Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/639

 

М.В-д холбогдох

        эрүүгийн хэргийн тухай      

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Батзориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Мижиддорж,

хохирогч Ц.Б-н өмгөөлөгч Л.Чинбат,

шүүгдэгч М.В, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/221 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч М.В-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2210 00156 0122 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Д овгийн М-н В, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ...... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, ..... хэлний орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............/;

Шүүгдэгч М.В нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, .................. оффис дотор хохирогч Ц.Б-г өөрийн эхнэр Э.Г-тай хардан гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, биед нь дух, зүүн төмсөг, хуухнагт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний эмтрэл, хамрын нуруу зүүн сарвуунд цус хуралт, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн хохирогчийн хувийн гар утсанд хадгалагдаж буй иргэн Э.Г-тай харилцсан мессеж, захидал харилцааны нууцад хүчээр халдаж, улмаар тус утсанд хадгалагдаж байсан дээрх мэдээллийг олон нийтийн цахим сүлжээ буюу фэйсбүүкийн .......... аймгийн нэгдсэн группт өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр байршуулах замаар бичиглэл, бичлэг хийн задруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: М.В-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 13.10 дугаар зүйлийн 1, 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.В-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.В-г 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.В-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тус бүр нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, энэ хугацаанд М.В-г Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдээс гарахыг хязгаарлаж, М.В-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргагдан ирсэн сиди 1 ширхэгийг шийтгэх тогтоох хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.В-гаас хохирогчид нийт 1.821.440 төгрөгийг нөхөн төлснийг дурдаж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг М.В-д сануулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.В- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би анхан шатны шүүхийн 221 тоот тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:

Шийтгэх тогтоолд “... шүүхээс хохирогчид хууль сануулж авсан дээрх мэдүүлгийг хэргийн бодит үйл баримтыг мэдүүлсэн үнэн зөв мэдүүлэг гэж дүгнэн тухайн үед хохирогч сайн дураараа утасныхаа кодыг тайлж өгөөгүй, харин шүүгдэгчийн дарамт шахалт, хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас дахин зодуулахгүй тулд биеэ хамгаалах үүднээс утасныхаа кодыг тайлж өгсөн гэж шүүх дүгнэв. Хэдийгээр шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ хохирогчийн зодоогүй, хүч хэрэглээгүй, сайн дураараа утасныхаа кодыг тайлж өгсөн гэх боловч ...шүүгдэгчийн дээрх мэдүүлэг бусад нотлох баримтаар тогтоогдоогүй буюу эх сурвалж тодорхойгүй байх тул шүүгдэгчийн дээрх мэдүүлгийг шүүх үнэн зөв гэж үнэлээгүй, шүүгдэгчийг хувь хүний захидал харилцааны нууц мэдээллийг хууль бусаар олж авсан гэж дүгнэлээ” гэжээ. М.В- би хохирогч Ц.Б-с “чи манай эхнэрийг таньдаг юм уу, ямар холбоотой юм бэ” гэхэд “танина гэхдээ ямар ч холбоогүй” гээд байсан... Тэгэхэд нь би “чи үнэхээр холбоогүй юм бол утсаа нээгээд өгчих” гэхэд өөрөө утсаа сайн дураараа кодоо хийгээд нээж өгсөн. Түүнээс биш нас биед хүрсэн эр хүн надаас айгаад дарамтлуулаад нээсэн асуудал байхгүй. Тэгээд ч өөрийн ажлын өрөөндөө байсан ба хаалганы цаана байсан ажилчид нь өрөөгөөр чөлөөтэй орж гарч байсан.

Харин утсанд нь байсан чатыг үзэхэд “манай эхнэртэй харилцахдаа, дэмий чамайг дуудчихсан уу, нөхөртөө баригдаагүй биз дээ” гэх мэтээр бичиж, харин манай эхнэр буцаагаад миний зургийг явуулаад “энэний хажуугаар яаж гарах юм бэ” гэх мэтээр харилцсан байсан.

