| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2017/0377/Э |
| Дугаар | 334 |
| Огноо | 2017-11-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баярхүү |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 334
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,
нарийн бичгийн дарга Л.Содномдорж,
улсын яллагч Б.Баярхүү,
шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ /ҮД:1049/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт М-ын Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1710000000112 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Цээл сүлжээ” ХХК-нд цахилгааны инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, *********** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогтой М-ын Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер гарден” хотхоны орчим Б.Б-тэй “тамхи нэхлээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж биед нь баруун хөмсөг, баруун шанаанд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч М.Б: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр би найз С.А-ийн хамт гэрийнхээ ойролцоо Хан хилс хотхоны хажууд 0.5 литрийн архи хувааж уучихаад байж байтал С.А надаас тамхи байна уу гэж асуухаар нь би тамхи татдаггүй болохоор Номин худалдааны төвийн ажилчдын байрны гадна очоод зүс танихгүй махлагдуу шар царайтай залуугаас тамхи байна уу гэж асуутал байхгүй гэж хэлээд нэг мэдэхэд маргалдчихсан юм. Би юунаас болж маргалдсан талаар санахгүй байна. Тэгтэл тэр залуу миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохиод хамарнаас цус гаргасан юм. Тэгээд би тэр залуугаас уучлалт гуй гэж хэлсэн, тэр залууг уучлалт гуйсан эсэх талаар санахгүй байна. Тэгээд би гэрийнхээ ойролцоо очоод нүүрнийхээ цусыг угаачихаад буцаад очиход Б- гэх харуул би тэр залууг танина одоо байхгүй, сая зугаалганд явчихлаа гэж хэлэхээр нь би гэртээ хариад амарчихсан юм. ...Тухайн үед үүдэн дээд нэг шүд хугарсан, хамраас цус гарсан, баруун нүд хөхөрсөн байсан. Одоо шүдээ хийлгэсэн. Эмчилгээ хэд гарсныг мэдэхгүй...” /хх-ийн 5, 44/ гэсэн,
Гэрч Н.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр би ажилтай байсан. Тэгтэл 11-12 цагийн үед манай харуулын постны гадна нэг согтуу эрэгтэй ирчихсэн байсан, би тэр хүнийг эндээс яв гэж олон удаа хэлсэн боловч явахгүй хүн болгоноос тамхи нэхээд байсан. Тэгэж байгаад хэсэг алга болсон байсан. Тэгтэл манай ажилтан машинаар гаднаас ирэхэд гараа өргөж байгаад зогсоосон юм. Би тухайн үед бие биенээ таньдаг хүмүүс юм байх гэж бодоод анзаараагүй. Тэгээд нэг харсан чинь нөгөө согтуу залуугийн нүүр нь цус болчихсон явж байсан би хүнтэй зодолдсон, газар унасан эсэхийг нь мэдээгүй. ...Би очоод нөгөө согтуу хүнийг одоо гар, компаний хашаанд орлоо гэхэд “Би Дагвадоржийг таньдаг” гээд агсам тавиад байсан. Тэр хоёр бие биенээ заамдалцахаар нь би голоор нь ороод салгасан. Согтуу дагаж явсан хүн нь хашааны үүдэнд байсан ба энэ хүнээ аваад яв гэж хэлсэн. Өөр компани хүмүүс мөн ирж салгасан. Тэр согтуу тэр хавиар 2 цаг орчим хүмүүсээс тамхи нэхээд байсан юм...” /хх-ийн 12, 45/ гэсэн,
Гэрч Н.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр барилгачдын баяр болоод 14 цагийн үед хувцсаа солиод гарч явахад “Цээл сүлжээ” ХХК-ийн ажилтан М.Б-гаас нилээн согтуу хүн тамхи нэхээд машиных нь цонх орчим зогсож байсан. М.Б машиныхаа цонхыг хагас онгойлгосон байсан. Би харуулд согтуу хүн оруулсан байна наад хүнээ гарга, М.Б-г наад хүнээ явуулаач гэж хэлчихээд байр руугаа явсан. Байрнаас юмаа авчихаад 5 орчим минутын дараа эргэж очиход М.Б машинаас буучихсан нөгөө согтуу хүнтэй зууралдчихсан, нөгөө согтуу хүний хамраас нь цус гарчихсан, харуул ирчихсэн согтуу хүнийг хойноос нь татаад зогсож байсан. Би М.Б-г чи яагаад цохьсон юм гэж хэлээд голоор нь орж салгасан. Харуулыг наад хүнээ гарга гэж хэлээд явсан. Согтуу хүнтэй хамт нэг эрэгтэй хүн явж байсан ба тэр хүн нь чиний буруу юм чинь найз нь оролцож чадахгүй гээд зогсож байсан. Миний өмд дээр цус болсон байсан ба өмдөө сольж угаасан. Эргээд гараад ирэхэд нөгөө хүмүүс байхгүй байсан. ...Тэр согтуу хүний хувцас шавар шавхай болж норсон байдалтай байсан. Хамраас нь их хэмжээний цус гараад 2 гараа цусаар бохирдуулсан байсан. Нүүр ам нь цус болсон учраас нүүрний гэмтэл анзаарагдахгүй байж болох юм...” /хх-ийн 46-48/ гэсэн,
Гэрч С.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Б.Б-тэй уулзаж 1 шил архи уугаад салсан. Маргааш нь дахин уулзаж нэг хүнтэй уулзах ёстой байтал бүтээгүй. Тэгээд бид 0.5 граммын 01 шил архи авч Хан-Уул дүүрэг Ривер Гарден хотхоны орчим далангийн тэнд архиа уусан. Би тамхи татмаар санагдсан ба Б.Б надад ганц ширхэг тамхи олоод өгье гэсэн. Б.Б нь надаас салаад нэг машинтай хүнтэй уулзаад барилгын хашаа руу орсон. Хэсэг хугацааны дараа харуул нь энэ хүнээ аваад яв гээд над руу хэлсэн. Хашаа руу ороход Б.Б-ийн нүүр ам нь цус болчихсон байсан. Хүнтэй битгий марга гээд Б.Б-ийг аваад явсан. Түүнийг гэррүүгээ ор гээд байр руу нь зүглүүлээд явуулсан. Би гэр рүүгээ явсан. Түүнээс хойш уулзаагүй...” /хх-ийн 52/ гэсэн,
Шинжээч Г.Энхбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Шүд болон дээд уруулын цус хуралт гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, гэмтэл нь хатуу мохоо буюу унах цохих хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ...Баруун дээд 1-р шүдний хугарал нь гэмтлийн хөнгөн зэрэг бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” /хх-ийн 50-51/ гэсэн,
Шүүгдэгч М.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 13 цагийн үед Хан-Уул дүүрэг, Ривер Гарден хотхоны Номин супермаркет дэлгүүрийн орчим машинаа унаад явж байтал согтуу 40 гаруй насны нэг эрэгтэй хүн өөдөөс ирээд машины урд хамар дээр дараад явуулахгүй байсан. Би цонхоо онгойлгоод та яасан бэ гэхэд надад тамхи өг, би хүн амьтан алдаг, их том хүн, би захиалгат аллага хийдэг, чамаас эхэлж ална гэж намайг дарамталсан. Ахаа та ингэж ярьж болохгүй надаа тамхи байхгүй, байсан бол өгнө гэж хэлсэн. Цаана нь зогсож байсан саарал өнгийн машинаас 30 гаруй насны халамцуу хүн гарч ирээд надад миний хөгшин хүлээцтэй хандаарай энэ хүнийг би аваад явчихья гэсэн. Би машинаа хөдөлгөхгүй нөгөө согтуу хүнийг найзыгаа авч явахыг нь хүлээгээд хэсэг зогссон. 2 дахь залуу нь анхны агсам тавиад байсан хүний гараас татаад 2-3 алхсан. Би хөдлөх гэж байтал нөгөө согтуу залуу эргэж ирээд машины цонхоор гараа оруулаад миний цамцны энгэрээс зуурсан. Би машинаасаа буунгуут нүд рүү гараараа чичилж дахин доромжилсон. Та яваад өг л дөө гэж хэлэхэд доромжлоод л байсан. Би арга бараад түүний ам руу нэг удаа гараараа, зүүн хацар хавьцаа нэг удаа гараараа цохьсон. Тэр хүний хамраас цус гарч газар унасан. Тэр үед үүдэн дээр зогсож байсан харуул хүрээд ирсэн. Мөн Н.М гэх цахилгаанчин залуу хүрч ирээд нөгөө согтуу хүнийг хашаанаас гаргаад явуулсан. Тэр хоёр хүний дэргэд цагдаа дуудна гэж утсаараа залгаж байтал нөгөө согтуу хүн битгий цагдаа дууд би өөрөө ингээд явчихна гээд надтай гар бариад салсан. Би ажлын байр руугаа орсон...” /хх-ийн 55-56/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Ц.Л-ийн мэдүүлэг /хх-ийн 49/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 10642 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.Б-ийн биед баруун хөмсөг, баруун шанаанд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун дээд үүдэн 1-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” /хх-ийн 11/ гэсэн дүгнэлт,
- Шүүгдэгч М.Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-37/,
- Хохирлын баримт /хх-ийн 60/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч М.Б нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер гарден” хотхоны орчим “тамхи нэхлээ” гэх шалтгаанаар Б.Б-тэй маргалдаж, улмаар түүний нүүрэнд гараараа хоёр удаа цохиж биед нь баруун хөмсөг, баруун шанаанд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Б, гэрч Н.Б, С.А, Н.М, шинжээч Г.Энхбаатар нарын мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10642 тоот дүгнэлт, шүүгдэгч М.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүхээс түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ийн биед “баруун хөмсөг, баруун шанаанд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний хугарал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл /хх-ийн 11/ учирсан ба тэрээр сэтгэл санааны болон эмчилгээний хохиролд нийтдээ 1.000.000 төгрөг /хх-ийн 77/ нэхэмжилж холбогдох баримтыг /хх-ийн 59, 60/ хэрэгт хавсаргажээ.
Хохирогч нь сэтгэл санааны хохиролд 420.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд түүний сэтгэл санаа хэрхэн яаж хохирсон талаарх баримтгүй ба хавтаст хэргийн 59-р талд хохирогч Б.Б гадуур эмчилгээ хийлгэж төлбөр төлсөн тухай 375.000 төгрөгийн баримт авагдсан бөгөөд гадуур ямар эмчилгээ, хэний заавраар хийлгэсэн нь тодорхойгүй, энэ талаарх баримтууд тус тус авагдаагүй байх тул нэхэмжлэлээс хасаж, үлдэх 205.000 төгрөгийг /хх-ийн 60/ гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн хувийн байдлыг харгалзан шүүхээс торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 1710000000112 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт М-ын Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт М-ын Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч М.Б-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Б торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-гаас 205.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Б /Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ****** тоотод оршин суух, РД: ********/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 795.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн 1710000000112 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР