Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/812

 

Ц.Ү-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ю.Батсүх,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЗ/1971 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Ариунцэцэгийн бичсэн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 19 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Ц.Ү-д холбогдох 2206 00955 1872 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

А овгийн Ц-ын Ү, 1989 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн засварчин мэргэжилтэй, “Д” ХК-нд дулааны шугам сүлжээний засварчин ажилтай гэх, ам бүл ганцаар Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, /РД: ... /,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 311 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэж байсан;

Ц.Ү нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, ... байрны ... тоот гэртээ 9 настай төрсөн охин Г.А-г “гэртээ замбараагүй байсан, хичээлээ муу хийж байна” гэх шалтгаанаар утасны цэнэглэгчээр толгой, нуруунд  нь цохиж, цээж, хэвлий, гуя хэсэгт хөлөөрөө өшиглөн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газар: Ц.Ү-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт тогтоол үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, ямар гэмт хэрэгт хэзээ, хаана үйлдэгдсэн, сэжигтний эцэг, эхийн нэр, өөрийн нэр, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа тухай заана” гэж заасан. Гэтэл 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2206 00955 1872 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн 2206 00955 дугаартай хэрэгт УУхххххххх регистрийн дугаартай А овогт Ц-ийн Ү-ыг яллагдагчаар татсан байна. Харин 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн яллах дүгнэлтийн биеийн байцаалт дээр А овогт Ц-ын Ү /РД:хххххххх/ гэсэн бичиглэлтэй байна. Мөн 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг яллагдагчид 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр эрх, үүрэг тайлбарлаад яллагдагчаас мэдүүлэг авсан байна. Мөн яллах дүгнэлтэд 2002 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн шийтгэх тогтоолоор гэж бичигдсэн хэрнээ хэрэгт 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн шийтгэх тогтоол хавсаргагдсан байгаа нь Ц.Ү-ын мэдүүлснээр давхар нотлогдож байна. Прокурорын тогтоол нь хууль ёсны, үндэслэл бүхий болоогүй, ойлгомжгүй, хууль зөрчиж үйлдэгдсэн энэхүү тогтоолоор яллагдагчид ял сонсгож мөрдөн шалгах ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж дүгнэж, хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ц.Ү-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор М.Ариунцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “...Хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох нь түүнийг шүүхээр бодитой, үнэн зөв хянан шийдвэрлэхэд нөлөө үзүүлэх боловч шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай нотлох баримт хэрэгт нэгэнт цугласан бол шүүх хэргийн талаар эцсийн шийдвэр гаргах бөгөөд хэрэгт ач холбогдол багатай нөхцөл байдал бүрийг нарийвчлан тогтоох нь цаг хугацаа, хүн хүчний үргүй зардалд хүргэхээс бус шүүн таслах ажиллагааны үр дүнг өөрчлөхгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдалд ямар нэгэн байдлаар нөлөөлөх чадваргүй юм. Дээрх шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн ба шүүхийн шийдвэр нь “үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй. Тухайлбал, нотлох баримт шинжлэн судлах явцад хэрэгт авагдсан 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр эрх, үүрэг тайлбарлаад яллагдагчаас мэдүүлэг авсан гэж шүүхээс шууд дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасан “Шүүх, ...тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэснийг зөрчиж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хэргийн хамт цагдаагийн байгууллагад хүргүүлэн, мөрдөгч уг тогтоолыг танилцуулж яллагдагчаар мэдүүлэг авсан үйл баримтад дүгнэлт хийлгүй зөвхөн тоо, бичгийн хэв ойлгомжгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, мөн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд шүүгдэгч Ц.Ү-ын овог /Ц..., Ц/ зөрүүтэй бичигдсэн, прокурорын яллах дүгнэлтийн биеийн байцаалт хэсэгт ял шийтгэлтэй холбоотой шийтгэх тогтоолын огноог /2022 оныг 2002 он гэж бичсэн/ буруу бичсэн гэж хэт өрөөсгөл дүгнэлт хийн, улсын яллагчийн тайлбар, дүгнэлтийг няцаан үгүйсгэж чадаагүй байна. Шүүгчийн захирамжид дурдсан асуудал нь шүүгдэгчийн гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдалд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй ба прокурорын тогтоол, яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг шүүхийн шийдвэрт залруулах бүрэн боломжтой байсан. Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар Ц.Ү-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1971 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Ю.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. ...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ц.Ү-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ц.Ү-ыг өөрийн төрсөн охин Г.А-г утасны цэнэглэгчээр толгой, нуруу руу нь цохиж, цээж, хэвлий, гуя хэсэгт хөлөөрөө өшиглөн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх “...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол нь хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу “Ц-ын Ү” гэхийг “Ц-ийн Ү” гэж яллагдагчаар татсан ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн...” үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байх бөгөөд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүйгээс гадна энэхүү зөрчлийг арилгасны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд “...прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг сахина”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ хуулийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу хүчингүйд тооцох...”-оор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг тусгажээ. Хэрэгт холбогдсон этгээдийг өөр овог нэрээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдоно.

Харин прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт Ц.Ү-ын урьд ял шийтгүүлсэн шүүхийн шийдвэрийн огноог “2002” гэж буруу бичсэн нь бичиг техникийн шинжтэй алдаа байх тул заавал энэхүү үндэслэлээр хэргийг прокурорт буцааж засуулах шаардлагагүй байжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийллийг гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрт тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр заасан бөгөөд гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэлд, харин хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийхийг албадах, заналхийлэх, гутаан доромжлох, бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэлд тооцохоор заасан.

Хэрэгт авагдсан хохирогч М.Г-ийн “...Ц.Ү нь намайг хэл амаар доромжилж, ...гараараа миний цээж хэсэг рүү 3-4 удаа цохиод, үснээс зулгаагаад намайг ор руу түлхэхэд би зүүн талын хавирга хэсгээрээ ширээний булан мөргөсөн. ..” /хх 8/ гэх мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээ өндөр гарсан тухай тэмдэглэл /хх 24/,

Ц.Ү-ын хохирогч М.Г-тэй харилцсан зурвасууд /хх 65-70/, хүү Ү.А-ын биед зүүн мөр, баруун шуу, зүүн өгзөг, гуянд цус хуралт гэмтэл учирсан, 2539 дугаартай дүгнэлтээр эхнэр М.Г-ийн биед цээжинд цус хуралт гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2539, 2540 дугаартай дүгнэлт /хх 37-38, 41-42/ зэрэг баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч Ц.Ү нь гэр бүлийн бусад гишүүдийн эсрэг бие махбодын болон сэтгэл санааны дарамт шахалт үзүүлдэг, хүчирхийлэл үйлддэг, үйлдэж байсан эсэх, эдгээр нь бие даасан гэмт хэргийн шинжтэй эсэх зэргийг бүрэн шалгаж тогтоох шаардлагатай байна.

Иймд давж заалдах шатны шүүх прокурор М.Ариунцэцэгийн бичсэн “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” тухай 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 19 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЗ/1971 дугаартай захирамжийг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЗ/1971 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор М.Ариунцэцэгийн бичсэн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 19 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                    ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