Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 459

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх- Эрдэнэ даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Н. Дамбадаржаа,

Шүүгдэгч С , түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: Баянгол дүүргийн прокурорын газраас яллагдагч С д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726020172 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Увс аймгийн, Тэс суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Арвижих констракшн-д бүргэд хаалга угсралтын ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суудаг, урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, С . Шүүгдэгч С  нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 12 дугаар сарын 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” бааранд ялимгүй зүйлээр шалтаглан хүч хэрэглэж иргэн Ч.Эрдэнэжаргалыг тонгорч унаган нүүрэн тус газарт нь гараараа цохиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ НЬ: 2 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С  мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр манай найзууд шинэ жилээ тэмдэглээд “Стелла” бааранд орсон. Тэнд би ганц хоёр шил архи уусан. Би ариун цэврийн өрөө ороод гарч ирэх үед манай найз ирээд “манай нөхөр танихгүй хүмүүсийн ширээнд очсон байна. Чи очоод аваад ирээч” гэж хэлсэн. Намайг очиход нэг залуу босч ирээд хавираад унагасан. Тэгэхээр би хавирч унагаад цохисон гэв. Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох: Мөрдөн байцаалтад шүүгдэгч С гын өгсөн: “... 2016 оны 12 дугаар сарын 19-ний орой 22 цагт 10 дугаар хорооллын “Айриш” пабад 10 жилийн найзууд болох Наранбулаг, Бат-Өлзий, Энхтөр, Даваачимэг, Эрдэнэтуяа, түүний нөхөр Галаа нартай уулзаад тэнд 750 граммын архи 2 шилийг хувааж ууцгаасан. Айриш пабнаас 00 цагийн үед гараад бүгдээрээ хамтдаа Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” бааранд орцгоосон. Ороод 500 граммын Хар Чингис архи, хүн тус бүрийн 500 граммын нэг шил шар айраг авч ууцгаасан. Хэсэг хугацааны дараа бааранд байсан нэг залуу манай ширээн дээр ирээд Даваачимэгтэй танилцая гэж хэлсэн залуу нь миний цохисон залуу байсныг би сүүлд нь мэдсэн. Би тэр үед 00 орох гээд явсан байсан юм. Намайг нойлоос гарч ирээд ширээн дээрээ очиход Эрдэнэтуяа “Галаа танихгүй хүмүүсийн ширээн дээр очоод ирэхгүй байна, чи очоод аваад ирээч” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би танихгүй хүмүүсийн ширээнээс Галааг авчрахаар очиход ширээний хажууд зогсож байсан нэг залуу нь юм ярилгүй намайг шууд нуруугаар тэвэрч аваад нойлын зүг рүү алхсан бөгөөд замдаа намайг хавирсан юм. Тэгэхэд нь би гараараа газар тулж унаад эргүүлээд нөгөө залууг түлхэн газар унагааж нүүр рүү нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Зодоон болоход бидний хажууд манай найзуудаас Галаа болон миний цохисон залуутай нэг ширээнд хамт сууж байсан 2-3 залуу ойрхон зогсож байсан. Тэгээд бид 2-г баарны хамгаалагч нар салгаад цагдаа нар удалгүй намайг ирж намайг бариад аваад явсан. ... Хэрэг болсноос хойш хохирогчтойгоо уулзаж уучлалт гуйсан. Хохирол болох 3,600,000 төгрөгийг өгч барагдуулсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29, 92 дугаар хуудас/ Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Эрдэнэжаргалын өгсөн: “... 2016 оны 12 дугаар сарын 19-ний орой 19 цаг өнгөрч байхад найз Балдорж, Цэдэндорж нартай Модны 2-ын Ресторан пабд /нэрийг нь сайн санахгүй байна/ уулзаад юм ярьж сууцгаасан ба би 500 граммын нэг шил шар айраг уусан. 