Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2024/0220

 

    2024          03           12                                   128/ШШ2024/0220

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ч******* би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А*******” ГХОХХК /РД: *******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Н*******,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Б нарын хоорондын дээд шатны албан тушаалтанд гаргасан гомдлын хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А******* нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч компани нь нэхэмжлэлийн шаардлагаа “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А******* ө******* ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн гомдолд хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг даалгах” гэж тодорхойлсон.

2.  “А*******” ГХОХХК  нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гомдол гаргасан боловч шийдвэрлээгүй тул шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

3.1. Манай компани 2022 оны 10 дугаар сард газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлтийг холбогдох баримтуудын хамт Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан боловч 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 20/1356 дугаар албан бичгээр  газар ашиглуулах дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн,

3.2. Дээрх үндэслэл нь газар шинээр ашиглах, эзэмших иргэн, хуулийн этгээдэд хамааралтай, газар ашиглах, эзэмших гэрээг сунгуулахад Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаас өөр баримт төлбөр шаардах эрхгүй атал төрийн байгууллагын чиг үүрэгт хамааралгүй үндэслэлээр татгалзсан тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад гомдол гаргасан боловч хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй  нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэжээ.

4. Нэхэмжлэгч “А*******” ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талаас 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Нэхэмжлэлийн шаардлага тодруулсан байдал бол хэвээрээ байгаа. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын “А******* ө*******” компанийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн гомдолд хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахыг даалгах гэж байсан бол өөрчлөгдөөд 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн гомдолд хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгоод хариу өгөхийг даалгах гэдэг байдлаар тодорхойлж байгаа юм. Нэхэмжлэгчийн зүгээс бол 2017 оны Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, зуслангийн Баянголын аманд 20 мянган м.кв газрыг ашигладаг. 2022, 2023 онуудад гэрээний төлбөрүүдийг төлсөн. 2024 онд төлбөрийн нэхэмжлэх үүсгэж төлөх гэсэн боловч одоогоор асуудалтай байгаа гэдэг утгаараа түр зогсоогдчихсон байдалтай байгаа. Бидний зүгээс бол энэ газрын эрхийг 5 жилээр авсан учраас сунгуулъя гэдэг хүсэлтүүдийг өгсөн. Хүсэлтүүдийг Газрын албанд өгсөн боловч Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас дуудлага худалдааны анхны үнийг төлөх шаардлагатай гэж үзсэн. Манай зүгээс өмнө нь энэ өр төлбөр, шүүхийн шийдвэрийн дагуу шилжүүлж авсан өр төлбөрт авсан 2 га газар учраас энэ дуудлага худалдааны үнийг хүлээн зөвшөөрөхгүй. Тийм учраас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хандсан юм. Засаг даргад хандахад хариу өгөөгүй өнөөдрийг хүртэл хүрсэн. Тэгэхээр бид нар угаасаа Захиргааны ерөнхий хуулийн 92, 94 дүгээр зүйлд зааснаар урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явагдах ёстой. Дээд шатны байгууллагад хандах ёстой. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд тодорхой заагаад өгчихсөн байгаа. Газрын албаны дээд талд нь Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга байгаа гэж үзсэн. Хариуцагч хариу тайлбартаа дурдсан байсан. Бидний зүгээс Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14.1.3-д заасны дагуу дахин хариу өгөх шаардлагагүй гэж үзсэн гээд байгаа юм. Тэгэхээр бид энэ хариуг эс зөвшөөрч байна. Яагаад гэвэл Сонгинохайрхан дүүргийн Газрын алба, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга гэх этгээд өөрсдөө өөр өөрийн гэсэн статустай, өөр өөр хуулийн этгээдүүд. Нэг талаар тухайн албан тушаалтанд өмнө нь хандаж байгаагүй. Бид нар газрын албанд хандсан бол дараа нь Засаг даргад хандсан. Тэгэхээр 1 субъект биш. Мөн тухайн асуудлаар биш. Яагаад гэвэл бид нар Сонгинохайрхан дүүргийн газрын албанд газар сунгуулах гэж хандсан бол Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад энэ хариу нь хууль бус байгаад байна гэдэг байдлаар хандаад байгаа. Тэгэхээр агуулгын хувьд ч тэр, хандаж байгаа субъектийн хувьд ч тэр өөр байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдах боломжтой гэж үзэж байна” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А******* ө******* ХХК-д 2017 оны А/553 дугаар захирамжаар 34 дүгээр хороонд маргаан бүхий газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг. Энэ газрын дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй. Ийм шалтгааны үүднээс газрыг сунгахаас татгалзсан шийдвэр буюу хариуг Газар зохион байгуулалтын албанаас өгсөн байдаг. Дүүргийн газрын харилцааг Сонгинохайрхан дүүргийн Газрын алба хэрэгжүүлэхээр хуульд заасан байдаг. Ийм учраас газар эзэмших эрхийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх тухай хуулийн 14.1.3-д зааснаар өмнө нь хариу өгсөн. Хариу өгсөн байгаа учраас дахиж давтан хариу өгөхгүй байх үндэслэлийг заасан байгаа учраас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас хариу өгсөн гэж үзсэн. Газрын албаны байцаагчтай уулзаад амаараа танайд ингээд Засаг даргын хариуг албан бичгээр өгсөн гэдэг байдлаар хэлж байсан гэдэг тайлбар хэлдэг. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд манайх хариу өгөхөөр хөөн хэлэлцэх хугацаагаа сэргээх гээд байгаа юм уу, яагаад ингэж байгааг нь бол ерөөсөө ойлгохгүй байна. Цаад үр дагавар нь бол хөөн хэлэлцэх хугацаагаа сэргээх ийм үр дагавартай байгаа гэж үзэж байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж буй хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

2. Анх Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Баянголын аманд дүүргийн Засаг даргын 2006 оны 379 дүгээр захирамжаар иргэн С.Ч*******т 15 жилийн хугацаатай 2 га газрын эзэмших эрх олгож, тус газрыг 2008 оны 116 дугаар захирамжаар иргэн Д.Д*******т эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлжээ.

3. Мөн дүүргийн Засаг даргын 2012 оны 331 дүгээр захирамжаар иргэн Д.Д*******аас “А*******” ГХОХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн байна.

4. Нэхэмжлэгч компани 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тус газрын ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар хүсэлт гаргасныг эс зөвшөөрч, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дахин хүсэлт ирүүлсэн тул тус албанаас 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 20/1356 тоот албан бичгээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт зааснаар  газар ашиглуулах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах боломжгүй талаар хариу өгчээ.

5. Нотлох баримтуудаас үзвэл, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/553 дугаар захирамжаар “А*******” ХХК-д тус дүүргийн Баянголын аманд зуслангийн зориулалтаар 20,000 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч 5 жилийн хугацаатай газар ашиглуулах гэрчилгээ олгож, сунгах хүсэлтийг нь газар ашиглах эрхийн гэрчилгээний анхны үнийг төлөөгүй гэх үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.

6. Нэхэмжлэгч “А*******” ГХОХХК-аас 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 20/1356 дугаартай албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанд газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлт гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан ирсэн бичгийн бүртгэл хяналтын хуудсаар тогтоогдож байна гэж шүүх үзэв.

7. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 20/1356 дугаартай албан бичгээр “А*******” ГХОХХК -ийн хүсэлтэд татгалзсан хариуг хүргүүлжээ.

8. Нэхэмжлэгч “А*******” ГХОХХК нь дээрх Сонгинохайрхан дүүргийн  Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2023 оны 20/1356 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан албан бичигт заасан дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх үндэслэлийг эс зөвшөөрч, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 23110301 дугаартай албан бичгээр  Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад гомдол гаргасан боловч шийдвэрлээгүй орхигдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Газар зохион байгуулалтын албанаас газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан хариуг өгсөн тул Засаг даргаас хариу өгөх шаардлагагүй...” гэсэн тайлбар зэргээр нотлогдож байна.

9. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4-д “гомдол" гэж төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг”, 5-д “өргөдөл, гомдлыг шийдвэрлэх" гэж өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж, түүний дагуу хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээ авсныг мэдэгдэж, энэ хуульд заасан хугацаанд багтаан хариу өгөхийг”,  5 дугаар зүйлийн 1-т “Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй”, 6 дугаар зүйлийн 1-т “гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах”, 4-д “өгсөн хариуг зөвшөөрөөгүй тохиолдолд зохих дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах”, 5-д “төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх” гэж өргөдөл гомдол гаргагчийн эрхийг заасан байх бөгөөд дээрх хуулийн заалтуудаар нэхэмжлэгч “А*******” ГХОХХК-ийн гаргасан гомдлыг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга шийдвэрлэж хариу өгөх үүрэгтэй.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн14 дүгээр зүйлийн 3-д “төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй” гэж зааснаар  нэхэмжлэгч “А*******” ГХОХХК нь өмнө энэ хүсэлтээ гаргасан тул хариу өгөх шаардлагагүй...” гэсэн тайлбар үндэслэлгүй юм.

11. Учир нь нэхэмжлэгч “А*******” ГХОХХК-ийн гаргасан гомдол нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4-д “өгсөн хариуг зөвшөөрөөгүй тохиолдолд зохих дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах” гэж зааснаар Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дээд шатны албан тушаалтан болох дүүргийн Засаг даргад гомдол гаргасан нь үндэслэлтэй байна.

12. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын “А*******” ГХОХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн гомдолд хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд хангагдах боломжтой байх бөгөөд хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь доод шатны албан тушаалтны гаргасан шийдврийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдож байна.

13. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “А*******” ГХОХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг даалгуулах”-ыг хүссэн шаардлагын тухайд:

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасны дагуу иргэн, хуулийн этгээдэд газар ашиглах эрх олгох асуудал нь дүүргийн Засаг даргын бүрэн эрхийн асуудал байх тул шүүхээс нэхэмжлэгч “А*******” ГХОХХК-ийн газар ашиглах эрхийг шууд сунгахыг хариуцагчид даалгах эрх хуулиар олгогдоогүй тул нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг хууль, журамд заасны дагуу шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 6 дугаар зүйлийн 1, 4, Газрын тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын “А*******” ГХОХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн гомдолд хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг холбогдох хууль, журамд заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Д.ЧАНЦАЛНЯМ