Ингэж намайг доромжилж байсныг мэдээд би гомдож, уурласандаа нэг, хоёр удаа цохисон нь үнэн. Түүнээс биш надад зодуулж айж, бусдаас тусламж авах бололцоогүй дарамтад орсондоо утсаа нээж өгсөн зүйл огт байхгүй. Үүнийг манай аав гэрч Мөнхбаярын мэдүүлэг давхар нотолж байхад шүүх миний мэдүүлгийг давхар нотлогдохгүй, эх сурвалжаа заагаагүй гэж дүгнэн гагцхүү хохирогчийн мэдүүлгийг үнэн гэж үзэж намайг Эрүүгийн хуулийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн шүүхийн тогтоолд “...өөрөөр хэлбэл 2021 оны 6 сараас эхлэн шүүгдэгч болон түүний эхнэр нарын хооронд хамтын амьдрал байгаагүй гэж шүүх үзлээ. Улмаар Э.Г нь хохирогч Ц.Б-д нөхөр болох М.В-гаас салсан талаараа хэлсэн байх ба шүүгдэгч болон Э.Г нарын хамтын амьдралгүй байх хугацаанд хохирогч Ц.Б, Э.Г нар нь дотно харилцаа үүсгэсэн байна” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Нэгдүгээрт Э.Г бид хоёр өнөөдрийг хүртэл албан ёсны эхнэр, нөхөр байгаа, хоёрдугаарт хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Б-н мэдүүлэг болон шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлэгт Э.Г-тай 2021 оны 1 сараас эхлэн уулзсан, бэлгийн харилцаатай байсан тухайгаа мэдүүлдэг, мөн гэрч Э.Г нь мөн 2021 оны эхнээс Ц.Б-тэй дотно харилцаатай байсан тухайгаа мэдүүлдэг, миний удаа дараагийн мэдүүлэгт 2021 оны 12 сарын 20-ныг гартал эхнэр, хүүхдийнхээ хамт хадам ээжийнхээ хашаанд амьдарч байсан тухайгаа мэдүүлдэг ба үүнийг хавтаст хэргийн 52 хуудсанд авагдсан гэрч Ч.М-н “... би саяхнаас хүүдээ хандан гэртээ байж чадахгүй бол гэртээ хүрээд ир гэж 2021.12.20-ноос гэртээ ир гэж хэлсэн, мөн манай хүүг хадам эгч болон хадам ээж нь хөөгөөд байсан юм байна лээ. Хүү маань миний үгэнд орохгүй гэр лүүгээ гүйгээд байдаг байсан ...” гэх мэдүүлэг давхар нотолдог. Гэтэл шүүх нотлох баримтуудад бүрэн зөв дүгнэлт өгөлгүй, хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөлийг буруу дүгнэсэн.

Миний хувьд охиноо өнчрүүлэхгүй гэсэн эцгийн сэтгэлээр гэр бүлээ бүтэн авч үлдэхийн тулд эцсээ хүртэл тэмцсэн. Цаашид ч би ажил хөдөлмөрөө үргэлжлүүлэн эрхэлж, охиныхоо сайн аав байхын төлөө зүтгэх болно. Би “Т о” ХХК-нд борлуулалт хариуцсан захирлаар ажиллаж байгаа. Манай компани Дорноговь аймгийн Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг. Охиноо асран халамжлах, тэтгэвэр тэтгэмж өгөх, ажил хөдөлмөр эрхлэх, хөдөө, орон нутаг руу зорчих шаардлага гарч байгаа учраас зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлэхэд хүнд болоод байна.

М.В- би анх удаагаа шүүхээр ял шийтгүүлсэн, хохирлоо бүрэн төлсөн, уг гэмт хэрэг гарахад хохирогч Ц.Б-н буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг торгуулийн ял болгон хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.В-гийн өмгөөлөгч Ц.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч М.В нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3 зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгагдан ял шийтгүүлсэн. Хохирогч утасныхаа кодыг өөрөө нээж өгсөн. Яагаад зодож байгаад авсан гэж мэдүүлээд байгааг ойлгохгүй байна гэж давж заалдах гомдлынхоо эхний үндэслэлдээ дурдсан. Гэхдээ өнөөдөр энэ гомдлоосоо татгалзаж байна. Гэм буруу дээрээ маргахгүй. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүхээс тогтоосон хохирлын мөнгийг хохирогчид бүрэн төлсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа шүүгдэгч М.В-гийн эхнэр нь иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж, гэрлэлтээ цуцлуулсан. Анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө шүүгдэгч “Т О” ХХК-д ажилд орсон. Уг компани нь хөдөө орон нутагт байрладаг. Анхан шатны шүүхээс “гэр бүлийн баталгаатай ч гэсэн хамтран амьдарч байгаагүй хугацаанд энэ хэрэг үйлдэгдсэн учраас хохирогчийн буруутай үйл ажиллагаа байсан гэж дүгнэх боломжгүй” гэж дүгнэсэн. Гэтэл шүүгдэгчийн эхнэр нь хохирогчтой 2021 оны 1 дүгээр сараас хойш дотно харьцаатай байсан талаараа мэдүүлсэн. Шүүгдэгч М.В нь 2021 оны 12 дугаар сар хүртэл эхнэртэйгээ хамт амьдарч байсан. Хохирогчийн буруутай үйлдлийн улмаас уг гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгч М.В-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж, торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