23 цаг өнгөрч байхад пабаас гарч бид 3 салсан ба тэр 2 найз маань гэртээ харихаар явж, би салаад 00 цагийн үед өөрийн үеэл болох Алтаншагайтай уулзахаар Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” бааранд очиж Алтаншагайтай уулзсан. Бааранд ороод Алтаншагай бид 2 тус бүр 500 граммын 3 шил шар айраг 3 ууцгаасан. Тэгтэл бүжгийн талбай дээр бүжиглэж байсан танихгүй залуу над руу заагаад тааламжгүй үйлдэл, дохио зангаа үзүүлээд байсан. Тэгэхээр нь би түүн дээр очоод зүгээр үү, яасан бэ гэж асуухад тэр зүгээрээ гэж надад хэлээд нөхөрсөгөөр салцгаасан. Гэтэл тэр залуутай нэг ширээнд сууж байсан түүний найз нь бололтой бор царайтай, ирүүндээ бага зэргийн сахалтай, дунд зэргийн өндөр, дунд зэргийн жинтэй /гар дээр нь нэг шивээс харагдсан шиг санагдаж байна/ танихгүй залуу над дээр ирээд, ийшлэе гэж хэлсэн. Тэгэхээр нь хамт явахгүй гээд зогсож байтал шууд намайг тонгорч унагаагаад, нүүрний хамар хацрын хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа хүчтэй цохисон. Тэр үед манай үеэл Алтаншагай найз Батбуян, баарны хамгаалагч нар ирээд түүнийг надаас салгасан. ... Миний баруун талын хацар хамрыг холбосон яс цөмөрсөн бөгөөд “Эм жи жи” эмнэлэгт үзүүлээд Эрхэс эмнэлэгт хагалгаанд орж эмчилгээ хийлгэсэн. Одоо зовиур нь хагалгаа хийлгэсэн баруун талын хацар, нүүрний баруун талын хэсгээр мэдээгүй байдалтай, 1 шүдний өнгө нь алдагдаад байгаа. ... Нийт 3,600,000 төгрөгийг нэхэмжилж байна. ... С  миний дээрх нэхэмжилж байгаа мөнгөнөөс 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 2,400,000 төгрөгийг надад өөрийн биеэр авч ирж өгч төлсөн. Одоо үлдсэн 1,200,000 төгрөгийг удахгүй төлж барагдуулна гэж надад амласан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-10 дугаар хуудас/ Мөрдөн байцаалтад гэрч Э.Батбуяны өгсөн: “... 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 12 дугаар сарын 20-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Эрдэнэжаргал найз маань утсаар залгаж “Стелла” бааранд байна найзыгаа хүрч ирээд аваадахаач гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би авахаар явж очиход хамаатныхаа дүү Шагайгийн хамт сууж байсан. ... Бааранд тухайн үед Алтаншагай бүжгийн талбай дээр бүжиглээд Эрдэнэжаргал бид хоёр ширээндээ сууж байтал С  нэг залуутай хамт ирээд Эрдэнэжаргал руу тонгойж юм ярихад Эрдэнэжаргал инээгээд ширээнээс босоод тек, 00-ын өрөө рүү чиглээд явсан. ... Эрдэнэжаргалыг инээгээд босоод явахаар нь би огт тоогоогүй ширээндээ сууж байтал гэнэт хүмүүс шаагилдаж орилолдтол С  Эрдэнэжаргалыг маш хурдан тонгорч шидээд дээрээс нь дээрээс нь гараараа цохиж харагдсан. ... С  Эрдэнэжаргалыг яагаад зодох, цохих болсныг мдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11, 84 дүгээр хуудас/ Мөрдөн байцаалтад гэрч Б.Энхтөрийн өгсөн: “... Би 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 12 дугаар сарын 20-нд шилжих шөнө 01 цагийн үед “Стелла” бааранд Гал, Эрдэнэтуяа, Даваачимэг, Бат-Өлзий, Наранбулаг, С  бид нар орцгоож хүний нэг нэг шар айраг авч сууцгаасан. Бааранд надаас бусад нь бүжгийн талбай дээр бүжиглэж би харин ширээндээ суугаад хажуу талын ширээнд сууж байсан танихгүй эмэгтэйчүүдтэй юм ярьж байсан. Тэр үед Эрдэнэтуяа, Даваачимэг хоёрыг бүжиглэж байхад хохирогч гээд байгаа залуу болох Эрдэнэжаргал нь өдөж хоргоосон юм шиг байгаа юм. Тэгэхэд