| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/03677/И |
| Дугаар | 182/ШШ2024/03750 |
| Огноо | 2024-09-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 182/ШШ2024/03750
2024 09 12 182/ШШ2024/03750
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ..... тоотод оршин суух, ..... овогт ..... /РД:...../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .....тоот хаягт оршин суух, Хотон овогт ........../РД:.....-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч.....
Хариуцагч .....
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Наранмандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ...нь хариуцагч .....д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:......миний бие 2008 онд .....тай танилцаж, хамтран амьдарч 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд хүү ...2010 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр, охин ... нь 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрсөн. Бид хувийн таарамжгүй харилцаанаас болж, 2018 оноос хойш тусдаа амьдрах болсон. Одоо тус тусдаа амьдрал зохиож, миний бие өөр хүнтэй хамтын амьдралтай болж, үр хүүхэдтэй болсон тул эргэж нийлэх боломжгүй учир гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна.
Хүүхдүүд маань бид хоёрын дунд ирэн очин байдаг, цаашид хүүхдүүдээ өөр дээрээ авч амьдрах болж, эхнэр .....тай тохиролцсон. Бидний дунд эд хөрөнгийн маргаан, хүүхдийн асрамжийн маргаан байхгүй тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна гэв.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид ярилцаж тохиролцсоны үндсэн дээр гэрлэлтээ цуцлуулах тал дээр санал нэг байгаа. Эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэмжийн маргаан байхгүй. Манай хүүхдүүд 2018 оноос эхлээд над дээр байгаа. Одоо аав нь Унгар улсад байдаг. Түүнээс өмнө 14 хоногоор өөрсдийн ажлыг зохицуулаад хоёр талдаа авдаг байсан гэв.
3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1. ...н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/
3.2 Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-4/
3.3 ..., ... нарын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-5-6/
3.4 ..., ... нарын эмнэлгийн магадалгаа /хх-7-8/
3.5 Сургуулийн тодорхойлолт /хх-9-10/
3.6 Нэхэмжлэгчийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-11/
3.7 Эвлэрүүлэн зуучлалын тэмдэглэл /хх-12/ зэрэг баримт авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ...нь хариуцагч .....д холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч ...н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ ...Бид 2018 оноос хойш тусдаа амьдрах болсон. Одоо тус тусдаа амьдрал зохиож, миний бие өөр хүнтэй хамтын амьдралтай болж, үр хүүхэдтэй болсон тул эргэж нийлэх боломжгүй учир гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна. гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, Бид ярилцаж тохиролцсоны үндсэн дээр гэрлэлтээ цуцлуулах тал дээр санал нэгдсэн. Эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэмжийн маргаан байхгүй. Манай хүүхдүүд 2018 оноос хойш надтай хамт байгаа гэх агуулгаар тайлбар гаргажээ.
4.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
..., Ц......нар нь 2008 онд танилцаж, 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, хамтран амьдрах хугацаанд 2010 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүү ..., 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр охин ... нар төрж, эцэг, эхийн үүргийг гүйцэтгэн хамтран амьдарсан болох нь зохигчийн тайлбар, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Хамтын амьдралын хугацаанд гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх үүргээ биелүүлээгүй, хоорондын таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2018 оноос тусдаа амьдрах болсон нь гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлуулах шалтгаан болжээ.
Гэрлэгчдэд эвлэрүүлэн зуучлагчаас эвлэрүүлэх арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 00155 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэнэ гэж заажээ.
Гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүйг хэн аль нь илэрхийлж байх тул тэдний гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.
5. Шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ гэр бүлийн гишүүдэд ээнэгшсэн дассан байдал, сурч боловсрох эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах, хүүхдийн амьдарч буй нөхцөлийг өөрчлөх тодорхой шалтгаангүй, өсөж дассан орчныг солих нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх эсэх, эхийн хайр халамж, нэхэмжлэгч ...нь Унгар улсад амьдардаг гэх тайлбар зэргийг харгалзан үзээд хүү ..., охин ... нарыг эх .....гийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдээ сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахад эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд дээрх үүрэг хэвээр үлдэх тул эцэг ...т энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхийг мэдэгдэж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эх Ц......нь саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг даалгав.
6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ..... овогт ..... /РД:...../, Хотон овогт ........../РД:..... нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүү ..... овогт ...../РД:.../, охин ..... овогт ...../РД:...../ нарыг эх .....гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж, хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ...н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .....гаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ...т олгосугай.
5. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг нэхэмжлэгч ..., хариуцагч Ц......нарт мэдэгдэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