Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2024/0219

 

    2024          03           12                                   128/ШШ2024/0219

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ч******* би даргалж,  шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Г*******,

Хариуцагч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Л*******, Л.Б******* нарын хоорондын төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулахтай холбогдох маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Г******* нь нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2023 оны Б/321 дүгээр тушаалын Л.Г*******өд холбогдох хэсгийг  хууль бус болохыг тогтоолгох, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн  Л.Г*******ийг албан тушаалаас чөлөөлж сэлгэн ажиллуулах тухай Б/279 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгож, Л.Г*******ийг Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Л.Г*******ийг Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр томилохыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргад даалгуулах ” гэж өөрчлөн нэмэгдүүлсэн байна.

2. Нэхэмжлэгч маргаан бүхий актыг эс зөвшөөрч, Төрийн албаны зөвлөлд 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/2462 тоот албан  бичгээр гомдлыг хангах боломжгүй тухай хариуг хүргүүлсэн тул  шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

3.1. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2022 оны Б/279 дүгээр тушаалыг илт хууль бус, надтай зөвшилцөөгүй гаргасан тушаал гэж,

3.2. Газар зохион байгуулалтын албаны бүтцэд өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлт орсны дагуу 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Б/321 дүгээр тушаал гарсан. Энэ тушаал дээр сэлгэн ажиллуулах зүйлийн талаар огт тусгагдаагүй. Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд мэргэжилтнээр томилсон тушаалыг  хууль бус гэж үзэх үндэслэлтэй гэжээ.

