Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2024/0214

 

    2024          03           11                                   128/ШШ2024/0214

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ч******* би даргалж, шүүх хуралдааны гуравдугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ц******* *******” ХХК /РД: *******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.А, Б.Б,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.И, Э.А,

Гуравдагч этгээд: “Н р” ХХК /РД: /,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Б, М.Ө нарын хоорондын ашиглах эрхийн газар руу орох орц, гарцны тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.И, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Д,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ц******* *******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа  “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын  21-ний өдрийн А/977 дугаар захирамжийн иргэн Л.Бт олгосон газраас орц, гарц хаасан хэсгийг хэсэгчлэн хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/253 дугаар захирамжийн Н р ХХК-д шилжүүлэн олгосон газраас нэхэмжлэгчийн орц, гарцыг хааж олгосон хэсгийг хүчингүй болгуулах” гэж өөрчлөн нэмэгдүүлсэн байна.

2. Нэхэмжлэгч компани нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч, 2022 оны  сарын 9 дүгээр сарын 12-ны өдөр нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 01-08/4969 тоот албан  бичгээр гомдлыг хангах боломжгүй тухай хариуг авч, шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

3.1. 2018 онд орц, гарцыг гаргахдаа холбогдох зөвшөөрлийг нь аваад 70 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд, газрынх нь хэв байдлыг өөрчлөөд, Наадамчдын замыг сэтлээд, өөрийн газар руу орц, гарц, хөрөнгө оруулалт хийсэн гэж,