нь манай найзууд Эрдэнэжаргалд Даваачимэг, Эрдэнэтуяа хоёрыг гэр бүлтэй, нөхөр хүүхэдтэй гэдгийг хэлж ойлгуулсан гэсэн. Тэгтэл Эрдэнэжаргал манай ширээнд ирээд байсан юм. Би тэр 4 үед юу болсныг мэдээгүй намайг ширээнд сууж байхад Эрдэнэжаргал 1-2 удаа ширээнд ирж байсныг мэдэж байна. Тэгээд юу ярьсныг огт мэдээгүй. Дараа нь найзуудаасаа асуухад Эрдэнэжаргал, Эрдэнэтуяа, Даваачимэг хоёртой танилцая гээд хоргоож бид нартай хэрэлдэж муудалцах гээд үгээр доромжлох гээд байсан гэсэн. Уг нь манай найзууд аль болохыг ойлгуулахыг хичээсэн гэсэн. Тэгээд ширээндээ сууж байтал Эрдэнэтуяа “С  хүмүүстэй маргалдаад хамгаалагч нар үүд рүү аваад явчихлаа” гэхээр нь найзууд дээрээ очтол Эрдэнэжаргал хамраа барьчихсан зогсож байсан. Юу болсныг огт мэдээгүй, хараагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 86 дугаар хуудас/ Мөрдөн байцаалтад гэрч Н.Наранбулагийн өгсөн: “... Хохирогч гээд байгаа залуу манай ширээнд ирчихсэн Даваачимэгтэй танилцая гээд юм яриад зогсож байсан. Тэгэхээр нь би түүнд “манай хоёр найз нөхөр хүүхэдтэй, чамтай танилцахгүй, чи ширээндээ очиж суу” гэтэл нөгөө залуу яваад өгсөн. Тэгээд ширээндээ сууж байтал Эрдэнэтуяа “зодоон болоод байна” гэхээр нь би эргээд хартал баарны хамгаалагч нар ирчихсэн салгаад бужигналдаж байсан. Тэгээд би согтоод тасарчихсан байсан. Бат-Өлзийг сугадаад үүд рүү очиж хувцасаа өмсөөд баарнаас гарсан. Тэгтэл цагдаа нар ирж С г авч явсан. Зодоон яг юунаас болсныг мэдээгүй. ... Хохирогч Эрдэнэжаргал гэх залуугийн хамар нь гэмтсэн бололтой цус гарчихсан байсан. Сайн анзаараагүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 88 дугаар хуудас / Мөрдөн байцаалтад гэрч С.Бат-Өлзийгийн өгсөн: “... 2016 оны 12 дугаар сарын 19-ний орой 21 цагийн үед 10 дугаар хорооллын “Айриш” нэртэй паабад 10 жилийн найзуул болох Энхтөр, Наранбулаг, С , Даваачимэг, Эрдэнэтуяа түүний нөхөр Гал нарын хамт уулзаад шинэ жилээ тэмдэглэсэн. Ороод 750 граммын 2 шил архи хувааж ууцгаасан. Тэр өдөр манай ажлын газрын хүний төрсөн өдөр болоод би нилээн халамцуу явж очсон.Би тэр паабнаас гараад согтоод нилээн муудаад тасарчихсан байсан бөгөөд пабад орсноос хойш болсон явдлыг огт санахгүй байгаа. Өглөө гэртээ сэрээд ухаан орсон. Паабнаас гараад манайхан “Стелла” нэртэй бааранд орсон гэсэн. Би тэр бааранд орсоноо ч мэдээгүй. Намайг Наранбулаг хүргэж өгсөн гэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/ Мөрдөн байцаалтад гэрч Д.Даваачимэгийн өгсөн: “... 2016 оны 12 дугаар сарын 19-ний 21 цагт 10 дугаар хорооллын “Айриш” нэртэй пабад 10 жилийн багийн найзууд болох С , Наранбулаг, Эрдэнэтуяа, Бат-Өлзий, Энхтөр, Галаа нартай шинэ жилээ тэмдэглэхээр уулзсан. Тэнд бид нар 750 граммын 2 шил архи, зарим хүн нь шар айраг ууцгаасан. Тэндээсээ 00 цаг өнгөрч байхад гараад 10 дугаар хорооллын “Стелла” баар орсон. Тэнд ороод хүн тус бүрийн 2 шар айраг авч ууцгаагаад бүжиглэсэн. Би шар айраг л уугаад талбай дээр гарч бүжиглэсэн болохоор бусад нь юу уусан эсэхийг мэдэхгүй байна. Удалгүй 02 цагийн үед намайг гэрээс дуудаад явах гээд хувцасаа өмсөөд зогтож байтал бүжгийн талбайн 5 хажуугийн ширээн дээр сууж байсан залуу манай ширээн дээр ирээд танилцая гэж надад хэлсэн. Тэгэхээр нь “үгүй ээ” гэж түүнд хэлсэн бөгөөд ширээндээ сууж байтал С г баарны хамгаалагч чирээд гаргаж байсан. Юу болсон талаар манай найзууд хамгаалагчаас асуухад зодоон болсон гэж хэлсэн. Удалгүй С г цагдаа нар ирээд аваад явсан. Юунаас болоод зодоон болсон, яаж зодолдсоныг би хараагүй ээ. Болоод өнгөрсний дараа нь л зодоон болсон байна гэж мэдсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/ Мөрдөн байцаалтад гэрч М.