Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/637

 

                                                                  Б.Т-т холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Батзориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ууганбаяр,

хохирогч Б.О-н өмгөөлөгч Л.Жавзмаа,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/324 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Т-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2105 02309 0753 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-н Т, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитекторч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .............../;

Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн .................... тоотод өөрийн гэртээ хохирогч Б.О-г “чи миний найз охиныг ..... гэлээ, манай гэрт орж ирчихээд ямар овоо гар вэ” гэх шалтгаанаар архи ууж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үед нь түүний нүүрэн тус газар нь 4-5 удаа цохиж зодон хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 2.816.599 төгрөг гаргуулж хохирогч Б.О-д олгож, хохирогч нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхийн 324 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дээрх тогтоолын дагуу надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, хохирогчид 2.816.599 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна. Миний бие ам бүл 3, эхнэр, охины хамт амьдардаг, бага насны хүүхэдтэй бөгөөд эхнэр маань одоо 7 сартай жирэмсэн. Эхнэр, хүүхдийг минь надаас өөр асрах хүнгүй бөгөөд асаргаа шаардлагатай байгаа тул 350 цаг нийтэд тустай ажил хийх боломжгүй байна. Мөн би хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сарын 650.000-1.200.000 төгрөгийн орлоготой. Хохирогч болох Б.О-д олгох төлбөрийг нэг дор олгох боломжгүй бөгөөд өнөөдрийн байдлаар 850.000 төгрөгийг олгосон байна. Б.О нь гэрт ирж эхнэрийг минь ёс бус үгээр хэлснээр асуудал үүссэн. Мөн Б.О-г хөл хүндтэй эхнэрээс минь уучлалт гуйхыг хүсэхийн зэрэгцээ дээрх тогтоолын дагуу Б.О-д олгох төлбөрийг дахин бодолцож үзэхийг та бүхээс хүсэж байна. Иймд миний дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэхүү зүйл заалтад заасан хамгийн бага торгуулийг оногдуулж өгөхийг, мөн Б.О-д олгох төлбөрийг багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирлын мөнгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болохоор хохирогчид төлнө. Шүүгдэгч Б.Т нь хохирогчоос уучлалт гуйгаад эвлэрсэн. Шүүгдэгч Б.Т-н эхнэр нь удахгүй төрөх дөхсөн, амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

 Хохирогч Б.О-н өмгөөлөгч Л.Жавзмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгч Б.Т-н үйлдсэн хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан. Хохирогч өнөөдрийг хүртэл бүрэн гүйцэт эдгэрч чадаагүй. Духанд нь бондгор сорив үүссэн. Соривыг арилгахын тулд хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа. Хөнгөн гэмт хэрэг ч гэсэн хор уршиг өнөөдрийг хүртэл арилаагүй. Хохирогч уралдаан тэмцээнд орж дуулж, нүүр царайгаараа, дуу хоолойгоороо амьдардаг. Мөн хоёр удаа харваж байсан. Кредит цагийн нэмэгдэл төлөх үр дагавар гарсан. Гэхдээ сургалтын төлбөрөө нэхээгүй. Зөвхөн өөрийнхөө эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжилсэн. ... Өнөөдрийг хүртэл “уучлаарай” гэх үгийг хохирогчид хэлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.  

Прокурор Б.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Б.Т нь хүний эрүүл мэндэд халдах нь хууль бус гэдгийг мэдсээр байж өөрийнхөө үйлдэлд идэвхитэй хандаж дээрх гэмтлийг хохирогчид учруулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

     Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

    Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 23б байрны 38 тоотод өөрийн гэртээ хохирогч Б.О-тай “чи миний найз охиныг бавна гэлээ, манай гэрт орж ирчихээд ямар овоо гар вэ” гэх шалтгаанаар хохирогчийг архи ууж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үед нь түүний нүүрэн тус газар нь 4-5 удаа цохиж зодон, хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.О-н “...Тухайн өдөр найз Тө намайг Гандан дээр хүрээд ир, найзуудтайгаа уулзаж байна гэсэн. Би очиж уулзсан ба бид нар ууж идээд байж байсан. ... Тэгээд уг газраас гараад Б.Т “манай гэрт очиж ууж идье” гээд бид нар зөвшөөрөөд ...  гэрт нь очсон. ... Би Б.Т-н найз охинтой плей стейшн тоглоод хожигдоод байсан. Тэгээд нэг хожихдоо “би чамайг ингээд бавна шүү” гэж хэлсэн. Т-н найз охинтой тамхи татаад ариун цэврийн өрөөнд байсан. Тэгэхэд Т орж ирээд “чи миний найз охиныг бавна” гэлээ гээд... юм ярих боломж олгохгүй, намайг огт сонсохгүй, миний толгой, дух, нүүр хэсэгт олон удаа цохисон. ...” /хх 15-17/,

гэрч А.И-н “... Бид нар тоглож байгаад би Т-н хажуугаар ороод унтсан. Тэгээд түжигнээд чимээ гараад байхаар нь сэрээд коридор луу харахад Т О-н толгойг нь хагалчихсан байсан. ...” /хх 31/,

гэрч П.А-н “... Т босоод нойл руу орсон. Тэгээд түжигнээд байхаар нь би О-г тал харвасан бие муутай гэж мэдэж байсан болохоор нойл руу ороход Т, О хоёр заамдалцаад зогсож байсан. ...” /хх 33/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Б.О-н биед дух, баруун хацарт шарх, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, хүзүү, нуруунд цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 10699 дугаартай дүгнэлт /хх 21-22/,

хохирогч Б.О-н биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9-10/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 19-20/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирогч болон шүүгдэгч, тэдгээрийн сонгон авсан өмгөөлөгчдийн тайлбар, улсын яллагчийн дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т-н хохирогч Б.О-г зодож, эрүүл мэндэд нь дух, баруун хацарт шарх, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, хүзүү, нуруунд цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Т-г үйлдлийнхээ үр дагаварт гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан, мөн гэмт хэрэг үйлдсэн сэдэлт болон үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэрэг нөхцөл байдлуудад анхан шатны шүүхээс оногдуулсан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял нь тохирсон байна.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс Б.Т-т оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, ... эд мөрийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гээд мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх...” эрхтэйг хуульчилсан.

Хохирогч Б.О-н эмчилгээний зардал болон бусад төлбөрийн нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангасан 2.861.599 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Т-с гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймд шүүгдэгч Б.Т-н “нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих, хохирогчид олгох төлбөрийг багасгуулах” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/324 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ОЧМАНДАХ  

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР