг хүлээж байгаа. Компьютер тоглоомын төвүүд харанхуй, гэмтэл саатлын анхаарах зүйлүүд гарахаар байсан нь харагдаж байгаа юм. Шалгалтын бодолт автоматаар хадгалах горимтой байдаг. Ямар ч шалгалтын программ ийм хадгалах давуу талтай. Гэтэл ямар ч татаж авсан горим байхгүй, программ нээсэн, хаасан зүйл байхгүй байгаа нь хариуцагчийн техникийн хэрэгслийг хангаагүй, техник хэрэгслийн бүрэн бүтэн биш байдал нөлөөлж байгаа юм. Иймд хангалттай хэмжээний оноо авч чадаагүй хууль бус үйлдэл харагдаж байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах боломжтой. Анх шалгалтад орж байгаа хүмүүс шүүхэд маргаан гаргахаас төвөгшөөсөн байдалтай орхиод яваад байдаг. Энэ асуудлыг нэхэмжлэгчийн хувьд шүүхийн шатанд хандаад явж байгаа нь хариуцагчийн үйлдэл алдаатай байна гэдгийг нотолсон гэж үзэж байна” гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оросоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 1000 гаруй оролцогч шалгалт өгч байгаа. Техникийн асуудал үүссэн бол нэг хүн дээр бус олон хүн дээр гарах ёстой. Шалгалт зохион байгуулж байгаа байгууллагын техникийн шаардлага гаргасан гэдгийг дэмжихгүй байна. Оролцогч бүр шалгалт өгөхөөс өмнө санамжтай танилцдаг. Холбогдох зааварчилгааг биелүүлээд шалгалтаа өгдөг. Нэхэмжлэгч эрүү, иргэний бодлогыг бодсон нь ном журмын дагуу хийгдсэн байна. Захиргааны бодлогыг хийгээгүй нь техникийн асуудлаас болсон гэж байна. Хэрвээ техникийн зөрчил байсан бол аль алин дээр техникийн асуудал гарах ёстой. Гэтэл техникийн асуудал байгаагүй нь эрүү, иргэний бодлого бодсон гэж үзэж байна. Бодлогын шалгалт өгч байгаа хүн системд нэвтрээд бодлого бодох зааварчилгаатай бүрэн танилцсан байдаг. Бодлогын талаар зааварчилгааг зохион байгуулагчийн зүгээс өгдөг. Зааварчилгааг өгсөн учраас нэвтрээд эрүү, иргэний бодлогыг бодсон байна. Нэхэмжлэгчийн захиргааны эрх зүйн бодлогын шалгалтын даалгавар хадгалагдаагүй байгаа нь хариуцагч шалгалтын хорооны буруутай үйлдэл гэж үзэхгүй байна. Өөрөөс нь шалтгаалаад бодлоготой холбоотой асуудал үүссэн гэж үзэж байна. Анх удаа шалгалт өгч байгаа оролцогч нар цагаа буруу хуваарилаад эхний хоёр бодолт дээр хамаг цагаа зарцуулдаг. Цагийн хуваарилалт мэдрэмжтэй холбоотой асуудлууд байдаг. Нэхэмжлэгчийн хувьд ямар үйлдлийн улмаас захиргааны эрх зүйн бодлогоо бодоогүй асуудалд эргэлзэж байна. Эрүү, иргэний бодлогод хамаг цагаа зарцуулаад захиргааны бодлогыг бодох цаггүйгээс болоод хаагддаг асуудал байдаг. Захиргааны эрх зүйн бодлого бодоогүй нь нэхэмжлэгчийн өөрийн анхааралгүй үйлдэл байх боломжтой. Хариуцагч байгууллагын хувьд 1000 гаруй хүмүүсийн дунд программыг зохион байгуулж шалгалт зохион байгуулж байгаа. Ийм учир дутагдал гараагүй. Нэхэмжлэгчийн өөрсдийн нь дутагдалтай холбоотой гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Хуульчийн шалгалтын журмын 9.1 зүйлийн 9.3 дах хэсэгт зааснаар иргэн Д.Хажидмаагаас 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан гомдлын дагуу захиргааны эрх зүйн бодлогыг хянаж, мэдээлэл технологийн ажилтанд үүрэг өгч тодорхой зүйлүүдийг шалгуулан үндэслэл бүхий хариу өгсөн. Холбогдох баримт бичгийг шүүхэд ирүүлсэн учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах боломжгүй гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.Хажидмаа нь 2008 онд Их засаг Олон улсын их сургуулийг төгсөж, 2012-2017 онд хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад Монголын хуульчдын холбооноос зохион байгуулдаг 2023 оны Хуульчийн шалгалтад бүртгүүлэн оролцож, нэгдсэн дүнгээр тест оноо-31.4, Иргэний эрх зүйн бодлогын оноо-7.17, Эрүүгийн эрх зүйн бодлогын оноо-13.5, Захиргааны эрх зүйн бодлогын оноо-0, нийт оноо-52.07 авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бүртгэл, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2023 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцогчийн нэгдсэн дүнгийн хүснэгт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгчээс “...Захиргааны эрх зүйн бодлогын оноог 0 гэснийг хүлээн зөвшөөрөхгүй, шалгалт өгөх үйл явц шалгуулагчаас шалтгаалаагүй, шалгалтын хороо программын хяналтын зөвлөлийг байгуулж ажиллах гэж заасныг хэрэгжүүлээгүйгээс хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэж зохих оноог авч чадаагүй…” гэж, хариуцагчаас “…хуульчийн мэргэжлийн шалгалтын бодлогын шалгалтад оролцогч нь бодлого бодох системд нэвтрэх заавар, санамжтай бүрэн танилцсан байдаг. Нэхэмжлэгчийн Захиргааны эрх зүйн бодлогын шалгалтын даалгаврын гүйцэтгэл программд хадгалагдаагүй нь оролцогч өөрийн бодолтыг хадгалах үйлдэл хийхгүйгээр дуусгаж гарсантай холбоотой гэж үзэж байна…” гэж тайлбарлан маргасан.