3.2. 2022 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар давхардуулан газар олгоод, тухайн газрыг олгохдоо ямар нэгэн байдлаар олж үзсэн ч юм уу, эсвэл сансрын зургийг нь харахад үндсэндээ Ц******* ******* компанийн орц, гарц илтэд байхад нь иргэн н.Бт давхцуулан олгоод, улмаар 2023 оны 3 дугаар сард Н р компани руу шилжүүлсэн. Тийм учраас Ц******* ******* компанийн хөрөнгө оруулалт хийгээд, холбогдох журмын дагуу шаардлага хангаад авсан орц, гарцыг бусад этгээдэд ашиглуулахаар шилжүүлчихээд байгаа явдал нь нэхэмжлэгч Ц******* ******* компанийн эрх ашгийг хөндсөн гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц******* ******* ХХК-ийн хувьд Нүхтийн уулзвар дээр байрлаж байгаа 2 га газрыг 2011 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар анх ашиглах эрхтэй болсон байдаг. Улмаар газрыг ашиглаж байх явцдаа 2014 онд зураг төсөл, эскиз зургаа батлуулаад, архитектур төлөвлөлтийн даалгаврыг аваад, 2018 онд маргаан болж байгаа газар буюу өөрийн эзэмшил бүхий газар руу ертөнцийн зүгээр хойд зүгээс Наадамчдын замаас шууд гарсан орц, гарцыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас авсан зөвшөөрлийн дагуу хийж гүйцэтгэсэн байдаг. Орц, гарцыг өнөөдрийг хүртэл ашиглаж байсан боловч 2022 оны 7 дугаар сард иргэн н.Бын нэр дээр давхардуулан газрыг олгосон байдаг. Үүнийг 2022 оны 9 дүгээр сард мэдсэн даруйд анх нэхэмжлэлийг гаргаад өнөөдрийг хүртэл маргаан үргэлжлээд явж байна. 2018 онд орц, гарцыг гаргахдаа холбогдох зөвшөөрлийг нь аваад 70 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд, газрынх нь хэв байдлыг өөрчлөөд, Наадамчдын замыг сэтлээд, өөрийн газар руу орц, гарц, хөрөнгө оруулалт хийсэн. Энэ орц, гарцыг 2022 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар давхардуулан газар олгоод, тухайн газар олгохдоо ямар нэгэн байдлаар олж үзсэн ч юм уу, эсвэл сансрын зургийг нь харахад үндсэндээ Ц******* ******* компанийн орц, гарц илтэд байхад нь иргэн н.Бт давхцуулан олгоод, улмаар 2023 оны 3 дугаар сард Н р компани руу шилжүүлсэн. Тийм учраас Ц******* ******* компанийн хөрөнгө оруулалт хийгээд, холбогдох журмын дагуу шаардлага хангаад авсан орц, гарцыг бусад этгээдэд ашиглуулахаар шилжүүлчихээд байгаа явдал нь нэхэмжлэгч Ц******* ******* компанийн эрх ашгийг хөндөж байна. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчийн хууль ёсны итгэлийг хамгаалах ёстой гэж үзэж байгаа. Тийм учраас анх иргэн н.Бт 2022 оны 7 дугаар сард олгосон нийслэлийн Засаг даргын захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Н р компанид олгосон орц, гарцтай холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Богдхан уулын хилийн цэс өөрчлөгдөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хамаарагдах буюу Богдхан уулын хилийн цэс багассан. Үүнтэй холбоотой Ц******* ******* компанийн эзэмшиж байгаа газар хуваагдсан. 9,100 м.кв газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд харьяалагдаад, 10,000 гаруй м.кв газар нь Нийслэлд хамаарагдсан. Энэ шийдвэр гараад эцэслэгдсэнтэй холбогдуулаад, шийдвэрийг албажуулах зорилгоор гарсан шийдвэр буюу өөрт үлдсэн 9,100 м.кв газар дээрээ Байгаль орчин, аялал жуулчлалын яам манай газар ашиглах эрхийг хэвээр үлдээж, А/649 дүгээр захирамжийг гаргасан. Үлдсэн хэсэг дээрээ газар олгох тусгайлсан асуудлыг шийдвэрлэхгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тооцсон Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шийдвэр байгаа. Газар ашиглах эрх бүхэлдээ хүчингүй болчихсон гэж ойлгож болохгүй. Тухайн хилийн цэс өөрчлөгдсөнтэй холбогдуулаад хууль захиргааны байгууллагын хоорондын асуудал явж байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яам өөрт хамаарах хэсэг дээрээ бодоод гаргасан захирамж нь А/649. Энэ захирамжаар газар ашиглахыг бүрэн цуцлаад байгаа биш. Хилийн цэс өөрчлөгдсөнтэй холбогдуулаад албажуулж гаргаж байгаа шийдвэр гэсэн үг. Нийслэлд хамаарагдаж байгаа хэсэг дээр газар олгох ёстой гэдгийг шүүхийн шийдвэрээр дүгнэчихсэн гэсэн үг. Газар ашиглах эрхийг дуусчихсан гэж үзэх боломжгүй байгаа юм. Энэ асуудал бүрэн шийдвэрлэгдээгүй. Орц, гарц гаргах асуудлыг Зам тээвэр, хөгжлийн сайдын гаргасан Авто зам, замын байгууламжийн ажлыг эхлүүлэх журмаар тайлбарлаад байгаа юм. Гэтэл Нийслэлд явагдах орц, гарцын асуудлыг Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/926 дугаар захирамжаар батлагдсан “Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах, хамгаалах журам” гэж байгаа. Энэ журмын дагуу үндсэндээ Нийслэл дэх орц, гарцын асуудал олгогддог. Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах, хамгаалах журмын дагуу байгуулагдсан Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/300 захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгээс орц, гарцын ажлыг хийх зөвшөөрлийг олгодог. Жишээлбэл, авто зам, замын байгууламжийн журам нь орц, гарцын асуудал дээр хамааралгүй гэсэн үг. Авто зам буюу замын байгууламж бусад асуудалд хамааралтай. Аж ахуй, нэгжийн авто замын асуудалд Авто зам төсөл, ногоон байгууламжийн журам үйлчилдэг. Энэ нь үндсэндээ нийтэд илэрхий үйл баримт учраас үүнтэй холбоотойгоор журмыг өгөөгүй. Ц******* ******* компанийн газар ашиглах эрхийг А/649 дүгээр захирамжаар дуусгавар болгосон зүйл байхгүй. Журамд зааснаар ажлын хэсэг хүлээлгэж авахтай холбоотой юм бол байхгүй. Хот байгуулалтын мэдээллийн сан гэдэг нь 2019 оны 2 дугаар сард батлагдсан журмын дагуу явдаг. Гэтэл Ц******* ******* компанид 2018 онд олгогдсон. Өмнө байгуулагдсан орц, гарцыг бүртгэх асуудал дээр Хот байгуулалт, хөгжлийн газраас манайд ямар нэгэн байдлаар мэдэгдсэн зүйл байхгүй. Бүртгэл нь ороогүй гэдэг асуудлаар тухайн орц, гарцын асуудлуудыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.И шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц******* ******* ХХК-ийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын дугаар бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/493 дугаар тушаалаар ашиглаж буй газрын хойд хэсэгт байрлах нэгж талбарын ******* дугаар бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/253 дугаар захирамжаар Н р компанид эзэмшүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч Ц******* ******* компанийн ажиллаж байгаа газар нь орц, гарц, заставаар төлөвлөгдсөн болно. Мөн дээрх нэхэмжлэгчийн маргаад байгаа газар нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/649 дүгээр тушаалаар хүчингүй болсон байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авах боломжгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн албан бичгээр нэхэмжлэгчид олгосон зөвшөөрлийн дагуу замын орц, гарц гаргах зөвшөөрөл олгогдсон гэж нэхэмжлэгч тайлбарладаг. Гэтэл уг зөвшөөрөл дээр 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд зөвшөөрөл олгогдсон нөхцөл байдал харагддаг. Энэ хугацаанд бүрэн дуусгаж ашиглалтад өгөх нөхцөлтэйгөөр олгосон. Гэтэл нэхэмжлэгч энэ зөвшөөрлийн хугацаанд замын орц гарцын ажлыг зохих стандартын дагуу бүрэн гүйцэтгэж дуусгаагүй, холбогдох эрх бүхий байгууллагад акт, дүгнэлт үйлдэж хүлээлгэж өгөөгүй, мөн замын нэгдсэн мэдээллийн системд бүртгэгдээгүй ийм нөхцөл байдал харагдаж байна. Тухайлбал, энэ шаардлагууд юугаар тодорхойлогддог вэ гэхээр Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 49 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад авах” журам гэж байгаа. Энэ журмын 2.3-д “барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг тухайн авто зам, замын байгууламж баригдаж дуусах хүртэлх гэрээнд заасан хугацаагаар олгоно” гэжээ. Энэ журмын дагуу бол 2018 онд зөвшөөрөл олгогдсон байдаг юм. Мөн журмын 4.3 болон 4.4 дэх хэсэгт замын ажлын орц, гарцын ажлыг хүлээж авах, дүгнэлт гаргах, энэ ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилсноос хойш газар дээр нь хэд хоногийн хугацаанд очиж ажиллах гэдэг хугацааг зааж өгсөн байдаг. Мөн журмын 4.10-д авто зам, замын байгууламжийг ашиглалтад авах тухай ажлын хэсгийн дүгнэлт гарч, акт дүгнэлт үйлдэж, баталгаажуулснаар уг авто зам, замын байгууламжийг ашиглалтад оруулсанд тооцно гэж заасан. Өнөөдрийн байдлаар энэ хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн яриад байгаа орц, гарцын асуудал нь акт дүгнэлт үйлдэж, эрх бүхий байгууллагаас хүлээлгэж өгсөн талаар ямар ч нотлох баримт алга байна. Акт, дүгнэлт үйлдээгүй гэж үзэх үндэслэл байна гэж үзэж байна. Мөн энэ журмын 7.3-д ашиглалтад орсон тухайн барилга байгууламжийн гүйцэтгэлийн зураг, баримт бичгийн бүрдлийг хангаж, батлагдсан маягтын дагуу замын актуудыг үйлдээд, замын байгууламжийн эзэмшигч, зам хариуцагч байгууллагын архивд хүлээлгэн өгч, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлнэ гэж заасан байгаа. Мэдээллийн нэгдсэн санг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар хариуцна. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас шүүхэд ирүүлсэн тайлбараар нэхэмжлэгч Ц******* ******* компанийн замын орц гарцын асуудал өнөөдрийг хүртэл мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлд авагдаагүй байна гэсэн хариу ирсэн байгаа. Эндээс харахад мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдээгүй гэдэг нь мөн адил орц гарц нь албан ёсоор хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэж байна. Энэ журамтай холбоотойгоор шүүхийн шаардлагын дагуу Нийслэлийн Замын хөгжлийн газраас хариу бичиг ирсэн байгаа. Энэ бичгээс харахад Ц******* ******* компанийн орц, гарц гэж өөрсдөө үзээд байгаа. Шүүхийн үзлэгийн тэмдэглэлд тусгачихсан зургаас харахад тодорхой харагдаж байгаа. Шороон зурвас л харагдаж байгаа. Үүнийг зам гэж үзэхэд бол хэцүү, ийм байдалтай байгаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нь хэн хэн байх юм бэ гэдгийг мөн заагаад өгчихсөн. Журмын 2 дугаар хавсралтаар аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын авто замын байгууламж гэсэн бүрдэл хэсэгт нь байна. 3 дугаар зүйл дотор нь захиалагч байгууллага, нарийн бичгийн дарга. Гишүүдийн бүрэлдэхүүн дотор нь аймаг, нийслэлийн салбарын мэргэжлийн хяналт хэрэгжүүлэх байгууллагын төлөөлөл гэж байгаа юм. Тэгэхээр авто зам, замын байгууламжийн ажлын хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага нь Нийслэлийн Замын хөгжлийн газар байгаа. Тэгэхээр Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ авто замын ажлыг хүлээж авах комиссын бүрэлдэхүүнд орж ажилладаг чиг үүрэг бүхий байгууллага. Энэ байгууллагаас хариу тодорхой ирчихсэн байдалтай байна. Нэхэмжлэгч Ц******* ******* компани нь өөрсдөө орц, гарц гэж яриад байгаа шороон зурвас хэсэг нь төрийн эрх бүхий захиргааны байгууллагаас гаргасан дүрэм, захиргааны актад заасан дүрэм журмын дагуу гараагүй, албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, мэдээллийн системд бүртгэгдээгүй, ийм нөхцөл байдалтай байгаа учраас үүнийг орц гарц гэж үзэхгүй. Өөрсдөд нь олгогдсон зөвшөөрлийн хугацаанд орц, гарцын ажлаа бүрэн дүүрэн хийж дуусгаагүй байна гэж үзэж байна. Орц, гарцын ажлыг К******* гэх тусгай зөвшөөрөлтэй компаниар гүйцэтгүүлсэн гэж өөрсдөө тайлбарладаг. Хавтаст хэрэгт гэрээгээ хавсаргаж өгсөн байдаг. Гэхдээ гэрээ нь хэрэгжсэн үгүй нь тодорхойгүй. Гэрээний дагуу Ц******* ******* компаниас К******* компанид мөнгө төгрөг төлсөн баримт алга, гэрээ дүгнэсэн акт алга, гэрээний хэрэгжилт ерөөсөө харагдахгүй байгаа. Тэгэхээр гүйцэтгэгч компаниас сонгон шалгаруулалтаар сонгосон, замын орц, гарцын ажлыг хийж дуусгасан эсэх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдахгүй байна. Тийм учраас Ц******* ******* компанийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

7. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг харахад Нийслэлийн Засаг даргын А/253 дугаар захирамжийн Н Р компанид шилжүүлэн олгосон газраас нэхэмжлэгчийн орц, гарцыг хааж олгосон эсэхийг хүчингүй болгуулъя гэж байгаа юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны тушаалаар газар ашиглах эрхийг нь хүчингүй болгочихсон. Нэхэмжлэгчийн орц, гарц гэдэг асуудал яригдахгүй. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагад нэхэмжлэл гаргах эрх нь хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгчийн орц, гарц гээд байгаа газрын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/649 дүгээр тушаалаар хүчингүй болгочихсон. Газар ашиглах эрхийг нь цуцалчихсан. Үүнээс харахаар нэхэмжлэгч газар ашиглах эрхтэй этгээд биш. Өмнө нь Нийслэл, яам хоорондоо учраа олох гээд манайхыг хүлээлгээд байгаа гэж байсан бол өнөөдрийн байдлаар буюу 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр эцэслээд дуусчихсан. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчид орц, гарц буюу тэр маргаан бүхий газар дээр ашиглах эрх байхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт зааснаар хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөөгүй буюу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэхээр байна. Нийслэлийн Засаг даргаас н.Б болон Н Р компанид газар олгохдоо тухайн үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газрыг ашиглах эрхийг цуцлахаас өмнө ч гэсэн үйл баримтыг сэргээгээд харвал хавтаст хэргийн 201-ээс 206 дугаар талд байгаа баримтуудаар Ц******* ******* компанийн орц, гарц гээд байгаа газартай ямар нэгэн давхцалгүй болох нь тогтоогдоно. 2001 он, 2021 онд ч нэхэмжлэгчийн газар ашиглах эрх нь сунгагдсан, хугацаа нь дуусчихсан боловч сунгагдсан, эсвэл хүчингүй болох нь тодорхойгүй байх хугацаанд ч гэсэндээ орц, гарцыг хаагаагүй байсан. Одоо нэхэмжлэгч компани орц, гарц гэж шаардах эрхгүй этгээд болсон. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Ц******* *******” ХХК нь 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад үйлчилгээний цогцолборын зориулалтаар газар ашиглах хүсэлт гаргасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-491 тушаалаар Хан-Уул дүүргийн Арцатын аманд аялал жуулчлалын зориулалтаар 2 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ******* дугаар г*******илгээ олгосныг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл сунгажээ.