4. Нэхэмжлэгч Л.Г******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Миний бие 2020 оноос Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байтал Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны Б/279 дүгээр албан тушаалаас сэлгэн ажиллуулах тушаалаар Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2 жилээр сэлгэн ажиллуулсан. Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлага харилцан тохиролцсоны дагуу, эсхүл тухайн байгууллагын нэгж хооронд ажлын тодорхой чиглэлээр хоёр жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг нэг жил хүртэл хугацаагаар сунгаж болно.” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Ийм учраас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2022 оны Б/279 дүгээр тушаалыг илт хууль бус, надтай зөвшилцөөгүй гаргасан тушаал байна гэж үзсэн. Энэ тушаал Газар зохион байгуулалтын албаны бүтцэд өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлт орсны дагуу 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Б/321 дүгээр тушаал гарсан. Энэ тушаал дээр сэлгэн ажиллуулах зүйлийн талаар огт тусгагдаагүй. Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд мэргэжилтнээр томилсон тушаал дээр. Миний бие үүний дагуу Төрийн албаны зөвлөлд хандахад 1/2462 тоот албан бичгээр боломжгүй гэж хариу өгсний дагуу шүүхэд гомдол өгсөн. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасны дагуу сэлгэн ажиллах хугацаа дуусмагц урьд ажиллаж байсан албан тушаалд нь үргэлжлүүлнэ гэж заасан. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн өөрийнх нь зөвшөөрснөөр тодорхой чиглэлээр хоёр жилийн хугацаанд сэлгэн ажиллуулна гэж заасан байхад миний биеийг зөвшөөрөөгүй байхад сэлгэн ажиллуулсан. Ингэхдээ миний өмнө хадгалагдаж байсан Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд биш, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд мэргэжилтнээр томилсон нь хууль бус байна гэж үзэж Б/321 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоож, тус тушаалыг хүчингүй болгон өмнө ажиллаж байсан Налайх дүүргийн Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгаж өгнө үү” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч Л.Г*******ийн гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах тайлбарыг гаргаж байна. 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Ёс зүйн зөвлөлийн хурлаар нэхэмжлэгч Л.Г*******өд холбогдуулан Налайх дүүргийн 3 дугаар хороонд оршин суудаг н.О******* гэдэг иргэнээс Засгийн газрын 11-11 дугаарт гомдол ирсэн. Уг гомдол Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оноос хойш газар авахаар хүсэлт өгсөн боловч энэ газрыг олгох боломжгүй гэсэн шалтгаанаар Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагч Л.Г******* нь удаа дараа татгалзаж байсан. Сүүлд цахим системээс харахад миний хүсэлт өгсөн газрыг Л.Г******* нь өөрийн хамаарал бүхий этгээд болох хадам ээжийнхээ нэр дээр газар эзэмших эрх олгосон байсан талаар гомдол ирсэн. Үүнийг шалгахад н.Ц******* гэх иргэнд 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 685м2 газрыг Налайх дүүргийн 7 дугаар хороонд байрлах газар эзэмшүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг тус газар зохион байгуулагч Л.Г******* хүлээн аваад 2022 оны Налайх дүүргийн Засаг даргын А/144 дүгээр захирамжаар иргэн н.Ц*******д газар эзэмшүүлсэн байсан.  2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү хэмээн н.Ц******* хүсэлт гаргасан. Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт зааснаар хориглох зүйлд албан үүргийг гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдийн давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан хэтрүүлсэн заалтыг тус тус зөрчсөн байсан талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Ёс зүйн зөвлөлийн хурлаар нэхэмжлэгч Л.Г*******ийг ажлаас халах санал оруулсан байдаг. Нийт гишүүдийн 100%-ийн саналаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд шийтгэл оногдуулахаар хүргүүлэхэд уг хуралд 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Л.Г*******ийг оролцуулан хурлаас гаргасан шийдвэрийг танилцуулсан. Энэ дээрээ Л.Г******* өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 34/31 дугаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хамтарсан тушаалын 3-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд сэлгэн ажиллуулах” тушаалын 3.2 дахь хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчийн мэдлэг, ур чадварын үр өгөөжтэй ашиглах, дадлага туршлагыг нь бусдад эзэмшүүлэх, бусдын туршлагаасаа суралцуулах, ажилд сайжруулах болон ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх зорилгоор өөр албан тушаалд сэлгэн ажиллуулна гэж заасны дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын Б/279 дүгээр тушаалаар иргэн Л.Г*******ийг сэлгэн ажиллуулах тушаал гаргасан байгаа. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Анх нэхэмжлэгч Л.Г*******ийг Нийслэлийн Газрын албаны даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/181 дүгээр тушаалаар Баянзүрх дүүргийн Газрын албанд газар зохион байгуулагчаар томилж, Өмчийн харилцааны газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 02 дугаар сарын Б/99 дүгээр тушаалаар Хот байгуулалтын мэргэжилтнээр сэлгэн ажиллуулж, Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Нэр дэвшүүлэх  тухай” 301 дугаартай албан бичгээр  нэхэмжлэгчийг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын  Кадастрын хэлтэст томилуулахаар нэр дэвшүүлж, Өмчийн  харилцааны газрын даргын 2014 оны  01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/01 тушаалаар Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд газар зохион байгуулагчаар сэлгэн томилж, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөжээ.

3. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/42 дугаар тушаалаар Д.Г*******ийг Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар зохион байгуулагчаар томилж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/279 дүгээр  тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 34/31 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 3.2 дах хэсэг, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны ёс зүйн зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний 35 дугаар тогтоолыг үндэслэн Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Л.Г*******ийг тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд хоёр жилийн хугацаагаар сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

4. Дээрх 2022 оны Б/279 дүгээр тушаалыг гаргах болсон үндэслэлээ хариуцагч “...Налайх дүүргийн иргэнээс тус дүүргийн газар зохион байгуулагч Л.Г*******өд удаа дараа гаргасан газар эзэмших тухай хүсэлтийг шийдвэрлээгүй, тухайн хүсэлт гаргасан газрыг өөрийн хамаарал бүхий этгээдэд эзэмшүүлэх шийдвэр гаргасан гэж гомдол гаргасныг шалгаж тогтоож, түүнийг ажлаас халах санал оруулсан тус байгууллагын ёс зүйн зөвлөлийн  саналыг үндэслэн ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх зорилгоор сэлгэн ажиллуулсан...” гэж, нэхэмжлэгчээс “...захиргааны байгууллага маргаан бүхий актыг гаргахдаа миний зөвшөөрлийг аваагүй...” гэж тайлбарлан маргасан.