Эрдэнэтуяагийн өгсөн: “... 2016 оны 12 дугаар сарын 19-ний 20 цагт 10 дугаар хорооллын “Айриш” пабд нөхөр Галаагийн хамтаар 10 жилийн найзууд болох Энхтөр, С , Бат-Өлзий, Даваачимэг, Наранбулаг нартай уулзаад шинэ жилээ тэмдэглэсэн. “Айриш” пабд 750 граммын 2 шил архи, хүний тоогоор шар айраг авч ууцгаасан. 00 цагийн үед “Айриш” пабаас гараад бүгдээрээ хамтдаа 10 дугаар хорооллын “Стелла” бааранд орцгоосон. Бааранд ороод 750 граммын нэг шил архи хүний тоогоор шар айраг авч ууцгаасан. Бааранд ороод бид нарыг бүжиглэж байхад бүжгий талбайн хажуугийн ширээн дээр сууж байсан залуус бидэн рүү хараад байсан. Даваачимэг найзад маань танилцая гэж хэлсэн гэсэн. Манай нөхөр Галаа нэг хартал бүжгийн талбайн хажуугийн ширээнд сууж байсан залуутай юм яриад зогсож байхаар нь би С г очоод манай нөхрийг аваад ирээч гэж гуйсан. Тэгтэл С  тэр ширээн дээр очоод манай нөхөр Галаа над дээр ирж бид 2 өлгүүрээс хувцасаа авч байх үед манай найз С г хамгаалагч нь барьчихсан явж байсан. Юу болсон талаар С гаас асуухад бааранд бүжгийн талбайн хажуугийн ширээнд сууж байсан залуутай зодолдсон гэж надад хэлсэн. Удалгүй цагдаа нар ирээд манай найз С г барьж аваад явчихсан. Зодоон болох үед нөхөр бид хоёр өлгүүрийн хажууд зогсож байсан учир тухайн үед юу болсныг хараагүй учраас хэн нь яаж зодолдсоныг мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/ Мөрдөн байцаалтад гэрч Т.Галын өгсөн: “... 2016 оны 12 дугаар сарын 19-ний 21 цагт 10 дугаар хорооллын “Айриш” пабад эхнэрийн 10 жилийн ангийн найзуудтай уулзсан. 750 граммын 2 шил архи авч хувааж ууцгаасан. Зарим нэг нь шар айраг уусан байх. Тэндээс 00 цагийн үед гараад 10 дугаар хорооллын “Стелла” бааранд орсон. Бааранд ороод хүний тоогоор шар айраг, 750 граммын нэг шил архи авч ууцгаасан. Бүжгийн талбай дээр биднийг бүжиглээд зогсож байтал манай эхнэр болон түүний найз Даваачимэг нарыг бүжгийн талбайн хажуугийн ширээнд сууж байсан залуу өдөж хоргоогоод танилцая гээд байсан. Тэгэхээр нь би ширээн дээр нь явж очоод эелдэгээр манай эхнэр болон түүний найзыг зүгээр байлга, бид нар хамтдаа баяраа тэмдэглээд явж байнаа гэж чихэнд нь хэлэхэд “зайлаа” гэж надад хэлсэн. ... Яг зодоон болох үед би хажууд нь байгаагүй, хараагүй болохоор хэн нь хэнийгээ зодсон, юунаас болж зодолдсоныг мэдээгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/ 6 Мөрдөн байцаалтад гэрч Б.Алтаншагай өгсөн: “... 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн орой 22 цагийн үед “Стелла” бааранд үеэл /аавын эгчийн хүүхэд/ Эрдэнэжаргалтай уулзсан. Бааранд ороод тус бүр 2-3 шил шар айраг ууцгаасан. Эрдэнэжаргал ах уучихсан гээд Батбуян найзыгаа ирж аваач гээд утсаар дуудаж байсан. Удалгүй Батбуян найз нь бид 2 дээр ирсэн бөгөөд тэр машин барьж яваа гээд согтууруулах ундааны зүйл уугаагүй. Хэсэг хугацааны дараа Батбуян бид 2 ширээн дээр сууж байтал текний ойролцоо гэнэт бужигнаан зодоон болоод бид 2 яваад очсон чинь Эрдэнэжаргал ах хамраа дарчихсан, хамраас нь цус гараад, газар унасан байдалтай хэвтэж байсан бөгөөд түүний дээрээс нэг танихгүй махлагдуу шар залуу босож харагдсан. Тэд юунаас болоод зодолдох болсныг би мэдээгүй бөгөөд зодооны явц болон хэрхэн зодолдож байгааг хараагүй. Зодоон болоод дууссаны дараа Эрдэнэжаргал ах дээр очиж түүнийг хэвтэж байхад нь очиж босгосон. Нөгөө талаас нэг нь цагдаа дуудсан байсан бөгөөд удалгүй цагдаа нар ирээд Эрдэнэжаргал ахыг цохисон гэх залууг бариад аваад явсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 459 дугаар: 1. Ч.Эрдэнэжаргалын биед баруун хоншоор ясны өмнөд хана, дотор хана, баруун нүдний ухархайн дотор хана, доод хананы хугарал, тархи доргилт, хамрын нурууны шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/ - Хохирогч Ч.Эрдэнэжаргалын хохирлын баримтууд /хх-н 53-60/ - Хохирол нөхөн төлсөн баримт /хх-н 106-109/, шүүгдэгч С гийн хувийн байдалтай холбоотой: - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/ - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/ - Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/, - Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 41/, - Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 42/, - АСАП сангийн мэдээлэл /хх-н 48-50/, - Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 64-73/, - “СГТТ” ХХК-ийн тодорхойлолт /хх-н 105/, - Бусад /99-104/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 7 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд: Шүүгдэгч С  нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 12 дугаар сарын 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” бааранд ялимгүй зүйлээр шалтаглан хүч хэрэглэж иргэн Ч.Эрдэнэжаргалыг тонгорч унаган нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун хоншоор ясны өмнөд хана, дотор хана, баруун нүдний ухархайн дотор хана, доод хананы хугарал, тархи доргилт, хамрын нурууны шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн шүүгдэгч С гийн “... би танихгүй хүмүүсийн ширээнээс Галааг авчрахаар очиход ширээний хажууд зогсож байсан нэг залуу нь юм ярилгүй намайг шууд нуруугаар тэвэрч аваад нойлын зүг рүү алхсан бөгөөд замдаа намайг хавирсан юм. Тэгэхэд нь би гараараа газар тулж унаад эргүүлээд нөгөө залууг түлхэн газар унагааж нүүр рүү нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон ... Хэрэг болсноос хойш хохирогчтойгоо уулзаж уучлалт гуйсан. Хохирол болох 3,600,000 төгрөгийг өгч барагдуулсан ...” гэх, мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Ч.Эрдэнэжаргалын “...тэр залуутай нэг ширээнд сууж байсан түүний найз нь бололтой бор царайтай, ирүүндээ бага зэргийн сахалтай, дунд зэргийн өндөр, дунд зэргийн жинтэй /гар дээр нь нэг шивээс харагдсан шиг санагдаж байна/ танихгүй залуу над дээр ирээд, ийшлэе гэж хэлсэн. Тэгэхээр нь хамт явахгүй гээд зогсож байтал шууд намайг тонгорч унагаагаад, нүүрний хамар хацрын хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа хүчтэй цохисон. Тэр үед манай үеэл Алтаншагай найз Батбуян, баарны хамгаалагч нар ирээд түүнийг надаас салгасан. ... Миний баруун талын хацар хамрыг холбосон яс цөмөрсөн бөгөөд “Эм жи жи” эмнэлэгт үзүүлээд Эрхэс эмнэлэгт хагалгаанд орж эмчилгээ хийлгэсэн. Одоо зовиур нь хагалгаа хийлгэсэн баруун талын хацар, нүүрний баруун талын хэсгээр мэдээгүй байдалтай, 1 шүдний өнгө нь алдагдаад байгаа ...” гэх, гэрч Э.Батбуяны “...Бааранд тухайн үед Алтаншагай бүжгийн талбай дээр бүжиглээд Эрдэнэжаргал бид хоёр ширээндээ сууж байтал С  нэг залуутай хамт ирээд Эрдэнэжаргал руу тонгойж юм ярихад Эрдэнэжаргал инээгээд ширээнээс босоод тек, 00-ын өрөө рүү чиглээд явсан. ... Эрдэнэжаргалыг инээгээд босоод явахаар нь би огт тоогоогүй ширээндээ сууж байтал гэнэт хүмүүс шаагилдаж орилолдтол С  Эрдэнэжаргалыг маш хурдан тонгорч шидээд дээрээс нь дээрээс нь 8 гараараа цохиж харагдсан ...” гэх, гэрч Н.Наранбулагийн “... Хохирогч гээд байгаа залуу манай ширээнд ирчихсэн Даваачимэгтэй танилцая гээд юм яриад зогсож байсан. Тэгэхээр нь би түүнд “манай хоёр найз нөхөр хүүхэдтэй, чамтай танилцахгүй, чи ширээндээ очиж суу” гэтэл нөгөө залуу яваад өгсөн. Тэгээд ширээндээ сууж байтал Эрдэнэтуяа “зодоон болоод байна” гэхээр нь би эргээд хартал баарны хамгаалагч нар ирчихсэн салгаад бужигналдаж байсан ...” гэх, гэрч Д.Даваачимэгийн “...02 цагийн үед намайг гэрээс дуудаад явах гээд хувцасаа өмсөөд зогтож байтал бүжгийн талбайн хажуугийн ширээн дээр сууж байсан залуу манай ширээн дээр ирээд танилцая гэж надад хэлсэн. Тэгэхээр нь “үгүй ээ” гэж түүнд хэлсэн бөгөөд ширээндээ сууж байтал С г баарны хамгаалагч чирээд гаргаж байсан ...” гэх, гэрч М.Эрдэнэтуяагийн “.... Бааранд ороод бид нарыг бүжиглэж байхад бүжгий талбайн хажуугийн ширээн дээр сууж байсан залуус бидэн рүү хараад байсан. Даваачимэг найзад маань танилцая гэж хэлсэн гэсэн. Манай нөхөр Галаа нэг хартал бүжгийн талбайн хажуугийн ширээнд сууж байсан залуутай юм яриад зогсож байхаар нь би С г очоод манай нөхрийг аваад ирээч гэж гуйсан. Тэгтэл С  тэр ширээн дээр очоод манай нөхөр Галаа над дээр ирж бид 2 өлгүүрээс хувцасаа авч байх үед манай найз С г хамгаалагч нь барьчихсан явж байсан. Юу болсон талаар С гаас асуухад бааранд бүжгийн талбайн хажуугийн ширээнд сууж байсан залуутай зодолдсон гэж надад хэлсэн ...” гэх, гэрч Т.Галын “...Бүжгийн талбай дээр биднийг бүжиглээд зогсож байтал манай эхнэр болон түүний найз Даваачимэг нарыг бүжгийн талбайн хажуугийн ширээнд сууж байсан залуу өдөж хоргоогоод танилцая гээд байсан. Тэгэхээр нь би ширээн дээр нь явж очоод эелдэгээр манай эхнэр болон түүний найзыг зүгээр байлга, бид нар хамтдаа баяраа тэмдэглээд явж байнаа гэж чихэнд нь хэлэхэд “зайлаа” гэж надад хэлсэн ...” гэх гэрч Б.Алтаншагайгийн “... Хэсэг хугацааны дараа Батбуян бид 2 ширээн дээр сууж байтал текний ойролцоо гэнэт бужигнаан зодоон болоод бид 2 яваад очсон чинь Эрдэнэжаргал ах хамраа дарчихсан, хамраас нь цус гараад, газар унасан байдалтай хэвтэж байсан бөгөөд түүний дээрээс нэг танихгүй махлагдуу шар залуу босож харагдсан ...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 459 дугаар дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч С  нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 12 дугаар сарын 20-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдсэн нь 2002 оны эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч байх хэдий ч 2015 оны шинэчилсэн найруулга Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан 2015 оны шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй. 9 Иймд шүүгдэгч С г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв. Шүүхээс шүүгдэгч С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд учруулсан хохирлоо нөхөн төлсөн, “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Мөн шүүгдэгч С д Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байх ба шүүгдэгч С гийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйн тулд уг шийтгэх тогтоолыг хөндөхгүй орхиж шийдвэрлэлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С г торгох ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 10

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