3. Нэхэмжлэгч  компани ашиглалтын газар дээрээ барилга барихаар архитектур төлөвлөлтийн даалгавар, холбогдох техникийн  нөхцөлүүдийг авч, *******им хүч, дулаан, цэвэр, бохирын шугам татсан, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас төв замаас орох гарах орц, гарцын  зөвшөөрөл  авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

4. Гэвч 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар маргаан бүхий газрын байршил нь Богдхан уулын дархан цаазат газар, нийслэлийн Хан-Уул дүүргийн хилийн цэсийн маргаантай хэсэгт багтжээ.

5. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2019 оны А/65 тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг шалгаж, Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08, 2023 оны 03 дугаар тогтоолуудад заасан хил заагийг мөрдөж ажиллах, хил за******* эргэлтийн цэгүүдийг тэмдэгжүүлэн 2023 оны эхний хагаст  багтаан хүлээлгэн өгөх, нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг чиглэл болгосон байх бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны А-491 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газарт буюу Арцатын аманд аялал жуулчлалын зориулалтаар 2,0 га  газрыг эзэмших эрхтэй “Ц******* *******” ХХК-ийн 19,954 м.кв газрын 10,797.1 м.кв газар нь нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарах болсон тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/649 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “Ц******* *******” ХХК-ийн ашиглах эрхтэй нийт талбай болох 19,985 м.кв газраас хилийн цэсээр нийслэлд шилжсэн 10,815.6416 м.кв газрын газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан.

6. Мөн тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/0771 шийдвэрээр нэхэмжлэгч компанийн ашиглаж байгаад хилийн цэс өөрчлөгдсөнтэй холбогдуулан хүчингүй болсон 10,815.6416 м.кв газрыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргад  даалгаж шийдвэрлэсэн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүйн улмаас нэхэмжлэгч компанийг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн г*******илгээгээр эзэмшүүлнэ”, 27.2-д “Газар эзэмших эрхийн г*******илгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно”, 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн г*******илгээтэй байна”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн г*******илгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж зааснаар тухайн газрыг ашиглах, эзэмших эрхтэй гэж үзэхээргүй байх бөгөөд маргаж байгаа орц, гарцны тухайд эрх бүхий төрийн байгууллагаас зохих зөвшөөрлийг олгож, хийсэн болох нь тогтоогдож байгаа хэдий ч тухайн орц, гарц нь хүчингүй болсон газарт хамааралтай болох нь тогтоогдож байна.

7. Гуравдагч этгээдийн тухайд:

Нийслэлийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/977 дугаартай захирамжаар Л.Бт амины орон сууцны зориулалтаар 542 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, ******* газар эзэмших г*******илгээ олгож, дараа нь 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/253  дугаартай захирамжаар  “Н р” ХХК-д шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан захирамж, г*******илгээ, эрх шилжүүлэх гэрээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

8. Мөн дээрх захирамжийн 3 дахь заалтаар маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн  Газар эзэмших эрх олгох тухай А/977 дугаартай захирамжаар Л.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснээр уг захирамжийн үйлчлэл дуусгавар болжээ.

9. Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзвэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/649 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “Ц******* *******” ХХК-ийн ашиглах эрх бүхий 19,985 м.кв газраас хилийн цэсээр нийслэлд шилжсэн 10,815.6416 м.кв газрын газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалж, нийслэлийн Засаг даргаас 10,815.6416 м.кв газрыг ашиглах, эзэмших эрхийг нэхэмжлэгч компанид олгоогүй, харин гуравдагч этгээдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нийслэлийн Засаг даргын захирамжийг Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохин байгуулж хангах”, 21 зүйлийн 21.2.3-д “хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ”, 31 дүгээр зүйлийн 31.2-д “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум дүүргийн газар зохион байгуулалтын  төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж  болохоор заагдсан байна”,  31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй  байна” гэснийг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

10. Нэхэмжлэгч “Ц******* *******” ХХК нь тухайн газарт орц, гарц гаргахдаа эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийг хийж, мэргэжлийн компаниар хөлсөөр гүйцэтгүүлж, тодорхой зардал гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан зураг төсөл, зөвшөөрлүүд, ажил гүйцэтгүүлэх гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа тул нийслэлийн Засаг даргаас шүүхийн  шийдвэрийг биелүүлж, шийдвэр гаргасны дараа нэхэмжлэгчийн эрх сэргээгдээгүй бол хохирлоо  буруутай албан тушаалтнуудаас нэхэмжлэх эрхийг энэхүү шийдвэрээр хязгаарлахгүй болохыг дурдаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 21  дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Ц******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/977 дугаар захирамжийн иргэн Л.Бт олгосон газраас орц, гарц хаасан хэсгийг хэсэгчлэн хууль бус байсан болохыг тогтоолгох, нийслэлийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/253 дугаар захирамжийн Н р ХХК-д шилжүүлэн олгосон газраас нэхэмжлэгчийн орц, гарцыг хааж олгосон хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                   Д.ЧАНЦАЛНЯМ