 Хохирогч Ц.Б-н өмгөөлөгч Л.Чинбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч М.В- нь хохирогчийг зодож, гар утсыг нь авч кодыг нь гаргуулж утаснаас нь мессеж, бичлэгийг нь хуулж аваад Архангай аймгийн фэйсбүүк хаяг дээр тавьсан. Хохирогчийн эцэг нь Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан байдаг. Энэ үйлдлээс болж хохирогчийн эцгийн нэр хүнд унасан. Үүнээс болоод сэтгэл санааны хохирол учирсан. Шүүгдэгч М.В- нь хохирогчоос уучлалт гуйгаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. ...” гэв.

Прокурор Г.Мижиддорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Уг гэмт хэрэг нь нийгэмд маш их хортой. Өөрөөр хэлбэл, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцад хүч хэрэглэх замаар халдаж, улмаар мэдээллийг олж аваад түүнийгээ бусдад бичлэг хийж задруулсан хэрэгт холбогдсон. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч М.В-гаас “бид гэр бүлийн баталгаагаа цуцлуулаагүй байсан” гэдэг. Гэтэл шүүгдэгчийн эхнэр Г нь “таарч тохирохгүй болоод 2021 оны 1 дүгээр сараас хойш тусдаа амьдарсан” гэж мэдүүлсэн. Энэ талаар Ц.Б-д тодорхой хэлсэн учраас дотно харьцаанд орсон талаараа мөн мэдүүлсэн. Үүнийг хохирогч Ц.Б давхар нотолж мэдүүлдэг. Хэрэг шалгагдаж байх явцад шүүгдэгч М.В- нь эхнэрийнхээ араас мөрдөж байгаад Зөрчлийн тухай хуульд зааснаар 7 хоногийн баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн баримт хэрэгт авагдсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч М.В нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ........................ оффис дотор хохирогч Ц.Б-г өөрийн эхнэр Э.Г-тай хардан гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, биед нь дух, зүүн төмсөг, хуухнагт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний эмтрэл, хамрын нуруу зүүн сарвуунд цус хуралт, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн хохирогчийн хувийн гар утсанд хадгалагдаж буй иргэн Э.Г-тай харилцсан мессеж, захидал харилцааны нууцад хүчээр халдаж, улмаар тус утсанд хадгалагдаж байсан дээрх мэдээллийг олон нийтийн цахим сүлжээ буюу фэйсбүүкийн ......... аймгийн нэгдсэн группт өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр байршуулах замаар бичиглэл, бичлэг хийн задруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Б-н “... Нөгөө хоёр хүний залуу нь миний өөдөөс хараад, аав нь гэх настай хүн миний хажууд хаалга хаасан байрлалтай суусан. Би “ямар обьект байна, гэрээгээ хийх үү” гэхэд өөдөөс тэр залуу утаснаасаа миний танил эмэгтэй болох Г-ийн зургийг харуулаад “таних уу” гэхээр нь “танина” гэтэл “чи энэ хүнтэй уулзсан байна” гээд ямар ч тайлбарлах боломж олгохгүй ширээний цаанаас босож ирээд намайг зодож цохисон. ... Тэгэж байгаад тэр залуу толгойн зүүн хэсэгт хэд хэдэн удаа гараа зангидаж байгаад цохисон. ... Би тэр хооронд учрыг нь олохгүй шоконд ороод нүүрээ дараад сууж байтал бас нүүр лүү В гэх залуу өшиглөсөн. Тэгснээ “гар утсаа гаргаж өг” гээд авснаа надаас кодыг нь асууж нээгээд Г бид нарын чатыг гаргаад байж байтал манай ажилтан Б ороод ирсэн. ... Тэгээд чатыг нээгээд “чи манай эхнэртэй уулзсан байна, Чулуун овоо руу дагуулж явна, тэнд чамайг ална гэсэн хүн байгаа, чи энэ хүнийг нөхөртэй гэж мэдсээр байж уулзсан байна, чиний амьдралыг там болгоно, сошиалаар од болгоно” гэх мэтээр хэлж тэрхүү яриагаа аав, хүү хоёр утсаараа бичлэг хийж байсан. ... Миний нэр хүнд, нутаг ус, аав, ээжийн нэр, ажил, албан тушаалыг дурдаж, олон нийтийн сүлжээнд нэр хүндэд халдсан постыг М... В... гэх өөрийнхөө фэйсбүүк хаягаас лайв хийж пост оруулсан. ...” /хх 23-25/,

гэрч Г.З-н “... Манай салбарын захирал Б 15 цаг өнгөрч байхад гаднаас үл таних 2 хүний хамтаар орж ирсэн. ... Би өрөөнд нь орж аягатай усаа тавьчихаад хартал Б нөгөө хоёр хүнтэй ширээний 2 талд өөд өөдөөсөө хараад суучихсан нүүрээ дарчихсан хальт харахад нүүр нь улайж хавдсан юм шиг харагдсан. Хамт байсан хоёр хүний залуу нь хараагаад “чамайг ална, од болгоно” гэх зэргээр чангаар ярьж байсан. ...” /хх 45/,

гэрч Э.Г-н “... Тэр өглөө манай гэрээс В гараад явсан бөгөөд аавындаа очсон юм билээ. Хэдийд нь гэдгийг мэдэхгүй, манай гэрт байхдаа миний утсыг үзээд Б бид хоёрын чатыг нууцаар үзсэн байсан. Тэрийгээ надад хэлэхгүй байж байгаад тэр өдөр Б-ийг ажил дээр нь дуудаж ирүүлээд зодсон байсан. Энэ тухай би өөрийнх нь ........н группт оруулсан постноос нь харж мэдсэн. Тэр пост нь Б бид хоёрыг явалдсан гэж бичсэн пост байсан. ...” /хх 55/,

гэрч Р.С-н “... Надад тэр залууг 2 цохисон, галаа өгчих гэхээр нь би өшиглөсөн гэж хэлж байсан. Утсыг нь аваад би тэр хоёрын харилцсан чатыг нь утсан дээрээ хуулж авсан гэж хэлсэн. ... Тэгээд олж ирсэн бичлэг болон зураг, чатаа өөрийнхөө хувийн фэйсбүүктээ тавьчихсан байсан. ...” /хх 59/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Ц.Б-н биед дух, зүүн төмсөг, хуухнагт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний эмтрэл, хамрын нуруу, зүүн сарвуунд цус хуралт, зүүн шуунд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 1156 дугаартай дүгнэлт /хх 62-63/,

Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “... В гадуур хувцасаа тайлаад ширээний цаанаас босож ирээд хохирогчийн нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж байна. Аав Мөнхбаяр нь хориглож байх бөгөөд В юм хэлээд байгаа бололтой гар хуруугаа дахин юм ярьж байх ба хохирогчийн утсыг булаан авч В үзэх бөгөөд ярьж байгаа бололтой харагдах ба утсан дээрээс өөрийн гар утсан дээрээ зураг дарж авч байна. Ингэх бүрдээ босож ирэн хохирогч Ц.Б-г цохиж өшиглөж, өөрөө тэр тухайгаа гар утсаараа бичлэг хийж байна. ...” /хх 16-17/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 102-112/ гэх зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч М.В-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх шүүгдэгч М.В-гийн хохирогч Ц.Б-г цохих, өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь дух, зүүн төмсөг, хуухнагт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний эмтрэл, хамрын нуруу зүүн сарвуунд цус хуралт, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогчийн хувийн гар утсанд хадгалагдаж буй иргэн Э.Г-тай харилцсан мессеж, чат зэрэг захидал харилцааны нууцыг хууль бусаар олж авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, улмаар тус утсанд хадгалагдаж байсан мэдээллийг олон нийтийн цахим сүлжээ буюу фэйсбүүкийн ....... аймгийн нэгдсэн группт өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр байршуулах замаар бичиглэл, бичлэг хийн задруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.В-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялууд нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдал зэрэгт тохирчээ. 

Шүүгдэгч М.В-гаас “... намайг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.  надад оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэрэгт авагдсан дүрс бичлэгт үзлэг хийсэн “... В гадуур хувцсаа тайлаад ширээний цаанаас босож ирээд хохирогчийн нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж байна. ... хохирогчийн утсыг булаан авч В үзэх бөгөөд ярьж байгаа бололтой харагдах ба утсан дээрээс өөрийн гар утсан дээрээ зураг дарж авч байна. Ингэх бүрдээ босож ирэн хохирогч Ц.Б-г цохиж өшиглөж, өөрөө тэр тухайгаа гар утсаараа бичлэг хийж байна. ...” /хх 16-17/ гэсэн тэмдэглэл, бичлэг зэргээр М.В- нь хохирогчийн гар утсыг хүч хэрэглэн авсан нь тогтоогдож байх тул шүүгдэгчийн уг үйлдлийг хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг хувь хүний нууцад халдаж, хууль бусаар авсан гэмт үйлдэл гэж үзнэ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.В-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсгүүдэд оногдуулахаар заасан ялын төрлүүдээс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хэмжээг тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ... гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.В-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/221 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.В-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

              ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ  

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР