| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбат Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/02831/И |
| Дугаар | 184/ШШ2024/04007 |
| Огноо | 2024-08-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 184/ШШ2024/04007
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: *****-ийн хүсэлттэй, Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: 1.Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ******* миний бие 1992-2000 онуудад Завхан аймгийн Шилүүстэй суманд мал маллаж амьдарч байсан. Архиваас А дансны хуулга авахад 1997 оны материал олдохгүй байна. Сумын Засаг даргын Тамгын газраас лавлахад 1997 оны материал шатсан нь үнэн гэсэн баримт авсан. Иймд намайг 1997 онд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. 1.2 Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 1992-2000 онуудад Завхан аймгийн Шилүүстэй суманд мал маллаж амьдарч байсан. Тэтгэвэрт гарах гэтэл малын А данс хэрэгтэй болсон. Архиваас малын А дансны хуулга авахад 1997 оны материал олдохгүй байна. Архив нь шатсан гэсэн. Завхан аймгийн Шилүүстэй сумын Засаг даргаас лавлахад 1997 оны архив шатсан нь үнэн гэх баримтыг хэрэгт хавсаргасан. Нийгмийн даатгалын газарт хандаж, тэтгэвэр тогтоолгох гэтэл шүүхээр шийдвэрлүүлж ажилласан байдлаа тогтоолгох хэрэгтэй гэсэн. 1992 оноос 2000 оны хооронд хувиараа мал маллаж байсан. Хувиараа мал маллаж байснаа тогтоолгоно. 1992 оноос 2000 оны хооронд нийгмийн даатгал төлж байгаагүй, нийгмийн даатгалаа нөхөн тооцуулсан. Иймд намайг 1997 оны 01 дүгээр сарын 01-нээс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэх хүсэлтийг гаргаж байна гэв. 2.Гэрч ******* шүүхэд мэдүүлэхдээ: ...Би 4 дүгээр ангиасаа сургуулиас гарч, 1983, 1984 оноос 2000 он хүртэл Завхан аймгийн Шилүүстэй сумын Баян-Улаан багт мал маллаж байсан. Үхэр, хонь, адуу маллаж байсан. ******* нь Шилүүстэй сумын Сайхан багт 1985 оноос 2000 оныг дуустал хамт мал маллаж байсан. Бид саахалт айл, аймаг байсан. Би Баян-уул баг байсан ба Сайхан багийн хөрш баг гэв. 3.Гэрч ******* шүүхэд мэдүүлэхдээ: ...Би 1985 онд цэргээс халагдаж ирээд Завхан аймгийн Шилүүстэй сумын Баян-Улаан багт 2000 он хүртэл гэртээ мал маллаж байсан. ******* нь Завхан аймгийн Шилүүстэй сумын Сайхан багт 1985 оноос 2000 оныг дуустал хамт мал маллаж байсан. Бид саахалт айл байсан. Би Баян-Улаан баг байсан. Сайхан багийн хөрш баг гэв. 4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2-р тал/, иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар /хх-ийн 3-р тал/, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 4-р тал/, Үндэсний төв Архивын тодорхойлолт /хх-ийн 5-р тал/, Завхан аймгийн Шилүүстэй сумын Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 6-р тал/, гэрэл зургийн хуулбар /хх-ийн 7-р тал/, Завхан аймгийн Архивын тасгийн лавлагаа /хх-ийн 8-р тал/, *******, ******* нарын нотариатаар батлуулсан тодорхойлолт, иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар /хх-ийн 9-10-р тал/, Завхан аймгийн Шилүүстэй сумын Засаг даргын тодорхойлолтын хуулбар /хх-ийн 15-16-р тал/, малын А дансны хуулга /хх-ийн 54-76-р тал/, Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-ийн 77-р тал/ зэрэг баримтуудаг гарган өгсөн. 5.Шүүхийн журмаар гэрч *******, ******* нараас мэдүүлэг авсан /хх-ийн 18-19-р тал/, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын албан бичиг /хх-ийн 78-р тал/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 79-р тал/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 1.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв. 2. Нэхэмжлэгч 1997 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мал маллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...миний бие 1992-2000 онуудад Завхан аймгийн Шилүүстэй суманд мал маллаж амьдарч байсан. Архиваас А дансны хуулга авахад 1997 оны материал олдохгүй байна. Сумын Засаг даргын Тамгын газраас лавлахад 1997 оны архив шатсан нь үнэн гэсэн баримт авав. Иймд намайг 1997 онд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. 3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: 3.1 Нэхэмжлэгч ******* нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 30 дугаар хороо, Хилчин 4 дүгээр гудамжны 6 тоотод оршин суудаг байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасан шүүхийн харъяаллын дагуу нэхэмжлэлээ гаргасан байна. /хх-ийн 4-р тал/ 3.2 Нэхэмжлэгч ******* нь 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Шилүүстэй сумын Сайхан багт хувийн малаа маллаж байсан болох нь: - Үндэсний төв Архивын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 480 дугаартай Үндэсний төв архивын сан хөмрөгт Завхан аймгийн Шилүүстэй сумын Чандмань багийн малын тооллого байгууллагын 1997 /он/-ы баримт шилжиж ирээгүй тул ******* овогтой *******д холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй байна гэх тодорхойлолт /хх-ийн 5-р тал/, - Завхан аймгийн Шилүүстэй сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1/42 тоот Завхан аймгийн Шилүүстэй сумын архив нь 1997 онд шатсаны улмаас тус оны мал тооллогын бүртгэлийн материал олдох боломжгүй болсон нь үнэн гэх албан бичиг /хх-ийн 6-р тал/, - Завхан аймгийн Архивын Тасгийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/328 тоот архивын лавлагаа /хх-ийн 8-р тал/, - Гэрч *******, ******* нарын ...******* нь Завхан аймгийн Шилүүстэй сумын Сайхан багт 1985 оноос 2000 оныг дуустал хамт мал маллаж байсан. Бид саахалт айл аймаг байсан. Би Баян-Уул баг байсан ба Сайхан багийн хөрш баг... гэх мэдүүлгүүд /хх-ийн 15-19-р тал/, -Завхан аймгийн Шилүүстэй сумын Сайхан багийн 1992,1993,1994,1995,1996,1998,1999 онуудын мал тооллогын баримт /хх-ийн 54-76-р тал/, түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар /хх-ийн 82-83-р тал/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна. 3.3 Нэхэмжлэгч ******* нь 1997 онд нийгмийн даатгалын шимтгэлийг албан журмаар болон сайн дураар төлж байгаагүй, харин Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1991 оноос 2000 оны хоорондох хугацааны ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан болох нь: - ******* нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, түүнд хавсаргагдсан 2723001456 дугаартай Баталгаажилтын хуудас /хх-ийн 77-р хуудас/, түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар /хх-ийн 82-83-р тал/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. 3.4 Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн дэвтэргүй, бичилтгүй, ажилд орсон гарсан үйл явдал үгүй, ажил олгогчгүй, албан журмын даатгал төлөөгүй, 1992-2000 оны хооронд улсад ажилласан жил тасраагүй болох түүний тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 24-25, 54-79, 82-83-р тал/ 4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ 1997 онд хувиараа мал маллаж байснаа тогтоолгосноор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дах хэсэгт зааснаар малчны тэтгэвэр тогтоолгоно гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарна. Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явплыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ. 5. Нийгмийн даатгалын ерөнхий хууль /2023 он/-ийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт дараах хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцно гэж, 23.1.6 дах хэсэгт 1995 оноос өмнө ажилласан хугацааг холбогдох хуулийн дагуу нөхөн тооцож баталгаажуулсан хугацаа гэж, Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль /2012 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт энэ хуулийн үйлчлэлд 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан дараах иргэн хамаарна гэж тус тус заасан, мөн нэхэмжлэгч нь дээрхи хуулийн хүрээнд 1990-2000 оны хоорондох хугацааны ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ 2014 онд 9 жил 7 сараар нөхөн тооцуулсан /хх-ийн 77-р тал/ нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн 1997 онд ажиллаж байсан байдлыг шүүх хянан шийдвэрлэхгүй. Өөрөөр хэлбэл, Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн дагуу 1995-2019 оны шимтгэл нөхөн төлсөн хугацааг Нийгмийн даатгалын Ерөнхий газраас албажуулан олгосон Баталгаажилтын хуудас-ыг үндэслэн тооцно. /хх-ийн 79-р тал/ Мөн нэхэмжлэгч******* нь 1997 онд хувийн малаа маллаж байсан учир Мал тэжээвэр амьтад хашаа, худгийн тооллогын бүртгэл буюу А дансыг зайлшгүй шаардлагатай тохиолдолд сум, дүүрэгт байгуулагдсан Даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөл тогтооно. Иймд сайн дурын даатгал төлөгч малчин нь малын А дансны лавлагаа нь архиваас олдохгүй тохиолдолд сум, дүүргийн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлд хандан тогтоолгоно. Мөн нэхэмжлэгч нь 1997 онд хувиараа мал маллаж байсан байдлыг төрд буюу улсад мал маллаж, албан журмын даатгал төлж байснаар тогтоох хууль зүйн үндэслэл байхгүй зэрэг үндэслэлүүдээр Харчин овогт *******гийн ******* /РД:ИУ66050211/-ийн 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Шилүүстэй суын Сайхан багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 6. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно. 6.2 Гэрч нарын мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40,43 дугаар зүйлд зааснаар нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно. 7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Харчин овогт *******гийн ******* /РД:ИУ66050211/-ийн 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Шилүүстэй сумын Сайхан багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН
| |||
| | |