4. Мөн нэхэмжлэгч “…шалгалт дуусч оноо танилцуулснаас хойш 1 өдрийн дотор гомдол гаргах эрхтэй гэж заасны дагуу 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шалгалтын хороонд гомдол гаргасан боловч хариу өгөхгүй байж байгаад шүүж үзчихээд хариу өгье гээд 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1/175 тоот албан бичгийг миний хаягаар явуулсан…” гэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “…Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 9.1 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар Д.Хажидмаагаас 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан гомдлыг Хуульчдын холбооны мэдээлэл технологийн мэргэжилтэнд өгч шалгуулсан, Шалгалтын бодлогыг дахин дүгнэх комисс бодлогын гүйцэтгэлийг шалгах ажиллагаа хийсэн…” гэсэн мэдүүлгүүдээс үзвэл “Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам”-ын 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шалгалтыг Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос байгуулсан Шалгалтын комисс зохион байгуулна”, 3.2 дугаар зүйлийн 5-д “Шалгалтын зохион байгуулалтын комиссын хурлаар дараах асуудлыг заавал хэлэлцэнэ”, 5.3-д “Шалгалттай холбогдох асуудлаар оролцогч, бусад этгээдээс гаргасан гомдлыг шийдвэрлэнэ”, 6-д “Комиссын хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байх бөгөөд дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулан, комиссын гишүүдэд танилцуулсан байна”, 9.1 дүгээр зүйлийн 7-д “Шалгалтын хороо сорилгын шалгалттай холбогдох гомдлоос бусад гомдлын талаарх шийдвэрээ гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэж хариу гомдол гаргагчид хүргүүлнэ” гэж заасныг Шалгалтын хороо, түүний байгуулсан Шалгалтын комисс зөрчсөн болох нь тогтоогдож байна.
5. Учир нь нэхэмжлэгчийн 2023 оны хуульчийн мэргэжлийн шалгалтын Захиргааны эрх зүйн бодлогыг дүгнэх хуудсаар шалгагчийн оноо 0 болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар Д.Хажидмаагийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хуульчийн шалгалттай холбогдох асуудлаар гаргасан гомдлыг хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/175 дугаартай албан бичгээр хариу өгсөн нь журмын дээрх заалтуудыг зөрчжээ.
6. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Д.Хажидмаа хуульчийн шалгалтад орох эрх эдэлсэн боловч мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д “Сорилгын болон бодлогын шалгалтад авсан нийлбэр дүн нь хуульчийн шалгалтын нийт онооны 70 ба түүнээс дээш хувьд хүрсэн бол хуульчийн шалгалтад тэнцсэнд тооцно” гэж заасны дагуу оноогоо тооцуулах эрх нь зөрчигдөж, гомдол гаргасан боловч Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо нь мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д “Хуульчийн шалгалттай холбогдох бусад асуудлыг Хуульчдын холбооноос баталсан журмаар зохицуулна” гэж заасны дагуу холбогдох журамд заасны дагуу шийдвэрлээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “Монголын Хуульчдын холбооны хуульчийн мэргэжлийн шалгалтын хорооны Захиргааны эрх зүйн бодлогын шалгалтыг үнэлээгүй, татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.
7. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “Захиргааны эрх зүйн бодлогын шалгалтын оноог өгөхийг даалгуулах”-ыг хүссэн шаардлагын тухайд:
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д “Сорилгын болон бодлогын шалгалтад авсан нийлбэр дүн нь хуульчийн шалгалтын нийт онооны 70 ба түүнээс дээш хувьд хүрсэн бол хуульчийн шалгалтад тэнцсэнд тооцно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Захиргааны эрх зүйн бодлогын оноог оролцуулахгүйгээр хуульчийн мэргэжлийн шалгалтын Тест оноо-31.4, Иргэний эрх зүйн оноо-7.17, Эрүүгийн эрх зүйн оноо-13.5, нийт оноо-52.07 авсан бөгөөд Захиргааны эрх зүйн бодлогын оноо-17.93 авсан тохиолдолд хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэхээр байна.
8. Гэвч шүүхээс хариуцагч Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд нэхэмжлэгч Д.Хажидмаагийн Захиргааны эрх зүйн бодлогод хэдэн оноо өгөхийг шууд даалгах эрхгүй хэдий ч хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хууль, журамд заасны дагуу шийдвэрлээгүй болох нь дээрх нөхцөл байдлуудаар тогтоогдож байх тул Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороог хууль, журамд заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг шийдвэрлэхийг даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 16 дугаар зүйлийн 16.4,16.6 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Хажидмаагийн нэхэмжлэлтэй, Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд холбогдуулан гаргасан “Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын хорооны нэхэмжлэгчийн Захиргааны эрх зүйн бодлогын шалгалтыг үнэлээгүй, үнэлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, түүний гомдлыг хууль, журамд заасны дагуу шийдвэрлэх”-ийг хариуцагчид даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