5. Нэхэмжлэгч Л.Г*******ийг өөр дүүрэгт сэлгэн ажиллуулах болсон үндэслэл нь түүнд холбогдуулан гаргасан иргэний өргөдлийг шалгаж, тогтоогоод ажлаас халах саналыг эрх бүхий албан тушаалтанд тус байгууллагын ёс зүйн зөвлөлөөс хүргүүлж, нэхэмжлэгчийг томилж, чөлөөлөх  эрх бүхий албан тушаалтан түүнийг өөр дүүрэгт сэлгэн ажиллуулах шийдвэр гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан  Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл, Л.Г*******өд хүргүүлсэн мэдэгдэл, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан иргэний гомдол зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

6. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д “ Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр... тухайн байгууллагын нэгж хооронд ажлын тодорхой чиглэлээр хоёр жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно”, 44.3-д “энэ хуулийн 44.1, 44.2, 44.5-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” гэж тус тус заасан.

7. Гэхдээ дээрх хуулийн заалтыг тухайн тохиолдолд холбогдуулан үзвэл нэхэмжлэгч Л.Г*******ийг тухайн байгууллагын ёс зүйн хорооны тогтоолоор төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэснийг томилж, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 34/31 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 3.2-д “төрийн жинхэнэ албан хаагчийн, мэдлэг ур чадварыг үр өгөөжтэй ашиглах, дадлага туршлагыг нь бусдад эзэмшүүлэх, бусдын туршлагаас суралцуулах, ажил сайжруулах болон, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх зорилгоор өөр албан тушаалд сэлгэн ажиллуулна” гэж зааснаар өөр дүүрэгт  хоёр жилийн хугацаагаар сэлгэн ажиллуулахаар томилсныг илт хууль бус гэж дүгнэх боломжгүй юм.

8. Учир нь нэхэмжлэгч Газар зохион байгуулалтын албаны ёс зүйн зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний 35 дугаар тогтоолтой маргаагүй, тус тогтоол хүчин төгөлдөр байх тул томилох эрх бүхий албан тушаалтан ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлж, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны  газар зохион байгуулагчаар сэлгэн ажиллуулсан нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

9. Маргаан бүхий Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Албан хаагчдыг албан тушаалд томилох тухай” Б/321 дүгээр тушаалаар  Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга болон Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/219-А/1602 дугаар хамтарсан тушаал, захирамж, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2023 оны “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэл жагсаалтыг батлах тухай Б/49 дүгээр тушаалыг үндэслэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны бүтэц орон тоо батлагдсантай холбогдуулан албан хаагчдыг албан тушаалд томилжээ.

10. Дээрх тушаалын нэгдүгээр хавсралтын 149 дэх хэсэгт Л.Г*******ийг Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр томилсон байх ба Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д “Энэ хуулийн 44.2-т заасан албан хаагчийг сэлгэн ажиллуулах хугацаа дуусмагц түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь шууд үргэлжлүүлэн ажиллуулна. Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах хугацаа дуусахаас өмнө урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь буцаан ажиллуулах нөхцөл байдал үүссэн тохиолдолд анх илгээсэн төрийн байгууллагын саналыг авч, харилцан тохиролцсоны дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаар албан хаагчийг сэлгэн ажиллуулах  хугацаа дуусмагц түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь томилоогүй тохиолдолд нэхэмжлэгчийн маргах эрхийг энэхүү шийдвэрээр хязгаарлахгүй болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.3 дахь хэсэгт заасныг баримтлан Л.Г*******ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2023 оны Б/321 дүгээр тушаалын Л.Г*******өд холбогдох хэсгийг  хууль бус болохыг тогтоолгох, 2022 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн  Л.Г*******ийг албан тушаалаас чөлөөлж, сэлгэн ажиллуулах тухай Б/279 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгож, Л.Г*******ийг Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Л.Г*******ийг Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр томилохыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                   Д.ЧАНЦАЛНЯМ